| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2026/0053/З |
| Дугаар | 110/ШШ2026/0045 |
| Огноо | 2026-04-27 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 110/ШШ2026/0045
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: К.С,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгчээс шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дугаартай “Улаанхус сумын Засаг дарга К.Сад сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргаас Улаанхус сумын Засаг дарга К.С нь 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/36 дугаар захирамжаар Х.Еыг тус сумын 6 дугаар багийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлээгүй байхад шууд томилж, хууль бус үйлдэл хийсэн гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан явдлыг дараах хууль зүйн болон бусад үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Болатбек нь өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас гарсан тул 2026 оны оны 01 дүгээр сард явагдах багийн Засаг даргыг сонгох үйл ажиллагаа явагдах хүртэл малын их эмчийн мэргэжилтэй Х.Еыг ажлын шаардлагаар түр хугацаагаар тус багийн Засаг даргаар 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг томилсон.
Х.Еыг тус багийн Засаг даргаар түр томилох болсон шалтгаан нь тэрээр тус багийн ард иргэдийг сайн таньдаг, тэнд байнга амьдарч, малын эмчээр ажиллаж малчдад мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байсан дадлага, туршлагыг харгалзан 2025 оны 11, 12 дугаар сард багийн иргэдийн идэш бэлтгэх, малын хөдөлгөөн ихсэх буюу гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх жилд нэг удаа явагддаг улсын мал тооллогын ажлыг хэвийн явуулах, мал тооллогын “А” картыг хөтлөх, тус багийн 2025 оны ажлын тайлан мэдээг гарган холбогдох байгууллагад хүргүүлэх зэрэг төрийн ажлын шаардлагыг харгалзан үзсэн юм. Х.Еыг тус багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох үед өвлийн хүйтэн цаг байсан учраас багийн иргэдийн Нийтийн Хурлыг шууд зарлан хуралдуулах боломжгүй байсан буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас тус сумын багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагааг 2026 оны эхээр нэгдсэн журмаар зохион байгуулах чиглэлтэй байсан, иймээс түүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй юм.
Ингээд тус багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Еыг ажлаас нь чөлөөлснөөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж, одоо тус багийн Засаг даргад олонхын санал авсан Т.Еыг томилон ажиллуулж байна. Иймээс Улаанхус сумын Засаг даргаас Х.Еад давуу байдал бий болгохын тулд санаатайгаар хууль тогтоомж зөрчье гэсэн бодол санаа агуулж байгаагүй буюу сахилгын зөрчил гаргаагүй гэж үзэж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
2.1. Урьд нь Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг даргаар Ш.Болатхан гэдэг хүн ажиллаж байгаад 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Өндөр насны тэтгэвэрт гарсан шалтгаан нь төрөөс олгох тэтгэмжийн төсөв нь жилийн эцсээр татагдах шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Жилийн эцсийн тайлан, тооцоо, ажлын шаардлагуудыг харгалзан багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүртэл малын эмчээр ажиллаж байсан, ард түмний сайн таньдаг Х.Еыг түр хугацаагаар багийн Засаг даргаар томилсон байгаа.
2.2. Улаанхус сумын багийн иргэдийн Нийтийн Хурал 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зарлагдсан. Тэгээд 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тайлан тооцоо гаргаад, бүх мэдээллүүдийг өгсний дараа Х.Еыг ажлаас чөлөөлсөн. Тухайн үед 6 дугаар багийн иргэдийн эрх ашгийн үүднээс тухайн хүнийг Засаг даргаар томилсон асуудалд сахилгын шийтгэлд ногдуулж байгаад гомдолтой байна.
2.3. Хариуцагч тал хариу тайлбартаа үндэслэсэн Авлигатай тэмцэх газрын албан тоот 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ирсэн учраас уг албан тооттой маргаан бүхий захиргааны акт холбогдохгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж байна.
2.4. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-т зааснаар Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлэг гаргах ёстой, тухайн мэдүүлгийг гаргаагүй, эсвэл хугацаанд гаргаагүй зөрчил илэрсэн тохиолдолд үндсэн цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах хариуцлага тооцохоор зохицуулсан. Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 65 дугаар зүйлийн холбогдох заалтаар сахилгын шийтгэлд ногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн явдал гэж үзнэ. Уг асуудалд заавал Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэх ёстой.
2.5. Иргэн Т.Еын гаргасан гомдлын хувьд, Т.Е нь 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тухайн багаас Засаг дарга нэр дэвшсэн. Гэхдээ маргаан нь шүүхэд байгаа. Т.Еын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан гомдлын агуулга нь багийн иргэдийн Нийтийн Хурлаас 6 дугаар багийн Засаг даргаар нэр дэвшүүлсэн боловч томилохгүй байгаа гэх асуудалтай холбоотой. Өмнөх асуудал дээр Т.Е нь гомдол гаргах үндэслэл байхгүй. Улаанхус сумын Засаг даргаас 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Т.Еыг Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг даргаар томилсон.
2.6. Сануулах арга хэмжээ бол цаана нь үр дагавартай. Нэхэмжлэгч К.С нь Монгол Ардын намаас нэр дэвшсэн улс төрийн албан тушаалтан, аймгийн Засаг дарга бол Ардчилсан намаас нэр дэвшсэн хүн. Тийм учраас энэ асуудлыг шийдэхгүй юм бол дараачийн асуудал дээр удаа дараа гэдэг асуудлаар К.Сыг ажлаас халах, огцруулах үр дагавар үүснэ. К.С нь тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хуралдах хүртэл жилийн эцсийн 12 дугаар сар болсон шаардлагаар Х.Еыг багийн Засаг даргаар түр томилсон. Тухайн үед түр томилохдоо Авлигатай тэмцэх газарт тухайн хүний хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг явуулчихсан байгаа гэдгийг хэлье гэв.
3. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:
3.1. Тус аймгийн Улаанхус сумын Засаг дарга К.С нь 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/36 дугаартай захирамжаар Х.Еыг тус сумын 6 дугаар багийн Засаг даргаар багийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлэхгүйгээр шууд томилж хууль бус томилгоо хийсэн үйлдэл нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.”, 56.4-т “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна.”, 56.5.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана.”, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;”, 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга томилох, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.” гэж заасныг тус тус зөрчсөн ба дээрх асуудалтай холбоотой Улаанхус сумын иргэнээс гомдол ирүүлсний дагуу холбогдох материалыг хянан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд сонсох ажиллагааны мэдэгдэл хийж, тус сумын Засаг дарга К.Сад аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
3.2. Авлигатай тэмцэх газраас Улаанхус сумын Засаг дарга К.С нь 2025 оны Б/36 дугаар захирамжаар Х.Еыг тус сумын 6 дугаар багийн Засаг даргын албан тушаалд томилохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсгийг зөрчсөн талаар Засаг даргын нэр дээр “Хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлага тооцуулах тухай” албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т “хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах хариуцлага тооцож, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор хариу ирүүлэх талаар үүрэг, чиглэл өгсөн.
3.3. Аймгийн Засаг даргын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсэгт “Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй” гэж заасныг үндэслэн нэг зөрчилд давхардуулан хариуцлага тооцох боломжгүй гэж үзэж, К.Сад холбогдох арга хэмжээ авсан Засаг даргын 2026 оны А/11 дүгээр захирамжийг тайлбарын хамт Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн болно гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
4.1. Иргэн Т.Еаас 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөдөл ирсэн. Өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу 30 хоногийн хугацаанд өргөдлийг хянан шийдвэрлэж хариу өгөх ёстой. Энэ хуулийн хүрээнд Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн н.Назеркед уг өргөдөл, гомдол цохигдож хуваарилагдсан байна. Үүний дагуу мэргэжилтэн н.Назерке нь уг өргөдлийг хянаж үзээд, дүгнэлт гаргаж, аймгийн Засаг даргад танилцуулан, хууль зөрчсөнийг тайлбарлаж өгсний үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулсан.
4.2. Авлигатай тэмцэх газраас 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн огноотой 05/3687 дугаартай албан бичиг ирэхээс өмнө нэхэмжлэгчид сахилгын шийтгэл авсан учраас Авлигатай тэмцэх газарт сахилгын шийтгэл авсан гэдэг хариуг өгсөн. Баян-Өлгий аймгийн Засаг даргын гаргасан шийдвэр нь хууль ёсны шийдвэр учраас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно: 65.1.3.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн.” гэж заасныг баримтлан Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас Х.Еыг тус багийн Засаг даргаар нэр дэвшүүлээгүй байхад багийн Засаг даргаар шууд томилсон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 56.5.1, 56.5.2, 56.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр Улаанхус сумын Засаг дарга К.Сад сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн.”, 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй” гэж, 32.5-д “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна: 32.5.2.асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;”, 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: 32.8.4. баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж,
48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.” гэж,
56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.”, 56.4-т “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна: 56.4.1.хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой; 56.4.2.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх; 56.4.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх; 56.4.4.ялгүй байх.”, 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна: 56.5.1.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана; 56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;”, 56.5.4-т “нэр дэвшигч нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан байх”, 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно.” гэж тус тус заасан.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын тайлбар, маргаанд хамааралтай дараах үйл баримттай тогтоогдсон. Үүнд:
3.1. Улаанхус сумын Засаг дарга К.С нь 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/35 дугаартай захирамжаар тус сумын 6 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Болатбекийг хүсэлтийнх нь дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/36 дугаартай захирамжаар хүн ам, орон сууцны завсрын тооллого, жилийн эцсийн мэдээ тайлан гаргах ажлын шаардлагыг харгалзан үзэж, багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдах хүртэл гэх үндэслэлээр иргэн Х.Еыг 6 дугаар багийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
4.2. Улаанхус сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дугаартай захирамжаар Х.Еыг 6 дугаар багийн Засаг даргын ажлаас чөлөөлсөн.
4.3. Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг даргаар нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр болсон, тухайн хуралдааны 04 дугаартай тогтоолоор багийн Засаг даргад нэр дэвшигч Т.Еыг хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал авсан гэж үзэж, багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн.
4.4. Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын даргад иргэн Т.Е нь Улаанхус сумын Засаг даргад холбогдуулан Х.Еыг 6 дугаар багийн Засаг даргаар томилсон асуудлаар 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан.
4.5. Улаанхус сумын Засаг дарга К.С нь Х. Ермуратыг 6 дугаар багийн Засаг даргаар томилсон үндэслэл, шалтгааны талаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газарт 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/43 дугаартай албан бичгээр тайлбар гаргасан.
4.6. Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар Улаанхус сумын Засаг дарга К.Сыг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/36 дугаартай захирамжаар Х.Еыг 6 дугаар багийн Засаг даргаар томилохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг зөрчиж, Х.Еын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулаагүй нь тогтоогдсон гэх үндэслэлээр 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 05/3687 дугаартай албан бичгээр хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т зааснаар хариуцлага тооцож, 2026 оны 03 дугаар сарын 25-ны дотор хариу ирүүлэхийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад мэдэгдсэн.
4.7. Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/685 дугаартай албан бичгээр Улаанхус сумын Засаг даргад 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэж зааснаар дахин сахилгын шийтгэл ногдуулахгүй гэх хариуг хүргүүлсэн байна.
5. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, нэхэмжлэгч Улаанхус сумын Засаг дарга К.С нь 6 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг багийн Хурлаас хэлэлцэж шийдвэрлээгүй байхад багийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Болатбекийг ажлаас чөлөөлсөн тухайн өдөр иргэн Х.Еыг багийн Засаг даргын албан тушаалд шууд томилсон нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг зөрчсөн гэж үзнэ.
Иймд энэ талаарх хариуцагчийн маргаан нь үндэслэлтэй байна.
6. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, 23 дугаар зүйлийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;” гэж,
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна: 11.1.9.бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер;” гэж тус заасан.
7. Маргаан бүхий захиргааны актад хариуцагч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг зөрчсөн гэх үндэслэлийг тусгасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад “...хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргаагүй, эсвэл мэдүүлгийг хугацаанд Авлигатай тэмцэх газарт хугацаанд хүргүүлээгүй зөрчилд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн 8.1, 8.2, 8.3, 9.1, 19.1, 21.3, 21.4, 23.5-д заасан үүргээ биелүүлээгүй, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;” гэж зааснаар хариуцлага тооцох тул Баян-Өлгий аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 65 дугаар зүйлийн холбогдох заалтаар сахилгын шийтгэлд ногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.” гэж тайлбарлан маргасан боловч нэхэмжлэгч Улаанхус сумын Засаг даргаас иргэн Х.Еыг дээрх байдлаар 6 дугаар багийн Засаг даргад томилохоос өмнө уг иргэнийг багийн Хурлаас Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлээгүй тул Х.Е нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувиар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргах, Улаанхус сумын Засаг даргаас томилох эрх бүхий этгээдийн хувьд хуулийн 23.5-д заасан үндэслэлээр Х.Еын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулахаар хүргүүлэх үндэслэл үүсэхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар хариуцлага тооцно гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргааныг үндэслэлгүй гэж дүгнэв.
8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн.” гэж заасан.
Нэхэмжлэгч К.С нь Улаанхус сумын Засаг даргын хувьд мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д зааснаар хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй ба дээрх байдлаар хууль зөрчиж, иргэн Х.Еыг тус сумын 6 дугаар багийн Засаг даргаар томилсон нь тогтоогдсон.
9. Нэхэмжлэгчийн хууль зөрчсөн уг үйлдэлд Баян-Өлгий аймгийн Засаг даргаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан ”хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн” гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь мөн хуулийн 65.3-т “Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргад энэ хуулийн 65.1-д заасныг үндэслэн тухайн шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: 65.3.1.сануулах;”, 65.3.2-т “үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар хасах.” гэж, 65.4-т “Энэхүү хуулийн 65.3-т заасны дагуу ногдуулсан хариуцлагыг шат дараалан хэрэглэнэ.” гэж заасантай нийцсэн, нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан уг шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж заасан.
Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай Улаанхус сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 65 дугаар зүйлийн 65.3, 65.3.1, 65.4, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дугаартай “Улаанхус сумын Засаг дарга К.Сад сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА