Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 476

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч А.Мөнхзул,

арван найман насанд хүрээгүй хохирогч Ч.Э, хууль ёсны төлөөлөгч Б.Н,

шүүгдэгч Б.И түүний өмгөөлөгч Д.Ганбат /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0216/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б.Ит холбогдох эрүүгийн 00000000000  дугаартай хэргийг 2018 оны  05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.И Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул Олон улсын худалдааны төв дээр унадаг дугуй зардаг ажилтай, ам бүл 2, 6 насны хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, баруун баян уулын 0 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Б.И нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 9-37 тоот хашааны гадаа насанд хүрээгүй Ч.Э-ийн эд хөрөнгийг авахаар хоолойг нь хүзүүний ороолтоор боож, хүч хэрэглэн довтолж, “Нокиа” 206 маркийн 2 сим карт ордог, хар өнгийн товчлууртай гар утсыг авч, бусдад 50,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.И мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дүнжингарав худалдааны төвөөс бараагаа очиж авахдаа 16 цагийн үед бараа ачилцсан жолоочтой 2 шил архи хувааж уусан. Тэгээд гэр рүүгээ явсан. Тэгээд 16 цагаас хойш болсон үйл явдлыг санахгүй байна, яаж харьснаа ч мэдэхгүй байна гэв.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт арван найман насанд хүрээгүй хохирогч Ч.Э мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Баянхошууны 112 автобусны буудал дээр буугаад гэр рүүгээ явж байсан чинь араас нэг хүн ам дараад ороолтоор хоолойг минь боогоод гараараа ам таглаад, чимээгүй байгаарай гээд өмд рүү гараа хийгээд алцай гэж хэлсэн. Тэгээд нилээн ноцолдож байгаад хүний чимээ гарсан чинь гэнэт тэр хүн яваад өгсөн. Тэгээд гар утсаа үзсэн чинь байхгүй байсан. Тэр хүнээс ямар ч архи үнэртээгүй. Гар утсаа буцааж авсан. Гар утсан дотор хийсэн байсан дуу, дэлгэцний өнгө зэргээр утсаа таньж буцааж авсан. Тухайн үед миний өмсөж явсан хувцасны халааснаас гар утас унахаар хэмжээнд бол байгаагүй. Тэгэхээр энэ хүн миний халааснаас гар утсыг авсан байх. Тухайн хүн хар хөх куртиктэй, малгай өмссөн байсан. Би хажуу талаас нь тухайн үед маш сайн харсан учраас энэ хүнийг би царайгаар нь таньж байна гэв.

 

3.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н мэдүүлэхдээ: Хэрэг гардаг өдөр 14 цаг 50 минутад охин руугаа залгахад сургуулиасаа гарч байна гэсэн. Тэгээд 16.00 цаг гэхэд дахиад утас руу нь залгахад автобуснаас бууж байна гэж хэлсэн. 16 цаг 20 минутад залгахад утас нь унтарсан байхаар нь би сандраад гарах гэтэл миний охин уйлсан байдалтай өөдөөс орж ирээд гар утсаа алдсан гэж хэлсэн. Малгайгүй орж ирсэн. Тэгээд хэрэг болсон газар нь эргэж очиход тэнд малгай нь байсан. Миний охинд учирсан гэмтэл бол байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 0000000000 дугаартай хэргээс:

 

1.Арван найман насанд хүрээгүй хохирогч Ч.Э-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 15 цаг 37 минутын үед хичээлээ тараад гэр лүүгээ Баянзүрх дүүргийн Сансарын үйлчилгээний төвийн ертөнцийн зүгээр зүүн талын автобусны буудал дээрээс Баруун салаа чиглэлийн автобусанд суугаад явсан. 16 цаг 00 минутанд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг 112-ын автобусны буудал дээр буусан. Автобуснаас буугаад ээжтэйгээ автобуснаас буучихлаа гэж утсаар ярьсан. Ээжтэйгээ утсаар ярьчихаад хойшоо гэр лүүгээ явсан. Автобусны буудлын дэргэд байдаг “Арвижих” төвийн баруун талын нарийн гудамжаар ороод хойшоо чиглэлтэй явсан. Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Ногоон чулуутын 0 дүгээр гудамжинд явж байхад гэнэт нэг эрэгтэй хүн миний араас тэврээд авсан ба миний хүзүүнд байсан ороолтыг чангалж боосон. Би эргэж хараад тэр эрэгтэй хүнтэй ноцолдож, зүүн шанаа хавьд нь маажсан. Би орилсон чинь миний амыг таглаад дуугүй бай гэж хэлсэн. Тэр хүн миний өмд рүү гараа хийгээд салтаа руу гараа явуулахаар нь би болиоч ээ гэж хэлсэн. Тэр хүн надад алцайчих гэж хэлсэн. Би боль л доо гэж тэр ахаас гуйсан. Тэгэж байтал хүн явж байгаа хөлийн чимээ гарангуут тэр залуу намайг үлдээгээд урагшаа яваад өгсөн. Тэгээд би гар утсаа аваад ээж рүү залгах гэсэн чинь миний гар утас байхгүй байсан. Тэгээд миний гар утсыг тэр залуу аваад явсан байна гэж бодсон. Би шууд гэр лүүгээ очоод миний гар утсыг нэг эрэгтэй хүн дээрэмдчихлээ гэж ээжид хэлсэн. Ээж миний гар утас руу залгасан чинь миний утас холбогдохгүй байсан. Миний дээрэмдүүлсэн гар утас бол Нокиа 206 маркийн 2 сим карт ордог, хар өнгийн товчлууртай гар утас байсан. Тэр Нокиа 206 маркийн гар утсанд Мобикомын 00000 , Юнителийн 00000 дугаарууд байсан. Би миний гар утсыг дээрэмдэж авсан хүнийг харвал шууд танина. Хөх цэхнэр өнгийн юүдэнтэй богино куртиктэй, бор царайтай 160см орчим өндөр нуруутай, эрэгтэй хүн байсан. Би тэр хүнийг урьд нь харж байгаагүй. Би Нокиа 206 маркийн гар утсыг хамаатны эгч Ц-ээс 2017 оны 03 дугаар сард зүгээр авч байсан болохоор үнэлж мэдэхгүй байна. Миний гар утасны сери дугаар, баталгааны хуудас байхгүй. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 000 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Надад гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. ...” гэх мэдүүлэг [1]

-Арван найман насанд хүрээгүй хохирогч Ч.Э-ийн хэрэг бүртгэлтэд дахин 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн хэрэг болох үед өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчим тэр хүн миний гар утсыг хулгайлсан тэр үед өдөр болж байсан болохоор би царайг нь тод харсан би тэр хүнийг нүд, хамар, царай болон өмсөж явсан хувцас зэргээр нь таньсан. Тухайн үед хумснаасаа шинжилгээнд зориулж дээж авахад би өөрөө сайн дураараа өгсөн, надад ямар нэг татгалзах зүйл байгаагүй. Тухайн үед намайг тэр эрэгтэй миний араас миний хүзүүний ороолтыг татахаар би орилсон чинь гараараа миний амыг дараад дугай бай гээд миний өмдөнд гараа оруулаад салтаанд хүрээд хөлөө алцай гэж хэлсэн. Тэгээд хүн ирж байгаа чимээ сонсогдоход тэр хүн эргээд хурдан алхаад явсан. Миний гар утсыг манай ээжийн эгч Ц 2010 оны үед /сайн санахгүй байна/ Тэди төвөөс 150.000 орчим төгрөгөөр авч байсан. Тухайн үедээ дөнгөж шинээр гарсан үнэтэй утас байсан. Одоо 50.000 төгрөгөөр үнэлэж байна. Би нэг жилийн өмнөөс буюу 2017 оны 01 дүгээр сараас эхлэн нэг сим дээр 000000, нөгөө сим дээр 0000000 гэсэн дугаар дээр ашиглаж байсан. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [2]

-Арван найман насанд хүрээгүй хохирогч Ч.Э-ийн мөрдөн байцаалтад дахин 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Миний гар утас энэ яг мөн байна би дэлгэцнийхээ өнгийг ногоон болгож байсан тэр хэвээрээ байна бас уг утсан дээр миний сонсдог байсан дуунууд бүгдээрээ байна мөн сим карт ордог таг нь тасарсан байсан нь яг мөн байна. Тэр эрэгтэй миний араас ирээд миний ороолтоор боогоод хөлөө алцайлга гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Тухайн үед надад архи үнэртээгүй согтуу байсан эсхийг мэдэхгүй байна. Гомдол саналтай зүйл байхгүй гар утсаа хүлээж авсан. ...” гэх мэдүүлэг [3]

 

2.Гэрч Б.Н-ийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 12  дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Манай охин Ч.Э 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед хичээлээ тараад гэр рүүгээ явж байгаад 112-ын автобусны буудал дээр буугаад алхаж явахад гудамжинд байх зам руу харсан гудамжны ойролцоо явж байтал 160-165см өндөртэй хөх өнгийн өвдөг хүрсэн урттай куртик өмссөн тус куртикны малгайг углаж, даавуу малгай өмссөн байдалтай, бор царайтай, давхраатай бүлтгэр нүдтэй өндөр хамартай залуу байсан гэсэн ба тухайн залуу миний араас тэврээд тэгээд хүзүүнд зүүсэн ороолтноос татаж хоолой боосон. Тэгээд би хашхирсан чинь миний амыг дараад дуугай бай гээд намайг алцай гэж  хэлснээ миний өмд рүү гараа хийхээр нь би болио чээ гэж хэлсэн чинь яваад өгсөн. Тэгээд нөгөө залууг явсны дараа өөрийн өмсөж явсан шар нэхийд гараа хийгээд үзтэл миний халаасанд байсан Нокиа маркийн товчлууртай хар өнгийн корпустай утас маань байхгүй байсан. Тэгээд би тухайн утасны дугаар луу залгаж үзтэл холбогдохгүй байсан гэж хэлсэн. Манай охины биед учирсан гэмтэл байхгүй. Тухайн залуу 35-40 орчим настай. ...” гэх мэдүүлэг [4]

 

3.Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 4 дүгээр сард мэдүүлсэн “...Би тэр гар утсыг 2010 онд Тэди төвөөс 150.000 төгрөгөөр авч байсан. Тэгээд 2016 оны өвөл манай дүү Б.Н-ийн охин Ч.Э гар утсаа хаяаад гар утасгүй болсон болохоор би тэр гар утсаа өгсөн юм. ...” гэх мэдүүлэг [5]

 

4.Гэрч Б.О-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хөдөө ажиллаж байгаад хугацаа нь дуусаад ирсэн. Тэгээд ирснээсээ хойш Б.И-ын гэрт хамт амьдарч байгаа. Тухайн үед шинэ жил болох гээд Б.И Нарантуул зах дээр ёлкны мод зарж байсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өглөө Б.И 07 цагийн үед Нарантуул зах руу явсан бөгөөд би Б.И-ын хүүхэд болох Э-ыг 13 цагаас хичээлд нь хүргэж өгөөд буцаж ирээд орой 17:40 цагаас хүүхдийг нь хичээлээс нь аваад гэрт нь ирсэн. Тэгээд Б.И орой 21 цагийн үед гэртээ ирсэн. Мягмар гараг Нарантуул зах амардаг тэгэхдээ Б.И  тэр өдөр зах гарна гээд гараад явсан яагаад явсан талаар мэдэхгүй байна. Тухайн өдөр цэнхэр малгайтай куртик, саарал бэлтгэлийн өмд, үдээстэй бор гутал өмсөж явсан. ...” гэх мэдүүлэг [6]

 

5.Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтад 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...Миний дүү И нь 1977 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн юм. Бага байхдаа манайх Хуучин Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороонд аав, ээжийн гар дээр өссөн. Багадаа цэцэрлэгт явдаг байсан ба манайх Баянхошууны ЗБУ-нд нүүж ирээд И 00 дугаар сургуульд ороод 000 онд 0 дугаар ангиа төгсөөд тэгээд найз нөхөдтэйгөө Нарантуул зах дээр унадаг дугуй зардаг байсан. Одоог хүртэл унадаг дугуйны сэлбэгэн дээр лангуунд ажиллаж байгаа. Э гэдэг эмэгтэйтэй танилцаад гэр бүл болж нэг хүүхэдтэй болсон. Тэр хүүхдээ 3 сартайд нь манай дүү И дээр үлдээгээд өөр хүнтэй суугаад яваад өгсөн. И хүүхдээ авч ганцаараа өсгөөд одоо 6 настай.Зан байдлын хувьд манай дүү үгэнд их оромтгой, ажил төрөлд сайн дуулгавартай, найзууд нь сайн найзууд байдаг юм. Хүнтэй харьцахдаа хэвийн, хэр баргын муудалцаад байдаггүй элдэв муу зуршил гэх зүйл байхгүй хааяа нэг архи уудаг өөр зүйл байхгүй. Би тэр үед гадаадад байсан манай аав тухайн үед байсан намайг асуухад нэг хэрэгт холбогдоод хоригдоод удалгүй гарсан гэж хэлж байсан. Өөр зүйл мэдэхгүй. Би ямар хэрэгт холбогдсон талаар мэдээгүй манай дүү надад цагдаад очоод мэдүүлэг өгчих гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [7]

 

6.Гэрч Л.С-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 04 дүгээр сард мэдүүлсэн: “...Урьд нь хоёр гурван удаа Б.И-ын ачааг Замын-Үүдээс Улаанбаатар хот руу зөөж өгч байсан юм. Манай аав том тэрэг барьдаг, би туслах хийгээд ачаа барааг нь ачиж өгдөг юм. Б.И нь өвөл болохоор шинэ жилийн мод болон тоглоом, зун болохоор унадаг дугуйны сэлбэг урдаас зөөлгөдөг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын дунд үед шинэ жилийн моднууд Замын-Үүдээс зөөлгөсөн юм. Тэгээд тухайн үед Дүнжингарав дээр ачаа бараагаа буулгаж байхад И ирээд ачаа нь хамгийн доор байсан болохоор намайг ачааг нь буулгаж байх хооронд манай аав Лувсандагватай нэг шил архи уугаад байж байхаар нь би аавдаа уурлаад боль гэж хэлчихээд ачаагаа буулгаж байгаад дахиад нэг харахад И манай аав хоёр дахиад нэг шил архи ууж байсан. Тэгээд ачааг нь гаргаж ирээд И ачаагаа аваад явсан. Б.И тэр үед машингүй ачаагаа хөлсний портер машин дуудаад ачаад аваад явсан. Тэр ачаагаа миний бодлоор Нарантуул зах руу зөөсөн байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг [8]

 

7.Б.И-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн:  “...Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дүнжингарав худалдааны төв дээр бараа авчихаад тэндээ ачаа буулгаж байсан нэрийг нь мэдэхгүй залуутай 2 шил архи хувааж уугаад нилээн согтсон байсан ба Баянхошууны 112-ын автобусны буудал дээр 16 цагаас 17 цагийн хооронд байсан санаж байна, автобуснаас буугаад дээшээ нарийн гудамжаар өгсөөд нийлээн дээшээ яваад баруун тийшээ харсан дэлгүүрээс ундаа авч байснаа санаж байгаа юм тэгээд явж байтал миний урдхан талд нэг эмэгтэй хүүхэд утсаар яриад явж байсан санаж байна. Ямар ч байсан тэр охинтой юм яриад зогсож байсан, тэр охин их айсан байдалтай байсан. Би чухам яг яаснаа сайн санахгүй байна. Би тэгэхэд нилээн согтуу байсан. Тэгээд газар нэг хар өнгийн гар утас унасан байхаар нь би аваад явсан. Миний санаж байгаагаар ийм л зүйл болсон. Уг охины хүсэл зоригын эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн үгүйг сайн санахгүй байна. Би тэр утсыг хүч хэрэглэж аваагүй, газар байхаар нь авсан чинь хар өнгийн “Нокиа” маркийн жижиг гар утас байсан. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ цагдаад дуудагдаж ирээд юу ярихаа мэдэхгүй айсандаа худал мэдүүлсэн юм. ...” гэх мэдүүлэг [9]

 

8. Эд зүйлийн үнэлгээ [10], хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [11], эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл [12], эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл [13], таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [14],

 

  Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.И-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Б.И нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Ногоон чулуутын 000 тоот хашааны гадаа арван найман насанд хүрээгүй Ч.Э-ийн эд хөрөнгийг авах зорилгоор хоолойг нь хохирогчийн зүүж явсан хүзүүний ороолтоор нь боож, хүч хэрэглэн довтолж, “Нокиа 206” маркийн 2 сим карт ордог, хар өнгийн товчлууртай гар утсыг нь дээрэмдэн авч, хохирогчид 50,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Арван найман насанд хүрээгүй хохирогч Ч.Э-ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 15 цаг 37 минутын үед хичээлээ тараад ...16 цаг 00 минутанд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг 112-ын автобусны буудал дээр буусан. Автобуснаас буугаад ээжтэйгээ автобуснаас буучихлаа гэж утсаар ярьсан. Ээжтэйгээ утсаар ярьчихаад хойшоо гэр лүүгээ явсан. Автобусны буудлын дэргэд байдаг “Арвижих” төвийн баруун талын нарийн гудамжаар ороод хойшоо чиглэлтэй явж ... гэнэт нэг эрэгтэй хүн миний араас тэврээд аваад, миний хүзүүнд байсан ороолтыг чангалж боосон. Би эргэж хараад тэр эрэгтэй хүнтэй ноцолдож, зүүн шанаа хавьд нь маажсан. Би орилсон чинь миний амыг таглаад дуугүй бай гэж хэлсэн. ...Тэгэж байтал хүн явж байгаа хөлийн чимээ гарангуут тэр залуу намайг үлдээгээд урагшаа яваад өгсөн. Тэгээд би гар утсаа аваад ээж рүү залгах гэсэн чинь миний гар утас байхгүй байсан. ...Би миний гар утсыг дээрэмдэж авсан хүнийг харвал шууд танина. Хөх цэхнэр өнгийн юүдэнтэй богино куртиктай, бор царайтай 160см орчим өндөр нуруутай, эрэгтэй хүн байсан....” гэх мэдүүлэг [15]

-Арван найман насанд хүрээгүй хохирогч Ч.Эийн хэрэг бүртгэлтэд дахин мэдүүлсэн: “...тэр үед өдөр болж байсан болохоор би царайг нь тод харсан би тэр хүнийг нүд, хамар, царай болон өмсөж явсан хувцас зэргээр нь таньсан. ...тэр эрэгтэй миний араас миний хүзүүний ороолтыг татахаар би орилсон чинь гараараа миний амыг дараад дуугүй бай гэсэн. ......” гэх мэдүүлэг [16], хохирогчийн мөн дахин мэдүүлсэн мэдүүлэг ...” гэх мэдүүлэг [17], шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Гэрч Б.Н-ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...Манай охин Ч.Э 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед хичээлээ тараад гэр рүүгээ явж байгаад 112-ын автобусны буудал дээр буугаад гэр рүүгээ алхаж явахад ...160-165см өндөртэй хөх өнгийн өвдөг хүрсэн урттай куртик өмссөн тус куртикны малгайг углаж, даавуу малгай өмссөн байдалтай, бор царайтай, давхраатай бүлтгэр  нүдтэй өндөр хамартай, ...залуу миний араас тэврээд, хүзүүнд зүүсэн байсан ороолтноос татаж хоолой боосон. Тэгээд би хашгирсан чинь миний амыг дараад дуугай бай гэж хэлсэн. ...Тэгээд нөгөө залууг явсны дараа өөрийн өмсөж явсан шар нэхийд гараа хийгээд үзтэл миний халаасанд байсан Нокиа маркийн товчлууртай хар өнгийн корпустай утас маань байхгүй байсан. ...гэж хэлсэн....” гэх мэдүүлэг [18]

-Гэрч Б.О-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...И тухайн өдөр цэнхэр малгайтай куртик саарал бэлтгэлийн өмд, үдээстэй бор гутал өмсөж явсан. ...” гэх мэдүүлэг [19],

-Б.И-ын хэрэг бүртгэлтэд яллагдагчаар мэдүүлсэн:  “...Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ...нэрийг нь мэдэхгүй залуутай 2 шил архи хувааж уугаад нилээн согтсон байсан. ...Баянхошууны 112-ын автобусны буудал дээр 16 цагаас 17 цагийн хооронд байсан санаж байна автобуснаас буугаад дээшээ нарийн гудамжаар өгсөөд нийлээн дээшээ явсан. ...тэгээд явж байтал миний урдхан талд нэг эмэгтэй хүүхэд утсаар яриад явж байсан санаж байна. Ямар ч байсан тэр охинтой юм яриад зогсож байсан, тэр охин их айсан байдалтай байсан. ...нэг хар өнгийн гар утас унасан байхаар нь би аваад явсан. ...” гэх мэдүүлэг [20]

-Эд зүйлийн үнэлгээ [21], хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [22], эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл [23], эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл [24], таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [25] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Хууль зүйн дүгнэлт

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.И-ыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Хэргийн баримтаас үзвэл Б.И нь хохирогчийн зүүж явсан хүзүүний ороолтыг чангалж, хоолойг нь боосон, дуугүй бай гэж амыг нь дарсан зэрэг хүч хэрэглэсэн байна. Мөн Б.И нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “... гудамжаар явж байхад нэг охин урд утсаар яриад явж байсан, түүнтэй юм ярьснаа санаж байна...” гэж мэдүүлдэг. Үүнээс үзвэл хохирогчтой ноцолдож байгаад түүний гар утсыг аваад явсан нь дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоо хэрэгжүүлж гэмт хэрэг төгссөн байна. Таньж олуулах ажиллагаагаар хохирогчид 4 хүний зураг харуулахад эргэлзээгүйгээр Б.И-ыг шууд таньсан. Мөн гар утсаа таньж хүлээж авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгасан. Бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл гэдгийг хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно” гэж хуульд заасан учраас “хохирогчийн өмд рүү гараа хийснийг бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэхгүй ба хүчиндэх гэмт хэрэг нь халдлага, юуны эсрэг чиглэсэн бэ гэдгийг харах ёстой. Иймд Б.И-ыг дээрэмдэх санаа зорилгоо хэрэгжүүлж, довтолгооноор гэмт хэрэг төгссөн гэж үзэж Б.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатаас “...Б.И нь дээрэм хийхээр хүн биш юм. Учир нь 10 гаруй жил хувиараа бизнес эрхэлж байгаа, өөрийн гэсэн орлогтой юм. Б.И-т холбогдох гэмт хэргийн шинжийг бүрэн тогтоогоогүй гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгчийн хувьд Б.И-ыг огт гэм буруугүй гэж үзэхгүй байна. Харин Б.И нь бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх гэж байгаад больсон байна гэж үзэж байна. Гэхдээ түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан бэлгийн харьцааны шинжтэй үйлдлийн шинжийг хангахгүй байгаа учраас тус гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхгүй. Харин нууцаар хууль бусаар хохирогчийн гар утсыг хулгайлан авсан байна. Гар утасны үнэлгээг 50.000 төгрөгөөр тогтоосон байгаа тул хохирлын хэмжээнд хүрэхгүй. Иймд шүүх түүний хулгайн үйлдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэж мэтгэлцсэн.

 Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд тухайн хэрэг үйл явдал болсон өдөр арван найман насанд хүрээгүй хохирогч Ч.Э гэр рүүгээ 16 цагийн үед явж байхад түүний зүүж явсан хүзүүний ороолтыг чангалж, хоолойг нь боосон, улмаар дуугүй бай гэж амыг нь дарсан хүч хэрэглэсэн үйлдэл шүүгдэгч хийсэн нь тогтоогджээ. Хохирогч нь шүүгдэгчийн үйлдлийг эсэргүүцэж түүнтэй удаан хугацаагаар ноцолдсон, зууралдсан талаар мэдүүлдэг ба энэ үед гэнэт хүн ирж байх чимээ сонсогдсоноор шүүгдэгч үйлдлээ дуусгаж зугтсан байна. Ингээд хохирогч гар утсаа үзэхэд түүний утас байхгүй болсныг мэдсэн байна.

Хууль зүйн хувьд дээрэмдэх гэмт хэрэг нь эд хөрөнгийг авах зорилгоор довтолгоон эхэлж, саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн, идэвхитэй үйлдлээр илэрдэг. Тухайлбал хохирогчийг цохих, боох гэх зэргийг ойлгоно. Довтлох гэдэг нь эд хөрөнгийг нь авах зорилгоор хохирогчийн эсэргүүцэх хүчийг алдагдуулж байгаа идэвхитэй хөдөлгөөнөөр илрэх буюу өөрөөр хэлбэл гэнэдүүлж довтлох, цохих ухаан санааг нь самууруулах зэргийг ойлгох ба сэдэлт нь шунахай сэдэлттэй байна. Тухайн энэ хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч нь хохирогчийн хүзүүний ороолтыг нь чангалж хоолойг нь боож, дуугүй бай гэж амыг нь гараараа хаасан үйлдэл нь хүч хэрэглэсэн үйлдэл бөгөөд довтолгоон эхэлснээр дээрэмийн гэмт хэрэг төгссөн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.И нь бэлгийн шинжтэй үйлдэл хийх гэж байгаад больсон байна гэж мэтгэлцэж байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэргийн “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэдгийг хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгохоор” тайлбарлажээ. Шүүгдэгч Б.И нь хохирогчийн өмд рүү гараа хийсэн, алцай гэж хэлсэн зэрэг үйлдлийг дээрх хуульд заасан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хохирогчийн гар утсыг авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. Дээрмийн гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэсэн үйлдэл байдаг бөгөөд энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэсэн болно. Иймд өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.И нь хохирогчийг утсаар яриад явж байсан, түүнтэй би ярьж байснаа санаж байна гэж мэдүүлдэг боловч үйлдсэн гэмт хэргийн талаар мэдэхгүй байна, санахгүй байна гэх бөгөөд, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Арван найман насанд хүрээгүй хохирогч Ч.Э нь Б.Иыг таньж олуулах ажиллагаагаар таньсан, мөн хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ” би энэ хүнтэй ноцолдож байхдаа хажуу талаас нь царайг нь сайн харсан учраас энэ хүнийг царайгаар нь таньж байна...” гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч Б.Иаас хохирогч Ч.Эийн гар утсыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн зэргээр шүүгдэгч Б.Иын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Тус гэмт хэрэгт шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг дээрэмдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гар утсыг нь буцаан өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 150.000 төгрөг нөхөн төлсөн талаар шүүгдэгч, хохирогч нар мэдүүлсэн, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогч Ч.Эд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.И-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал урьд ял шийтгэгдэж байсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаас шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм хорын хохирол, уршиг, хохирогчид гар утсыг хүлээлгэн өгсөн зэргийг харгалзан үзнэ үү. Мөн шүүгдэгч нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэгдсэнээс хойш 20 гаруй жил төлөвшөөд амьдарч байсан, 6 настай хүүтэйгээ хоёулаа амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, хорих ялын доод хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү гэж мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгч Б.И-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.И нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар 3 удаа ял шийтгэгдэж байсан байна.

Шүүхээс шүүгдэгч Б.И-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт  хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигийг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчмыг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хорих ял шийтгэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж Б.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. Харин өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Б.И нь 6 настай хүүгийн хамт амьдардаг, хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх байх гэж дүгнэлдээ дурдсан боловч хэрэгт ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараас үзвэл Э.Э гэсэн бүртгэлтэй, “эцэг” гэсэн хэсэгт бичилтгүй байх тул хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн Э.Э-ын төрсөний гэрчилгээнд Б.И эцэг нь гэсэн бүртгэл байхгүй байгаа тул хүүхдийн асрамжийг тус шүүх шийдвэрлэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.И-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Б.И-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-ыг 2 (хоёр) жил 9 (ес) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-т оногдуулсан 2 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй,  гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.И-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.И-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 32-33 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 40-41 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 52-53 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 44-45 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 46-47 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 50-51 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 125-126 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 56-57 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 5-8 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 9 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 11 дүгээр тал.

[14] Хавтаст хэргйн 12-14 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 32-33 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 40-41 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 44-45 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 125-126 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 56-57 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 5-8 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 9 дүгээр тал.

[24] Хавтаст хэргийн 11 дүгээр тал.

[25] Хавтаст хэргйн 12-14 дүгээр тал.