| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2026/0026/З |
| Дугаар | 110/ШШ2026/0049 |
| Огноо | 2026-04-29 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 110/ШШ2026/0049
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.А,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н,
Хариуцагч: Баян-Өлгий аймаг дах Төрийн аудитын газрын ахлах аудитор С.Н, аудитор Б.Ү, Ж.Н нарын хоорондын төлбөрийн акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Кадирбек, хариуцагч С.Н, Б.Ү, Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Ж. А нь Баян-Өлгий аймаг дах Төрийн аудитын газрын ахлах аудитор , аудитор нарт холбогдуулан “Баян-Өлгий аймаг дах Төрийн аудитын газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 86/БӨА-2025/33-ШГА-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Баян-Өлгий аймаг дах Төрийн аудитын газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 86/БӨА-2025/33-ШГА-ГА дугаартай актаар 7719800 төгрөгийн төлбөрийг “Суат” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ж. А нөхөн төлүүлэхээр тогтоосон байна.
3. Нэхэмжлэгчийн Төрийн аудитын газрын уг актыг эс зөвшөөрч гаргасан гомдолд Үндэсний аудитын газрын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/3522 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч , 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 152 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхий аудитор тус тус “төлбөрийн актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй” гэж хариу өгснөөр 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч Ж. Адалбек нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Ж.А би 2016 оноос хойш НААҮ-ний “Суат” ХХК-ийн захирлаар ажилласан. Энэ хугацаандаа жилийн 150-300 сая хүртэлх төгрөгийн алдагдалтай явж байсан “Суат” ХХК-ийг богино хугацаанд засч, үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаатай байгууллага болгож чадсан. Үүний нотолгоо нь 2016 оноос хойших “Суат” ХХК-ийн аудитлагдсан санхүүгийн тайлангаас тодорхой харж болно. Би ажиллаж байх хугацаандаа ажилчдын цалингаа 75 хувиар нэмж, байгууллагын борлуулалтын орлого анх удаагаа +200 саягаас давуулан биелүүлж, Төлөөлөн удирдах зөвлөлд тайлангаа өгч байсан.
Энэхүү ажиллаж байх хугацаандаа буюу 2025-03-16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга “улс төрийн зорилгоор” намайг ажлаас чөлөөлсөн. Намайг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн СХШ/04 дугаартай удирдамжийн дагуу аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч нар “Суат” ХХК-ийн 2023, 2024 оны санхүү төсвийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар санхүүгийн хяналт шалгалт явуулж, улмаар тушаал шийдвэр, эрхийн актгүй 8, 10, 11, 12 дугаар саруудад нийт 1,767.3 мянган төгрөгийн ур чадварын нэмэгдлийг хууль бус авсан байна хэмээн үзэж Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/11 дугаартай актаар төлбөрийн акт тогтоосныг Засаг дарга үндэслэн тушаал гаргасан. Тодруулбал, уг актаар намайг ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр өөртөө ур чадварын нэмэгдэл авсан гэж акт тавьсан боловч “Суат” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Суат” ХХК-ийн гүйцэтгэх захирлын цалинг шинэчлэн баталж, мөн байгууллагын жил бүрийн үр ашигтай ажилласан нөхцөл байдлыг дүгнэж, гүйцэтгэх захиралд 25 хувийн ур чадварын нэмэгдэл олгох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл гаргасан байсан.
Уг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт “Суат” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Аийн цалинг хавсралтаар шинэчлэн баталсугай гэж, хавсралтад үндсэн цалин 2.500.000 төгрөг, ур чадвар 25 хувь, бусад 5 хувь, нийт цалин 3.250.000 төгрөг гэж тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасан “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэх цалин хөлсний бүрдлийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан эрхийн акт болно.
Улмаар миний гомдлыг Монгол Улсын Сангийн сайд, Санхүүгийн хяналт шалгалтын Улсын Ерөнхий байцаагч хянан үзэж 2025-05-06-ны өдрийн 01/3841 тоот шийдвэрээр 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/11 дугаар актыг үндэслэлгүй болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгосон.Иймээс уг асуудал нь хуулийн хүрээнд эцэслэн хянан шийдвэрлэгдсэн гэж үзнэ.
Үүнээс гадна дээрх аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч нарын 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/11 дугаар актыг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн Засаг даргын шийдвэр мөн хууль бус болохыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025-09-26-ны өдрийн 829 тоот шийдвэр, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025-12-22-ны өдрийн 00004 тоот магадлалаар тус тус тогтоож, намайг 2026-01-29-ний өдөр НААҮ-ний “Суат” ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн томилсон.
Гэтэл Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор С.Нурлан, аудитор Б.Үүрийнтуяа, Ж.Назгүл нар нь 2025-10-08-ний өдөр 86 тоот “Төлбөр барагдуулах тухай” акт үйлдэж, уг актын үндэслэлд мөн намайг ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр өөртөө ур чадварын нэмэгдэл авсан гэж өмнөх улсын байцаагч нарын тавьсан актыг дахин үйлджээ.
Нэхэмжлэгчийн зүгээс аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын “Төлбөр барагдуулах тухай” 86 тоот актыг эс зөвшөөрч дээд шатны байгууллага, албан тушаалтанд хуульд заасан журмаар гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг 2025-12-30, 2026-01-26-ны өдрүүдэд тус тус гардан авсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасан нөхцөл журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгуулах асуудлаар урьдчилан шийдвэрлэх журам хангагдсан болно.
Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор С.Н, аудитор Б.Ү, Ж.Н нар нь 2025-10-08-ний өдөр 86 тоот “Төлбөр барагдуулах тухай” акт гаргахдаа урьдчилсан нөхцөл шаардлагыг шалгах, эрх зүйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах, төсөл бэлтгэх болон түүнийг батлан гаргахад хамаарах эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдэх, оролцоог нь хангах, сонсох ажиллагаа явуулах зэрэг Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээг зохих ёсоор хэрэгжүүлж ажиллаагүй, ингэснээр миний хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.
Үүнээс гадна 86 тоот актад “...Ж.А нь 2024 онд ур чадварын нэмэгдлийг 25 хувиар Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр авч, 7.034.8000 төгрөгийн санхүүгийн зөрчил гаргасан, мөн 2023-2024 онуудад 685.000 төгрөгийн түлээ нүүрсний хөнгөлөлтийг авч эрх хэмжээгээ хэтрүүлсэн” гэх 2 үндэслэлээр төлбөрийн акт тогтоосон бөгөөд 2024 онд ур чадварын нэмэгдлийг 25 хувиар Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр авсан гэх хэсгийг эс зөвшөөрч буй үндэслэлээ нэхэмжлэлийн 5,6,7,8 дах заалтуудад тус тус дэлгэрэнгүй дурдсан болно.
Харин 2023-2024 онуудад 685.000 төгрөгийн түлээ нүүрсний хөнгөлөлтийг авч эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэх актын холбогдох хэсгийг эс зөвшөөрч буй үндэслэлийн тухайд “Суат” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, мөн хамтын гэрээнд “ажилчдын ар гэрт жилд нэг удаа 5 тонн хүртэл нүүрсний үнийг байгууллагын тухайн жилийн боломжоос хамааруулан хөнгөлөлт үзүүлэхээр” тусгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “.... ажилчдын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой дараах асуудлыг хамтын гэрээнд тусгана: 37.1.10.аж ахуйн нэгж, байгууллага ... хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эх буюу ганц бие эцэг, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнтэй ажилтанд хөнгөлөлт үзүүлэх асуудал”, 40.3-т “Аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үйл явц бүрэн дуусах хүртэлх хугацаанд хамтын гэрээг дагаж мөрдөх” үүрэгтэй гэж хуульчилснаар хамтын гэрээ болон түүний зүйл, заалт бүрээр тусгасан хөдөлмөрийн нөхцөлийг ажил олгогч дагаж мөрдөх үүрэгтэй болно.
Тодруулбал, Төрийн аудитын актын үндэслэлд дурдаж буй Ж.А нь 685.000 төгрөгийн нүүрсний хөнгөлөлтийг өөртөө авч, эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж буй нь үндэслэлгүй бөгөөд “Суат” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээнд “байгууллагаас хамтын гэрээний хүрээнд үзүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт, олговор, урамшуулал зэрэг байгууллагын хэмжээнд мөрдөх журмын хэрэгжилтэд Үйлдвэрчний эвлэлийн холбоо хяналт тавина” гэж зааснаар 2023-2024 онуудад байгууллагын жилийн борлуулалт, төлөвлөгөөний биелэлт, санхүүгийн боломжит нөхцөл байдалд уялдуулан хамтын гэрээнд тусгасан нөхцөлийг ажил олгогч биелүүлэн, “Суат” ХХК-ийн нийт ажилчдадаа нүүрсний хөнгөлөлт үзүүлсэн.
Угтаа бол нэхэмжлэгчийн хувьд “Суат” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд нийт ажилчдын эрх ашигт хамаарах ижил шалгуур, ижил нөхцөлөөр нүүрсний хөнгөлөлт эдлэх шийдвэр гаргасан байхад төрийн аудит уг хөдөлмөрийн харилцааны бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээгүй, эрх зүйн баримт бичгийн агуулгыг гуйвуулж, нотлох баримтад тулгуурлаагүй акт тогтоосон нь захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа “бодит нөхцөлд” тохирсон байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 86/БӨА2025/33-ШТА-ГА дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 4 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирал Ж.Ат 25 хувийн ур чадварын нэмэгдэл олгох шийдвэрийг гаргаж байсан. Тухайн шийдвэрийг хэн нэгэн хүчингүй болгоогүй, хууль бус гэж үзээгүй, 2021 оноос 2025 он хүртэл урамшууллыг авч ирсэн. Төрийн аудитын газраас санхүүгийн хяналт шалгалт хийхдээ Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолтой холбоотой тодруулж асуух боломжтой байсан.
Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэртэй холбоотой гэрчүүд дарга, нарийн бичгийн даргын хувьд “техникийн шинжтэй алдаа гарсан байна, өмнө нь ур чадварын нэмэгдэл олгосон шийдвэрийг хүчингүй болгохтой холбоотой асуудлыг огт ярилцаагүй” гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Иргэн Ж.Аийн буруу биш, шийдвэр гаргадаг хүмүүсийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж байгаа.
Нийгмийн хөнгөлөлт буюу 5 тонн хүртэл нүүрсийг авах асуудал дээр нийтлэг шийдвэр гараад, нэгдсэн журмаар ажилтнуудтайгаа хамт авсан байгаа. Хамтын гэрээнд заасан нийгмийн хөнгөлөлт байгаа, илүү эсвэл 2 удаа авсан зүйл байхгүй. Хариуцагч тал авах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тэгвэл авах ёстой юмыг авахад нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж байгаа нь буруу.
Урьд нь нэг удаа шалгуулаад, акт тогтоож, тэрийг дээд байгууллага нь хүчингүй болгосон байхад тухайн асуудлыг дахин шалгаж, акт тогтоож байгаа асуудал нь хууль бус гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Кадирбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Ийм учраас аудитын тавьсан актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгох үндэслэлтэй гэдэг агуулгаар дүгнэлтээ гаргаж байгаа.
Төрийн аудитын тухай хуульд зааснаар төрийн аудит нь гүйцэтгэлийн аудит, санхүүгийн аудит, нийцлийн аудит гэсэн 3 төрөлтэй байдаг. Хариуцагч нар гүйцэтгэлийн аудит хийсэн гэж тайлбарлаж байна.Гүйцэтгэлийн аудитаар хэзээ ч санхүүгийн акт тавьдаггүй, энэ нь ноцтой зүйл юм. Төрийн аудитын тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд зааснаар төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээд буюу “Суат” компанийн бодлого, үйл ажиллагаа, чиг үүргийн хэрэгжилт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэл нь үр ашиг, үр нөлөөтэй эсэхийг гүйцэтгэлийн аудитаар шалгана. Гүйцэтгэлийн аудитын тайлангаа шүүхэд ирүүлээгүй. Гүйцэтгэлийн аудитын тайлан дээр бүх зүйл тодорхой байдаг.Төсвийг үр дүнгүй зарцуулж, түлээ нүүрсний хөнгөлөлт олгож байгаа нь үр ашиггүй байна,үүнээс танай компани санхүүгийн хувьд алдагдалд хүрч гэдэг зүйл гүйцэтгэлийн аудитаар гарч ирэх ёстой. Түлээ нүүрсний хөнгөлөлтийг ажилчдад өгч байгаа нь зөв,гэхдээ Ж.Аийн авч байгаа нь буруу, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр авах ёстой гэж гүйцэтгэлийн аудитаар санхүүгийн акт тавьж байгаа. Тэгэхээр санхүүгийн хяналт шалгалт дээр өмнө дотоод аудит нь ороод, санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр хүчингүй болоод, шүүхээр тогтоогдсон асуудал байгаа. 2024 онд 7 034 800 төгрөгийн ур чадварын нэмэгдлийг Төлөөлөн удирдах зөвлөлийн тушаал, шийдвэргүйгээр авсан учраас акт тавьсан гэж байгаа. Акт тавьж байгаа гэдэг нь санхүүгийн акт тавьж байна. Энэ нь гүйцэтгэлийн аудитын чиг үүрэг, үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй асуудал юм.
Төрийн аудитын газар буюу захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмын дагуу үйл ажиллагаа явуулна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт “зорилгод нийцсэн, бодит нөхцөлд тохирсон ,шийдвэр үндэслэл бүхий байна” гэж заасан. Бид нарын тухайн акт дээр маргаж байгаа гол асуудал нь гаргаж байгаа шийдвэр нь шалгалтын бодит баримтад тулгуурлаагүй. Ур чадварын нэмэгдлийг Ж.Ат Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тогтоож өгсөн,тухайн шийдвэр өнөөдөр хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээрээ байна. Энийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй бөгөөд гараагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнтэй холбоотой Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх хүмүүс гэрчийн мэдүүлэг өгөөд, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөл хуралдахдаа ур чадварын нэмэгдлийг нь хасаагүй, зөвхөн үндсэн цалинг нэмэх асуудал яригдсан гэсэн. Тэгэхээр Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр ур чадварын нэмэгдэл авсан гэдэг үндэслэлээр акт тавьж байгаа улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлгүй.
Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газар “Суат” компанийн засаглалын хэлбэрийг ойлгоогүй явж байгаа. Төрийн зарим чиг үүргийг хувьчлал болон менежментийн гэрээгээр хийгээд явж байгаа. Яагаад гэхээр Баян-Өлгий аймагт байгаа бүх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг цэвэр, бохир усаар хангах, цэвэр бохир усыг татан зайлуулах үйлчилгээг тухайн компани үзүүлж байгаа. Гол нь төрийн зарим чиг үүрэгт хамаарч байгаа учраас менежментийн гэрээгээр явуулж байгаа. Орон нутгийн төсвөөс нэг ч төгрөг өгдөггүй,яагаад гэхээр өөр өөрсдийгөө санхүүжүүлээд явдаг.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэж ангилж байгаа. Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар бол төрөөс болон орон нутгийн төсвөөс нэг ч төгрөг авдаггүй, зөвхөн менежментийн гэрээгээр өөр өөрсдийгөө санхүүжүүлээд явдаг. Гэхдээ засаглалын хувьд холимог юм. Тийм төсөв ч байхгүй, төсвийг зориуд бусаар зарцуулсан гэдэг асуудал яригдахгүй. Актын үндэслэл болгож байгаа Төсвийн тухай хуулийн 6.4.1, 16.5.1 дэх заалтууд хамаарахгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн бүх заалтуудыг нь акт дээр үндэслэн тавьчихсан байна. Бодит байдал дээр анхан шатны баримт нь байхгүй гэсэн, ямар баримт байхгүй байсан, ямар баримт тэнд байх ёстой байсан бэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд “Хамтын гэрээгээр зохицуулах харилцааг талууд харилцан тохиролцох бөгөөд ажилтны хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой дараах асуудлыг хамтын гэрээнд тусгаж болно” гэж заасан. Хамтын гэрээний дагуу түлээ нүүрсний хөнгөлөлтийг өгсөн, хамтын гэрээнд өрхийн тэргүүлэгчдэд 5 тонн нүүрсийг жил болгон борлуулалтын орлогоос хамаараад олгоно гэсэн заалт байсан. Тэр талаар Хөдөлмөрийн дотоод журмын 9.6.1 дэх хэсэгт, хамтын гэрээний 4.1.17 дахь заалтад зохицуулсан байна. Тэр хамтын гэрээг үндэслэн тушаал гаргаж хөнгөлөлтийг нь олгох үүрэгтэй. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр авна гэдэг хатуу хуульчилсан захиргааны хэмжээний акт эсвэл ямар эрх зүйн акт байгаа юм бэ? Нэхэмжлэгч хамтын гэрээнд заасан учраас ажил олгогчийн хувиар гэрээгээ хэрэгжүүлээд, хөнгөлөлтийг эдэлсэн юм. Тухайн гаргасан тушаал дээр Хөдөлмөрийн дотоод журмын 9.6.1 дэх хэсэг болон мөн хамтын гэрээний заалтыг үндэслэн олгосон гэдэг нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байгаа” гэв.
5.Хариуцагч Баян-Өлгий аймаг дах Төрийн аудитын газрын ахлах аудитор С.Н, аудитор Б.Ү, Ж.Н нар хариу тайлбартаа:
“Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 8 дугаар зүйлийн 8.1-д заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хийсэн “Орон нутгийн өмчит, өмчийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны үр ашиг” сэдэвт гүйцэтгэлийн аудитаар Цахилгаан шугам сүлжээний газар болон “Суат” ХХК-ийг тус тус хамруулсан.
Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Монгол Улсын Ерөнхий аудитор аудитын сэдвийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцуулж, шийдвэрлүүлнэ”, 11.4-т "Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар тухайн орон нутагтаа гүйцэтгэх дөрвөөс илүүгүй аудитын сэдвийг энэ хуулийн 11.3-т заасан хүчин зүйлийг үндэслэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхий аудитораар батлуулна”, 11.5-д “Энэ хуулийн 11.1, 11.4-т заасан аудитын сэдвийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудитор аудитын төлөвлөгөөг жилийн болон хэтийн хугацаагаар боловсруулж батална” гэж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/104 тоот тушаалаар баталсан “Аудитын сэдэв сонгох ажиллагааны журам”-ын 4.3-т “Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар дараа онд гүйцэтгэх аудитын 4 хүртэлх сэдвийн саналыг энэ журмын 6-д заасан үзүүлэлтийн дагуу нэгтгэж, бодлого, төлөвлөлт хариуцсан нэгжид хүргүүлнэ” гэж тус тус заасан.
Дээрх хууль, журмын дагуу Төрийн аудитын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 452 тоот албан бичгээр тус аудитын газраас 2025 онд гүйцэтгэх гүйцэтгэлийн аудитын сэдвийн саналыг 1 дүгээр хавсралт маягтаар нэгтгэж “Орон нутгийн татварын орлогын төлөвлөлт, ногдуулалт, бүрдүүлэлт, төвлөрүүлэлт, үр дүн, үр нөлөө”, “Орон нутгийн өмч хувьчлалын үр дүн, үр ашиг”, “Орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны үр ашиг” гэсэн 3 сэдвийн саналыг Үндэсний аудитын газарт хүргүүлсэн.Улмаар Төрийн аудитын газрын 2025 онд гүйцэтгэх аудитын сэдвээр “Орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны үр ашиг” сэдэв сонгогдсон болно.
“Орон нутгийн өмчит, өмчийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны үр ашиг” сэдвээр хийх гүйцэтгэлийн аудитын төлөвлөгөөг 2025 оны 8 дугаар сард баталж, аудитын талбарын ажлыг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хийж гүйцэтгэсэн. Үүнээс үзэхэд энэхүү гүйцэтгэлийн аудит нь тус газрын 2025 онд хийх төлөвлөгөөт аудит байсан болно.Төрийн аудитын газар нь Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд “Орон нутгийн өмчит, өмчийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны үр ашиг” сэдвээр “Суат” ХХК-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг дарга, тэргүүлэх аудиторын 2025 оны сарын 10 дугаар сарын 20-ны өдрийн А/27 дугаар тушаалаар баталгаажуулсан.
Аудитаар “Суат” ХХК-ны цалин, нэмэгдлийн тооцоог шалгаж үзэхэд Ж.Атэй холбоотой нийт 7,719,800 төгрөгийн зөрчил илэрч 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 86/БӨА-2025/33-ШТА-ГА дугаар бүхий төлбөрийн акт тогтоосон.
“Суат” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.А нь 2023 онд 310,000 төгрөгийн түлээ нүүрсний хөнгөлөлтийг захирлын 2023 оны А/25 дугаар тушаалаар, 2024 онд 375,000 төгрөгийн түлээ нүүрсний хөнгөлөлтийг захирлын 2024 оны А/12 дугаар тушаалаар, 2024 онд ур чадварын нэмэгдлийг 25 хувиар бодож 7,034,800 төгрөгийг, нийт 7,719,800 төгрөгийн нэмэгдлийг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр эрх хэмжээгээ хэтрүүлж авсан зөрчил илэрсэн.
Ж.А “Суат” ХХК-ны захирлаар ажиллаж байх хугацаандаа 2023, 2024 онуудад албан хаагч нарт түлээ нүүрсний хөнгөлөлт олгож ирсэн ба түлээ нүүрсний хөнгөлөлт олгохдоо өөр өөртөө тушаал гаргаж түлээ нүүрсний хөнгөлөлтийг олгосон нь захирлын 2023 оны А/25 дугаар тушаалын хавсралт, 2024 оны А/12 дугаар тушаалын хавсралтаар тус тус нотлогдож байгаа.
“Суат” ХХК-ны Төлөөлөн удирдах зөвлөл нь ““Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Суат” ХХК-ний орон тоо, цалингийн сан, ажилчдын цалин хөлсийг шинэчлэн тогтоох тухай” 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 09 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлахад Ж.Ат ур чадвар олгох хувь хэмжээг тогтоож өгөөгүй байна. “Суат” ХХК-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаар тогтоолын 4 дүгээр заалтаар 2023 оны 04, 05 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосон.
Аудитаар илэрсэн зөрчлийн талаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа Ж.Атэй .... дугаар утас руу нь 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 09:45 минутад залгаж, гарсан зөрчлийн талаар ахлах аудитор С.Н миний бие 14 минут 08 секунд ярьж танилцуулан ба тэр өдөр өөрийн биеэр ирж танилцахаар тохирсон боловч ирээгүй. Тийм учраас алдаа зөрчлийн нэгтгэлийг viber, цахим шуудан болох өөрийн е-мэйл хаяг руу хүргүүлсэн. Илэрсэн зөрчилтэй холбоотой аудитор Ж.Н .... дугаарын viber хаягт 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бямба гаригт тайлбар ирүүлсэн. Үүгээр эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд гарсан зөрчилтэй холбоотой танилцуулж, тайлбараа ирүүлсэн тул сонсох ажиллагааны талаарх үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж байна.
Уг төлбөрийн акттай холбоотой иргэн Ж.А нь Монгол Улсын Ерөнхий аудиторт 2 удаа гомдол гаргаж, улмаар Үндэсний аудитын газар нь гомдолд дурдсан асуудлын хүрээнд Төрийн аудитын газраас нэмэлт тайлбар, нотлох баримтуудыг авч хянаж үзээд тус төлбөрийн актыг үндэслэлтэй тогтоогдсон гэж үзсэн байна. Нэхэмжлэгч Ж.Аийн шүүхэд гаргасан 2026 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн нэхэмжлэлийн 8, 9 дүгээр үндэслэлд дурдсан асуудалд дараах тайлбарыг хүргүүлж байна. Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 18-06/10, 18-06/11, 18-06/12, 08-06/13, 18-06/14, 18-06/15 буюу 6 төрлийн төлбөрийн актуудаас зөвхөн 18-06/11 дугаар актын зарим хэсэг буюу түлээ нүүрсний хөнгөлөлттэй холбоотой хэсгийг Төрийн аудитын газраас давхар тогтоосон. Сангийн яамнаас хүчингүй болгосон Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын тогтоосон бусад актуудтай давхардсан акт байхгүй ба манайд хамааралгүй болно” гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймаг дах Төрийн аудитын газрын ахлах аудитор С.Н, аудитор Б.Ү, Ж.Н нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 24-д “Суат” компани нь түлээ нүүрсний хөнгөлөлтийг тус компанийн хөдөлмөрийн дотоод журам болон Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу олгосон тухай дурдсан байна.
Нэхэмжлэгч талаас яагаад 2023,2024 оны түлээ нүүрсний хөнгөлөлтөд акт тавьж байгаа вэ, бусад онуудад бас түлээ нүүрсний хөнгөлөлт авч явж байсан гэж байна. Зөвхөн тухайн 2023,2024 оныг хамруулаад гүйцэтгэлийн аудит хийсэн, түүнээс гарсан зөрчил дээр акт тавьсан.
Дотоод аудитын газрын тавьсан акт манайхтай яг адилхан байгаа гэдэг нь бас өрөөсгөл ойлголт юм. Тус газар нь 2022, 2023, 2024 онууд буюу 3 оныг хамрах шалгалт хийсэн, 995 000 төгрөгийн түлээ нүүрсний хөнгөлөлт авч, өөртөө давуу байдал бий болгосон гэж 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/11 дүгээр актыг тогтоосон байдаг. Нэхэмжлэгч Ж.А нь 2024 оны сонгуулиар ажлаа түр өгөөд буцаж орсон 4 сарыг хамарсан ур чадварын нэмэгдлийг Дотоод аудитын газар бичсэн байна. Тэгэхээр манайхтай давхацсан гэсэн ойлголт байхгүй гэж бодож байна.
Төрийн аудитын газрын 2 зөрчил бичсэн акт нь “Суат” компанийн өөрийн нэрийн дансанд орохоор буцааж төвлөрүүлэх мөнгө юм. Яагаад гэвэл жил болгон алдагдалтай ажилладаг, ажилчдын нийгмийн асуудал нь хангалтгүй, хоолны хөнгөлөлт гэдэг асуудал огт байхгүй, урамшуулал цалин огт авдаггүй ганц аж ахуйн нэгж байгаа юм. Иймээс манайх тухайн компанийн дансанд буцааж төвлөрүүлэхээр акт тогтоосон байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ж. А “Баян-Өлгий аймаг дах Төрийн аудитын газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 86/БӨА-2025/33-ШГА-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийн зарим хэсэг нь үндэслэлтэй байна.
2. Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймаг дах Төрийн аудитын газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 86/БӨА-2025/33-ШГА-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актаар ““Суат” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ж. А нь 2023 онд 310 000 төгрөгийн, 2024 онд 375 000 төгрөгийн түлээ нүүрсний хөнгөлөлт, 2024 онд ур чадварын нэмэгдэл 25 хувиар бодож 7034800 төгрөг, нийт 7719800 төгрөгийн нэмэгдлийг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр, эрх хэмжээгээ хэтрүүлж, хууль зөрчиж авсан” гэсэн үндэслэлээр 7719800 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч Ж. А төлүүлэхээр тогтоожээ.
3. ““Суат” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ж. А нь 2024 онд ур чадварын нэмэгдэл 25 хувиар бодож 7034800 төгрөгийг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр, эрх хэмжээгээ хэтрүүлж авч, хууль зөрчсөн” гэх зөрчлийн тухайд:
3.1. Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Суат” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар тус компанийн бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн сан батлах асуудлыг хэлэлцэж, гүйцэтгэх захирлын цалин хөлсийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 дүгээр тогтоолоор баталсан жишгээр тооцож 2023 оны 01 дүгээр сарын 01-ээс мөрдөж олгох, гүйцэтгэх захирал болон бусад ажилтнуудын үндсэн цалинг 12 хувиар нэмэгдүүлж 2023 оны 02 дугаар сарын 01-ээс эхлэн олгохоор тус тус шийдвэрлэж, энэ талаар 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03,04 дүгээр тогтоол гаргаж баталсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 188-190,233-235,241-251, 2 дах хавтаст хэргийн 4-18,28-35 дах тал/ тус тус тогтоогдож байна.
Тодруулбал, “Суат” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хавсралтаар компанийн гүйцэтгэх захирал Ж.Аийн цалин хөлсийг ”үндсэн цалин 2500 000 төгрөг, ур чадварын нэмэгдэл 25 хувь, бусад нэмэгдэл 5 хувь, нийт цалин 3 250 000 төгрөг” гэж баталсан, 03 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирал болон нийт ажилчдын үндсэн цалинг 12 хувиар нэмэгдүүлэн тогтоож, цалингийн санг баталжээ.
Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Үйл ажиллагааны чиглэл, ашигт ажиллагааны түвшнийг харгалзан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, бусад албан хаагчид олгох цалин хөлсний нийтлэг жишгийг төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд Засгийн газар, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 дүгээр тогтоолоор /2 дах хавтаст хэргийн 1-3 дах тал/ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын цалин хөлсний нийтлэг жишгийг хавсралтаар баталж, цалингийн нийтлэг жишгийг баримталж ажиллахыг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгосон байх ба хавсралтад “үндсэн цалин 2500 000 төгрөг, ур чадварын нэмэгдэл 25 хувь, бусад нэмэгдэл 5 хувь, нийт цалин 3 250 000” гэж заасан байна.
3.2. “Суат” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар компанийн орон тоог 76 байхаар шинэчлэн тогтоож, 2 дах заалтаар компанийн цалингийн сан, нийт ажилчдын цалин хөлсийг нэгдүгээр хавсралтаар шинэчлэн баталж, батлагдсан цалин хөлсийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн мөрдөж олгохыг гүйцэтгэх захиралд зөвшөөрч, 3 дах заалтаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.В даалгаж, 4 дэх заалтаар энэ тогтоол гарсантай холбогдуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болон 3 дугаар хавсралт, 2023 оны 04,05 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсон / 1 дэх хавтаст хэргийн 191-195 дах тал/ байна.
Гэтэл тухайн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгаснаар тус компанийн ажилчдын цалин хөлс болон Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн урамшууллын хөлсийг шинэчлэн батлах, орон тооны хязгаарыг тогтоох асуудлыг тус тус хэлэлцээд ерөнхий инженер, ерөнхий нягтлан бодогчийн үндсэн цалинг 310000 төгрөгөөр, лабораторийн эрхлэгчийн үндсэн цалинг 370000 төгрөгөөр, бусад ажилтнууд болон компанийн захирлын үндсэн цалинг 210000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн 2024 оны цалингийн санг баталж, 1 орон тоог нэмээд компанийн орон тооны хязгаарыг 76 байхаар тогтоож, мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн урамшууллын хөлсийг шинэчлэн тогтоож тус тус шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл, тус хурлаар компанийн гүйцэтгэх захирал болон ажилчдын цалин хөлсний хувьд зөвхөн үндсэн цалинг шинэчлэн батлах буюу нэмэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн, харин Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудал болох гүйцэтгэх захирлын цалин хөлсийг тогтоож баталсан шийдвэрийг хүчингүй болгох, гүйцэтгэх захирлын цалин хөлс буюу ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлийг хасах, олгохгүй байх тухай асуудлыг хэлэлцээгүй, энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй болох нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, хуралд оролцсон Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн гэрчийн мэдүүлгээр /1 дэх хавтаст хэргийн 237-239, 241-251,2 дах хавтаст хэргийн 1-18 дах тал/ тус тус тогтоогдож байна.
Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 4 дэх заалтаар 2023 оны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон талаар уг 09 дүгээр тогтоолыг баталгаажуулж гарын үсэг зурсан Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.М “...2023.12.28-ны өдрийн хуралд би оролцсон. 2023 оны жилийн эцсээр тухайн компани нь ашигтай ажилласан байсан. Уг хурлаар ажилчдын цалин хөлс, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн урамшууллын асуудал, орон тоог тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцсэн. Компанийн гүйцэтгэх захирал болон ажилчдын үндсэн цалинг 210 000 төгрөгөөр, мөн ажлын чиг үүрэг, ачааллыг харгалзан 3 ажилтны цалин хөлсийг өөр дүнгээр нэмэх шийдвэр гаргасан. Тухайн өдрийн хурлаар гүйцэтгэх захирлын нэмэгдлийн асуудал яригдаагүй, зөвхөн захирал ,ажилчдын үндсэн цалингийн асуудал яригдсан. ...Тухайн өдөр зөвхөн компанийн ажилчдын болон захирлын үндсэн цалингийн асуудал хэлэлцэгдэж, үндсэн цалинг нэмж тогтоосон шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор ажилчдын болон захирлын үндсэн цалин тогтоосон өмнө нь гарсан шийдвэр хүчингүй болох ёстой. Гэтэл 2023.12.28-ны өдрийн 09 дүгээр тогтоолд 2023 оны 04 дүгээр тогтоолын захирлын үндсэн цалинтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулахаар тусгах ёстой байсан боловч техникийн алдаагаар 04 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон мэтээр тусгагдсан байна. Үүнээс биш саяны 2023.12.28-ны өдрийн хурлаар захирлын ур чадварын нэмэгдлийг нэмэх, хасах, зогсоох өөрчлөх, хүчингүй болгох асуудлыг огт хэлэлцээгүй. Тогтоолын төслийг нарийн бичгийн дарга боловсруулж ирдэг, миний хувьд хянадаг. Харин энэ 09 дүгээр тогтоолыг тухайн үед анзаарахгүйгээр гарын үсэг зурсан байна” гэж, тогтоолыг төлөвлөсөн нарийн бичгийн дарга Х.В “...“Суат” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023.12.28-ны өдрийн хуралд миний бие оролцсон. Хурлын тэмдэглэлд тусгаснаар “Суат” ХХК-ийн цалингийн сан, ажилчдын цалин хөлс, мөн ТУЗ-ийн дарга, нарийн бичиг, гишүүдийн урамшууллын хөлс, орон тооны хязгаарыг тогтоох талаарх асуудлуудыг хэлэлцсэн. Тухайн хурлаас компанийн захирлын үндсэн цалинг бусад ажилчдын нэгэн адил 210,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Бусад ямар асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаар тэмдэглэл, тогтоолд байгаа. ...Тухайн өдрийн хурлаар зөвхөн захирал болон ажилчдын үндсэн цалингийн асуудлыг хэлэлцсэн. Захирлын ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлийн талаар ямар нэгэн асуудал хэлэлцэгдээгүй. Хурлаар асуудал хэлэлцсэний дараа даргаас Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарах тогтоолын Тогтоох хэсэгт ийм, ийм зүйлийг тусгаарай гэж тухай бүрд нь хэлдэг байсан. Хурлаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлуудтай холбогдолтой өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгох асуудлуудыг тогтоолд тусгаарай гэдэг байсан. Уг хурлаас хэлэлцэж шийдвэрлэсний дагуу 2023.12.28-ны өдрийн 09 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсан. Уг тогтоолыг миний бие төлөвлөсөн. Ингэхдээ тогтоолын 4 дэх заалтад “Энэ тогтоол гарсантай холбогдуулан ТУЗ-ийн 2023.01.16-ны өдрийн 03 дугаар тогтоолын 2 дугаар заалт болон 3 дугаар хавсралт, 2023 оны 04, 05 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай” гэж тусгасан байгаа. Ингэж тусгах болсон учир нь 2023.12.28-ны өдрийн хурлаар зөвхөн захирал болон ажилчдын үндсэн цалингийн асуудлыг шийдвэрлэсэн. Тиймээс захирлын үндсэн цалин өөрчлөгдөж байгаа учраас 2023 оны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгохоор тусгасан байгаа, гэхдээ 4 дүгээр тогтоолын хавсралтын холбогдох хэсэг буюу захирлын үндсэн цалинтай холбоотой хэсгийг хүчингүй болгох гэж тусгах ёстой зүйлийг буруу томьёолон тусгасан байна. ...Уг хуралд зөвхөн захирал болон ажилчдын үндсэн цалинд өөрчлөлт оруулах буюу цалинг нэмэх талаар хэлэлцсэн. 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх буюу захирлын ур чадвар, бусад нэмэгдлийн талаар хэлэлцэж шийдвэр гаргаагүй. Тодруулбал, 2023.12.28-ны өдрийн хурлаар захирлын ур чадварын болон бусад нэмэгдлийн асуудлыг хэлэлцээгүй, өмнөх олгохоор шийдвэрлэсэн нэмэгдлийг зогсоох, өөрчлөх, цуцлах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй” гэж тус тус мэдүүлсэн.
3.3. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд, “Суат” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны хурлаар компанийн гүйцэтгэх захирал болон ажилчдын цалин хөлсний хувьд зөвхөн үндсэн цалинг шинэчлэн батлах буюу нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн, харин гүйцэтгэх захирлын цалин хөлсийг бууруулах, хасах буюу ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлийг хасах, олгохгүй байх, энэ талаар гарсан өмнөх шийдвэр буюу гүйцэтгэх захирлын цалин хөлсийг баталсан тогтоолыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцээгүй, энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй үйл баримт тогтоогдож байна дүгнэлээ.
3.4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж , мөн Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн А/95 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 3.1-т “Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтооход Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлахаас гадна Аудитын дээд байгууллагын олон улсын стандартад заасан ил тод, хариуцлагатай байх шаардлагын дагуу ёс зүй ба хараат бус байдал, мэргэжлийн үнэлэлт, ур дүй, үл итгэх үзэлтэй холбоотой зарчмуудыг баримтална” тус тус заасан.
3.5.Хэдийгээр “Суат” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 4 дэх заалтаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байгаа боловч тухайн өдрийн хурлын тэмдэглэлд “тус компанийн гүйцэтгэх захирлын ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлийг хасах, олгохгүй байх, энэ талаар гарсан өмнөх шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцсэн болон шийдвэр гаргасан” талаар тусгагдаагүй.
Мөн гэрч Х.В “... Төрийн аудитын газраас 2025 оны 9 дүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр надаас энэ асуудлын талаар тайлбар авсан ба тухайн үед миний бие 09 дүгээр тогтоолд 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон гэж тусгасан асуудлын талаар дээрх байдлаар тодорхой тайлбарласан байгаа” гэж мэдүүлснээс гадна аудитын хяналт шалгалтын явцад шалгагдагч байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.В ахлах аудиторт “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар хурлын тэмдэглэлд компанийн захирлын цалинг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталж өгсөн жишгийн дагуу үндсэн цалинд нь бусад ажилтнуудын хамт цалингийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн байна” гэсэн тайлбар /2 дах хавтаст хэргийн 26-27 дах тал/ өгсөн нь тогтоогдсон.
Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Аээс тухайн аудитын хяналт шалгалтын явцад гаргасан тайлбарт “Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Суат” ХХК-ийн гүйцэтгэх захирлын цалинг шинэчлэн баталсан бөгөөд компанийн гүйцэтгэх захирал уг шийдвэрийг хэрэгжүүлж, цалин хөлс, ур чадварын нэмэгдэл авч байсан” талаар / 1 дэх хавтаст хэргийн 146-149 дэх тал/ тусгагджээ.
3.6. Дээрх байдлаар “Суат” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар гүйцэтгэх захирлын цалин хөлсийг бууруулах, хасах буюу ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлийг хасах, олгохгүй байх, гүйцэтгэх захирлын цалин хөлсийг баталсан өмнөх тогтоолыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцээгүй, шийдвэр гаргаагүй болох нь тогтоогдсон.
Гэтэл хариуцагч аймаг дах Төрийн аудитын газрын аудиторууд “Суат” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоол болон тухайн өдрийн хурлын 06 дугаар тэмдэглэлтэй танилцсан, аудитын хяналт шалгалтын явцад холбогдох этгээдүүдээс дээрх байдлаар тайлбар гаргасан байхад захиргааны шийдвэр гаргахад хамаарах уг зөрүүтэй нөхцөл байдлыг тогтоохгүйгээр, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийхгүйгээр, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлахгүйгээр нэхэмжлэгчээр ур чадварын нэмэгдэл 7034800 төгрөг төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай нийцээгүй байна гэж дүгнэлээ.
4. ““Суат” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ж. А нь нь 2023 онд 310 000 төгрөгийн, 2024 онд 375 000 төгрөгийн түлээ нүүрсний хөнгөлөлтийг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр, эрх хэмжээгээ хэтрүүлж авч, хууль зөрчсөн” гэх зөрчлийн тухайд :
4.1. “Суат” ХХК-ийн гүйцэтгэх захирлын /Ж.А/ 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/25 дугаар, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/12 дугаар тушаалуудаар компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.6 дах заалтыг үндэслэн тус компанийн өрхийн тэргүүлэгч ажилтнуудад өвлийн бэлтгэл хангахад зориулж, 5 тонн нүүрсний үнийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн, уг тушаалуудын хавсралтад Ж.Ат 2023 онд 310 000 төгрөгийн, 2024 онд 375 000 төгрөгийн нүүрсний үнийн хөнгөлөлт олгохоор тусгасан, нүүрсний үнийн хөнгөлөлтийн 685000 төгрөгийг нэхэмжлэгч авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 196-202,203-204 дэх тал/ тус тус тогтоогдож байна.
4.2. Нэхэмжлэгчийн хувьд ““Суат” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээнд “байгууллагаас хамтын гэрээний хүрээнд үзүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт, олговор, урамшуулал зэрэг байгууллагын хэмжээнд мөрдөх журмын хэрэгжилтэд Үйлдвэрчний эвлэлийн холбоо хяналт тавина” гэж зааснаар 2023-2024 онуудад байгууллагын жилийн борлуулалт, төлөвлөгөөний биелэлт, санхүүгийн боломжит нөхцөл байдалд уялдуулан хамтын гэрээнд тусгасан нөхцөлийг ажил олгогч биелүүлэн, компанийн нийт ажилчдадаа нүүрсний хөнгөлөлт үзүүлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд “Суат” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж нийт ажилтнуудад адил тэгш үйлчлэх шийдвэрийг хэрэгжүүлсэн бөгөөд өөртөө давуу байдал олгосон, эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэх нөхцөл байдал огт байхгүй болно” гэж маргасан.
4.3. Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Суат” ХХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хамтын гэрээний “Дөрөв.Цалин хөлс, татвар хураамж, шагнал урамшуулал, тэтгэмж, нийгмийн ахуйн хөнгөлөлт, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх талаар” гэсэн хэсгийн 4.17-д “Өрхийн тэргүүлэгчдэд жилд нэг удаа 5 тонн хүртэл нүүрсний үнийг байгууллагын тухай жилийн боломжоос хамааруулан хөнгөлөлт үзүүлнэ” гэж, тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын “Ес. Нийгэм ахуйн хөнгөлөлт” гэсэн хэсгийн 9.1.6-д “Өрхийн тэргүүлэгчдэд жилд нэг удаа 5 тонн нүүрсний үнийг байгууллагын тухайн жилийн боломжоос хамааруулан олгоно” гэж тус тус заасан байна.
4.4. Дээрх байдлаар “Суат” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээнд өрхийн тэргүүлэгчдэд жилд нэг удаа 5 тонн хүртэл нүүрсний үнийн хөнгөлөлт үзүүлэхээр заасан, гүйцэтгэх захирал Ж. Адалбек нь 2023, 2024 онд компанийн бусад ажилтнуудын адил нүүрсний үнийн хөнгөлөлт авсан болох нь тогтоогдож байгаа боловч энэ нь дараах байдлаар хууль бус байна гэж үзлээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ”, 19 дүгээр зүйлийн 1-т “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлыг томилохдоо гэрээ байгуулна. Гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:1/ энэ хуульд заасан эрх, үүрэг;2/ эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, хүргэх түвшин; З/ техник, технологийг шинэчлэх даалгавар;4/ хамт олны хөдөлмөр хамгаалал, нийгмийн талаар авах арга хэмжээ;5/ менежментийн бодлого;6/ захирлаас болон үүргээ биелүүлэх талаар төрөөс хүлээх үүрэг;7/ удирдаж байгаа үйлдвэрийн газарт нь өмчлөгчөөс олгосон эд хөрөнгө, түүний хэмжээ;8/ цалин, нэмэгдэл хөлс, энэ хуульд заасан урамшуулал;9/ ажлын нөхцөл /унаа, холбоо зэрэг/;10/ энэ хуульд заасан эд хөрөнгийн хариуцлага;11/ гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх журам, хугацаа;12/ хуульд харшлаагүй бусад нөхцөл”, 78 дугаар зүйлийн 2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах; 2/ орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох” гэж,
Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран энэ хуулийг дагаж мөрдөнө”, 2.3-т “Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлах замаар байгуулагдсан компанийн үйл ажиллагааг энэ хуулиар, түүнийг үүсгэн байгуулахтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна”, 2.5-д “Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна”, 2.6-д “Энэ хуулийн 2.5-д заасны дагуу үүссэн төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их Хурал, орон нутгийн өмчит компанийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх олгосон этгээд байж болно”, 76 дугаар зүйлийн 76.1-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хууль болон компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 76.1.9.компанийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох” гэж тус тус заасан.
4.5. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1999 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн НААҮ-ний байгууллагыг Нөхөрлөл, компанийн хуулийн дагуу компанийн хэлбэрээр зохион байгуулж, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсан байх ба Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний /цаашид НААҮ гэх/ “Суат” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн НААҮ-ний газрыг төрийн өмчит ХХК-ийн хэлбэрт зохион байгуулж, оноосон нэрийг “Суат” хэмээн тогтоож, компанийн дүрмийг хавсралтаар баталсан байна.
Уг тогтоолоор баталсан компанийн дүрмийн 6.1-д “Төлөөлөн удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 6.1.2. Компанийн бизнес төлөвлөгөө, төсөв, цалингийн сан, урамшууллын хэлбэрийг батлах, 6.1.5. Компанийн гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох цалин, шагнал урамшуулал,хариуцлагын хэмжээг тогтоох” гэж заасан.
Мөн “Суат” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар баталсан, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.9, “Суат” ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дах заалтыг үндэслэн “Суат” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Ж.А нарын хооронд байгуулсан гэрээний 2.1-т “Гүйцэтгэх захирал дараах эрхтэй. Үүнд: 2.1.11. Ажилтнуудыг ажлын үр дүнгээр шагнаж урамшуулах,хариуцлага хүлээлгэх дүрэм, журмыг гаргаж мөрдүүлэх”, 4.2.1-т “Гүйцэтгэх захирлын ажлыг ТУЗ-өөс дүгнэнэ”, 4.3.1-т “Гүйцэтгэх захирал нь компанийн үйл ажиллагааг харуулах энэхүү гэрээний хавсралтад заасан үзүүлэлтүүдийн өөрчлөлттэй уялдан тухайн хугацаанд олсон татварын дараах цэвэр ашгийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний урамшуулалт шагнал авах эрхтэй”, 4.3.2-т “Тухайн хугацаанд олгох урамшуулалт шагналын хэмжээг хавсралтад заасан үзүүлэлтүүдийн өсөлт, бууралттай уялдуулан Төлөөлөн удирдах зөвлөлөөс тухайн хугацааны тайлан балансын үзүүлэлттэй тулган аудитын дүгнэлтийг үндэслэн тогтооно”, 4.4-т “Гүйцэтгэх захирал нь энэхүү албан тушаалын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан компаниас дараах хангамжийг эдэлнэ. Үүнд: 4.4.7. Гүйцэтгэх захирал энэ албан тушаалаа гүйцэтгэж байх хугацаанд өөрөө болон гэр бүлийн гишүүдийн аль нэг нь гэнэтийн осолд орох, эрүүл мэндийн тусламж авах, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг үйл явдал тохиолдоход компанийн зүгээс шаардлагатай тусламж авах эрхтэй бөгөөд үзүүлэх тусламжийн хэмжээг тухайн үед үүссэн нөхцөл байдалтай уялдуулан ТУЗ- өөс тогтоно,4.4.8 Гадаад, дотоодод томилолтоор явахад зардлыг компаниас тогтоосон норм хязгаарлалтыг үндэслэн ТУЗ-өөс тогтооно,4.4.9 Шаардлагатай гэж үзвэл ТУЗ-ийн шийдвэрээр гүйцэтгэх захирлын амралт сувилалд явахад зарим зардлыг компани хариуцаж болно” гэж тус тус заажээ.
Түүнчлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Суат” ХХК-ийн дүрэмд орон нутгийн өмчит “Суат” ХХК-ийн эрх зүйн байдал, үйл ажиллагааны зарчим, чиглэл, удирдлагын бүтэц, тэдгээрийн эрх , үүрэг, хариуцлагыг тусгасан байх ба дүрмийн 7.2.5-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох цалин, шагнал,урамшуулал, өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх, хариуцлагын хэмжээг тогтоох, гэрээ байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна.
4.6. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, ”Суат” ХХК-ийн дүрэм, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар баталсан гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний дээр дурдсан заалтуудаас үзэхэд компанийн гүйцэтгэх захиралд олгох цалин хөлс, шагнал, урамшуулал, эдгээртэй адилтгах орлогын талаар шийдвэр гаргах нь Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамаарахаар байна.
Өөрөөр хэлбэл, орон нутгийн өмчит “Суат” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь өөртөө цалин хөлс, шагнал, урамшуулал, эдгээртэй адилтгах орлого буюу тухайн тохиолдолд түлээ нүүрсний хөнгөлөлт олгох шийдвэр гаргах эрхгүй байна гэж дүгнэлээ, гэхдээ энэ нь тус компанийн хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээнд заасан хөнгөлөлтийг гүйцэтгэх захирал авахыг хориглосон, хязгаарласан агуулгагүй, гагцхүү хөнгөлөлт олгох шийдвэр гаргах эрх нь Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамаарна гэж үзсэн болно.
Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д “"цалин хөлс, түүнтэй адилтгах орлого" гэж Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Иргэний хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс, олговор, хөлс, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил олгогчоос сар, улирал, жил тутам, эсхүл тухайн тохиолдол бүрд олгож байгаа шагнал, урамшуулал, хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, сайн дураар даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн орлогыг” гэж заасныг дурдах нь зүйтэй.
4.7. Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль нь төсвийн байгууллага, түүний албан тушаалтан, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарна” , 6 дугаар зүйлийн 6.4-т “Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:6.4.1.төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж,
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, 14 дүгээр зүйлийн 14.3-т “Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ: 14.3.1.анхан шатны баримт бүрдүүлэх, 18 дугаар зүйлийн 18.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ” гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн .4.1-д “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: 4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж тус тус заасан.
4.8. Төсвийн тухай хууль нь төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарахаар, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээхээр тус тус зохицуулсан ба “Суат” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.А нь 2023 онд 310 000 төгрөгийн, 2024 онд 375 000 төгрөгийн түлээ нүүрсний хөнгөлөлтийг өөртөө олгох шийдвэр гаргасан нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дээрх заалтууд болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн, хууль бус байх тул уг 685000 төгрөгийн төлбөрийг нөхөн төлүүлэхээр тогтоосон хариуцагчийн шийдвэр нь үндэслэл бүхий бөгөөд хуульд нийцсэн байна гэж үзлээ.
“Суат” ХХК нь төсвөө өөрөө бүрдүүлдэг, өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг нь орон нутгийн өмчит тус компанид Төсвийн тухай хуулийн заалтууд, төсвийн зарчим үйлчлэхгүй гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
5. Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн аудитын үндсэн зорилт нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түүнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ”, 6 дугаар зүйлийн 6.3-т “Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 6.3.1.шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх”, 11 дүгээр зүйлийн 11.4-т “Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар тухайн орон нутагтаа гүйцэтгэх дөрвөөс илүүгүй аудитын сэдвийг энэ хуулийн 11.3-т заасан хүчин зүйлийг үндэслэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхий аудитороор батлуулна”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж,
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн А/95 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 1.3-т “Төлбөрийн акт нь төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж буй аудитын явцад илэрсэн төлбөрийг нөхөн төлүүлэхэд чиглэсэн заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байна. Цаашид "Төлбөрийн акт" гэнэ”, 4.2.3-т “Төлбөрийн акт тогтооход дараах нийтлэг үндэслэлийг харгалзана. Үүнд: 4.2.3.3.цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмжийг зөрүүтэй тооцож олгосон; 4.2.3.8.Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бусад нөхцөл байдал үүссэн” гэж тус заасан.
6. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/107 дугаар “Аудитын сэдэв батлах тухай“ тушаал, 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/82 дугаар “Гүйцэтгэлийн төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтуудад зааснаар 2025 онд Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газар нь “Орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны үр ашиг” сэдвээр аудит хийхээр батлагдсан байна.
Уг төлөвлөгөөг үндэслэн боловсруулж, аймаг дахь Төрийн аудитын газрын даргаар батлуулсан “Орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны үр ашиг” сэдэвт гүйцэтгэлийн аудитын төлөвлөгөөнд 2023-2024 оны үйл ажиллагааг хамруулахаар тусгасан, улмаар төлөвлөгөөний дагуу орон нутгийн өмчийн НААҮ-ний ”Суат” ХХК-ийн үйл ажиллагаанд аудит хийж, ”Суат” ХХК-ийн захирал асан Ж.А нь холбогдох хуулиуд, компанийн дүрэм , Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг зөрчсөн гэж үзэж төлбөр нөхөн төлүүлэхээр акт тогтоосон байх ба дээр дурдсан хууль, журмаар шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтоохоор хуульчилсан байх тул гүйцэтгэлийн аудит хийсэн тохиолдолд төлбөрийн акт тогтоохгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.
7. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/11 дүгээр “Төлбөрийн акт тогтоох тухай” актаар “Тус байгууллагын дарга Ж.А нь Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр өөрөө өөртөө тушаал гаргаж, 2022, 2023, 2024 онуудад нийт 995.0 мянган төгрөгийн түлээ нүүрсний хөнгөлөлт, тушаал ,шийдвэр эрхийн актгүй 8,10,11,12 дугаар саруудад нийт 1.767.3 мянган төгрөгийн ур чадварын нэмэгдлийг хууль бус авсан гэсэн үндэслэлээр нийт 2.762.3 мянган төгрөгийг Ж.Аээр нөхөн төлүүлэн, төсвийн орлого болгох”-оор тогтоожээ.
Монгол Улсын Сангийн сайд бөгөөд санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01/3841 дүгээр албан бичгээр уг 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/11 дүгээр “Төлбөрийн акт тогтоох тухай” улсын ахлах байцаагчийн актыг хүчингүй болгосныг мэдэгдсэн байх ба хүчингүй болгосон үндэслэлийг “...улсын ахлах байцаагч төлбөрийн акт тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлийн 25.1.1,25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасныг бүрэн хэрэгжүүлээгүй” гэжээ.
Дээр дурдсанаар аймаг дах Төрийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан аудитын сэдэв , гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд орон нутгийн өмчит НААҮ-ний ”Суат” ХХК-ийн үйл ажиллагаанд аудит хийж, төлбөрийн акт тогтоосон, мөн аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн тогтоосон дээрх төлбөрийн актыг санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчаас хүчингүй болгохдоо тухайн актад заасан зөрчил нь бодитой эсэх болон хууль зүйн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байх тул нэхэмжлэгч талын “уг асуудал хуулийн хүрээнд эцэслэн шийдвэрлэгдсэн байхад аймаг дахь Төрийн аудитын газар дахин акт тавьсан нь үндэслэлгүй” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.4.1, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.9, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн
нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймаг дах Төрийн аудитын газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 86/БӨА-2025/33-ШГА-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актаар Ж.Аээр төлүүлэхээр тогтоосон 7719800 төгрөгийн төлбөрийн 2024 онд авсан 7034800 төгрөгийн ур чадварын нэмэгдэлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох 2023, 2024 онд авсан 685000 төгрөгийн нүүрсний үнийн хөнгөлөлттэй холбоотой хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЕРКЕШ