2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/04844

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 29 191/ШШ2025/04844

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... ******* овогтой ******* миний бие ******* ******* ******* ******* ХХК-нд 2023 оны 5 сард ажилд орж 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр буюу хууль бусаар гэнэт халагдах хүртлээ уг компанид Sinotruk HOWO-ны оператор ажил үүргийг тасралтгүй гүйцэтгэж ажилласаар ирсэн. Дээр дурдсан хугацаанд ямар нэг сахилгын зөрчил хүлээж байгаагүй болно.

******* ******* ******* ******* ХХК-ийн гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/524 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр буюу тушаалын захирамжлах хэсэгт дурдсанаар бусадтай зодолдсон бусдын биед халдсан гээд энэ нь дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж халжээ.

Болсон үйл явдлын тодруулбал 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай нэг ажилтан автобусанд дотор миний цай хаана байна гэж чанга хашхирч орилох зэргээр тавгүй нөхцөл байдал үүсгээд байхаар би гар гэж хэлэхэд намайг Увсын дүрвэд гэх мэтээр яс үндсээр маань доромжлохын зэрэгцээ миний биед халдсан.

Ажил олгогч дээр дурдсан үйл явдалд нарийвчлан дүгнэлт хийхгүйгээр үл ялих шалтгаанаар намайг ажлаас халсан 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/524 дугаартай тушаалыг огт хүлээн зөвшөөрөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154.3 дахь хэсэгт зааснаар харьяаллын дагуу хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт хороонд хандсан ч эвлэрэн хэлэлцээгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаанаа шүүхээр хянан шийдвэрлүүлж хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж ажлаас чөлөөлсөн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/524 дугаар тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч нь ******* ******* ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/524 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. ******* ******* ******* майнинг ХХК нь үйл ажиллагаа явуулдаг бөгөөд, Д.*******тэй тохиролцож, түүнийг ховоны операторын албан тушаалд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр томилж, талууд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан юм.

Нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэх тухайд: 2024 оны 11-р сарын 17-ны өглөө бүх операторууд уулын ахлах мастераасаа ажлын үүрэг даалгавар /наряд/-аа авчхаад, ажилчдыг ажлын байр руу хүргэдэг автобус дотор сууж байх үед нэхэмжлэгч Д.******* нь автобус дотор оператор Л. ялихгүй зүйлээс болж, маргалдан нэгнээ хэлэх хэлэхгүй үгээр доромжлон, улмаар хоорондоо зодолдсон ноцтой зөрчил гаргасан тул Д.******* болон Л. нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус цуцалсан.

******* ******* ******* ******* ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан бөгөөд дотоод журмын 7.4.16-д болон талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.4.13-т Ажлын байран дээр бусадтай зодолдох, өдөөн хатгах танхайрах, бусдын бие мах бодид халдах, зохисгүй зан авир үйлдэл гаргах, бусдын эрх чөлөөнд халдах ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.

Д.******* нь дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг аль алиныг зөрчин ажлын байран дээрээ ээлжийн ажилтантайгаа зүй бус харьцаж, зодолдсон, бие махбодод халдсан ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.4 дэх хэсгийн ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан... гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэхүү Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ******* ******* ******* майнинг ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 11-р сарын 19-ны өдрийн Б/524 дугаартай тушаал хууль зөрчөөгүй болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/524 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

4. Хариуцагчаас ******* ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 240/Б дугаар Ажилд авах тухай тушаал, ******* ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/524 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээний хуулбар, ******* ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/05 дугаар Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар, тайлбар, ******* ******* ******* ******* ХХК-ийн тайлбар авах хуудас, ******* ******* ******* ******* ХХК-д гаргасан тайлбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай нэг ажилтан автобус дотор миний цай хаана байна гэж чанга хашхирч орилох зэргээр тавгүй нөхцөл байдал үүсгээд байхаар би гар гэж хэлэхэд намайг Увсын дүрвэд гэх мэтээр яс үндсээр маань доромжлохын зэрэгцээ миний биед халдсан. Ажил олгогч болсон үйл явдалд нарийвчлан дүгнэлт хийхгүйгээр үл ялих шалтгаанаар намайг ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Д.******* нь дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг аль алиныг зөрчин ажлын байран дээрээ ээлжийн ажилтантайгаа зүй бус харьцаж, зодолдсон, бие махбодод халдсан ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.4 дэх хэсгийн ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан... гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Д.******* нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хүнд машин механизмын хэлтэст Оператор албан тушаалд ажиллахаар харилцан тохиролцож, зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсжээ. /хх-23

 

6. ******* ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/524 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 7.4.16 дахь заалтыг тус тус үндэслэн Sinotruck HOWO-ны оператор албан тушаалтай Д.******* нь ажлын байран дээр бусадтай зодолдсон, бусдын бие махбодод халдсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр дуусгавар болгон цуцалсан байна. /хх-22/

 

7. Талууд ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, түүнд ногдуулсан сахилгын шийтгэл зөрчлийн шинж, үр дагаварт тохирсон эсэх талаар маргасан.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.

 

9. Зохигчийн хооронд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7.4-д Хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох зөрчилд дараах зөрчлийг тооцох бөгөөд ажилтан эдгээр зөрчлийг гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална. Үүнд: гээд 7.4.13-д Ажлын байран дээр бусадтай зодолдох, өдөөн хатгах, танхайрах бусдын бие мах бодид халдах, зохисгүй зан авир үйлдэл гаргах, бусдын эрх чөлөөнд халдах гэж харилцан тохиролцсон байна.

 

10. Нэхэмжлэгч ажлын байрандаа оператор албан тушаалтай Л. маргалдаж, хоорондоо зодолдсон болох нь хэрэгт авагдсан У., Ш., Л., Ц. нарын тайлбараар тогтоогдсон, байх бөгөөд уг болсон үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

 

11. Хөдөлмөрийн гэрээний 7.4.13-д заасан ажлын байран дээр бусадтай зодолдсон, бусдын бие махбодод халдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д нийцсэн байх бөгөөд уг тушаалд хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг баримтлаагүй гэх үндэслэл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан, харин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа тохиолдолд ажилтанд урьдчилан мэдэгдэх үүргийг ажилтанд хүлээлгээгүй.

 

13. Тодруулбал, ноцтой зөрчил гаргасан ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах нь дахин зөрчил, гэмт хэрэг үйлдэх, ажлын аюулгүй байдал, олон нийт, байгууллагын хариуцлага алдагдах зэргээс урьдчилан сэргийлж тухайн нөхцөлд хурдан арга хэмжээ авах шаардлага үүсдэгээс улбаалан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд урьдчилан мэдэгдэх үүргийг ажил олгогчид хүлээлгээгүй гэж үзэхээр байна.

 

14. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.2-т зааснаар ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах бол энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнөөр бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

 

15. Дээрх үндэслэлүүдээр ******* ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/524 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зохицуулсан бөгөөд ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч дээрх хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Иймд нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн ухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг баримтлан ******* ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/524 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Д.*******т буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ