Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2016/01460

 

Т.Туяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/00384 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1710 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Т.Туяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Сандэй” ХХК-д холбогдох,

Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ"-г цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн үлдэгдэл төлбөрт 22 079.83 ам.доллар, алданги 10 222.96 ам.доллар, нийт 32 302.79 ам.доллар буюу 64 605 903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Туяа 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Сандэй” ХХК-тай 12/06/23 тоот “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан 36 243 ам.долларын урьдчилгаа төлбөр төлж, “Пийс тауэр” оффис худалдаа үйлчилгээний барилгын 6 дугаар давхрын 623 тоот талбайг худалдан авахаар тохиролцсон бөгөөд гүйцэтгэгч тал 2012 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн.Гэвч гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд дээрх талбайг хүлээлгэн өгөх боломжгүй болсон тул захиалагч талын санаачлагаар гэрээг цуцалсан. “Сандэй” ХХК 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар F62/03 албан тоотоор үлдэгдэл төлбөр болох 36 243 ам.долларыг хугацаа хожимдуулсан алданги 3000 ам.долларын хамт нэмж тооцон нийт 39 243 ам.долларыг 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дотор буцаан олгох мөн хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлөхөө мэдэгдэж, талууд тохиролцоонд хүрсэн.Гэвч “Сандэй” ХХК төлөлт хийхгүй байсаар 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хугацаа хэтрүүлсэн 114 хоногт 4 4473 ам.долларын алданги, үндсэн төлбөрт 1 895.73 ам.доллар, нийт 6 369.43 ам.доллар, 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хугацаа хэтрүүлсэн 48 хоногт 1 792.67 ам.долларын алданги, үндсэн төлбөрт 19,679.72 ам.доллар тус тус төлж, үндсэн төлбөрийн үлдэгдэл 17 667.55 ам.доллар болсон. 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш төлөлт хийхгүй байсаар 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2 500 000 төгрөгийг төлөлт хийснийг тухайн өдрийн Монгол банкны ханш буюу 1 892.79 ам.доллараар тооцоход 1 320.80 ам.доллар болсон. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөгийн төлөлт хийснийг тухайн өдрийн Монгол банкны ханш буюу 1891.30 ам.доллараар тооцоход 2 643.68 ам.доллар болсон. Үүнээс хугацаа хэтрүүлсэн 19 хоногийн алданги болох 1 409.2 ам.доллараас хасч тооцоход 395.81 ам.доллар болсон бөгөөд үлдэгдэл төлбөр болох 21 684.02 ам.доллар дээр нэмж тооцоход үндсэн төлбөр 22 079.83 ам.доллар болсон. Ийнхүү 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй байгаа тул үндсэн төлбөр болох 22,079.83 ам.доллар дээр хугацаа хэтрүүлсэн 463 хоногт, хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож 10,222.96 ам.доллар, нийт 32 302.79 ам.долларыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Туяа болон хариуцагч “Сандэй” ХХК нь 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Худалдаа, үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 32,000 ам.доллар төлөгдсөний дараа захиалагчийн хүсэлтээр гэрээг 2013 онд цуцалсан. Гэрээ цуцалсантай холбоотойгоор 32,824.64 ам.долларыг буцаан өгсөн нь анх гэрээний дагуу хүлээн авсан 32 302.79 гэрээнээс давж гарсан байдаг. Алданги тооцохгүй байх үндэслэл нь гэвэл үндсэн гэрээнд 0,1%-иар алданги тооцохоор заасан байсан боловч захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцалсан тул үүнээс хойш алданги тооцохгүй.Нэхэмжлэгч тал “Сандэй” ХХК-ийг алданги төлөх үүрэг хүлээсэн, хэлцэл байгуулсан гэж үзэж үүнийгээ нотлон 2013 оны 04 дүгээр  сарын 11-ний өдрийн албан бичгийг хавсарган өгсөн. Энэ албан бичигт 3 000 ам.долларыг алдангид тооцож өгнө, заасан хугацаанаас хойш үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0,1%-ийн алданги тооцож төлнө гэж үүрэг хүлээж байгаа нь “Сандэй” ХХК-ийн тухайн үед ажиллаж байсан Санхүүгийн албаны дарга н.Золзаяа гэдэг хүний бичиж өгсөн албан бичиг нь тухайн компанийг төлөөлөх эрхгүй мөн Санхүү эрхэлсэн орлогч захирлын албан тушаал эрхэлж байсан учраас бодлогын шинжтэй үйл ажиллагаа явуулахаас биш тооцоо нийлэх чиг үүрэггүй.Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/00384 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Сандэй” ХХК-иас 6 936 654 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Туяад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 57 669 248 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Туяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480 979.52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Сандэй” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 125 936 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Туяад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1710 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/00384 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Т.Туяа Ч.Пүрэвбат нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Давж заалдах шатны шүүх дүгнэлтээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдал харагдаж байна. Учир нь ажил гүйцэтгэх гэрээг цуцлах болсон гол үндэслэл нь гүйцэтгэгч галын буруугаас болж гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч тал алданги авах бүрэн эрхтэй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гэрээ цуцлагдсан тул алданги авах эрхгүй хэмээн нэхэмжлэгчийн алданги авах эрхийг хязгаарлаж буй нь буруу юм.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчидын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу алдангийн талаар зарим дүгнэлтийг дутуу хийсэн, улмаар нэхэмжлэлийн шаардлагаас хангавал зохих зарим хэсгийг хангаагүй нь учир дутагдалтай болжээ. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Т.Туяа нь хариуцагч “Сандэй” ХХК-д холбогдуулан худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг цуцласнаас  гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 22 079 ам.доллар, алданги 10 222, 96 ам доллар нийт 32 302,79 ам.доллар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Зохигчид 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан ба ажил гүйцэтгэгч нь 2012 оны 03 дугаар улиралд багтаан 16,18 мкв талбайг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нийт 69 068,148 ам.доллар төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд талбайг хүлээлгэн өгөх боломжгүй болсон учир захиалагч гэрээгээ цуцласан, захиалагч төлбөрт нийт 36 243 ам.доллар төлсөн талаар талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1., 355.2.-т зааснаар захиалагч тал гэрээг цуцлах эрхтэй ба мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5., 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн төлсөн 36 243 ам.долларыг хариуцагчаас буцаан авах эрхтэй. Дээрх мөнгөөс хариуцагч 32 774,39 ам.доллар буцаан төлсөн болох нь тогтоогдсон ба зөрүү 3 468, 31 ам.долаарыг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй алдангийн талаар шүүхийн хийсэн зарим дүгнэлт учир дутагдалтай болжээ. Хариуцагч “Сандэй” ХХК-ны санхүүгийн албаны дарга Э.Золзаяагийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн  F\62\03 дугаартай “төлбөр төлөх тухай” албан бичигт хоёр өөр төрлийн алдангийн талаар дурдагдаж буйг шүүх анхаараагүй байна.

Энэхүү албан бичигт “”...гэрээний дагуу төлөгдсөн урьдчилгаа төлбөр болох 36 243 ам.долларыг захиалагч талын гэрээ цуцлах саналын дагуу 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дотор хугацаа хожимдуулсны алдангид 3 000 ам.доллар нэмж тооцон нийт 39 243 ам.доллар буцаан олгохоор тохиролцов. Уг хугацаанаас хойш хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх алданги төлнө” гэж заажээ.

Санхүүгийн албаны дарга нь алдангийн талаар гэрээ байгуулах бүрэн эрх олгогдоогүй байхад буцаан төлөх төлбөрийг хугацаа хожимдуулсан тохиолдолд алданги тооцохоор үүрэг хүлээснийг шүүх Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3., Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8.-д заасныг зөрчсөн гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Харин талуудын 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 3.1.-д “гүйцэтгэгч нь 1.1.-д заасан барилгын 6 давхарын №623 тоот 16,18 мкв-ыг иж бүрэн, чанар сайтай барьж, 2012 оны 3 дугаар улиралд багтаан хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө. Хэрэв заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд үнийн дүнгийн 20%-иас тооцсон 0.1%-н алданги хүлээх болно” гэж заажээ. Дээрх гэрээ гүйцэтгэгч хугацаандаа үүргээ гүйцэтгүйгээс цуцлагдах болсон талаар талууд маргаагүй ажээ. Улмаар хариуцагч “Сандэй” ХХК-ны санхүүгийн албаны дарга Э.Золзаяагийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн  F\62\03 дугаартай “төлбөр төлөх тухай” албан бичигт дурдагдаж буй 3 000 ам.долларын алданги нь хүчин төгөлдөр гэрээний нөхцлөөр төлбөл зохих алдангийн гүйцэтгэгчийн хүлээн зөвшөөрсөн, захиалагчтай харилцан тохиролцсон хэмжээ гэж үзэхээр байна. Энэ алдангийг хүлээн зөвшөөрсөн байдалд бүрэн эрх олгогдоогүй этгээдийн хийсэн хэлцлийн зохицуулалт хамаарахгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 6 468, 31 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн буюу 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн албан ёсны ханшаар тооцвол 12 936 684 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1710 дугаар магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2016/00384 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “6 936 654 төгрөгийг” гэснийг “12 936 684 төгрөгийг” гэж, 2 дахь заалтын “125 936 төгрөг” гэснийг “221 936 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 446 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН