Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00568

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/03447 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Дын хариуцагч Д.Чд холбогдуулан гаргасан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пэлжир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Ц.Дын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: О.Нид 54,000,000 төгрөгийг бэлнээр төлж, Хан-Уул дүүргийн ....дугаар хороонд байрлах ... м.кв талбайтай 1 өрөө орон сууц болон зоорийн давхрын ... тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолын хамт худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон. Авто зогсоолын өмчлөх эрхээ шилжүүлж авсан тул энэ шаардлагаасаа татгалзаж байна. Шүүхийн үзлэгээр маргаан бүхий орон сууцанд Д.Ч нь хоёр хүүхдийн хамт сүүлийн гурван жилийн хугацаанд хөлслөн сууж байгаа нь тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 9, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй зөрчлийг арилган өмчлөх эрхээ хамгаалуулж нэхэмжлэгч Ц.Дын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041040 дугаартай Хан-Уул дүүрэг, .... дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, ... дугаар байр, ...тоот хаягт байршилтай ... м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцанд Д.Ч хөлсөөр сууж байгаа тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь О.Н нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж, 93 дугаар байрны 10 тоот орон сууцны жинхэнэ өмчлөгч бөгөөд Ц.Дын хэлж ярьдаг шиг уг орон сууцыг худалдсан асуудал байхгүй гэсэн. Мөн хавтаст хэргийн 14 дэх талд байгаа 54,000,000 төгрөгийг Ц.Д О.Нид бэлнээр өгөөгүй гэсэн бөгөөд 30,000,000 орчим төгрөг зээлснээрээ түрий барьж 54,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэж О.Ноор гарын үсэг зуруулсан гэсэн. Энэ асуудлаар О.Н Ц.Дтай маргаантай байгаа гэсэн юм. О.Н нь Дэлгэрнямд уг орон сууцыг худалдаагүй учраас анхнаасаа Дэлгэрням тэр байранд амьдраагүй гэсэн. Ц.Д бол уг орон сууцны эзэн, өмчлөгч биш бөгөөд уг орон сууцны өмчлөгч нь О.Н учраас Намнандоржоос өөр хүн Чанцалнямыг байрнаас гарахыг шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, Үйлдвэр Туул гол гудамж, ... дугаар байрны ... тоотод байршилтай, ... м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041040 дугаарт бүртгэлтэй нэг өрөө орон сууцыг хариуцагч Дашзэвэгийн Чанцалнямын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Д нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041040 дугаарт бүртгэлтэй нэг өрөө орон сууцыг хариуцагч А.А, “Ү.Т” ХХК, А.Днарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, Үйлдвэр Туул гол гудамж, ... дугаар байрны зоорийн давхрын ..тоотод байршилтай, ... м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206043634 дугаарт бүртгэлтэй автомашины зогсоолыг хариуцагч Б.Саруулын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаасаа, хариуцагч Б.Саруул нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ц.Д, Ю.Эрдэнэсувд нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Үйлдвэр Туул гол гудамж, ... дугаар байрны зоорийн давхрын ... тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206043634 дугаарт бүртгэлтэй автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.Дд холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,950 төгрөгөөс 140,400 төгрөгийг, хариуцагч Б.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,200 төгрөгөөс 282,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Чаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 287,550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Дд, улсын орлогоос хариуцагчийн илүү төлсөн 70,250 төгрөгийг гаргуулж Б.Саруулд олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Ц.Д 54,000,000 төгрөгийг бэлнээр өгч уг орон сууцыг О.Ноос худалдан авсан гэж тайлбарладаг ч бодит байдал дээр 54,000,000 төгрөг төлөөгүй бөгөөд О.Н уг байрыг Ц.Дд худалдаагүй, түүний эзэмшилд шилжүүлээгүй. Тиймээс Ц.Д Д.Чыг байрнаас хөөх эрхгүй. Д.Ч нь 22,000,000 төгрөгийг Намнандоржийн эхнэр Мөнхжинд өгсөн. 6,000,000 төгрөгийг эхэлж төлөөд, үлдэх 16,000,000 төгрөгт тооцон худалдах шинэ хувцсыг өгсөн байна. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй хууль ёсны гарсан. О.Нтой холбоотой асуудал эрүүгийн журмаар шийдвэрлэгдээд дууссан. Энэ нэхэмжлэлийг анх 2016 онд гаргасан. Эрүүгийн хэрэг маргаан шийдвэрлэгдэж дуусахыг хүлээж өнөөдрийг хүргэсэн. 22,000,000 төгрөг өгсөн гэдэг боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.Д хариуцагч Д.Чд холбогдуулан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоот 38.74 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “О.Н гэгчтэй ярилцан тохиролцоод урьдчилгаа 22,000,000 төгрөг төлж тус байрыг худалдаж авсан” гэж тайлбарлан татгалзжээ.       

 

3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй байна.

 

3.а. Ц.Д маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041040 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээгээр тогтоогджээ.

 

3.б. Уг орон сууцыг хариуцагч Д.Ч эзэмшилдээ байлгах эрхтэй болохоо баримтаар нотлоогүй байна.

 

3.в. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг чөлөөлүүлэх эрх зүйн үндэслэлийг анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж,   нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.  

 

4.   Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заажээ. Хариуцагч Д.Чын эзэмшил нь хууль, эсхүл гэрээнд үндэслэгдсэн бол түүнийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх бөгөөд энэ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/03447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

 2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                          

                ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                                                 Д.БЯМБАСҮРЭН