Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргал Батзориг |
Хэргийн индекс | 2403002020369 |
Дугаар | 2024/ДШМ/1087 |
Огноо | 2024-09-24 |
Зүйл хэсэг | 27.10.2.3., |
Улсын яллагч | Ч.Батбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2024/ДШМ/1087
2024 9 24 2024/ДШМ/1087
И.Сд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батбаатар,
шүүгдэгч И.С,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/719 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Сы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2403002020369 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
И.С
Шүүгдэгч И.С нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Дарь-Эхээс 17 дугаар сургуулийн уулзвар дэзрх “Тэс” шатахуун түгээх станцын урд талын замд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө 23 цаг 50 минутын орчимд “Hyundai Mighty” маркийн 65-01 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Быг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: И.Сы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч И.Сыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
шүүгдэгч И.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.С нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч И.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд хуулийн мэдлэггүй, цагдаагийн ажилтан өмгөөлөгч авах хэрэггүй гэж зөвлөсний дагуу би шүүх хуралд өмгөөлөгчгүй орсон нь буруу байжээ.
Би Булган аймгийн Бүрэг хангай суманд мал маллан амьдардаг. Ганц бие, малаа айлд түр тавьсан байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ялыг ойлгохгүй байсан ба мэдэж байсан бол тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэж шүүхээс хүсэх байсан. Өмгөөлөгчтэй орсон бол учрыг нь ойлгох байсан. ...Миний хувийн байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг тэнсэх харгалзах ял болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Ч.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын санкцтай бөгөөд шүүхээс шүүгдэгч И.Сд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэн харгалзах ялаар солих хуулийн зохицуулалт байхгүй. Шүүгдэгч И.С нь анхан шатны шүүх хуралдаанд “Булган аймгийн Бүрэгхангай суманд оршин суудаг, тэндээ мал малладаг боловч Улаанбаатар хот, Булган аймгийн хооронд ирж очин байдаг, Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай” гэж мэдүүлсэн тул шүүхээс түүнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч И.С нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Дарь-Эхээс 17 дугаар сургуулийн уулзвар дэзрх “Тэс” шатахуун түгээх станцын урд талын замд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө 23 цаг 50 минутын орчимд “Hyundai Mighty” маркийн 65-01 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Быг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
хохирогч Л.Бын “... 2024 оны 04 дүгээр сарын 04-ний шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэс” шатахуун түгээх станцын урд талын замаар зам хөндлөн гарах гэж байгаад том оврын машинд мөргүүлсэн. Мөргүүлээд толгой хэсгээрээ газар унасан. Тэгээд миний толгойноос их хэмжээний цус гарсан. ... Би өөрийн төрсөн дүү Баярцэндийнд хамт амьдардаг ба амьдрах хугацаандаа гэр бүл зохиож байгаагүй. Надад ямар нэгэн эхнэр, хүүхэд, гэр бүл гэх хүн байхгүй. Миний эмчилгээний зардал болох 300,000 төгрөгийг өгчих юм бол надад өөр нэхэмжлэх зүйл алга байна. Тухайн өдөр явган хүний гарцгүй хэсгээр согтуу гарсан нь миний буруу. ...” /хх 18/,
И.Сы яллагдагчаар өгсөн “... би 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэс шатахуун түгээх станцын урд талын зам дээр явж байтал ертөнцийн зүгээр урд талаас 50 гаруй насны согтуу эрэгтэй зам руу хөндлөн орж ирсэн. Миний унаж явсан тээврийн хэрэгслийн урд талаар орж ирэх үед би яаралтай тоормос гишгээд зогссон. Тухайн явган зорчигч нь миний унаж явсан тээврийн хэрэгслийн жолооч талын кабины хаалганы урд талын нугас орчим мөргөж газар унасан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад өргөж өндийлгөхөд тэр хүний шанаа орчмоос цус гарсан байдалтай байсан. Тэгээд би яаралтай түргэн тусламж дуудсан. ...” /хх 79/ гэсэн мэдүүлгүүд,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-11/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7307 дугаартай “Д.Бын гавлын суурь яс, дух яс, зүүн хоншоорын хөндийн урд ба хажуу хана, хацар ясны нум, ухархайн дээд, доод ба дотор хана хамарсан хугарал, тархины зүүн духны хэсэг дэх тархины хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доторх цус харвалт, духны зүүн хэсэгт шарх, зүүн зовхи, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун тохой, баруун, зүүн шилбэ, зүүн тахимд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. ...” дүгнэлт /хх 34-35/,
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “... тээврийн хэрэгслийн зүүн талын хол ойрын гэрэл заасан стандартын шаардлагыг хангахгүй байна. ...” /хх 39-42/ дүгнэлт,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 779 дугаартай “... “Hyundai Mighty” загварын 65-01СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч И.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажпын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргах нөхцөл байдал үүссэн байна. Явган зорчигч Л.Батулга нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “...Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна...” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдож байна..." гэх магадлагаа /хх 47-49/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч И.Сыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч И.Саас “ ... зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж тэнсэх ялаар сольж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч И.Сд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Харин хэрэгт авагдсан шүүгдэгч И.Сы “... би Булган аймгийн Бүрэгхангай суманд мал маллаж амьдардаг ...” гэх мэдүүлэг /хх 79/, байнгын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 85/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 83/ зэрэг баримтуудаас үзэхэд шүүгдэгч И.Сыг түүний байнгын оршин суугаа хаяг буюу Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд шүүгдэгч И.Сы гаргасан “... тэнсэж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, түүний байнга оршин суугаа хаяг буюу Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлахаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/719 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/719 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтын “... Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож ...” гэснийг “...Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож ...“ гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ