| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2311 00000 1763 |
| Дугаар | 2024/ДШМ/1054 |
| Огноо | 2024-09-17 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2024/ДШМ/1054
2024 9 17 2024/ДШМ/1054
Н.Цт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/526 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Очгэрэлийн бичсэн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр эсэргүүцэл, шүүгдэгч Н.Цолмонгэрэл гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2311 00000 1763 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.Ц
Шүүгдэгч Н.Ц нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “буцалтгүй тусламж олгоно” гэсэн зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 116 иргэнээс нийт 15,598,170 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Цт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Н.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 107 /нэг зуун долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цаас нийт 15,598,170 төгрөгийг гаргуулж энэ тогтоолын хавсралтад заасан нэр бүхий хохирогч нарт олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагаанаас болон шүүх хуралдаанд оролцох бүртээ хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг байсан. ...Өрх толгойлсон өвчтэй ээж, бага насны 3 дүү, 1 ой 7 сартай хүүхэдтэй. Хохиролоо төлж хохирогч нараас уучлалт гуйж, чин сэтгэлээсээ гэмшснээ харуулах хүсэлтэй байсан бөгөөд энэ бүгдийг харгалзан үзэлгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн хүнд ял оногдуулж байгаад гомдолтой байна. Иймд хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Б.Очгэрэл эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээ их буюу тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгт хүрээгүй буюу өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт байдаг.
Шүүгдэгч Н.Цын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нь 15,598,170 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохиролд хамаарч, шүүгдэгчийн хохирогч тус бүрт учруулсан хохирлын хэмжээ нь хохирогч нарын амьдралын эх үүсвэр болон бусад амьжиргаа залгуулах хөрөнгийн хэмжээнд онцгой хохирол учруулахгүй, хохирогч нар илтэд үндэслэлгүй мэдээ, мэдээлэлд хөнгөмсгөөр итгэж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн санаа зорилгын улмаас гэмт хэргийн хохирогч болж энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн нэг болсон тул шүүгдэгч Н.Цыг залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэж үзэх боломжгүй гэж үзсэн. Залилах гэмт хэргийн амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэх шинжид нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, олон тооны үйлдлээр давтан үйлдэж, олсон орлогыг амьжиргаа залгуулах эх сурвалж болгосон байхыг хамааруулж үздэг хэдий ч шүүгдэгч Н.Цын 10 сарын хугацаанд 116 хохирогчид хохирол учруулсан үйлдлийг зөвхөн цаг хугацаа, үйлдлийн давтамжийг харгалзаж онц хүндрүүлэн зүйлчлэх нь хэргийн бодит байдалд нийцэхгүй гэх үндэслэл дурдсан нь үндэслэлгүй.
Шүүгдэгч Н.Цын гэмт хэрэг үйлдсэн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны үргэлжлэл, гэмт үйлдлийн шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлогыг хэмжээ, гэмт хэргийн улмаас олсон орлогын зарцуулалт зэргээр Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн болох нь тогтоогдож байхад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг iүүгдэгч Н.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ....” гэжээ.
Шүүгдэгч Н.Цын өмгөөлөгч Г.Өсөхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Шүүгдэгч Н.Ц нь олон хохирогчид хохирол учруулсан мэт боловч хохирогч нарт 20-50 мянган төгрөгийн хооронд хохирол учруулсан байдаг. Нэг үйлдэл бүрийг нь аваад үзэхэд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт нь ноцтой хохирол учруулсан уу гэдэг нь эргэлзээтэй байдаг. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн дээд хэмжээ буюу 3 жилийн хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Н.Ц нь анх удаагаа энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзаж үзээгүй. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. Мөн хохирол төлбөр төлөх үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж эсэргүүцэл бичсэн байсан. Анхан шатны шүүх Н.Цт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ “... 50 сая төгрөг түүнээс дээш хэмжээний хохирол учруулж залилсан. Мөн олон тооны давтамжтай харьцангуй удаан хугацаанд үргэлжилсэн залилах гэмт хэргийн улмаас олсон орлогоо өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг залгуулж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй. Гэвч шүүгдэгч Н.Ц нь хохирогч тус бүрт учруулсан хохирлын хэмжээ нь хохирогч нарын амьдралын эх үүсвэр болон бусад амьжиргааг залгуулах хөрөнгийн хэмжээнд ноцтой хохирол учруулахгүй. Хохирогч нар илтэд үндэслэлгүй мэдээ, мэдээлэлд хөнгөмсгөөр итгэж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн санаа зорилгын улмаас гэмт хэргийн хохирогч болж уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн” гэсэн байдлаар дүгнэсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүд нь тус тусдаа хууль зүйн ойлголтыг төрүүлдэг. Энэ гэмт хэргийн нөхцөл байдал, цаг хугацааг харахад амьдралын эх үүсвэр болгосон нь тодорхой харагддаг. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Анхан шатны шүүх, Н.Цт холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...шүүгдэгчийн хохирогч тус бүрд учруулсан хохирлын хэмжээ нь хохирогч нарын амьдралын эх үүсвэр болон бусад амьжиргаа залгуулах хөрөнгийн хэмжээнд онцгой хохирол учруулахгүй. .... Н.Цын 10 сарын хугацаанд 116 хохирогчид хохирол учруулсан үйлдлийг зөвхөн цаг хугацаа, үйлдлийн давтамжийг харгалзаж онц хүндрүүлэн зүйлчлэх нь хэргийн бодит байдалд нийцэхгүй” гэсэн үндэслэл зааж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үзэж, хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн, ямар хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх ёстой байхад анхан шатны шүүх энэ байдалд дүгнэлт өгөлгүйгээр тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй болжээ.
Иймд прокурор Б.Очгэрэлийн бичсэн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/526 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Н.Цын ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/526 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Прокурор Б.Очгэрэлийн бичсэн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр эсэргүүцлийг хангаж, шүүгдэгч Н.Цолмонгэрэлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ