| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0505/Э |
| Дугаар | 517 |
| Огноо | 2018-06-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 517
---
2018 06 15 517
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,
улсын яллагч Н.Уранбайгаль,
иргэний нэхэмжлэгч Г.Л-, Т.Б-,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,
шүүгдэгч Я.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт Я.Б-гхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803002360176 дугаар хэргийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Я-ын Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Я.Б-нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Толгойтын замд өөрийн эзэмшлийн “Toyota Vitz” маркийн 58-62 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь заалт а/согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 7.12 дахь заалт “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас Э.Б-жолоодож явсан “Toyota Premio” маркийн 12-45 УБС улсын дугаартай, Д.Б-ийн жолоодож явсан “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж “Toyota Premio” маркийн 12-45 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч /5 настай, эрэгтэй/ Б.Т-эрүүл мэндэд хүнд, “Toyota Prius” маркийн 35-08 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч /43 настай, эмэгтэй/ Г.Л-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Я.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн учир одоо мэдүүлэг өгөхгүй. Хохирлоо төлж байгаа, цаашид гарах хохирлыг төлнө” гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр хоёр хүүхдийн хамт таксинд суусан. Зам дээр хоёр машин мөргөлдөөд миний сууж явсан машиныг мөргөсөн. Миний биед хөнгөн гэмтэл гарсан. Эмчилгээний мөнгө 275.000 төгрөгийг авсан. Үлдэх 516.320 төгрөгөө нэхэмжилнэ. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний машиныг мөргөсөн. Хохиролд 4.550.000 төгрөг авсан. Найман эд ангийг үнэлгээнд оруулаагүй байсан, түүнийг үнэлүүлсэн. Сүүлийн үнэлгээнээс үлдэх хохирлыг нэхэмжилнэ” гэв.
Эрүүгийн 1803002360176 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхзулын: “...2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн орчим дүү Бат-Эрдэнийн автомашинд нөхөр, хоёр хүүхдийнхээ хамт суугаад Толгойтын замаар явж байхад гэнэт түс тас хийгээд л явсан. Би тухайн үед хоёр хүүхэдтэйгээ арын сандалд суугаад явж байсан. Ослын дараа бид нар түргэний машинаар Гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэгт 8 хоног хэвтсэн. Одоо гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаа. Охин Б.Энгүүнболорын бие зүгээр байгаа. Жолоочоос 200.000 төгрөг өгсөн. Надаас 120.000 төгрөг, хүүхдийн эмчилгээнд 300.000 гаруй төгрөг зарцуулсан. Эмчилгээний мөнгийг өгчих юм бол гомдол гэх зүйл байхгүй. Хүүхдийн бие аажимдаа гайгүй болно гэж найдаж байна...” гэх мэдүүлэг /хх-17-18/,
Иргэний нэхэмжлэгч Г.Л-гийн: “2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн орчимд хоёр хүүхдийнхээ хамт “Toyota Prius” маркийн автомашинд суугаад ертөнцийн зүгээр хойноос урагш төв зам уруу орох гээд уулзвар дээр зогсож байтал гэнэт урд талд хоёр машин мөргөлдөөд нэг машин нь миний зүүн гар талаас буюу машины зүүн талаас ирж хүчтэй мөргөсөн. Миний биед гэмтэл учирсан. Одоо нүүр хавдсан, хүзүү, толгой өвчтэй байна. Эмчилгээ хийлгээд явж байгаа. ...Гомдолтой байна. Гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг буруутай жолоочоос нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-26-27/,
Иргэний нэхэмжлэгч Т.Бат-Эрдэнийн: “...Би өөрийн 12-45 УБС дугаартай “Toyota Premio” маркийн автомашиныг жолоодоод ах Бат-Эрдэнэ, эгч Энхзул, түүний хоёр хүүхдийн хамтаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш 2 дугаар эгнээгээр 50 км/цагийн хурдтай явж байхад өөдөөс эсрэг урсгалд ирж явсан “Toyota Vitz” маркийн саарал өнгийн автомашин гэнэт зүүн гар тийш жолоогоо дараад манай машины урдуур ороод ирэхээр нь тоормос гишгэхэд миний машины зүүн урд талаас мөргөхөд машин баруун гар талд зогсож байсан “Toyota Prius” маркийн автомашиныг очиж мөргөсөн. “Toyota Vitz” маркийн автомашин айлын хашаа мөргөөд зогссон. Машиныг засаж янзлуулаагүй байгаа. Үнэлгээгээр гарсан мөнгөө буруутай жолоочоос авсан. ...12-45 УБС дугаартай “Toyota Premio” маркийн машиныг ахаасаа аваад удаагүй байсан учраас нэрээ шилжүүлж амжаагүй байсан. Машиныг засаж янзлуулна” гэх мэдүүлэг /хх-38-39/,
Гэрч Э.Бат-Эрдэнийн: “...Дүү Т.Бат-Эрдэний эзэмшлийн 12-45 УБС дугаартай “Toyota Premio” маркийн автомашинд эхнэр Энхзул, хүү Тэнүүн, охин Энгүүн-болор, бэр Аюулгүй-Эрдэнэ нарын хамтаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш 2-р эгнээгээр 40-50 орчим км/цагийн хурдтай явж байхад эсрэг урсгалаас ирж байсан “Toyota Vitz” маркийн автомашин зүүн гар тийш ертөнцийн зүгээр урдаас хойш гэнэт эргэж ирээд зүүн урд хэсэгт мөргөх үед манай машин “Toyota Prius” маркийн автомашин мөргөөд зогссон. Мөргөсөн машин замаасаа гараад айлын хашаа мөргөөд зогссон. Мөргөсөн машинд жолооч ах ганцаараа явсан. Би машин дээр явж очоод хаалгыг онгойлгоход их хэмжээний архи үнэртэж байсан. Замын цагдаа ирээд мөргөсөн машины жолоочийг үлээлгэхэд 1 бүхэлтэй гарч байсан. 12-45 УБС дугаартай “Toyota Premio” маркийн автомашиныг Т.Б- 2018 оны 1 дүгээр сарын 20 хавьд Дамчаабадгар ахаас худалдаж авсан. Одоо энэ машин Бат-Эрдэнийн эзэмшлийн машин юм. Манай эхнэр хүүхдийн биед гэмтэл учирсан. Дуут болон зүүн гар тийш эргэх дохио өгөөгүй. Чигээрээ яваа машиныг өнгөрүүлсний дараа зүүн гар тийш эргэж болох байсан....” гэх мэдүүлэг /хх-53/,
Гэрч Д.Б-ийн: “Би өөрийн эзэмшлийн 35-08 УНЯ дугаартай машинаа жолоодоод явж байгаад хоёр хүүхэдтэй нэг эмэгтэйг аваад ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй уулзвар дээр баруун гар тийш эргэхээр дохио өгөөд зогсож байхад миний зүүн гар талаас буюу машины зүүн урд хажуу талаас нэг машин их хурдтай ирээд мөргөсөн. Машинд учирсан хохирлын мөнгийг “Toyota Vitz” маркийн машины жолооч өгнө гэсэн...” гэх мэдүүлэг /хх-54/,
Гэрч Т.Аюулгүй-Эрдэнийн: “...Найз Бат-Эрдэнэ, түүний ах, эгч нарын хамтаар “Toyota Prius” маркийн автомашины арын сандалд суугаад явж байсан. Намайг харж байхад миний сууж явсан машины урдуур гэнэт нэг машин орж ирээд л мөргөлдсөн. Миний биед гэмтэл учраагүй. Машиныг найз Бат-Эрдэнэ жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хх-76/,
Гэрч Г.Мандбаярын: “...Тухайн өдөр намайг гэртээ байхад гадаа түс тас хийх чимээ гараад манай хойд хашааг “Toyota Vitz” маркийн автомашин мөргөсөн байдалтай байсан. Тухайн үед 5.40 метрийн урттай хашаа эвдэрсэн, цахилгааны шийт газар уначихсан байсан. Хашаа мөргөсөн автомашины жолооч ах хашааг шинээр барьж өгөөд цахилгааны шийтийг босгож янзалж өгсөн. Эвдрэлийн үнэлгээ хийлгэхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-72/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.03.27-ны өдрийн 3948 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Т-биед духны яс, баруун ухархайн ясны дээд ханын хугарал, духны хуйхан дор цус хуралт, духны баруун талд шарх, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-89/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.03.27-ны өдрийн 4037 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Г.Л--н биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, зулайн хуйх, дух, зүүн шанаа, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-91/,
Мөрдөгчийн 2018.04.04-ний өдрийн 68 дугаар магадлагаанд: “1.Т.Витз маркийн 58-62 УНР улсын дугаартай автомашины жолооч Я.Б-нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 7.12. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.3. Т.Примео маркийн 12-45 УБС, Т.Приус 35-08 УНЯ улсын дугаартай автомашины жолооч Т.Б-, Д.Б- нар Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна...” гэжээ /хх-105-106/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2018.03.19-ний өдрийн автомашин техникийн үнэлгээний 929 дүгээр тайланд: ““Toyota Premio” маркийн 12-45 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоосон дүн 4.360.000 төгрөг” гэжээ /хх-97/,
“Тод үнэлгээ” ХХК-ийн 2018.05.14-ний өдрийн автомашин техникийн үнэлгээний 217 дугаар тайланд: ““Toyota Premio” маркийн 12-45 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон дүн 5.706.000 төгрөг” гэжээ /хх-139/,
Шүүгдэгч Я.Б-гийн яллагдагчаар өгсөн: “2018.03.18-ны өдөр 12 цагийн орчимд би өөрийнхөө эзэмшлийн 58-62 УНР улсын дугаартай Toyota Vitz” маркийн автомашиныг жолоодоод ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш замаар 2-р эгнээгээр явж байгаад зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр хойшоо эргэхээр эсрэг урсгалд ирж байгаа машиныг харахаар зогссон. Эсрэг урсгалд явж байгаа машин зайтай харагдахаар нь амжаад гарчихна гэж бодоод зүүн гар тийш жолоогоо дараад эргээд орох үед мөргөлдсөн. Тэр эрчиндээ айлын хашааг мөргөөд зогссон. Би урд өдөр нь архи уусан байсан. Ослын дараа үлээлгэхэд согтуу гэж гарсан. Надтай мөргөлдсөн машин хойд талд зогсож байсан “Toyota Prius” маркийн автомашиныг мөргөсөн байсан. Би гэмтсэн хүүхдийн эмчилгээний болон айлын хашаа, эвдэрсэн машины хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би өөр хүн машин, эд зүйл мөргөөгүй. Осол миний буруугаас болсон...” гэх мэдүүлэг /хх-114-115/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-8, 9-14/, хохирол төлсөн баримт /хх-21, 24, 34, 49, 70, 71, 75/, хохиролтой холбоотой баримтууд /хх-22-23, 29-33, 35-36/, гэрч Л.Дамчаабадгарын мэдүүлэг /хх-51/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-116/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-118/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-122/, шүүгдэгчийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-124/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Я.Б-согтуурсан үедээ 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Толгойтын замд өөрийн эзэмшлийн “Toyota Vitz” маркийн 58-62 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зүүн гар тийш эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс Э.Б-жолоодож явсан “Toyota Premio” маркийн 12-45 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч 5 настай, Б.Т-эрүүл мэндэд хүнд, уг тээврийн хэрэгсэлд 5.706.000 төгрөгийн, Д.Б-ийн жолоодож явсан “Toyota Prius” маркийн 35-08 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч 43 настай, Г.Л-гийн эрүүл мэндэд хөнгөн, уг тээврийн хэрэгсэлд 2.680.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ын“...Дүү Бат-Эрдэнийн автомашинд нөхөр, хоёр хүүхдийн хамт суугаад Толгойтын замаар явж байхад гэнэт түс тас хийгээд л явсан. Хүү Б.Тэнүүн хүнд гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх-17-18/, иргэний нэхэмжлэгч Г.Л-гийн “...“Toyota Prius” маркийн автомашинд суугаад ертөнцийн зүгээр хойноос урагш төв зам уруу орох гээд уулзвар дээр зогсож байтал гэнэт урд талд хоёр машин мөргөлдөөд нэг машин нь миний зүүн гар талаас буюу машины зүүн талаас ирж хүчтэй мөргөсөн. Миний биед хөнгөн гэмтэл учирсан.” гэх мэдүүлэг /хх-26-27/, иргэний нэхэмжлэгч Т.Бат-Эрдэнийн “...Өөдөөс эсрэг урсгалд ирж явсан “Toyota Vitz” маркийн саарал өнгийн автомашин гэнэт зүүн гар тийш жолоогоо дараад манай машины урдуур ороод ирэхээр нь тоормос гишгэхэд миний машины зүүн урд талаас мөргөхөд машин баруун гар талд зогсож байсан “Toyota Prius” маркийн автомашиныг очиж мөргөсөн. “Toyota Vitz” маркийн автомашин айлын хашаа мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх-38-39/, гэрч Э.Б-ийн“...Эсрэг урсгалаас ирж байсан “Toyota Vitz” маркийн автомашин зүүн гар тийш ертөнцийн зүгээр урдаас хойш гэнэт эргэж ирээд зүүн урд хэсэгт мөргөх үед манай машин “...“Toyota Prius-20” маркийн автомашин мөргөөд зогссон. Мөргөсөн машин замаасаа гараад айлын хашаа мөргөөд зогссон. Замын цагдаа ирээд мөргөсөн машины жолоочийг үлээлгэхэд 1 бүхэлтэй гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-53/, гэрч Д.Б-ийн “Би өөрийн эзэмшлийн 35-08 УНЯ дугаартай машинаа жолоодоод явж байгаад хоёр хүүхэдтэй нэг эмэгтэйг аваад ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй уулзвар дээр баруун гар тийш эргэхээр дохио өгөөд зогсож байхад миний зүүн гар талаас буюу машины зүүн урд хажуу талаас нэг машин их хурдтай ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-54/, гэрч Т.А-гийн“...Намайг харж байхад миний сууж явсан машины урдуур гэнэт нэг машин орж ирээд л мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-76/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.03.27-ны өдрийн 3948, 4037 дугаар шинжилгээнүүд /хх-89, 91/, мөрдөгчийн 2018.04.04-ний өдрийн 68 дугаар магадлагаа /хх-105-106/, “Ашид билгүүн” ХХК-ийн 929 дүгээр тайлан /хх-97/, “Тод үнэлгээ” ХХК-ийн 217 дугаар тайлан /хх-139/, шүүгдэгч Я.Б-гийнгийн яллагдагчаар өгсөн “...Эсрэг урсгалд явж байгаа машин зайтай харагдахаар нь амжаад гарчихна гэж бодоод зүүн гар тийш жолоогоо дараад эргээд орох үед мөргөлдсөн. Тэр эрчиндээ айлын хашааг мөргөөд зогссон. Би урд өдөр нь архи уусан байсан. Ослын дараа үлээлгэхэд согтуу гэж гарсан. Надтай мөргөлдсөн машин хойд талд зогсож байсан “Toyota Prius” маркийн автомашиныг мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-114-115/ болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Я.Б-гийнгийн согтуурсан үедээ (1,01%) тээврийн хэрэгсэл жолоодсон, зорчигч насанд хүрээгүй хүүхэд Б.Т-эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжтэй байх тул автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Т-эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хууль ёсны төлөөлөгч Ц.Э-д720.000 төгрөг төлсөн 21, 24 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн “Одоогоор нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх хүсэлтийг харгалзан шүүгдэгч Я.Б-гэнэ тогтоолоор насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-дтөлөх төлбөргүй гэж дүгнэв. Мөн цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэйг болохыг тогтоолд дурдаж байна.
Иргэний нэхэмжлэгч Г.Л-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд баримтаар 821.320 төгрөг нэхэмжилснээс мөрдөн байцаалтын шатанд 275.000 төгрөг /хх-34/ төлөгджээ. Хэрэгт авагдсан баримтаар 516.320 төгрөгийн хохирол тогтоогдож /хх-35/ байх тул түүнийг гаргуулж олгохоор шийдвэрлэлээ. Толгой бариулсан гэх 30.000 төгрөг баримтаар тогтоогдохгүй тул хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний нэхэмжлэгч Т.Бат-Эрдэнийн жолоодож явсан Л.Дамчаабадгарын нэр дээрх “Toyota Premio” маркийн 12-45 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “Тод үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-139/-аар шууд зардлын дүн 4.941.000 төгрөг, нийт 5.706.000 төгрөгийн хохирол учирч, шүүгдэгч 4.550.000 төгрөгийг төлсөн /хх-49/ болох нь тогтоогдсон болно. Иймд уг үнэлгээгээр тогтоогдсон дүнгээс үлдэх хохирол болох 1.156.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгохоор шийдвэрлэж байна. Тухайн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Т.Б- нь эзэмшигч Л.Д-аас худалдан авч, эзэмшигчийг зохих журмын дагуу шилжүүлээгүй, түүнчлэн өөрөө эзэмшиж, ашиглаж байсан талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Иймд иргэний нэхэмжлэгчээр Т.Б- тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг шүүх үндэслэлтэй гэж үзэв. Т.Б- нь “тос, маслоны хохирол ороогүй тул нэхэмжилнэ” гэж байгааг харгалзан үүнтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Мөн Д.Б-ийн жолоодон явсан 35-08 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан боловч эд зүйлийн үнэлгээ хийлгээгүй, Д.Б- нь өөрийн хөрөнгөөр засуулж бусдад худалдсан талаар мэдүүлж /хх-54/ байгаа, шүүгдэгч нь 2.680.000 төгрөгийг төлсөн /хх-70/ нь тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнээд шүүгдэгч Я.Б-гийнгаас нийт 1.672.320 төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Л-д 516.320 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Б-д 1.156.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Хохирлоо зохих хэмжээгээр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Я.Б-гийнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргаагүй. Хохирлыг өнөөдрийг хүртэл чадах чинээгээрээ төлөөд байгаа, цаашид гарах зардлыг төлнө гэж хохирлоо төлөхөө илэрхийлсэн, 70 настай, манаачаар ажиллаж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ 1,01%, чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /5 настай хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан/, шүүгдэгчийн хувийн байдал /өндөр насны тэтгэвэрт байдаг, 71 настай, ам бүл 1/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Я.Б-гийнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Мөн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Я.Б-гийнгийн жолоочийн В ангиллын 63023 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Я.Б-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аовогт Яын Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Я.Б-гийнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Я.Б-гийнд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Я.Б-гийнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Б-тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Я.Б-цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-дтөлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Л- нар цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа, иргэний нэхэмжлэгч Т.Б- цаашид гарах тос, маслоны зардлын баримтаа тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Я.Б-гийнгаас 1.672.320 төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд гаргуулж, 1.156.000 /нэг сая нэг зуун тавин зургаан мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Т.Б- /Б ......... /-д, 516.320 /таван зуун арван зургаан мянга гурван зуун хорь/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Л- /............./-д тус тус олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор, иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Б-гийнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР