Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/1012

 

  2024             9             05                                           2024/ДШМ/1012

 

Л.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

яллагдагч Л.Аын өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

насанд хүрээгүй хохирогч Д.Бын хууль ёсны төлөөлөгч Ц.Б,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1563 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Мөнхсайханы бичсэн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаар эсэргүүцлээр Л.Ат холбогдох 2408 0000 00503 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Л.А

Яллагдагч Л.А нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, “Ирээдүй” цогцолбор сургуульд технологийн багшаар ажиллаж байхдаа буюу 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 7д ангийн сурагч Д.Быг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж “хичээлийн завсарлагаагаар хоол эргүүлж явлаа” гэх шалтгаанаар гартаа барьж байсан модоор баруун гарын тохой хэсэгт нь 1 нэг удаа цохиж эрүүл мэндэд нь баруун бугалгын доод булууны зөрүүгүй, сэлтэрсэн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогчоор Д.Быг тогтоосон нөхцөл байдал тогтоогдож байх хэдий ч насанд хүрээгүй хохирогчийн хувийн баримт бичиг, насны байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл прокурор яллагдагч Л.Аыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” хүндэвтэр хохирол учруулсан гэж ялласан боловч насанд хүрээгүй хохирогч Д.Бын насыг тогтоогоогүй байгаа нь мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай үндэслэлд хамаарч байх тул яллагдагчид холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Л.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Мөнхсайхан эсэргүүцэлдээ: “...Хавтаст хэрэгт цугларсан насанд хүрээгүй хохирогчийн өөрийнх нь мэдүүлэг, хохирогчтой хамт нэг сургуульд сурдаг ангийн хүүхдүүд болон сургуулийнх нь багш нар болох гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудад насанд хүрээгүй хохирогч Д.Б нь тус сургуулийн 7 дугаар ангид суралцдаг, мөн 18 насанд хүрээгүй хүүхэд болох нь нотлогдон тогтоогддог.

Нөгөөтээгүүр насанд хүрээгүй хохирогчийн насны байдлыг тодорхойлох хувийн бичиг баримтыг хэрэгт хавсаргахгүйгээр шүүхэд шилжүүлсэн нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамаарахгүй бөгөөд шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь харьцуулан судалж, бүрэн үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Д.Б нь “Ирээдүй цогцолбор” сургуулийн 7 дугаар ангид суралцдаг бага насны хүүхэд бөгөөд түүний насны байдлыг тодорхойлох баримт бичиг болох төрсний гэрчилгээний лавлагааг улсын яллагч гэм буруугийн хуралдааны явцад нотлох баримтаар гаргаж, нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар яллах, цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр хөндлөнгийн байр суурьнаас хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хэлэлцэх явцад гэм бурууг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тохиолдолд шүүх хуралдааныг хуульд заасан 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж, прокурорт даалгаж шийдвэрлүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан заалттай нийцнэ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1563 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарласан бөгөөд шийдвэрээ гаргасны дараа ямар үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснээ тайлбарласан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Шүүх ямар үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, юу тодруулах гэж байгаа нь тодорхойгүй байсан тул прокурор ямар нэг санал гаргаагүй. Хэрэв шүүх асуусан бол шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулах, эсвэл хохирогчийн төрсний гэрчилгээг шүүх хуралдаанд гаргаж өгөх санал гаргах байсан. Иймд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Хохирогчийн төрсний гэрчилгээ хэрэгт авагдаагүй байгаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамаарахгүй. Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хохирогчийн ангийн хүүхдүүд, сургуулийн багш, эмч нарын мэдүүлэг болон Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан лавлагаа, регистрийн дугаар зэрэг нотлох баримтуудаар хохирогч 7 дугаар ангид суралцдаг, 12 настай буюу бага насны хүүхэд болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс надад шүүх хуралдаан болох гэж байгаа талаар мэдэгдээгүй. ...” гэв.

Яллагдагч Л.Аын өмгөөлөгч Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хохирогчийн насыг тогтоох нь зүйтэй гэж үзсэн. Мөрдөн байцаалтын шатанд хүүхэд хэдэн нас хэдэн сартай болохыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч талаас хүсэлт гаргаж байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх явцад гарах шийдвэрүүд нь хохирогч тухайн гэмт хэргийн улмаас хэрхэн хохирсон эсэхийг эцэслэн тогтоох, энэ нь зөвхөн нотлох баримтад үндэслэх ёстой” гэж заасан. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр маргаан болсон. Гэмт хэргийн санаа, зорилго нотлох баримтын хэмжээнд тогтоогдоогүй. Анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтуудыг хэлэлцэж, бичлэгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзсэн. Нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулаагүй бөгөөд хэргийн зүйлчлэлийг буруу гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос Л.Аыг 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 7д ангийн сурагч Д.Быг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж “хичээлийн завсарлагаагаар хоол эргүүлж явлаа” гэх шалтгаанаар гартаа барьж байсан модоор баруун гарын тохой хэсэгт нь 1 нэг удаа цохиж эрүүл мэндэд нь баруун бугалгын доод булууны зөрүүгүй, сэлтэрсэн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоолгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж “....хохирогчийн насыг тогтоох...” шаардлагатай гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

Тодруулбал хэрэгт авагдсан баримтаас үзэхэд; Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийн биеийн байцаалт хэсэгт /хх 06/ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл хэсэгт /хх 54/ хохирогчийн хэдэн настай болох, мөн түүний регистрийн дугаар хэрэгт авагдсан байхад хохирогчийн насыг тогтоогоогүй нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Энэ байдал нь хохирогчийн хувийн байдалтай холбоотой асуудал тул хэргийг заавал буцаах үндэслэл болохгүй, нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч Л.Аын гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд прокурор Д.Мөнхсайханы бичсэн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1563 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Мөн шүүгчийн захирамжид яллагдагч Л.Аын биеийн байцаалт хэсэгт түүний насыг бичээгүй орхигдуулсан байгааг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1563 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Прокурор Д.Мөнхсайханы бичсэн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаар эсэргүүцлийг хангаж, яллагдагч Л.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                             ШҮҮГЧ                                                             Н.БАТСАЙХАН

                             ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ