Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 313

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

Улсын яллагч А.Марал,

Хохирогч М.М,

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Алаг адуу овогт Галсандоржийн Нд холбогдох эрүүгийн 1705018310338 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Оросын Холбооны улсын Москва хотод Зам тээврийн ................ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй Н /РД: /.

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Н нь “2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коко Банана” нэртэй бааранд хохирогч М.Мг зодож эрүүл мэндэд /эрүү ясны их биеийн зөрөөтэй далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал/ хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Найз Батбилэгийн төрсөн өдөр болж байсан ба тэд нарт жолооч хийж байсан тул архи уугаагүй байсан. Тэгээд “Коко банана” бааранд 2-3 пиво уусан. Төрмөнхтэй би бүжиглэж байхдаа түлхэлцээд цуг унах үед хамгаалагч нар гарч ирээд бид нарыг салгаад барнаас гаргасан. Тэгээд шатаар гарч байхад хүн цохьсон ба хэн цохисоныг би хараагүй. Цагдаа ирээд өөр дуудлага гарлаа явах гээд байна эвлэр гэсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг ороод үзүүлэхэд шүд, эрүү хугарсан байсан. Хохиролд нийт 1,600,000 төгрөг эм тариа гээд нийт 1,800,000 төгрөг авсан. Гомдол саналгүй гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч М.М мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай найз Батбилэгийн төрсөн өдөр болж байсан

...ингээд бааранд ороод хүн хүний 2-3  шил пиво захиалж уусан ба пиво ууж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад одоо нэрийг нь мэддэг болсон Нгийн найз Төрмөнх миний араас шахаад түлхээд байсан. Тэгэхээр нь би яагаад хүн түлхээд байгаан гэж хэлээд эргүүлээд түлхээд үл ойлголцол үүсээд нээх тоохгүй зогсож байтал хажуу талаас Н нь зүүн талын шанаа орчимд нэг удаа гараа атгаж байгаад хүчтэй цохисон. Энэ үед хажуу талаас баарны хамгаалагч бололтой гурван хүн орж ирээд салгаад бүжгийн талбай дээр байсан манай найзууд болон Н болон түүний найзыг дагуулаад гарсан. ...Н надаас уучлалт гуйж миний эмчилгээний зардалд нийт 1,000,000 төгрөгийг гарган өгч бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул эн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хх 28-29, 89 хуу/

Гэрч Б.Энхтулга мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай найз Батбилэгийн төрсөн өдөр болж байсан учраас ...Коко банана нэртэй бааранд орсон. Ингээд бааранд ороод ширээн дээр суулгүй шууд бүжгийн талбай дээр би гарч бүжиглэсэн ба М, Батбилэг, Лувсанренчин нар ойр орчимд харагдаж байсан. Тэгтэл үл таних 23 орчим насны залуу Мн араас бүжиглэж байхдаа шахаж түлхээд байсан. ...2 орчим минутын дараа М үл таних залуутай маргалдаж байгаа бололтой хоорондоо юм яриад байсан. Бүжигийн талбайгаас шатаар гарах гээд явж байхад шатны орчимд цохисон. Нэг үгээр хэлбэл талбайн баруун урд хэсэгт явж байхад уг залуу хажуу талаас орж ирээд шууд цохиод авсан юм. ...Тэгээд хоорондоо ярилцтал Мг цохисон залуу Орос улсад сурдаг, нөгөө залуу нь хуулийн хяналтын чиглэлээр сургуульд сурдаг гэж байсан” гэжээ. /хх 31-32 хуу/

Гэрч О.Лувсанренчин мэдүүлэхдээ: “...эргээд бүжгийн талбай дээр иртэл М үл таних нэг залуутай маргалдчихсан, нэг нэгийгээ түлхээд байгаа бололтой голоор нь хамгаалагч нар орчихсон салгаж байсан. Тэгээд би дөхөж очтол М болон үл таних залуутай хоёр тийш нь болгоод хамгаалагч нар гадагш нь авч гарч байгаа харагдахаар нь хажуу талд нь очоод юу болсон талаар асуутал нээх юм хэлэлгүй бүжгийн талбайгаас гарах гээд хөгжимчний баруун талын шатаар  гарах гэж байтал үл таних залуу дээд талын хашлага хэсгээс урагш тонгойж байгаад М зүүн талын эрүү орчимд нэг удаа гараараа нэлээн хүчтэй цохитол яаая гэж орилоод толгойгоо сэгсэрээд гарсан” гэжээ. /хх 35-36 хуу/

Гэрч Б.Төрмөнхийн мэдүүлэхдээ: “...би 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ...+багын найз Н нь ...“Коко банана” нэртэй баарлуу шөнийн 00 цаг өнгөрч байхад ороод ширээнд суугаад хүн хүний 2 шил пиво, 2 ширхэг устай захиалж суусан. Би бүжгийн талбайд гарч бүжгийн талбайн гол хэсэгт бүжиглэж байтал... М хажуу талаас тохой хэсгээрээ зүүн гар луу 2 удаа албаар түлхэж шахаад байсан. Тэгэхээр нь би Мд хандан уучлалт гуйгаад жоохон зайтай бүжиглэх талаар хэлтэл эхэндээ юм ярихгүй муухай хараад өнгөрөхөөр нь эргэж хараад бүжиглэтэл дахиад араас тохойгоороо түлхсэн. Тэгэхээр нь эргэж хараад уучлаарай больчихооч гэж хэлтэл М шууд хоёр гараараа энгэрээс заамдаж автал хэн гэдгийг нь мэдэхгүй Мтэй хамт байсан нэг залуу араас хөлрүү хавсраад газар унагаасан ба газарт унах үедээ М намайг заамдаад барьчихсан байсан учраас зөрж барьж аваад М миний дээрээс дарж унаад шууд хажуу тийшээ болж бид хоёр парьлел байдалтай унасан. Тэгтэл М найзууд болох 5-6 залуучууд хажуу талаас нуруу хэсэг рүү ойролцоогоор 6-7 удаа өшиглөсөн. Энэ үйлдэл маш хурдан болж өнгөрсөн ба дундуур хамгаалагч нар орж ирээд бүжгийн талбайгаас гарсан. Тэгээд би бүжгийн талбайгаас гараад хувцсаа гөвж өмсөж байсан хар өнгийн ноосон малгайгаа аваад халаасандаа хийчихээд ширээн дээр ирэхэд Н сууж байсан. Тэгтэл Н юу болсон талаар асуухад нээх юм ярилгүй байж байтал ...Мтэй хамт байсан залуу ирээд Н бид хоёрыг хараад гараад ир ... Мг хүн зодсон цагдаа дуудсан гэж хэлсэн” гэжээ. /хх 37-39/

Гэрч П.Алтансолонго мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд бааран дотроос хамгаалагч нар хоорондоо зодолдсон гээд хэсэг залуучууд дагуулж гарч ирсэн. Тэгээд хоорондоо учраа олохгүй цагдаа дуудсан. Тэгтэл нэг өндөр залуу шүднээс цус гараад байна шүд эмтэрчихсэн юм шиг байна гээд хацраа дараад яваад байсан. Нөгөө цохисон гэх залуу  нь 2-лаа явж байсан” гэжээ. /хх 43 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 221 дугаартай дүгнэлтэнд: “М.Мн биед эрүү ясны их биеийн зөрөөтэй далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна” гэж дүгнэжээ. /хх 45 хуу/

Хохирлын баримтууд /хх 10-24/

Хохирогчийн өвчний түүх /хх 54-66/

Ял шийтгэлийн тэмдэглэл /хх 67,68/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 70/

Хохирогч М.М нь хохирол төлбөрт 1,000,000 төгрөг авсан гэх баримт /хх 93, 96/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Н нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коко Банана” нэртэй бааранд хохирогч М.Мг зодож эрүүл мэндэд нь /эрүү ясны их биеийн зөрөөтэй далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал/ хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.М /хх 28-29, 89/, гэрч Б.Энхтулга /хх 31-32/, О.Лувсанренчин /хх 35-36/, Б.Төрмөнх /хх 37-39/, П.Алтансолонго /хх 43/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 221 дугаартай дүгнэлт /хх 45/, хохирлын баримтууд /хх 10-24/, хохирогчийн өвчний түүх /хх 54-66/, ял шийтгэлийн тэмдэглэл /хх 67,68/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 70/, хохирогч М.М нь хохирол төлсөн баримт /хх 93, 96/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Г.Н нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн, хохирол төлбөр төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал, хохирогч гомдол саналгүй гэснийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдав.