| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2026/0035/З |
| Дугаар | 110/ШШ2026/0052 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 110/ШШ2026/0052
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:А.Д,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Яайн Сьезд,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж нарын хоорондын нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1.Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “А.Д өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, А.Д 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагчид даалгах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч А.Д өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газраас татгалзсан хариу өгснөөр уг шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасан байна.
3. Тус зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “А.Д ирүүлсэн малчнаар өндөр насын тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд, түүний ажиллаж байсан Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдэл нь 1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул тус оныг ажилласан жилд нь оруулан тооцох боломжгүй ба 20-иос дооогүй жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх гэх шаардлагыг хангахгүй тул өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж шийдвэрлэснээр 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Монгол Улсын иргэн А.Д нь улсад 21 жил 10 сар, үүнээс мал маллаж, малчнаар 15-иас доошгүй жил ажилласан, одоо 55 настай малчин юм. А.Дээс Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагч Тогжанд 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох бичиг баримтуудыг хүлээлгэн өгөх гэсэн боловч тэрээр “Таны ажилласан жил хүрэхгүй байна” гэж тэтгэврийн материалуудыг хүлээн авахаас татгалзсан байна. А.Дийн өөрийн тооцоолж байгаа тэрээр улсад 21 жил 10 сар ажилласан гэж үзэж байна. Энэ нь холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэр, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна.
Иймд малчин А.Дээс 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоож өгөх асуудлыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасан. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаар тогтоолоор А.Дийн гомдлыг хангахаас татгалзсан байна. Иймээс иргэн А.Д нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд надаар дамжуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд иргэн А.Дд өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал нь хууль бус болохыг тогтоож, А.Дд 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэв.
5. Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга М.А хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Нэхэмжлэгч А.Д нь 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөл гаргасан. Уг өргөдлийг судалж үзэхэд, түүний ажиллаж байсан Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдэл нь 1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул тус оныг ажилласан жилд нь оруулан тооцох боломжгүй ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан “нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан” гэх шаардлагыг хангахгүй байгаа ба өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж тогтоол гарсан.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т зааснаар “Ажилтан, төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг ажилласан хугацаанд тооцно” гэж заасан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нь хэдийгээр ажилтны буруутай ажил биш ч нийгмийн даатгалын санд их хэмжээний хохирол учруулж байгаад нь анхаарах хэрэгтэй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн “А.Дд өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, А.Дд 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлтэй байна.
2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 5.1.6.нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэж заасан.
3.Нэхэмжлэгч А.Д нь 1970 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 55 настай, 1989-1991 онд хугацаат цэргийн алба хаасан нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 5-6,16 дах тал/ тогтоогдож байгаа ба Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Дараах хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно: 23.1.5.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн цэргийн жинхэнэ алба хаасан нэг жилийг тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нэг жил зургаан сараар тооцсон хугацаа” гэж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэж тус тус зааснаар нийтдээ 3 жилийг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор байна.
4.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 302/ШШ2025/01031 дугаартай шийдвэрээр /Хавтаст хэргийн 9-11 дэх тал/ А.Д нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг болон Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоосон байх ба энэ шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд дээрх байдлаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр А.Д нь Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдэлд малчнаар 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, нийтдээ 3 жил 10 сар 15 хоног малчнаар ажилласан, Дэлүүн сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 6 жил малчин байсан, нийтдээ 9 жил 10 сар 15 хоног малчнаар ажилласан нь тогтоогдсон тул энэхүү үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.
5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 51-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ыг баталсан ба энэ журам нь Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 138 дугаар тогтоолын 7-д “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай” гэж зааснаар хүчингүй болсон байна.
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөгдөж байсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 3.1-т “Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дараах баримт бичгийг үндэслэн тодорхойлно: 3.1.2. даатгуулагч 1991-1994 оны хооронд хувиараа мал малласан бол 1991-1994 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, “Хувиараа аж ахуй эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг бүртгэх тухай” Хөдөлмөрийн сайдын 1991 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 276 дугаар тушаалын дагуу сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалд даатгуулж, орлогоосоо 13.5 хувиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлснийг нотлох хөдөлмөрийн дэвтэр, “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг бүртгэх тооцооны хуудас”, тухайн орон нутагт мал маллаж оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт”, 3.1.5. даатгуулагч 1995 оноос хойших хугацаанд хувиараа мал маллаж, нийгмийн даатгалын шимтгэл сайн дураараа төлсөн, эсхүл ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бол шимтгэл төлснийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, (шаардлагатай тохиолдолд шимтгэл төлөлтийн лавлагаа), Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл (цаашид “А” дансны лавлагаа гэх” гэж тус тус заасан.
6. Нэхэмжлэгч А.Дийн Дэлүүн сумын 3 дугаар багт 1993,1994 онд мал маллаж оршин сууж байсан тухай тус сумын болон 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт хэрэгт авагдсан ба Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан тул А.Дийн ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 8 жилээр /1993-2000 он/ нөхөн тооцсон болохыг баталгаажуулсан байна.
Мөн А.Дийн Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу нийтдээ 3 жил, үүнээс малчнаар 3 жил /2003-2005 он/ тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн болохыг баталгаажуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 7,8,34,39,40 дэх тал/ тус тус тогтоогдсон болно.
7. Дээр дурдсанаар 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хэрэгжиж байсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-д даатгуулагч 1995 оноос хойших хугацаанд хувиараа мал маллаж байсан бол шимтгэл төлснийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл буюу “А” дансны лавлагааг үндэслэн даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заасан.
Мөн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор гаргасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 04/1091 дугаар зөвлөмжид “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дах заалтад “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэж заасан нөхцөлийн хангасан даатгуулагч өөрөөр хүсвэл өндөр насны тэтгэврийг малчны нөхцөлөөр тогтоолгох эрхтэй. Дээрх нөхцөлийг хангасан малчин даатгуулагчийн малчнаар ажилласныг аймаг, дүүргийн төрийн архивын нэгжээс гарган өгч байгаа Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн … оны тооллого”-ын бүртгэл буюу “А” дансыг үндэслэн тогтоож байна” гэж заасан буюу малчин даатгуулагчийн малчнаар ажилласныг “А” дансыг үндэслэн тогтоохоор тус тус зохицуулжээ.
8. Нэхэмжлэгч А.Дийн өрх нь “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын 2024, 2025 оны бүртгэлд малчин өрхөөр бүртгэгдсэн ба тухайн 2024, 2025 онд болон 2026 оны 1 дүгээр сард сайн дурын даатгалын гэрээгээр малчнаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, мөн нэхэмжлэгч А.Д нь 2019 оны 1-12 дугаар сар, 2020 оны 1 дүгээр сард сайн дурын даатгуулагчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 35-38,41-47,62 дах тал/ тогтоогдож байна.
9. Хариуцагч талаас “Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдэл нь 1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул тус оныг А.Дийн ажилласан жилд нь оруулан тооцох боломжгүй ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан “нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан” гэх шаардлагыг хангаагүй” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр малчнаар ажилласнаар тогтоосон хугацааны 1 жилийн /1992 он/ нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэж маргаж байгаа ба үлдсэн 8 жил 10 сар 15 хоногийн хугацаа, цэргийн жинхэнэ алба хааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаа, ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцсон болон малчнаар тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн болохыг баталгаажуулсан хугацаа, 1993,1994, 2024,2025 онд малчнаар ажилласан, тухайн онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, мөн 2019 он, 2020 оны 1 дүгээр сар, 2026 оны 1 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн талаар буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан бусад нөхцөл, болзлыг хангаж байгаа талаар маргаагүй болно.
10. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Дараах хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно: 23.1.2.ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршоолол, шашны байгууллагад 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа” гэж заасан.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдлийн 1992 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой харилцаа нь тухайн үед мөрдөгдөж байсан хуулиудын үйлчлэлд хамаарах ба 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Иргэдийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаа дор дурдсан үйлдвэрийн газар, байгууллага, иргэд нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх үүрэгтэй: 1/ төрийн үйлдвэрийн газар ; 2/улс, орон нутгийн төсвөөр санхүүждэг байгууллага; 3/олон нийтийн болон шашны байгууллага, 4/ хоршоолол, хувийн үйлдвэрийн газар, пүүс” гэж,
Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 он/ 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө”гэж,
Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн /1994 он/ 3 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан байна.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 он/ 3 дугаар зүйлийн 2-т “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно” гэж заасан ба энэхүү “тэтгэврийн болон тэтгэмжийн шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаа”-нд БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийг дагаж мөрдсөн 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хамааруулна гэж Улсын Дээд шүүхээс тайлбарласан байна /УДШ, Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл ,заалтыг тайлбарлах тухай, 2008, тогтоол 47,х.5, мөр 8/.
11. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдлээс 1992 оны нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлсөн баримт байхгүй хэдий ч нэхэмжлэгч А.Дийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Октябрь-39” нэгдэлд малчнаар ажилласан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон бөгөөд 1992 оны нийгмийн даатгалын шимтгэлийг тус нэгдэл нь ажил олгогчийн хувиар заавал төлөх үүрэгтэй байсан, мөн уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор тус тус хуульчилжээ.
Иймээс Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч А.Д нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдэлд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан болох нь тогтоогдсон байхад ажил олгогч “Октябрь-39” нэгдлээс А.Дийн 1992 оны ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих 20 жилийн шаардлагыг хангаагүй гэж буруутгах, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзлээ.
12. Дээрх байдлаар нэхэмжлэгч А.Дийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаа 21 жил 15 хоног /шүүхийн шийдвэрээр тогтоосон 3 жил 10 сар 15 хоног+ цэргийн алба хаасан 3 жил+ нөхөн тооцсон 8 жил+ нөхөн төлсөн 3 жил+ сайн дурын даатгалаар шимтгэл төлсөн 1жил 1 сар + малчнаар шимтгэл төлсөн 2 жил 1 сар/ болж байх ба үүгээр нэхэмжлэгч нь хуульд заасан нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангасан байна.
Түүнчлэн нэхэмжлэгч А.Д нь нийт 16 жил 10 сар 15 хоног малчнаар ажилласан /шүүхийн шийдвэрээр малчнаар ажилласнаар тогтоосон 9 жил 10 сар 15 хоног+ малчнаар тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлснөөр баталгаажуулсан 3 жил, мал маллаж оршин сууж байсан тухай Дэлүүн сумын болон 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, “А” дансыг үндэслэн малчнаар ажилласанд тооцогдох 4 жил/, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл дээрх байдлаар төлөгдсөн байх тул “15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн “ гэсэн шаардлагыг мөн хангасан байгааг дурдах нь зүйтэй.
13. Нэхэмжлэгчээс гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг “нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан гэх шаардлагыг хангахгүй” гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзал нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасантай нийцээгүй, хууль бус бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнд өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагч нийгмийн даатгалын байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
14.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно” гэж заасан.
Нэхэмжлэгчийн хувьд нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргасан хугацаагаар бус харин Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан өдрөөс буюу 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.Дд өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, А.Дд 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЕРКЕШ