Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 110/ШШ2026/0047

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза  даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Х.Е,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааныг даргалагч,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: Т.Е нарын хоорондын багийн Засаг даргаар нэр дэвшүүлэхтэй холбоотой маргааныг хянан  хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагч Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааныг даргалагч Т.А, гуравдагч этгээд Т.Е /цахимаар/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Нургайып, орчуулагч М.Нурасыл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Нэхэмжлэгч  Х.Е нь анх шүүхэд ”Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн  хуралдааны 04 дугаартай “Багийн Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай”  тогтоолыг хүчингүй болгох, тус багийн Засаг даргад нэр дэвшигчид санал өгөх санал хураалтын ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанхус сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/22 дугаартай “Т.Е 6 дугаар багийн Засаг даргаар томилох тухай” захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргаж, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг даргад нэр дэвшигчид санал өгөх санал хураалтын ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах”  нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан ба шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 110/ШЗ2026/0310 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн дээрх шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маргааны үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

3.1. Би Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7 дугаар багт оршин суудаг, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр явагдсан Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд тус багийн Засаг даргад нэр дэвшсэн юм. Багийн Засаг даргыг сонгох нууц санал хураалтад 239 иргэн оролцсон.  Багийн Засаг даргад Т.Е, Х.Е бид хоёр нэр дэвшиж, Т.Е нь 120 иргэний, Х.Е би 119 иргэний саналыг авсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагаанд зөвхөн тухайн багт оршин суудаг иргэд санал өгнө. Гэтэл тус багт оршин суудаггүй 8 иргэн санал өгсөн нь сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь уг багт оршин суудаггүй Ш.М, С.М, С.Е, И.Ж, С.Ж, Х.А, М.Б, Д.Е нарыг  санал хураалтад оролцуулсан гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

4.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.”, 32.5-д “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна; 32.5.1. хэлэлцэх асуудал санаачлах; 32.5.2. асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;” гэж заасныг зөрчиж,  Улаанхус сумын 6 дугаар багийн оршин суугч нэр бүхий гурван хүнийг  тухайн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх багийн Хурлын хуралдаанд оролцуулсан, дээрх иргэд асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох эрхийг эдэлж, багийн Засаг даргыг сонгох асуудлаар санал өгсөн. Тухайн багийн Засаг даргад нэр дэвшигч Т.Е нь 120, Х.Е нь 119 санал авсан учраас санал хураалтын  үр дүнд  уг гурван хүний санал  нөлөөлсөн гэсэн үг. Эдгээр гурван хүн хэнд санал өгснийг тогтоох боломжгүй. Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах ёстой гэдгийг хэлье. 

4.2. Монгол Улсын дээд шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны хүчин төгөлдөр тогтоолоор хуульд тодорхой  заагаагүй ч тухайн багийн Засаг даргад нэр дэвшигч нь тухайн багт оршигч байх шаардлагатай гэж шийдсэн.

Одоо  тус багийн Засаг даргаар ажиллаж байгаа  гуравдагч этгээд Т.Е нь Улаанхус сумын 7 дугаар багт оршин суудаг гэж өөрийгөө шүүх хуралдааны явцад танилцуулсан.  Багийн Засаг даргад нэр дэвшсэн нэхэмжлэгч, гуравдагч этгээд хоёулаа өөр багийн оршин суугчид учраас багийн Засаг даргад нэр дэвших эрхгүй байсан. Тухайн үед энэ хоёр хүнийг багийн Засаг даргад нэр дэвшигчээр бүртгэж, санал хураалт явуулсан, Т.Еыг багийн Засаг даргаар нэр дэвшүүлсэн багийн Хурлын хуралдааны шийдвэр хууль бус байна гэв.

5. Хариуцагч  Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааныг даргалагчийн шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Би 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг даргалагчаар сонгогдсон. Анхдугаар хуралдааныг зохион байгуулах тухай 02 дугаартай тогтоол гарган багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг сонгох сонгуулийн санал хураалт явуулах Ажлын хэсэг байгуулсан. Улмаар багийн сонгуулийг уг Ажлын хэсэг зохион байгуулж, саналын дүнгийн нэгтгэлийг танилцуулсан ба хуралдаанаас багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 04 дугаартай, багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон тухай 03 дугаартай тогтоолуудыг гаргасан.

5.2. Багийн сонгуульд бусад багаас хүн оруулсныг миний бие мэдээгүй, энэ талаар тухайн үед сонгуулийг зохион байгуулсан Ажлын хэсгээс тодруулах нь зүйтэй юм. Хуралдаанд нийт 239 хүн оролцсон, үүнээс Т.Еын төлөө 120, Х.Еын төлөө 119 хүн санал өгсөн. Х.Еад санал өгсөн 2 саналын хуудас хүчингүй байсныг саналын  дүнгийн нэгтгэлд тусгаж ирүүлсэн. Тухайн багийн Засаг дарга тэтгэвэрт гарсан тул багийн иргэдийн нэрсийн жагсаалт гаргаж өгөөгүй байна. Өөр багийн хүн сонгуульд орсныг бид тогтоох боломжгүй юм. Иймд уг маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

6. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

6.1. Тухайн багт оршин суудаг ахмад хүний хувьд хуралдаанд оролцоно уу гэснээр тухайн хуралдаанд суусан. Бусад багийн иргэд тухайн сонгуульд оролцсон учраас маргаан гарсан гэж үзэж байна. Иймд хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

7. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын шүүхэд гаргасан тайлбарт:

7.1. Т.Е 6 дугаар багийн Засаг даргаар 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б/22 дугаартай захирамж гарган томилсон, үндэслэл нь 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг дарга сонгох үйл ажиллагаа явуулсны үр дүнд 04 дугаартай тогтоол гаргаж,  тус багийн Засаг даргаар Т.Еыг томилуулахаар нэр дэвшүүлэн ирүүлсэн.

 Уг тогтоолын дагуу Авлигатай тэмцэх газарт Т.Еын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг  хянуулахаар явуулсан ба хариу нь 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 05/4027 дугаар албан бичгээр “зөрчилгүй” гэж ирсэн гэжээ.

8. Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарт:

8.1. 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн  Хурлын хуралдаан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох журмын дагуу явагдсан. Хуралдаанд нийт 239 иргэн оролцсоноос миний бие 120 иргэний санал буюу олонхын дэмжлэг авч, ялалт байгуулсан нь иргэдийн хүсэл зоригийн бодит илэрхийлэл юм.

8.2. Нэхэмжлэгчийн дурдсан Е, М нар нь 2024 онд тус багт албан ёсоор шилжилт хөдөлгөөнөө хийлгэж, нэрсийн жагсаалтад нэр нь бүртгэлтэй иргэд байсан.  Иргэнийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр, эсхүл үндэслэлгүйгээр оршин суугаа газрын бүртгэлээс хасах нь Монгол Улсын Үндсэн хууль болон Улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болно. Дээрх иргэд нь тухайн багт бүртгэлтэй хэвээр байгаа тул багийн Хурлын хуралдаанд оролцож, санал өгөх нь тэдний хуулиар олгогдсон эрх юм. Хэрэв тэдний бүртгэлд ямар нэгэн техникийн алдаа гарсан эсвэл дур мэдэн хасалт хийсэн асуудал байгаа бол энэ нь нэр дэвшигчийн буруутай үйлдэл биш, харин бүртгэлийн байгууллагын шалгах ёстой асуудал юм. Бусад нэхэмжлэлд дурдсан  иргэдийн бүртгэл тухайн 6 дугаар багт хэвээр байсан иргэд байсан.

8.3. Миний бие нэр дэвшигчийн хувьд хуралдаан даргалагч болон зохион байгуулагчдын зүгээс иргэдийг бүртгэж, санал хураалт явуулсан үйл ажиллагаанд  нь ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй. Дээрх нэр дурдагдсан иргэдтэй урьд өмнө уулзаж байгаагүй бөгөөд хэнд санал өгснийг мэдэх боломжгүй юм.

8.4. Хуралдаанд оролцсон 239 иргэний олонх нь миний мөрийн хөтөлбөр, баг хамт олныг удирдах чадварт итгэл үзүүлж саналаа өгсөн. Цөөн тооны иргэний бүртгэлтэй холбоотой маргаан гаргаж, нийт иргэдийн шийдвэрийг үгүйсгэх нь нутгийн өөрөө удирдах ёсны зарчимд нийцэхгүй юм.

8.5. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/22 дугаар захирамжийн хувьд тус 6 дугаар баг нь сүүлийн 3 сарын хугацаанд Засаг даргагүй байгаагийн улмаас төрийн анхан шатны үйлчилгээ бүрэн зогсоод байсан тул сумын Засаг даргын зүгээс холбогдох шийдвэрийг гаргасан гэжээ.

9. Гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

9.1. Нэхэмжлэгч тал нийтдээ 8 хүний нэрийг өөр багаас тухайн хуралдаанд орсон гэж өгсөн байна. Үүнээс 5 хүн нь  тус 6 дугаар багт оршин суух хаягтай, 3 хүн өөр багаас хуралдаанд оролцсон болж таарсан. Е. М нарын өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр улсын бүртгэлийн байгууллагаас шилжүүлсэн байна. М.Бейбитгүл гэдэг хүн тухайн багийн байнгын оршин суугч А.Ахын гэдэг хүний эхнэр нь бөгөөд  гурван хүүхэдтэй, тус багийн малчин хүмүүс. Газрын гэрчилгээгүйн улмаас эхнэрээ тус багт шилжүүлж  чадаагүй юм байна.

9.2. Нэхэмжлэгч Х.Е нь 2025 оны 12 дугаар сард  тус багийн Засаг даргаар томилогдоод, 2026 оны 01 дүгээр сар хүртэл ажилласан. Тухайн багийн сонгууль 2026 оны 01  дүгээр сарын 16-ны өдөр болсон тул ажиллаж байх үедээ тус багт оршин суух хаягтай сонгуулийн насны хүмүүсийн судалгааг гаргаж өгөх бүрэн боломжтой байсан гэв.

9.3. Би ч   нэхэмжлэгч Х.Е ч тухайн багт оршин суудаггүй,  би 6 дугаар багт төрж өссөн, гэхдээ өөр багт харьяалалтай, энэ нөхцөл байдлыг мэдэхгүй  байна гэв.

10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

10.1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т  "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж  тус тус заасан.  Нэхэмжлэгч Х.Е нь Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хууль бусаар явагдсан гэж хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага тавьж байгаа. Х.Еын хувьд  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар Улаанхус сумын 6 дугаар  багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцох эрхгүй байсан.  Нэгэнт тухайн хуралдаанд оролцох эрх нь байхгүй учраас тухайн хуралдаантай холбоотой ямар нэгэн шаардлага гаргах, санал гаргах, гаргасан шийдвэртэй холбоотой гомдол гарган шийдвэрлүүлэх, мөн багийн Засаг даргад  нэр дэвших эрхгүй байсан гэж үзнэ.

Мөн “Улаанхус сумын 7 дугаар багийн  иргэнийг 6 дугаар багийн иргэд өөрсдөө багийн Засаг даргаар сонгочихлоо. Үүнийг сумын Засаг дарга нь албажуулчихлаа” гэдэг асуудлаар маргах эрхгүй юм. Иймээс Улаанхус сумын 7 дугаар багийн иргэн  нэхэмжлэгч Х.Е нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Энэ тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой.   Улсын Дээд шүүхийн  тогтоолоор “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэдгийг тодорхой тайлбарласан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын шийдвэр тухайн хүний субьектив эрхийг нь зөрчсөн байвал нэхэмжлэл гаргах этгээд гэж үзнэ.

10.2. Багийн Хурлын хуралдаанд нийтдээ 239 хүн оролцогчоор бүртгэгдэж, багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн. Үүнээс 2 саналын хуудас нь хүчингүй болсон, 3 хүн тус багийн оршин суугч биш гэдэг асуудал яригдаж байгаа. Нийт оролцсон иргэдийн 50 хувь нь 118 хүн болно.  Т.Еын хувьд 120 хүний саналыг авсан буюу 50 хувиас дээш санал авсан. Тухайн хуралдаанд орох ёсгүй гэх өөр багийн 3 хүнийг хасахад, хуралдаанд оролцогчийн тоо 236 болж байгаа, үүнээс хүчингүй болсон 2 хүний саналыг хасахад, хүчинтэй санал өгсөн хүний тоо 234  хүн болж,  оролцогчийн 50 хувь нь 117 хүн болно. Нэхэмжлэгч талаас хуралдаанд оролцох ёсгүй гэх өөр багийн уг 3 хүн хэнд санал өгсөн нь тодорхой бус ч гэсэн, саналын дүнд нөлөөлнө гэж маргасан. Тэгвэл гуравдагч этгээд Т.Еын авсан 120 хүний саналаас уг 3 хүний саналыг хасахад иргэдээс мөн 50 хувийн саналыг авч байгаа тул уг 3 хүний санал сонгуулийн үр дүнд нөлөөлөхгүй гэж үзэж байна.

10.3. М гэдэг иргэний хувьд  Улаанхус сумын 6 дугаар багт бэр болж очсон байдаг.  Тэнд амьдардаг, оршин суугчийн бүртгэл хийлгэсэн. Гэхдээ бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрийг өөрт нь танилцуулаагүй байна. Энэ асуудалд улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа, бүртгэл хийхдээ холбогдох журмыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуульд хууль ёсны итгэл хамгаалах зарчим гэж байдаг. Уг хүн “захиргааны шийдвэрийн дагуу энэ багт шилжсэн,  Улаанхус сумын 6 дугаар багийн иргэн байна” гэж итгээд явж байгаа.

Гэтэл улсын бүртгэгч бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгоод, тухайн иргэнийг урьд нь амьдарч байсан Өлгий сумын 10 дугаар багт нь буцаагаад шилжүүлсэн. Тухайн бүртгэлээ хүчингүй болгосон шийдвэрээ танилцуулаагүй тул  иргэний санал өгөх эрх, иргэдийн багийн хуралдаанд оролцох эрхийг зөрчиж болохгүй.  С Е гэдэг хүний хувьд эцэг С нь тус суманд амьдардаг, үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллагын ажилтан. Энэ хүн мөн адилхан мэдээгүй, тус багт амьдарч байгаа. Улсын бүртгэлийн ажилтны буруугаас болоод Улаанхус сумын 6 дугаар багийн оршин суугчийн бүртгэлээс хасагдах ёсгүй, иймд нэхэмжлэл үндэслэлгүй  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн маргаан үндэслэлгүй байна.

2.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: 32.8.4. баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж заасны дагуу дагуу Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ.

3.  Багийн Засаг даргаар нэхэмжлэгч Х.Е, гуравдагч этгээд Т.Е нарын хоёр хүн нэр дэвшсэн байх ба Тооллогын комиссоос хуралдаанд оролцсон 239 иргэний саналаас Х.Еад өгсөн 117 санал, Т.Ет өгсөн 120 саналыг хүчинтэйд, 2  иргэний өгсөн саналыг хүчингүйд тус тус тооцож, саналын дүнг нэгтгэн гаргаснаар, Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаас иргэдийн олонхын буюу 50.2 хувийн санал авсан гэж үзэж, Т.Еыг багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн 04 дугаартай тогтоол гаргаж, тогтоолыг хуралдааныг даргалсан Т.А батлан гаргасан нь хэргийн нотлох баримтаар тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгчээс маргааны үндэслэлээ “...багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд  зөвхөн тухайн багийн иргэд оролцож санал өгөх бөгөөд  өөр багийн оршин суугч С.Ж, Ш.М, И.Ж, С.М, Х.А, С.Е, М.Б, Д.Е нарын 8 хүн  хуралдаанд оролцож санал өгсөн нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.

4.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.”, 32.6-д “...Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна.”  гэж,,

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "иргэний улсын бүртгэл" гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг;” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д “Иргэний улсын бүртгэл дараах төрөлтэй байна:6.1.12.оршин суугаа газрын хаягийн;” гэж тус тус заасан.

Хуулийн уг зохицуулалтын дагуу Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг даргаар нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанд өөр багийн С.Жансая нарын 8 иргэн оролцсон гэх нэхэмжлэгчийн маргаанд холбогдуулж шалгаж үзэхэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1.1. Тухайн хуралдаанд оролцож, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлаар санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалтад С.Ж, Ш.М, И.Ж, С.М, Х.А, С.,  М.Б, Д. нарын нэр[1] бүртгэгдсэн нь,

 4.1.2. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10/219, 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10/289 дугаартай албан бичгээр тус тус ирүүлсэн “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”-гаар .... нар нь Улаанхус сумын 6 дугаар багийн оршин суугч мөн  болох нь,  ... нь Улаанхус сумын  11 дүгээр баг, .... нь 2 дугаар баг,  ...  нь Өлгий сумын 10 дугаар багийн   оршин суугч болох нь,

4.1.3. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10/348 дугаартай албан бичиг, тус хэлтсийн  улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4594 дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтээр .... нь Улаанхус сумын 11 дүгээр багаас, .... нь Өлгий сумын 10 дугаар багаас тус тус Улаанхус сумын 6 дугаар багт шилжих хөдөлгөөний бүртгэлийг 2024 оны 8 дугаар 9-ний өдөр хийлгэсэн нь, шилжих хөдөлгөөний уг бүртгэл нь улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр тус тус хүчингүй болж, .... нарын өмнөх хаягийн бүртгэлийг хэвээр үлдээсэн нь тус тус тогтоогдсон.

Иймээс нэхэмжлэгчийн тухайн хуралдаанд өөр багийн оршин суугч ...., .... нар оролцож, санал өгсөн гэх маргаан нь үндэслэлтэй, харин хуралдаанд оролцож санал өгсөн ........ нар нь өөр багийн оршин суугч гэх маргаан нь үндэслэлгүй байна.

5. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  “...нэхэмжлэгч, гуравдагч этгээд хоёулаа өөр багийн оршин суугчийн хувьд багийн Засаг даргад нэр дэвших эрхгүй байхад энэ хоёр хүнийг багийн Засаг даргад нэр дэвшигчээр бүртгэж, санал хураалт явуулсан нь, улмаар  багийн Хурлын хуралдааны шийдвэрээр Т.Еыг багийн Засаг даргаар нэр дэвшүүлсэн нь хууль бус” гэх тайлбарыг гаргасан.

5.1. Дараах үндэслэлээр нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлтэй гэж дүгнэв.

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай 8 дугаар зүйлийн 8.1-д “Баг нь нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ хүргэх анхан шатны нэгж мөн. гэж,

23 дугаар зүйлийн 23.1-д “Багийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна: 23.1.1.нутаг дэвсгэрийнхээ иргэдэд хуульд заасны дагуу хүргэх үйлчилгээ;” гэж,

30 дугаар зүйлийн 30.2-т “Нутгийн өөрийн удирдлагад иргэн дараах хэлбэрээр шууд оролцоно: 30.2.1.баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд саналын эрхтэй оролцох” гэж,

 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн.”, 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.5-д “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна: 32.5.1.хэлэлцэх асуудал санаачлах; 32.5.2.асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;” 32.6-д “...Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна.”, 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: 32.8.4. баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх;”  гэж,

56 дугаар зүйлийн 56.1-д “Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн.” гэж тус тус заасан.

 Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанд оролцож, тус багийн Засаг даргад  нэр дэвшсэн нэхэмжлэгч Х.Е, гуравдагч этгээд Т.Е нар нь өөр багийн буюу тус сумын 7 дугаар багийн оршин суугчид болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбар, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10/199, 03 дугаар сарын 20-ны өдрийн 10/304  дугаартай албан бичгүүд, Улаанхус сумын 6 дугаар багийн оршин суугч иргэдийн нэрсийн жагсаалтын баримт, Х.Еын  “Иргэний үнэмлэхийн лавлагаа” зэрэг баримтуудаар тогтоогдсон.

  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар "иргэний улсын бүртгэл" гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагаа бөгөөд  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээрх зохицуулалтын агуулгаар Засаг даргад нэр дэвшигч нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид буюу тухайн багт байнга оршин суугч иргэн байна гэж үзэхээр байна.

Иймээс хэргийн энэ тохиолдолд Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг  зөвхөн тухайн засаг захиргааны нэгжид оршин суугч иргэдэд мэдэгдэж, тухайн 6 дугаар багийн иргэд хуралдаанд оролцож, Засаг даргад нэр дэвших бөгөөд Засаг даргаар нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэхэд таслах эрхтэйгээр оролцоно гэж ойлгоно.

 Иймд өөр багийн буюу Улаанхус сумын 7 дугаар багийн оршин суугч болох  нэхэмжлэгч Х.Е, гуравдагч этгээд Т.Е нар нь 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцож, улмаар тус багийн Засаг даргаар ажиллахаар нэр дэвшсэн, өөр багийн иргэдийг 6 дугаар багийн Засаг даргаар сонгохоор санал хураалт явуулсан, улмаар иргэдийн олонхын санал авсан гэх үндэслэлээр гуравдагч этгээд Х.Елнурыг багийн Засаг даргаар нэр дэвшүүлж, уг албан тушаалд томилсон захиргааны үйл ажиллагаа бүхэлдээ  хууль бус бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээрх зохицуулалтуудтай нийцээгүй гэж үзэхээр байна.

6. Гэвч энэ нь  өөр багийн оршин суугч болох нэхэмжлэгч Х.Еын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.

7. Түүнчлэн дээрх байдлаар тухайн хуралдаанд оролцсон иргэдээс багийн Засаг даргаар сонгохоор нэхэмжлэгч Х.Еад 117 хүн, гуравдагч этгээд Т.Ет 120 хүн санал өгсөн, өөр багийн иргэд болох  ....  нарын гурван хүн хуралдаанд оролцож багийн Засаг даргыг сонгоход санал өгсөн нь мөн хууль зөрчсөн.  

Иймээс өөр багийн дээрх гурван хүн багийн Засаг даргыг сонгох асуудлаар санал өгсөн нь нэр дэвшигч Х.Е, Т.Е нарын авсан саналын үр дүнд нөлөөлөхөөр байгаа ч  нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль аль нь мөн өөр багийн оршин суугчийн хувьд Улаанхус сумын 6 дугаар багийн  иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцох, тус багийн Засаг даргаар сонгогдохоор нэр дэвших эрхгүй  тул  .... нарын гурван хүний өгсөн санал сонгуулийн үр дүнд хэрхэн нөлөөлөх нь, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн авсан саналын дүн хэрхэн өөрчлөгдөх нь ач холбогдолгүй гэж дүгнэв.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ”Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж заасан.

  Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд өөр багийн гурван иргэнийг саналын эрхтэй оролцуулсан, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарыг багийн Засаг даргад нэр дэвшигчээр хуралдаанд оролцуулсан захиргааны байгууллагын үйл ажиллагаа,  Т.Еыг багийн Засаг даргаар нэр дэвшүүлж, улмаар уг ажилд томилсон маргаан бүхий захиргааны актууд хэдийгээр хууль бус байгаа ч энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Иймд маргаан бүхий захиргааны актуудыг нэхэмжлэгч Х.Еын нэхэмжлэлийн дагуу хүчингүй болгох үндэслэл байхгүй тул “Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн  хуралдааны 04 дугаартай “Багийн Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай”  тогтоолыг,  Улаанхус сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/22 дугаартай “... 6 дугаар багийн Засаг даргаар томилох тухай” захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9. Шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “...нэхэмжлэгч Х.Е нь Улаанхус сумын 7 дугаар багийн оршин суугч тул 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцох, багийн Засаг даргад нэр дэвших, тухайн хуралдаанаас гарсан шийдвэрт маргах эрхгүй” гэж тайлбарлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж тайлбарласан.

Хэргийн энэ тохиолдолд нэхэмжлэгч Х.Е нь өөр багийн оршин суугч боловч  Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон, багийн Засаг даргад нэр дэвшсэн, хуралдаанд оролцсон иргэдээс 117 хүний саналыг авсан буюу захиргааны энэхүү үйл ажиллагаанд нэхэмжлэгч Х.Е оролцсон тул тухайн хуралдаанаас гарсан шийдвэр нь нэхэмжлэгчид үйлчлэлтэй  байна. Иймд нэхэмжлэгч Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанд оролцож, багийн Засаг даргаар ажиллахаар нэр дэвшсэн этгээдийн хувьд тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, томилох асуудлаар гаргасан маргаан бүхий захиргааны актуудтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн дээрх маргааныг шүүхээс үндэслэлгүй гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,   106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.1,  32 дугаар зүйлийн  32.1, 32.2, 32.3. 32.5.2, 32.6, 32.8.4, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн  хуралдааны 04 дугаартай “Багийн Засаг даргаар томилуулахаар уламжлах тухай”  тогтоолыг,  Улаанхус сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/22 дугаартай “Төкей овогтой Елнурыг 6 дугаар багийн Засаг даргаар томилох тухай” захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.РИЗА

 

[1]  С.Жансая нарын нэр бүхий 8 иргэний эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар бүртгэгдэж, гарын үсэг зурсан.