Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1037

 

  2024             9             10                                          2024/ДШМ/1037

 

А.Т Б.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Б.Галхүү,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/579 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Б.Галхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор А.Т, Б.Д нарт холбогдох 2202005830109 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. А.Т

урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1069 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

2. Б.Д

Шүүгдэгч А.Т нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа өөрийн хуулиар хүлээсэн ажил үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэргийн хохирогч Б.Дгийн хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирлыг хурдан шуурхай төлүүлэх ашиг сонирхлын үүднээс буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариу болон хэрэгжүүлэхийн тулд өөрийн Хаан банкны 5675435029 тоот дансаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50,000 төгрөгийг “ок”, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110,000 төгрөг шилжүүлэн авч хахууль авсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Д нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч А.Тд албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу хэрэг бүртгэлтийн 190901792 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад нь өөрийн ашиг сонирхол буюу хэрэгт хурдан шуурхай ажиллагаа явуулах, хэргийг хурдан шийдвэрлүүлэх, хохирол барагдуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрийн Хаан банкны 5022582011 тоот дансаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50,000 төгрөгийг “ок”, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөгийг “амжилт” гэсэн гүйлгээний утгаар нийт 110,000 төгрөгийг мөрдөгч А.Тгийн Хаан банкны 5675435029 тоот данс руу шилжүүлж хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Тг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Дг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Тг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилээр хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Дг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилээр хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч А.Тгийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1069 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 13 /арван гурав/ хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоон/ жил 4 /дөрөв/ сар 13 /арван гурав/ хоногоор хасаж, 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, шүүгдэгч А.Тд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд, шүүгдэгч Б.Дд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг шүүгдэгч А.Тгийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Б.Галхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын 4-р хуудсанд гэрч Хажыгали нь шалгагдаж байх хугацаанд хохирогч талаас буюу Б.Д гэх хүнээс А.Тд түүний Хаан банкны 567535029 дугаарын данс руу 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 50.000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 60.000 төгрөг амжилт гэсэн утгаар тус тус шилжүүлсэн гэж үзэж Б.Дг гэм буруутайд тооцож, түүнд ял, шийтгэл оногдуулсан. Дгийн дансны мэдээллийг найзаас нь авсан.

Миний шалгагдаж байгаа хэрэг дээр дансны мэдээлэл нь байсан. Би хэргийн материалтай танилцаж байхдаа түүний дансны хуулга дээр сэжиг бүхий гүйлгээ байсан болохоор нь сүүлд Б.Дгийн Хаан Банкны 5022582011 тоот дансны кодыг мэддэг байсан учраас орж шалгахад баталгаажсан гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Х.Хажыгалигийн худлаа мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн байна учир нь Хажыгалид холбогдох эрүүгийн хэрэгт Б.Дгийн дансны хуулга нь 2017-2019 оны хоорондох дансны хуулга байдаг болно. Энэ нь анхан шатны шүүх хэргийн талаарх нөхцөл байдлыг буруу тодорхойлсон. Хажыгали нь хууль бусаар уг дансны хуулгыг олж авсан талаар мөн мэдүүлэг өгсөн байдаг.

Шийтгэх тогтоолын 7-р хуудас: Шүүгдэгч А.Тгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байр сууриа илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудаас шүүгдэгч Б.Дг гэм буруугүйд тооцох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул шүүгдэгч Б.Д болон түүний өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын гэм буруугүйд тооцох талаар гаргасан санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн.

Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь яллах үндэслэл болохгүй атал уг үндэслэлээр цагаатгах талын нотлох баримтыг /өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт/ няцаан үгүйсгэсэн нь хуульд нийцэхгүй гэж дүгнэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл 1.1-д зааснаар шүүхээс гэм буруутай гэж үзсэн дүгнэлт нь нотлох баримтаар нотлогдоогүй 39.6 дугаар зүйл 1.3-т зааснаар онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй /хууль сануулсан гэрчүүдийн мэдүүлэг/ шүүгдэгч нарыг гэм буруутай гэх баримттай зөрүүтэй байхад гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.

Хэрэгт авагдсан гэрч н.З, н.О нарын мэдүүлгээр Б.Д нь мөрдөгч А.Тгийн эхээс 2 шил вискиг 110,000 төгрөгөөр худалдаж авсан үйл баримт тогтоогддог. Анхан шатны шүүх хуралдааны явцад Б.Д нь “А.Т нь тухайн үед покер тоглодог байсан. Энэ талаар мэдэж, “та архиныхаа мөнгийг өг” гэж шаардсаны дагуу тоглоомд нь зориулж “ок”, “амжилт” гэх утгатай гүйлгээ хийсэн” гэж мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх энэ талаар “шүүгдэгч А.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгч Б.Дг гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь түүнийг буруутгах үндэслэл болохгүй. А.Т урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан тул тэрээр ял хүндрэх магадлалтай гэсэн айдастай шүүх хуралдаанд оролцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ А.Тгийн мэдүүлгийг бүхэлд нь авч үзвэл, тэрээр дээрх гүйлгээг архины мөнгө болох талаар маргаагүй байдаг. Мөн тэрээр покер тоглодог байсан ба покер тоглохын тулд архины мөнгийг А.Дгаас шаардаж авсан талаар маргаагүй. Анхан шатны шүүх хэргийн буруу дүгнэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Т нь нийтийн албан тушаалтан буюу Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа А.Дгийн бусдад залилуулсан гэх эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан бөгөөд улмаар тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Дгаас хэргийг түргэн, шуурхай шийдвэрлүүлэх зорилгоор мөрдөгчид албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 2 удаагийн шилжүүлгээр 110,000 төгрөг өгсөн, мөрдөгч А.Т нь албаны чиг үүрэгтэйгээ холбогдуулан шүүгдэгч Б.Дгаас 110,000 төгрөг шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон. Анх Х.Х гэх иргэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Авлигатай тэмцэх газарт гаргаж, улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Д, А.Т нарын дансны хуулгыг авахад дансны холболтууд гарч ирсэн тул Х.Хажыгалигийн гаргасан гомдол, мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй болох нь батлагдсан. Өмгөөлөгч Б.Галхүү “шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримт болгож, иш татсан” гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж заасны дагуу шүүгдэгч А.Тгийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ... “ гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах дүгнэлтүүдийг хийв. Үүнд : 

            1. Шүүгдэгч А.Тд урьд шүүхээс оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялын биелэлт, нэмж нэгтгэвэл зохих эрх хасах ялын тооцооны талаар дүгнэлгүй орхигдуулсан байна.

            Тухайлбал, шүүгдэгч А.Т нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1069 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6,000,000 төгрөгийн торгох ял шийтгүүлжээ /2хх 115-123/.

Хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1069 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 6,000,000 төгрөгийн торгох ял дуусгавар болсон /3хх 174/ гэх тогтоол авагдсан бөгөөд уг шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацаа хэзээнээс тоологдож эхэлсэн, уг эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн ялын үлдэгдэл хоног хугацаа, биелэлтийн талаарх холбогдох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэхдээ урьд оногдуулсан эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн гэх 2 жил 4 сар 13 хоногийг ямар баримтыг үндэслэн тооцож гаргасан талаар хэрэгт  огт ялган зааглаж дүгнэлгүйгээр нэмж нэгтгэсэн  нь тогтоолд дурдсан дүгнэлтийн жинхэнэ байдалд нийцээгүй алдаанд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, А.Тгийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1069 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын үлдсэн хоногийн тооцоо, мөн 1069 дүгээр шийтгэх тогтоол хэзээ хүчин төгөлдөр болсон эсэхийг холбогдох хууль ёсны баримтуудыг харьцуулан шалгасны эцэст шийдвэрлэх ёстой байтал энэ талаар анхан шатны шүүх тодорхой дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Мөн энэ хэргийг Монгол Улсын Дээд шүүхээс “...шүүгдэгч А.Тд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох ял дээр өөр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэгтгэсэн нь тодорхойгүй. ...” гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 764 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1089 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /3хх 246-250/

Гэтэл анхан шатны шүүх дээрх алдаа зөрчлийг дахин давтаж шүүгдэгч А.Тгийн урьд ял шийтгэлээс үлдсэн ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэгтгэсэн нь тодорхойгүй ойлгомжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Б.Галхүүгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.   

Шүүгдэгч Б.Д, А.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :   

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/579 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Д, А.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                               Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ