Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргал Батзориг |
Хэргийн индекс | 2308 03362 0689 |
Дугаар | 2024/ДШМ/1013 |
Огноо | 2024-09-05 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/1013
2024 09 05 2024/ДШМ/1013
Р.Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Анхбаяр,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/810 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Баасансүрэнгийн бичсэн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 61 дүгээр эсэргүүцлээр Р.Эт холбогдох 2308 03362 0689 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Р.Э
Р.Э нь 2023 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, баруун туруун гудамж, мод үржүүлэх задгай тоотод хохирогч Д.Мыг үл ялих зүйлээр шалтаглан хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “духанд зулгаралт, цээжний зүүн талд шарх, цус хуралт” бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Р.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн З дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар хохирогч Д.М иргэний нэхэмжлэл гаргаагүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч нь өөрт учирсан хохирлыг өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Баасансүрэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Эт холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ эрүүгийн хэргийг шийдвэрлэх нөхцөл боломж бүрдсэн бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй атал эрүүгийн хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч Д.Мын “...2023 оны 10 дугаар сарын 27-ны орой Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 20-17 тоотод амьдардаг Э ахын гэрт очиход ганцаараа байсан. Би хаяа хаяа Эын ахын гэрт очиж гэр орныг нь цэвэрлэж өгдөг юм. Тэгээд Э ах бид хоёр 0.5 граммын 1 шил архи хувааж уусан. Э ах Монгол гэрт ганцаараа амьдардаг тэгээд Э ах бид хоёр архиа ууж дуусаад унтах гээд Э ахын унтдаг улаан өнгийн бүтээлэгтэй орон дээр сууж байхад Э ах чи боов хөх хоёулаа секс хийх үү гэхээр нь та юу яриад байна үгүй гэж хэлэхэд ширээн дээр байсан шар өнгийн иштэй хутгийг аваад миний зүүн талын суга хавьцаа хатгаж зүсэж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг (хх 23-24), гэрч Ш.Гийн “...2023 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 08:40 минутын үед манай гэрийн зүүн талд байдаг Э ахын гэрт ороход М, Э ах хоёр согтуу байсан. Тэгтэл Э ах юу хийж яваа юм бэ гэхээр нь ажил руу явж байна гэж хэлсэн чинь Э ах өнөөдөр хагас сайн өдөр ш дээ гэхээр нь би андуурсан байна ш дээ гэртээ харьж хувцас хунараа угаалаа гэж хэлээд юм яриад сууж байхад Э ахын унтдаг гэрийн зүүн талын орны бараан дуу өнгөтэй орны давуу цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг(хавтаст хэргийн 34-р тал), шүүх шинжилгээний Ерөнхий газрын 13917 дугаартай шинжээчийн “...Д.Мын биед духанд зулгаралт, цээжний зүүн талд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх 41-42). шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн...”Д.Мын биед учирсан цээжний зүүн талд шарх, цус хуралт гэмтэл нь хутгаар хатгах үед үүсэх боломжтой...ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. хутга нь ир үзүүртэй тул үүсгэх боломжтой..” гэх мэдүүлэг (хх 77) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогддог бөгөөд мэдүүлгийн эх сурвалжаа шууд заан мэдүүлсэн хохирогч Д.Мын мэдүүлэг нь гэрч болон шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байхад шүүхийн дүгнэлт нь дээрх нотлох баримтуудыг ямар үндэслэлээр үгүйсгэж, няцааж, эргэлзээтэй байдлыг үүсгэсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.
Шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо нотлох баримт нэг бүрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, учирсан хохирлын хэмжээ, шинж чанар зэрэг нотолгооны зүйлийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.
Хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг бүхэлд нь харьцуулан судалж, нягтлан шалгаж, үнэлсний эцэст шүүгдэгчийн гэм бурууд эргэлзээ төрвөл хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай боловч ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй тохиолдолд аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн дүгнэлт хийхгүйгээр шууд яллагдагчид ашигтай байдалд хамааруулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Р.Эт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгохоор тодорхойлсон байдаг.
Шүүх хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, ямар хууль зүйн үндэслэлээр няцаан хэрхэн үгүйсгэж, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэх талаар шүүхээс хууль зүйн дүгнэлтийг эрх зүйн оновчтой хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, түүнийг нотолсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй байна.
Хэрэгт прокуророос яллах талын бичгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд, тэдгээр нотлох баримтыг үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд бодит байдлыг тогтоох, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлтийг зөв хийж, хэргийг хянан шийдвэрлэх учиртай.
Шүүх хэргийн үйл баримтыг бүрэн бодитой дүгнээгүй, тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой ямар гэмт хэргийн шинжийг агуулсан болохыг хууль зүйн үндэслэлтэй зөв тогтоож чадаагүй байна.
Тодруулбал: Хэрэг авагдсан үйл баримтуудаар дүгнэвэл Шүүгдэгч Р.Э нь 2023 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны гудамж мод үржүүлэхийн задгай тоотод Д.Мыг үл ялих зүйлээр шалтаглан хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “духанд зулгаралт, цээжний зүүн талд шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хүрэлцэхүйц агуулгын хувьд зөрүүгүй, болсон үйл баримтыг хангалттай тогтоогдсон болно.
Түүнчлэн шүүгдэгч Р.Э нь хохирогчийн биед халдаагүй гэж гэм буруугийн талаар маргадаг.
Хэргийн үйл баримт болон цугларсан нотлох баримтаас дүгнэхэд хохирогч Д.Мын мэдүүлгийн эх сурвалж нь өөрийн болон бусад гэрч, шинжээч нарын дамжмал нотлох баримтаар тогтоогдсон, мөн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан уг гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж дүгнэсэн бөгөөд хэрэгт цугларсан гэмт хэрэг үйлдсэн байдлыг яллах нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй ба хохирогч Д.Мд учирсан гэмтэл нь яллагдагч Р.Эын хийсэн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой гэж хууль зүйн хувьд үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.
Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд яллагдагч Р.Эын мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн хэрэгт авагдсан бусад яллах баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгааг дурдаагүй нь эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл....гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Хууль зүйн хувьд яллагдагч Р.Эын дээрх үйлдэл нь Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Тодруулбал, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй бөгөөд шүүгдэгч Р.Эын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж чадаагүй, хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэж байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасны дагуу хэргийг хянаж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
Иймд шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн байх цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Н.Баасансүрэнгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан зохицуулалтад нийцээгүй, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Прокуророос Р.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ялласан. Ийнхүү яллахдаа хохирогч Д.Мын мэдүүлгийг шууд заасан. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тухайн цаг үед үүссэн гэж дүгнэсэн. Тухайн нөхцөлд байсан гэрч Ш.Гийн мэдүүлгийг яллах баримт гэж үзэж ялласан. Шинжээч эмчийг дүгнэлт гаргасантай нь холбогдуулан асууж тодруулсан. Хэрэгт авагдсан яллах баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ цагаатгах тогтоолд тодорхой заах ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй талаар хуульчилсан. Шүүгдэгч хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгсөн. Шүүгдэгчийн мэдүүлэг бусад гэрч, хохирогч нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг тул түүний мэдүүлгийг иш үндэс болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Хохирогч, гэрчид хууль сануулж мэдүүлэг авдаг тул бодит байдлыг тогтооход ач холбогдолтой чухал нотлох баримтад тооцогддог. Анхан шатны шүүх эдгээр баримтуудыг хэт үгүйсгэсэн байдлаар шүүгдэгчид ашигтайгаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос цагаатгагдсан этгээд Р.Эыг 2023 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, баруун туруун гудамж, мод үржүүлэх задгай тоотод хохирогч Д.Мыг үл ялих зүйлээр шалтаглан хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “духанд зулгаралт, цээжний зүүн талд шарх, цус хуралт” бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Р.Эт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдоогүй” үндэслэл зааж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, цагаатгах талаар хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.
Учир нь, хохирогч Д.Мын мэдүүлэг /хх 23-24/, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 13917 дугаартай дүгнэлт /хх 41-42/ зэргийг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба хэрэг учрал болсон цаг хугацаанд байгаагүй хоёрдмол гэрч Ш.Гийн /хх 34, 79/ мэдүүлгийг үндэслэн цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл,”....гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.
Анхан шатны шүүхээс Р.Эт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг ханаагүй нь мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Н.Баасансүрэнгийн бичсэн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 61 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, цагаатгагдсан этгээд Р.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/810 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Прокурор Н.Баасансүрэнгийн бичсэн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 61 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор цагаатгагдсан этгээд Р.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ