Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 512

 

 

 

 

 

 

-

 

2018           06            14                                       512

-

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,  

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А- ,

хохирогчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадам,

шүүгдэгч Я.Г-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Я.Ганзоригийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803002140161 дүгээр хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Я-н Г.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Я.Г-нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны оройн 18 цаг 08 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нефтийн замд “Kia bongo” маркийн 47-80 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Б-жолоодож явсан “Toyota premio” маркийн 65-89 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгслийн эвдрэлд шууд 472.000 төгрөг, нийт 672.000 төгрөгийн хохирол учруулсан, зорчигч 12 настай Б.Н-  эрүүл мэндэд хүнд хохирол гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Я.Г-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урд талын машин гэнэт зогссон. Тэр машины гуфер хагарсан. Миний даатгалын хугацаа дууссан байсан. Машины хохирол 672,000 төгрөгийг төлсөн. Байцаагч наад хүүхэд чинь нэг л биш байна гээд эмнэлэгт очтол хагалгаанд оруулсан. Боолт дутуу цэвэрлэснээс болж бугласан байна, улмаар таталт өгсөн гэж хэлсэн. Ийм осол хийсэндээ гэмшиж байна. Хохирлыг барагдуулна” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний охин эрүүл саруул хүүхэд байсан. Осолд орох хүртлээ эмнэлэгт хэвтэж, ханиад хүрч байгаагүй. Одоо гэнэт татаж унадаг, өглөө оройгоо мэдэхээ байсан. Шүүгдэгчийн хувьд дандаа худлаа хэлдэг. Залуу хүн байж ганц удаа ч уулчлалт гуйгаагүй. Хохирлыг төлүүлж өгнө үү. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Маш их гомдолтой байна” гэв.

Эрүүгийн 1803002140161 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Насанд хүрээгүй хохирогч Б.Н- : “2018 оны 02 дугаар сарын 16-ны орой 18 цаг өнгөрч байхад аав Баярмагнай машинаа бариад урд талын суудалд ээж Алтансувд суугаад, би ганцаараа хойд талын сандал дээр хөндлөн хэвтээд толгойгоо зүүн талын хаалга уруу хөлөө баруун талын хаалга уруу харуулаад унтаж явтал гэнэт пан гээд чимээ гараад би толгойгоороо хаалга мөргөөд сэрээд харахад аав ээж хоёр гадаа хүнтэй хэрэлдээд зогсож байхаар нь би айгаад буцаад хэвтээд өгсөн. Толгой өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд толгой хөдөлсөн байна гэсэн. Хоёр хоногийн дараа хөл явж чадахгүй болохоор Гэмтлийн эмнэлэгт үзүүл гэж байцаагч хэлээд очиж үзүүлэхэд толгойдоо гэмтэл авсан байна гээд эмчилгээнд оруулсан. Одоо толгой байнга өвддөг, өдөрт 1 ширхэг эм ууж, 3 удаа тариа хийлгэж байгаа. Хичээлдээ огт явахгүй байгаа, энэ жил хичээлдээ явж болохгүй гэж эмч нар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-28-29/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А- ын: “...Миний охин Б.Н-  биеийн байдал хүнд байна, ослоос хойш Гэмтлийн эмнэлэгт тархины хагалгаанд орсон, 12 хоног хэвтсэн, гэртээ аравхан хоног хэвтэж байгаад, биеийн байдал хүндэрч “Оточ манал” эмнэлэгт 10 хоног хэвтсэн, 20 хоног гэртээ хэвтэж байгаад 4 дүгээр сарын 21-ний өдөр хүчтэй хүчтэй халуурч таталт
өгөөд, 4 дүгээр сарын 21-ний өдөр “Med trauma” эмнэлэгт тархины соронзон үелзүүрт томограф шинжилгээ хийлгэхэд дүгнэлтээр “Өнчин тархины дунд шугамын өндөр 0.5 см буюу хэвийн хэмжээний хүрээнд, арын дэлбэн нь Т1 горим дээр хэвийн гиперинтенсе тодорхойлогдоно. Мөн менингитийн эхлэл байхыг үгүйсгэхгүй гэж дүгнэсэн. Иймд ослоос болж тархины хагалгаанд орсон боловч биеийн байдал хүндэрч сайжрахгүй байна. Дуулж, бүжиглэдэг, сэргэлэн цовоо, урьд нь ямар нэгэн бэртэл гэмтэл, суурь өвчин байхгүй, эрүүл саруул хүүхэд байсан. Гэтэл жолооч Г нь буруугаа ухамсарлахгүй, “Оточ манал” эмнэлэг дээр очихоороо эмчтэй нууцаар ганцаарчилж уулзаад, эмчид “яахаараа ингэж өвдөөд байдаг хүүхэд вэ, худлаа өвдөөд байгаа биш үү” гэж хэлсэн. Мөн эмч дээр өөр газрын эмч дагуулж очиж уулзаж хүүхдийн байдалтай танилцаж байсан. Г нь эрүүл саруул хүүхдийг хүнд гэмтэл учруулчихаад үл тоож, хэл амаар доромжилдог хүн. Жолоочийн зүгээс “Манал Оточ” эмнэлгийн 570.000 төгрөг төлсөн, нэг удаа эм тариа авч өгсөн, машины төлбөр 712.000 төгрөг төлсөн байгаа. Манай зүгээс охины эмчилгээнд одоогийн байдлаар 3.939.170 төгрөгийн эм тариа авсан. Би маш их гомдолтой байна, эм тарианд зарцуулсан мөнгөө нэхэмжилж дараагийн эмчилгээг үргэлжлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-30-32/,

Гэрч Б.Б-н : “2018 оны 02 дугаар сарын 16-ны орой Толгойтоос уруудаад Нефьтийн замаар хойноос урагшаа машиныг би бариад хажуу урд талын суудалд эхнэр суугаад арын суудалд охин Номин хэвтээд явж байсан. Нэг залуу машины урдуур зам хөндлөн гарахад эхнэр “замаа харж яв” гэж хэлээд машинаа хөдөлгөхөд гэнэт араас цэнхэр өнгөтэй ачааны “Киа бонго” маркийн 47-80 УНЕ улсын дугаартай машин мөргөсөн. Чанх араас мөргөхөд хойд талын суудалд хэвтэж байсан охин нэг юм түг гээд мөргөсөн чимээг сонссон. Яг юуг биеийнхээ аль хэсгээр мөргөснийг хараагүй. Буугаад мөргөсөн жолоочтой маргалдсан, “даатгалаа дууд” гэхэд тэр жолооч “даатгал байхгүй, миний урдуур хүн гарахыг араас харсан бололтой хажуугаар тойроод гарахгүй тэгвэл мөргөлдөхгүй байсан” гэж хэлж байсан. Тухайн машинд мөргүүлсний улмаас миний машинд багажны арын хаалга цөмөрсөн арын гуфер цуурсан, багаж хаадаг түгжээ дотогш цөмөрсөн. Үнэлгээ хийлгээд 672000 төгрөг болохоор нь жолооч надад өгч машинд учирсан хохирлыг барагдуулсан. 2 хоногийн дараа охиныг үзүүлэхэд толгойн хэсэгт гэмтэл авсан гээд эмч нар хэлж шууд Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон. Зам чөлөөтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, хальтиргаа гулгаагүй, цасгүй зам байсан” гэх мэдүүлэг /хх-75-76/,

Гэрч ДБ-н: “...Толгойтоос ертөнцийн зүгээр хойноос урагшаа чигтэй нөхөр Г өөрийн 47-80 УНЕ улсын дугаартай “Киа бонго” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хажуу талд охины хамт суугаад явж байтал гэнэт манай машины урд явж байсан 65-89 УНЧ улсын дугаартай ““Toyota premio” маркийн тээврийн хэрэгслийн урд талаар зам дээрээс нэг явган зорчигч гүйх гэхэд тэр машин огцом тоормос гишгээд зогссон. Тоормос гишгэсэн боловч тэр машины ар талаас мөргөж осол хийсэн. Нөгөө машинд хойд гуфер хагарсан эвдрэлтэй харагдаж байсан. Тухайн үед үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, зам хальтиргаатай, хөдөлгөөн чөлөөтэй байсан. Мөргүүлсэн машины ар талын суудалд хүүхэд нь сууж байгаа харагдаж, хүүхэд машинаас огт буугаагүй...” гэх мэдүүлэг /хх-77-78/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2018.03.02-ны өдрийн 2713 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Н-  биед баруун зулайн дэлбэнгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, цусан хурааг авч тархи дарагдлаас чөлөөлөх мэс заслын дараах байдал /2018.02.20/ бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ...журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэжээ /хх-98/,

Нэмэлт материалаар гаргасан шүүх эмнэлгийн 2018.05.03-ны өдрийн 554 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.2018.04.21-ний өдрийн “Мед Траума” эмнэлгийн соронзон үелзүүрт томографийн шинжилгээний хариунд тусгагдсан менингитийн эхлэл үе байхыг үгүйсгэхгүй гэсэн нь тогтоогдсонгүй. Менингит нь халдварын шалтгааны улмаас тархины аалзан бүрхүүлийн үрэвслийг хэлэх бөгөөд ийм өөрчлөлт Б.Н-  биед тогтоогдсонгүй. 2.Б.Н-  биед зүүн чамархайн суурийн өмнөд хэсэгт тогтоогдсон уйланхайт өөрчлөлт нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй төрөлхийн /хуучин/ эмгэг өөрчлөлт байна. 3.Б.Н-  биед баруун зулайн дэлбэнгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, цусан хурааг авч тархи дарагдлаас чөлөөлөх мэс заслын дараах байдал /2018.02.20/ бүхий гэмтэл тогтоогдсон нь зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн ...журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хх-133-135/, 

“Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2018.02.19-ний өдрийн 09834909 дүгээр үнэлгээний тайланд: “Toyota Premio 6589 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд зардлын дүн 472.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 672.000 төгрөг” гэжээ /хх-117/,

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018.03.31-ний өдрийн 204 дүгээр дүгнэлтэд: “1.Тоёота Премио маркийн 65-89 УНЧ улсын дугаартай автомашины жолооч Б.Баярмагнай нь МУ-ын ЗХД-ийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2.Киа бонго маркийн 47-80 УНЭ улсын дугаартай автомашины жолооч Я.Г-нь МУ-ын ЗХД-ийн 8.11. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. 3.Зам тээврийн осол гарахад тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ /хх-120-121/,

Шүүгдэгч Я.Г-ийн яллагдагчаар өгсөн: “Тухайн үед өөрийн машинаар Толгойтоос уруудаад 50-60 км/цагийн хурдтайгаар 1-р эгнээгээр явж байтал замын голд эрэгтэй хүн зогсож байсан. Тэгтэл урд явсан суудлын машин огцом зогссон. Араас нь би тоормосоо гишгэсэн боловч мөргөсөн. Би тэр хүнийг анх 30-40 метрийн зайд зам хөндлөн алхаж байгааг харсан. Миний урд явсан суудлын автомашин тэр хүн рүү ойртож ирэх үед хүн зогссон. Би яг осол болохоос өмнө ойролцоогоор тэр машинаас 2 метрийн зайд явсан. Мөргүүлсэн машинд жолооч эрэгтэй, түүний эхнэр, бага насны охин явж байсан. Бид нар зүгээр байсан, тэд нар ч гэсэн анхандаа бие зүгээр гэж байсан. Тэгтэл 2 хоног хүүхэд нь бариачид бариулсан, машины төлбөрийг төлөөд дуусгасны дараа хүүхдийн толгой  өвдөөд байна гэсэн. ...Хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан гэх шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Анх ослын дараа тэр хүүхдийг харахад сульдаа муу, ядруу хүүхэд байх шиг байсан. Гэмтлийн эмнэлэгт яаралтай хагалгаанд орсон. 10 хоногийн дараа толгойн зураг авахуулахад тархиндаа уйланхайтай байна гэж шинжилгээний хариу гарсан, уйланхай нь миний учруулсан гэмтэл гэж үзэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-142/,

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч /хх-9-11/, иргэний нэхэмжлэгч О.А- ын мэдүүлэг /хх-34/, иргэний нэхэмжлэл /хх-44-45/, хохирлын баримтууд /хх-46-59, 60-62/, хохирогчийн сургуулийн тодорхойлолт /хх-60/, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /хх-63/, өвчний түүх /хх-66-74/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт /хх-103-106/, мөрдөгчийн тогтоол /хх-130/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-143/, шүүгдэгчийн хохирол төлсөн баримт /хх-150-154/, шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 2 ширхэг зураг, зээлийн гэрээ, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, хохирлын баримт 2 ширхэг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Я.Г-нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 18 цаг 08 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн замд “Kia bongo” маркийн 47-80 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа урдаа яваа буюу иргэн Б.Б-жолоодон явсан “Toyota premio” маркийн 65-89 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 12 настай, Б.Н-  эрүүл мэндэд хүнд учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь насанд хүрээгүй хохирогч Б.Н-  “...би ганцаараа хойд талын сандал дээр хөндлөн хэвтээд толгойгоо зүүн талын хаалга уруу хөлөө баруун талын хаалга уруу харуулаад унтаж явтал гэнэт пан гээд чимээ гараад би толгойгоороо хаалга мөргөөд сэрээд ...айгаад буцаад хэвтээд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-28-29/, гэрч Б.Б-“...Нэг залуу машины урдуур зам хөндлөн гарахад эхнэр “замаа харж яв” гэж хэлээд машинаа хөдөлгөхөд гэнэт араас цэнхэр өнгөтэй ачааны “Киа бонго” маркийн 47-80 УНЕ улсын дугаартай машин мөргөсөн. Чанх араас мөргөхөд хойд талын суудалд хэвтэж байсан охин нэг юм түг гээд мөргөсөн чимээг сонссон. Яг юуг биеийнхээ аль хэсгээр мөргөснийг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-75-76/, гэрч ДБ-н “...Нөхөр Г өөрийн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байтал гэнэт урд явж байсан “Toyota premio” маркийн тээврийн хэрэгслийн урд талаар зам дээрээс нэг явган зорчигч гүйх гэхэд тэр машин огцом тоормос гишгээд зогссон. Тоормос гишгэсэн боловч тэр машины ар талаас мөргөж осол хийсэн. Мөргүүлсэн машины ар талын суудалд хүүхэд нь сууж байгаа харагдаж, хүүхэд машинаас огт буугаагүй...” гэх мэдүүлэг /хх-77-78/, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2713 дугаар шинжилгээ /хх-98/, нэмэлт материалаар гаргасан шүүх эмнэлгийн 2018.05.03-ны өдрийн 554 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. 2018.04.21-ний өдрийн “Мед Траума” эмнэлгийн соронзон үелзүүрт томографийн шинжилгээний хариунд тусгагдсан менингитийн эхлэл үе байхыг үгүйсгэхгүй гэсэн нь тогтоогдсонгүй. Менингит нь халдварын шалтгааны улмаас тархины аалзан бүрхүүлийн үрэвслийг хэлэх бөгөөд ийм өөрчлөлт Б.Н-  биед тогтоогдсонгүй. 2. Б.Н-  биед зүүн чамархайн суурийн өмнөд хэсэгт тогтоогдсон уйланхайт өөрчлөлт нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй төрөлхийн /хуучин/ эмгэг өөрчлөлт байна. 3. Б.Н-  биед баруун зулайн дэлбэнгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, цусан хурааг авч тархи дарагдлаас чөлөөлөх мэс заслын дараах байдал /2018.02.20/ бүхий гэмтэл тогтоогдсон нь зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн ...журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хх-133-135/, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018.03.31-ний өдрийн 204 дүгээр “1.Тоёота Премио маркийн 65-89 УНЧ улсын дугаартай автомашины жолооч Б.Баярмагнай нь МУ-ын ЗХД-ийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2. Киа бонго маркийн 47-80 УНЭ улсын дугаартай автомашины жолооч Я.Г-нь МУ-ын ЗХД-ийн 8.11. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт /хх-120-121/, шүүгдэгч Я.Г-ийн яллагдагчаар өгсөн “...Тэгтэл урд явсан суудлын машин огцом зогссон. Араас нь би тоормосоо гишгэсэн боловч мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-142/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Я.Г-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасныг зөрчсөн буюу урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй байх хэмжээний хоорондын зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож яваагүйн улмаас Б.Б-жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслээр зорчин явсан 12 настай Б.Н-  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Н-  эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч О.А- ын эзэмшлийн 65-89 УНЧ улсын дугаартай “Toyota Premio” маркийн тээврийн хэрэгсэлд нийт 672.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлсөн /хх-32, 76/ талаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар маргаагүй тул иргэний нэхэмжлэгч О.А- ад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч Б.Н-  өмгөөлөгч “Эмчилгээний зардалд 6.403.470 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч тал 2.453.600 төгрөг төлсөн. Үлдэх 4.766.770 төгрөгийг нэхэмжилнэ” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирогчийн буруутай үйлдэл байгаа. Нэмэлт шинжилгээ эргэлзээтэй байгаа. Төрөлхийн эмгэг гээд тогтоогдсоны дараа эмнэлэгт хэвтсэн зардлыг төлөх эсэх дээр эргэлзэж байна. 4.700.000 төгрөгийг төлнө, төлөхөө илэрхийлж байна” гэж,

шүүгдэгч “Хохирлыг барагдуулна” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Хэрэгт авагдсан хохирлын баримт /хх-46-59, 60-62/-аар 4.549.870 төгрөг, шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар 816.900 төгрөг, нийт 5.366.770 төгрөгийн эмчилгээний зардал хохирогч талаас, харин 1.658.600 төгрөгийн эм тарианы зардал, бэлэн 200.000 төгрөгийг шүүгдэгч талаас тус тус гарган насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээнд зарцуулсан болох нь тогтоогдож байна.

Мөн түүнчлэн шүүгдэгч Я.Г-2018.06.13-ны өдөр хохирогчид 600.000 төгрөг дансаар шилжүүлсэн нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн Голомт банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байх тул төлбөл зохих 5.366.770 төгрөгөөс хасаж, үлдэх хохирол болох 4.766.770 төгрөгийг 1 жил 6 сарын хугацаанд шүүгдэгч Я.Г-аас гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А- ад олгохоор шийдвэрлэлээ.         

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар хохирогчийн эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй байгаа, хохирол бүрэн төлөгдөөгүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Я.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийг гэм буруугаа ойлгосон гэж үзэж байна. Цаашид гарах зардлыг гаргана гэж ойлгож байна” гэж,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хүүхдийг минь босгоод өгөөч. Хорих санал алга. Уучлаарай гэдэг үгийг их хүлээлээ, хэлсэнгүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Төлбөрийн хувьд маргах зүйлгүй. Тогтоогдсон хохирлыг төлнө, төлөхөө илэрхийлж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэж, ялаас чөлөөлж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дээрх дүгнэлт нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд нийцээгүй, түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэж, ялаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд орших бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь өдийг хүртэл хугацаанд бүрэн эдгэрч, хор уршиг арилаагүй байгаа, түүнчлэн шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.   

Иймд шүүгдэгч Я.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хэдийгээр хагалгаанд орсон боловч насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэнд, биеийн байдал сайжраагүй байгаа, байнгын асаргаа сувилгаанд байгаа/, шүүгдэгчийн хувийн байдалд тус тус нийцэхгүй байна гэж дүгнэн шүүгдэгч Я.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Я.Г-ийн жолоочийн В ангиллын 311531 дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Г-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Я-н Г-гийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Я.Г-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Я.Г-тоногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-тоногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Я.Г-аас 4.766.770 /дөрвөн сая долоон зуун жаран зургаан мянга долоон зуун дал/ төгрөгийг 1 жил 6 сарын хугацаанд гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-  /.......... /-д олгосугай. 

6. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Г- урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Я.Г-ийн жолоочийн В ангиллын 311531 дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Я.Г-тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Г-тавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                               Л.БААТАР