Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргал Батзориг |
Хэргийн индекс | 2408 00000 0812 |
Дугаар | 2024/ДШМ/1035 |
Огноо | 2024-09-10 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/1035
2024 9 10 2024/ДШМ/1035
Ц.Гт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Сувданчимэг,
шүүгдэгч Ц.Г,
хохирогч Д.Го,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/855 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2408 00000 0812 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц.Г
Шүүгдэгч Ц.Г нь 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцсийн таксины зогсоол дээр тухайн үед үүссэн маргааны улмаас Д.Гын биед халдан зүүн шууны хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497.1, 505.1, 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс 3,408,300 /гурван сая, дөрвөн зуун найман мянга, гурван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Д.Год олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Гоос 181.480 /нэг зуун наян нэгэн мянга дөрвөн зуун ная/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дансанд төлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Д.Го нь намайг заналхийлж, миний биед хууль бусаар халдах нь тодорхой болоод буцаж ирж байгааг нотлох баримт болон гэрч гэх В.Бын хутгатай холбоотой асуудлыг хараагүй байж харсан гэж илт худал мэдүүлж байгааг нотлох баримтуудыг шалгуулах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй.
Нотлох баримт шалгуулах талаар урьдчилсан шүүх хурал дээр хохирогч гэх Д.Год миний бие нь өөрийгөө өмгөөлөх тактикаа алдсан мөн анхан шатны шүүх хурал дээр хохирогч гэх Д.Го, гэрч гэх В.Б нар ажил хэргийн холбоотой төдийгүй хуурай ах дүүгийн холбоотой, ижил санаа зорилготой байсан нь тогтоогдсон ч шүүгч харгалзаж үзээгүй.
Миний бие хохирогч гэх Д.Гыг хутгаар хатгаж байгаа камерын бичлэг байхгүй. Д.Го, В.Б гэх хоёр этгээдийн биед огт хүрээгүй ба Д.Го нь миний биед халдсан.
Анхан шатны шүүх хурлаар нотлох баримт хэлэлцэхэд Д.Го, В.Б нар эхэлж миний машин дээр очоод Д.Го хэрүүл маргаан үүсгэснийг шүүгч тогтоосон. Мөн энэ үйлдлийнхээ дараа буцаад алхсанаа дахин буцан ирж цонхон дээр тулаад зогсож байгаа ийм хоёр үйлдэл нотлох баримтад тусгагдсан. Энэ хоёр үйлдэл болсон байна гэж шүүгч зөв дүгнэсэн нь Д.Го, В.Б гэх хамаарал бүхий ижил санаа зорилготой этгээдүүдийн эхний үйлдлээр такси барих гээд очиход “зайл хоёр гөлөг минь” гээд шууд хутгалаад зугтсан гэх ижил агуулга бүхий мэдүүлгүүд худлаа болохыг тогтоосон. Мөн анхан шатны шүүх хурлаар В.Б илт худал мэдүүлж байгааг шүүгч сонссон, харсан хэрнээ Д.Го, В.Б гэх хамаарал бүхий ижил санаа зорилготой хоёр этгээдүүдийн худал мэдүүлгийг үндэслэн намайг ялласан нь хэргийн бодит байдалд тохироогүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хурлаар нотлох баримт хэлэлцэх үеэр Д.Го, В.Б нар худал мэдүүлснийг тогтоосон хэрнээ уг худал мэдүүлгээ үндэслэн намайг ялласан нь бодит байдалд нийцээгүй. Д.Го, В.Б гэх хоёр этгээд буцаж ирэхдээ намайг “энэ п....г ер нь алчихсан ч яадаг юм” гэж заналхийлж хууль бус халдлага эхлэх гэж байгаа нь тодорхой болсон байсныг нотлох баримтыг судлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан ч хүлээж аваагүй.
Миний бие шүүх хуралд өөрийгөө өмгөөлөх байр суурьтай оролцсон боловч шүүгч удаа дараа үг таслах зэргээр хэргийн бодит байдлыг тогтоох мэтгэлцээнийг хязгаарлаж миний өөрийгөө өмгөөлөх эрхэд халдсан.
Жишээлбэл: Гэрч гэх В.Б хутгалсан гэх үйлдлийг хараагүй байж харсан гэж худал мэдүүлэхэд би “за харсан юм бол яаж хутгалсан юм” гэж асуухад В.Б хутга орлуулагчийг бариад хажуу тийш чиглэлтэй зангаж ингэж хутгалсан гэж хэлсэн. Би хажуу тийшээ хутгалахад тэр доор байгаа гар яахаараа бэртдэг юм яагаад худлаа яриад байгаа юм гэхэд шүүгч үг таслаад хэргийн бодит байдлыг тогтоох мэтгэлцээнд саад учруулж байсан. Мөн хохирогч гэх Д.Гоос “Цаана чинь хоёр такси байхад заавал намайг авч явах гэж хэрүүл маргаан үүсгээд байдаг нь ямар учиртай юм. В.Б чиний хууль бус үйлдлийг таслан зогсоогоод мөрнөөс чинь түлхээд “хая хая наад п....” гээд аваад явахад ямар зорилготой эргэж ирсэн юм” гэж асуухад шүүгч үг таслаад надад өөрийгөө өмгөөлөх болон хэргийн бодит байдлыг тогтоох мэтгэлцэх боломж өгөхгүй байсан. Энэ хоёр этгээдээс хэргийн бодит байдлыг тогтоох зорилготой асуух асуултууд олон байсан ч миний бие асууж чадаагүй.
Прокурор хэргийг хянаагүй юм байна лээ. Хэрэгт анх хэргийн газар очсон мөрдөгчийн илтгэх хуудас гэх баримт авагдсан. Тэр баримт нь худлаа. Миний бие анхан шатны шүүх хуралдааны явцад энэ талаар прокурорт хэлж байсан. Нэгдүгээрт, тус баримтыг худал болохыг тус цагдаагийн энгэрийн камерын бичлэгийг шалгахад тодорхой болно. Хоёрдугаарт, мөрдөгч н.Намуун мэдүүлэг авахдаа хөтөлж байцааж, “та хутга гаргасан уу. Хэн эхэлж хутга гаргасан бэ”, “та хутгалуулсан хүн эмнэлэгт хэвтэж байхад өрөвдөхгүй байна уу” гэж асууж байсан. Миний бие “Ямар олигтой зүйл байх вэ дээ. Архи уугаад өөрийгөө хорлоод бэртсэн байна” гэж хариулахад “та өрөвдөж байна уу. Та хэргээ хүлээж байна уу" гэх зэргээр асууж, сонин зүйлс хэрэгт оруулсан. Миний бие прокурорыг ажил хийдэг эсэхэд эргэлзэж байна. Прокурор анхан шатны шүүх хуралдаанд “хэрэгт цугларсан нотлох баримтыг судалсан” гэж тайлбарладаг боловч юу судалсан нь тодорхойгүй. Жишээлбэл, Д.Гын согтуурлын зэргийг тодорхойлоогүй. Тухайн үед Д.Го их согтолттой, өөрийгөө илэрхийлэх, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээ ухамсарлах чадваргүй байсан. Түүний гэр нь тухайн хэрэг үйлдэгдсэн газраас 100 орчим метр газар байдаг. Тэрээр 100 орчим метр газар алхаад харьчихаж чадахгүй хэрүүл маргаан үүсгэж, адгууснаас долоон дор аашилсан. Прокурор “хэргийг судалж, шинжлээд яллаж байна” гэсэн. Гэтэл гэрч, хохирогч нарын мэдүүлэгт “такси барих гээд “сайн байна уу” гээд очиход “зайл пизда минь” гээд хутгалчхаад зугтсан” гэсэн байна. Эдгээр хүмүүс нь ажил хэргийн ах, дүүгийн харилцаатай юм байна лээ. Хохирогчийн эхнэр нь намайг гудамжинд зүгээр явуулдаггүй, “юугаа хараад байгаа юм, зайл пизда минь” гэж хэлдэг. Анхан шатны шүүх хуралдааны явцад Д.Гын эхнэр ард сууж байсан. Тус шүүх хуралдаанд миний бие “В.Быг зайлшгүй шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай. Тэр хүн хараагүй байж хэрхэн гэрчилж байгааг гайхаж байна. Асуулт асуумаар байна” гэж хүсэлт гаргаж байсан. Юу болсныг хараагүй хүнээс асуулт асуухад угаасаа худлаа яриад эхэлнэ. Д.Гын эхнэр “тэр хурал дээр тэр хүн чинь тэгж байна. Утас бариад зогсож байсан гэж байна. Утсаар чамайг хараагүй гэж байна” гэх зэргээр түүнд үг зааж өгдөг юм уу яадаг юм, яг тохиролцсон юм шиг мэдүүлэг өгдөг. Миний бие прокурорт гомдолтой байна. Иймд намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Д.Го тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Г “маргаан болсон” гэж тайлбарлаж байна. Гэвч маргаан болоогүй. “Таксинд явах уу” гэхэд “явахгүй” гэсэн. Тэгэхээр нь цонхон дээр нь гараа тавьсан, өөрөөр хөдлөөгүй. Миний бие хүнтэй тэгж муухай харьцдаггүй. Би энэ хүнд маш их гомдож байна. Намайг “ална, шулна гэсэн” гэж арай л хэтэрхий тайлбарлаж байна. Тухайн үед би тийм үйлдэл гаргаагүй. Ц.Г нь миний гар руу хутгалчхаад зугтаад явсан. Тэгэхээр би цагдаа дуудсан. Гэмтлийн эмнэлэгт очиход Баатраа ирээд “нөгөө хүнийг чинь барьчихсан” гэж хэлсэн. Тэгээд энэ хүнийг баригдсан талаар мэдсэн. ...” гэв.
Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие шүүгдэгч Ц.Гт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон. Анхан шатны шүүх талуудын тэгш эрх, мэтгэлцэх боломжийг бүрэн хангаж, шүүх хуралдааны оролцогч нарыг бүрэн оролцуулсан. Мөн хэрэг үйлдэгдсэн үед байсан цорын ганц гэрч болох В.Быг шүүх хуралдаанд оролцуулж, хяналтын камерын бичлэгийг үзэж, шинжлэн судлах байдлаар бүхий л боломжит нөхцөл байдлыг ашиглан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад ямар нэгэн байдлаар оролцогчийн эрхийг хязгаарласан, үг, үйлдлийг нь хууль бусаар таслан зогсоон хууль бус үйл ажиллагаа явагдаагүй. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрэн гүйцэт явагдсан. Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Г нь хохирогч Д.Гын зүүн гарын шуу хэсэгт хутгаар нэг удаа хутгалж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон. Хохирогч нь шүүгдэгчийн тайлбарлаж байгаа шиг түүний эсрэг хууль бусаар халдсан, халдахыг завдсан нөхцөл байдал хөндлөнгөөс бичигдсэн хяналтын камерын бичлэг болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдоогүй. Хохирогчийн биед учирсан хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх саналтай. ...”гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ц.Г нь 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцсийн таксины зогсоол дээр тухайн үед үүссэн маргааны улмаас Д.Гын биед халдан зүүн шууны хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 01/,
хохирогч Д.Го “...2024 оны 4 дүгээр сарын 22-ны өглөөний 05-06 цагийн үед Б бид хоёр караокеноос гараад Баянхошууны шинэ эцсийн таксины зогсоол дээр очоод такси бариад харих гээд бор шаргал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан ба тухайн тээврийн хэрэгслийн жолооч талын цонх нь онгорхой байхаар нь би очоод цонхон дээр нь зүүн гараараа тохойлдоод явах уу гэсэн чинь “явахгүй зайл, хоёр гөлөг минь” гэхээр нь тэр таксины жолоочид хандаж “чи яаж харьцаад байгаа юм бэ” гэсэн чинь тухайн таксины жолооч миний зүүн гарын шуу хэсэг рүү хутгаар хутгалчихсан. ...” /хх29/,
гэрч В.Б “...жолоочийн цонх онгорхой байсан ба Д.Го жолооч дээр очоод таксинд явах уу, гэрт хүргээд өгөх үү гээд цонхон дээр нь зүүн гараараа тохойлдоод зогсож байсан чинь таксины жолооч хутга гаргаж ирээд зүүн гарыг нь зүсээд зугтаад явсан. ...” гэх мэдүүлгүүд /хх 32-33/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх 6-10/, хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх 15-16/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх18-26/,
шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5624 дугаартай“...Д.Гын биед зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 38-39/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Прокуророос шүүгдэгч Ц.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
4. Шүүгдэгч Ц.Г “...Миний бие хохирогч гэх Д.Гыг хутгаар хатгаж байгаа камерын бичлэг байхгүй. Д.Го, В.Б гэх хоёр этгээдийн биед огт хүрээгүй ба Д.Го нь миний биед халдсан, хэргийг дутуу шалгасан...цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд; Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18/ болон эргүүлийн офицер Ж.Бын: “...Тоёотай Приус-20 маркийн 43-85 УБЭ автомашиныг шалгахад жолооч Г /НЮ 82042113/-оос юу болсон талаар асуухад “Би таксинд явах гэж Баянхошууны эцэс дээр зогсож байхад 2 согтуу хүн ирээд агсам тавьсан. ...би машинд байсан хутгаар гар луу нь хутгалчихсан. ...” гэх илтгэх хуудас болон дээр дурдсан хохирогч хууль сануулж мэдүүлэг өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд камерын бичлэгээр шүүгдэгч болон хохирогч нь хоорондоо зууралдсан гэх үйл баримт тогтоогдоогүй, хохирогч болон гэрч В.Б нар эхний удаад машин руу очоод өнгөрч явснаа буцаж очсон, хохирогч нь зүүн гараараа машины цонхон дээр тохойлдсон, улмаар гараа татаж авангуут машин хөдөлж явсан үйл баримт нотлогдсон ба хохирогч, гэрч нар нь хутгаар хатгасан үйлдлийг шүүгдэгч хийсэн талаар мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн, үгүйсгэсэн ямар нэг баримт байхгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдээгүй гэх үндэслэлээр гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалтай танилцсан болох нь хэрэгт авагдсан баримтаар /хх 118/ нотлогдож байх бөгөөд гомдолд дурдагдсан цагдаагийн энгэрийн камерын бичлэг хэрэгт авагдаагүй болохыг дурдаж байна.
Анхан шатны шүүх хэргийг шүүхэд шилжүүлсэн хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй тул шүүгдэгч Ц.Гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/855 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ