Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2017/0475/з |
Дугаар | 221/МА2018/0123 |
Огноо | 2018-02-21 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2018/0123
2018 оны 02 сарын 21 өдөр Дугаар 221/МА2018/0123 Улаанбаатар хот
Т.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, Л.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0921 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Б-ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0922 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.10, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б-ын “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулсан тухай тус хурлын хуурамчаар үйлдсэн тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай тогтоол №1, иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай тогтоол №2, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол №1 зэргийг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн анхдугаар Хурлыг дахин хуралдуулахыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал болон Хурлын дарга Л.А-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа тул давж заалдаж байна. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үнэлэх, хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн хариуцагч талын эрх ашгийг хамгаалсан, хариуцагч талд ашигтай байдлаар шийдвэрлэсэн байдаг. Үүнд: Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй хурлын тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж заажээ. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор 2016 оны орон нутгийн сонгуулийн дараах хорооны иргэдийн Нийтийн Хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт хуралдаан эхлэхээс 18 хоногийн өмнө хуралдуулахаар товлосон, энэ хуулийн дээрх заалттай нийцсэн байна гэж дүгнэсэн байдаг. Энэ нь доорх баримтаар нотлогдоогүй.
Шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн н.А “...хурлын зар тавиагүй, хуралтай гэдгийг намын гишүүд хэлээд өглөөний 9 цагт би хуралд ирсэн н.Аюур дарга урьд өдрийн 21 цагт хуралтай гэдгийг хэлсэн. Гэрч н.Б “2017 оны 01 дүгээр сарын 14-ний орой маргааш хурал болно гэж мэдэгдсэн, очиход хаалга түгжээтэй байсан цонхыг сонингоор хаасан байсан н.В, н.А-тай нийлээд хурал удирдсан... нэрээ дэвшүүлж байгаа хүмүүсийг хүлээн авахгүй байсан. 107 дугаар сургуулийн зааланд хуулийн дагуу хурал хийгдсэн”. Гэрч н.Г “урьд өдрийн үдээс хойш хэсгийн ахлагч нарт хэлсэн, 14 хоногийн өмнө хурал зарлагдаагүй, хурал 10 цагаас зарлаад би 9 өнгөрөөгөөд очиход коридороор дүүрэн хүн бид нарыг оруулахгүй байна гээд бөөгнөрсөн байсан. Энэ хурал хаалттай явагдсан. 07:30 цагт хүмүүсээ оруулаад 8 цагт хаалгаа хаасан, би ороогүй болохоор хараагүй, хүмүүсийн утсан дээрх бичлэгийг харахад н.В ширээн дээр гараад зогсчихсон хүмүүсийг удирдаж байгаа юм шиг харагдаж байсан н.В, н.А, н.Э, н.М нар хурлаас гараад алга болсон”. Гэрч н.О “Хурал 10 цагт гэж зарласан 9 цагт очиход хаалга цоожтой оруулахгүй байсан. Цагаа буруу хэлсэн өөрсдийн хүмүүсээ оруулаад хаалга хаасан”. Гэчр н.М “10 цагт зарласан 8 цагт очиход хаалгаа хаасан байсан, хүчээр орсон. Хууль бус тэмдэглэл үйлдсэн үү /шүүгчээс асуулт/ -тийм 107 дугаар сургуулийн зааланд хийсэн хурал хуулийн дагуу хийгдсэн”.
Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10:00 цагт хуралдаан эхлэхээс нэг өдрийн өмнө иргэдэд мэдэгдсэн, хурлын зар тавиагүй нь нотлогдож байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг зөрчсөн байдаг.
Мөн анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад судлагдсан бичлэгээр маш замбараагүй, хэн байгаа нь тодорхойгүй, хашгирсан, орилсон, хэрэлдсэн иргэд уг хорооны иргэд мөн биш нь ялгарах боломжгүй, ямар ч эмх цэгцгүй хүн үг хэлэх боломжгүй, хэн нэгний хэлсэн үгийг бусад нь ойлгож сонсох боломжгүй, ямар ч хуралдаан хийж хэн нэгнийг сонгох боломжгүй нөхцөл байдал харагддаг. Мөн тухайн хурал болсон зааланд уг хорооны иргэд оролцсон эсэхийг ялгах боломжгүй бичиг баримт шалгаж оруулаагүй, хорооны иргэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “бид коридорт байсан орох боломжгүй байсан, зарим нь дайрч орсон гэж мэдүүлэг. Гэтэл шүүх заал дүүрсэн болохоор зар явагдсан, иргэд цугларсан байж таараа гэдэг үндэслэл гаргаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тухайн хуралд оролцсон иргэдийн өөрсдийн зүгээс оролцсон гэдгээ илэрхийлсэн гарын үсэг зурсан баримт огт байхгүй байдаг, харин мэдүүлэг өгсөн гэрчүүд болон нэхэмжлэгч хурал хийх боломжгүй 107 дугаар сургуулийн заал руу явж байхад н.В, н.А, н.Э, н.М нар хурлаас гараад алга болсон, тэр хоорондоо өөрсдөө нэг ч хүний гарын үсэг байхгүй баримтыг хуурамчаар баримт бүрдүүлсэн гэж тайлбарладаг, хариуцагчаас гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй иргэдийн өөрийгөө илэрхийлсэн гарын үсэг байхгүй шүүхийн явцад хариуцагч тал хуралд оролцсон гэр гэрчүүдээр мэдүүлэг өгөх санал гаргаагүй, шүүх энэ талын баримт цуглуулаагүй нотлогдоогүй баримтыг шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болгож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байдаг.
Нэхэмжлэгч Т.Б “...иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1 дүгээр хорооны Засаг даргад нэрээ дэвшүүлэхээс татгалзсан ... гэх тайлбар зэргээс үзвэл маргаан бүхий актуудын улмаас түүний ямар хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн эсэх нь тогтоогдохгүй байна” гэж нэхэмжлэгчийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нэрээ дэвшүүлье гэсэн боловч ямар ч боломж байгаагүй. Та нар миний нэрийг оруулаад саналыг маань авах ёстой байсан боловч аваагүй нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг илт буруу агуулгаар тайлбарлаж хэргийг хариуцагч талд ашигтайгаар шийдвэрлэх боломжийг хангасан байгаа нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг зөрчсөн байдаг.
Анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 3-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэг, харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй нь гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тодорхойлжээ. Гэтэл нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хариуцагчид хандан өргөдөл хүсэлт гаргаж, санал хүргүүлж байгаагүй, өөрөө хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн зүгээс захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл огт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэн гэтэл нэхэмжлэгч дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга н.М болон дүүргийн Засаг даргад гомдол гаргасан боловч хариу өгөөгүй гэж тайлбарладаг. Уг гомдлын хариуг нэхэмжлэгч шаардсан боловч холбогдох эрх бүхий байгууллага албан тушаалтан хариу өгөөгүй гэж тайлбарладаг. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар баримт холбогдох байгууллагаас гаргуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг зөрчсөн байдаг.
Иймд 2017 оны 12 сарын 12-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0921 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.Б “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулсан тухай тус хурлын хуурамчаар үйлдсэн тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай” 01 дүгээр тогтоол, “иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 02 дугаар тогтоол, “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 01 тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хурлыг дахин хуралдуулахыг Сонгинхайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал болон хурлын дарга Л.А-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид ... зарлан хуралдуулна” гэж зааснаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн “Анхдугаар хуралдаан хуралдуулах тухай” 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад “Иргэний танхим”-д хуралдуулах”-аар тогтоожээ.
Дээрх тогтоолыг хэрэгжүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гудамж, автобусны буудал гэх олон нийтийн газарт байршуулан хорооны иргэдэд Анхдугаар хуралдааны зарыг хүргэсэн гэх “2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны “Иргэдийн Нийтийн Хурлын дарга, иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргын” сонгууль болох тул иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу” гэсэн агуулга бүхий “Зарлал” хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааны зарыг иргэдэд тараасан гэх дээрх “Зарлал”-аас үзэхэд тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан хаана, ямар заал, танхимд хуралдахыг тодорхой заагаагүй нь Анхдугаар хуралдааны зарыг иргэдэд хүргээгүй гэж үзэх ноцтой зөрчил юм.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “...бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан байхад 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Анхдугаар хуралдаан болох зарыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр буй 13 хоногийн өмнө зарыг тараасан нь иргэдийг төөрөгдөлд оруулж, тодорхойгүй нөхцөл үүсгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заажээ.
Гэтэл хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэний танхимд хуралдсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаанд оролцсон иргэдийн бүртгэл нь хуралдаанд оролцсон иргэдийн гарын үсгээр баталгаажаагүй зөвхөн иргэдийн нэрс, регистр зэргийг бүртгэснээс үзэхэд хуралдаан хуульд нийцсэн ирцтэйгээр хуралдсан гэж үзэх боломжгүй байна.
Нөгөөтэйгүүр, гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан хариуцагч, нэхэмжлэгч нарын тайлбараар маргаан бүхий иргэдийн Нийтийн Хурал болсон гэх Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэний танхим нь хорооны иргэдийг тус хуралдаанд оролцуулах хангалттай багтаамжгүйгээс зарим иргэд тус хуралдаанд оролцож чадаагүй болох нь нотлогдож байгаа.
Иймд Анхдугаар хуралдаан хуралдах танхимыг тодорхой заагаагүй, хуульд заасан хугацаанд хурлын зарыг иргэдэд тараагаагүй, хуралдаан болсон гэх Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Иргэний танхим нь иргэдийг бүрэн оролцох заалны багтаамжийн хувьд хүрэлцээгүй байсан зэргээр хариуцагчийн зүгээс хуралдааны бэлтгэл хангаагүй, иргэдийн Нийтийн хуралдааныг зохих журмын дагуу зохион байгуулаагүй байх тул түүнээс гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай” 01 дүгээр тогтоол, “иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 02 дугаар тогтоол, “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 01 тогтоол зэрэг нь тус тус хууль бус юм.
2. “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулсан тухай тус хурлын хуурамчаар үйлдсэн тэмдэглэлийг хүчингүй” болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Дээрх хуралдааны тэмдэглэл нь тухайн хуралдааны үйл ажиллагааг хөтлөн бичсэн баримт бичиг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан шинжийг агуулаагүй байна.
Учир нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар хуралдааны үйлдсэн тэмдэглэл нь захирамжилсан шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчид эрх зүйн үр дагаврыг шууд бий болгоогүй юм.
Тиймээс нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0921 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай” 01 дүгээр тогтоол, “иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 02 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар хурлыг дахин хуралдуулахыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ын “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулсан тухай тус хурлын хуурамчаар үйлдсэн тэмдэглэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР