| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2409000000636 |
| Дугаар | 2024/ДШМ/1088 |
| Огноо | 2024-09-24 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2024/ДШМ/1088
2024 9 24 2024/ДШМ/1088
А.С, М.Бнарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Отгонбаатар,
шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/690 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Н.Энхбаяр, шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Б.Балжидмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.С, М.Бнарт холбогдох эрүүгийн 2409000000636 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. А.С
2. М.Б
Шүүгдэгч А.С, М.Бнар нь бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас банкны” орчим хохирогч М.Мын биед нүүрэн тус газар нь гараараа цохих, газар татаж унагаан өшиглөх зэргээр халдаж, хүч хэрэглэн түүний эзэмшлийн “iphone 12” загварын гар утсыг халааснаас нь авч 975.000 төгрөгийн хохирол учруулж хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.С, М.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
шүүгдэгч А.С, М.Бнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, М.Бнарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Н.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “тухайн үед баарны гадаа зөндөө хүмүүс муудалцаж байсан. Манай найз тухайн маргааныг салгах гээд яваад өгсөн. Харин бид хоёр сандал дээр сууж байгаад хохирогчтой таарч тийм үйл явдал болсон. Тухайн үед дээрэм тонуул хийнэ гэж бодож байгаагүй” гэх мэдүүлэг өгсөн. Мөн тэрээр хэлэхдээ найз маань нэг сууж байгаа ах дээр очоод цаад ах нь маргалдаад байх шиг байсан. Гэтэл тэр ах манай найзыг цохих шиг болохоор нь би найзыгаа өмөөрч тэр ахыг ганц нэг цохисон гэж ярьдаг. Улмаар нөгөө ах буюу хохирогч найзуудыгаа дуудаж орилоход би зугтаасан ингэхдээ хэн нэгний карманаас унасан бололтой хамт явсан найзын утастай төстэй утас унасан харагдахаар нь найзынхаа утас гэж бодоод аваад явсан гэж ярьдаг. Хэрвээ дээрх нөхцөл байдал үнэн бол дээрмийн гэмт хэрэгт хамтран оролцсоноор зүйлчилсэн нь үндэслэлтэй эсэх, дээрмийн гэмт хэрэгт зайлшгүй байх субьектив санаа зорилго байгаа эсэхийг сайтар тодруулж шалгаагүй байна гэж үзэж байна. М.Бмэдүүлэгтээ дээрэм хийх талаар санаатай урьдчилж тохиролцсон зүйл байхгүй ийм зорилгогүй байснаа хэлсэн байдаг. Иймд тухайн хэргийн нөхцөл байдлыг дан ганц хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан шийдсэнд гомдолтой байна. М.Бнарын хэрэгт гэмт хэргийн шинж байна гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт зааснаар ял хойшлуулах боломжтой байсан гэж үзэж байна. Учир нь М.Бнь 20 настай бөгөөд бие сэтгэлзүйн онцлог нь бүрэн хэмжээнд төлөвшөөгүй, хэргийн нөхцөл байдал ч тэр тохиолдлын эргэлзээтэй шинж чанартай, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдал хүнд ам бүл 7 бөгөөд хагас өнчин олон хүүхэдтэй эхийн хамт амьдардаг ажил хийж амьдралаа авч явдаг хүн цөөн зэрэг олон талын нөхцөл байдлыг харгалзаж насанд хүрээгүй хүнээс үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэх тусгай журмаар шийдвэрлэж ял хойшлуулах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд тус журмаар шийдвэрлүүлж ял өөрчлүүлэх, Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд эн хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Б.Балжидмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэснийг зөрчсөн байна.
Үүнд А.Сын яллагдагчаар өгсөн: “...Би тэр ахыг нүүр хэсэг рүү нь 4 удаа цохисон тэгтэл Билэгсайхан гэнэт гарч ирээд “зугтаарай” гэсэн. Тэгэхээр нь бид нар талбай руу зугтаад явсан. ...Гэртээ харих гээд таксинд суусан тэгтэл М.Бнадад “андаа утсаа ав андаа” гэхээр нь “миний утас биш байна” гэдгийг хэлсэн чинь “нөгөө хүний утас юм шиг байна” гээд Бнайз охин руугаа явсан, би гэр рүүгээ харьсан...” /хх 7/, А.Сын гэрчээр өгсөн: “...Ялалт “май утсаа ав” гээд “Iphone 12” загварын гар утас өгсөн. Би тэр утсыг хараад “наад утас чинь миний утас биш” гэж хэлсэн. Би Ялалтад хандан “Саяны ахын гар утас юм биш үү" гэсэн. Тэр гар утсыг Ялалт аваад явсан...” /хх 42/,
М.Бын яллагдагчаар өгсөн: “...Сын утастай адилхан утас байхаар нь Сын утас байна гэж бодоод аваад яваад өгсөн...” /хх 16/, М.Бын гэрчээр өгсөн: “...Тухайн эрэгтэйн дор нэг ширхэг гар утас уначихсан байсан ба би тэр гар утсыг аваад хүмүүс орилохоор нь гүйсэн. Сын утас гэж бодоод авсан. ...Миний биед байгаа, би тухайн гар утсыг эвдлээгүй...” /хх 46/ /зэрэг мэдүүлгүүд хэрэгт авагджээ. Тус мэдүүлгүүдээс үзэхэд А.С нь хохирогчийн гар утсыг хүч хэрэглэж аваагүй болох, М.Бнь мөн А.С нь гар утас аваагүй гэдгийг тогтвортой мэдүүлсээр ирсэн байна.
Хохирогч М.Мын “...Нэг эрэгтэй нь нүүр хэсэг рүү цохиж газар унагааж, бүгдээрээ дээрээс өшиглөж эхэлсэн. ... “Iphone” загварын гар утас, халаасанд байсан 20-30 мянган төгрөгийн бэлэн мөнгө авчихсан...” /хх 26/, ...Миний санаж байгаагаар хойд халаасанд мөнгө байсан санагдаж байна гэхдээ би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор нарийн сайн мэдэхгүй байна. “CU”-с пиво аваад уусан байж магадгүй. ...” /хх 30/ зэрэг мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн өөртөө бэлэн мөнгө байсан эсэхийг санахгүй, хэн нь гар утсыг авсныг хараагүй, шууд зааж чадаагүй, хоёр удаа өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авах гэж довтолсноор төгсдөг гэмт хэрэг юм. Энэ гэмт хэргийн субъектив талын гол шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авах гэсэн зорилго, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөл, эзэмшилд түргэн хугацаанд шилжүүлэх гэсэн шунахайн сэдэл, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсноор бусдын амь нас, эрүүл мэндэд аюултай буюу гэмтэл, хохирол учрахыг ухамсарласан байдал, энэхүү үр дагавар, хохирол, хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн байна. Гэтэл А.Сын тухайд хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авах субъектив санаа зорилгогүй болох нь “...нөгөө ах Бтай муудалцаад, М.Быг босч ирээд заамдсан, тэгэхээр нь нөгөө ахыг болиулах гээд газар унагасан..." гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл тухайн агшинд бусдын эд зүйлийг авах сэдэлтгүй байсан бөгөөд хохирогчийн гар утсыг М.Бавсныг үйл явдал болоод дууссаны дараа мэдсэн болох нь хангалттай тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ‘Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.”, мөн хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана” гэсэн заалтуудыг тус, тус зөрчиж буюу шүүгдэгч нарыг хууль зүйн туслалцаа авч, мэтгэлцэх боломжоор хангалгүй шүүх хуралдааныг явуулсан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр А.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Шүүгдэгч М.Бдавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэм буруутай болж байгаадаа харамсаж байна. Тухайн үед дээрэм хийсэн зүйл болоогүй. Би маргааш нь Замын-Үүд рүү ажлаар явах байсан тул найзуудтайгаа хамт “Айлофт” баар орсон. Баарнаас гараад 3 найзтайгаа хамт харихаар явж байсан. Баарны үүдэнд сандал дээр сууж байсан ах “тамхи байна уу” гээд хоорондоо маргалдсан. Тэр ах найзуудаа дуудсан чинь манай найз А.С цохиж, өшиглөсөн. Тэгээд зугтах гэж байхад миний хөлийн хажууд А.Сын гар утастай адилхан гар утас байхаар нь найзынхаа гар утас гэж бодоод аваад явсан. Найздаа “гар утсаа ав” гээд өгөхөд “миний гар утас биш” гэж хэлэхэд хүний гар утсыг хууль бусаар авснаа мэдсэн. Би маргааш нь Замын-Үүд рүү ажилд явсан байсан бөгөөд над руу нэг дугаараас залгасан. Би хүний гар утсыг авсан болохоор буруутай гэж бодоод хувь хүнийхээ үүргийг биелүүлж дуудсан хугацаанд нь шууд Замын-Үүдээс автобусанд сууж цагдаагийн байгууллагад ирж гаргаж өгсөн. А.С бид хоёрт дээрэм хийх санаа байгаагүй.” гэв.
Прокурор П.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч А.С, М.Бнар нь урьдаас үгсэн тохиролцож, үйлдлээрээ нэгдэж, хүч хэрэглэж хохирогч М.Мын iphone 12 загварын гар утсыг халааснаас нь хүчээр авсан үйл баримт эргэлзээгүй тогтоогдсон. Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч нарын тайлбарт дурдаж байгаа шиг үйл баримт болоогүй. Хохирогч М.Мын гар утас газар унаагүй байсан нь камерын бичлэгт тодорхой харагддаг. Мөн хохирогч М.Мын зүгээс “тамхи байна уу” гэж эхэлж яриа өдсөн үйл баримт тогтоогдоогүй. Тухайн үед хохирогч М.М биеэ хянах чадваргүй, модон сандал дээр 10 орчим минут сууж байхад шүүгдэгч А.С, М.Бнар хажууд нь ирж суугаад халаасыг нь тэмтэрч үзсэн бөгөөд хохирогч М.М босоод зугтаах үед татаж унагаан нүүр рүү нь өшиглөх зэргээр биед нь хүчээр халдаж, баруун халааснаас нь гар утсыг нь хүчээр гаргаж авч байгаа бичлэг байдаг. Өмгөөлөгч нарын зүгээс гээгдэл эд хөрөнгө байсан гэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нар бие, сэтгэл зүйн хувьд бүрэн хөгжөөгүй гэх үйл баримт тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан. Шүүгдэгч А.С, М.Бнар нь бусдын биед хүч хэрэглэн халдаж, эд зүйлийг нь авсан гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор заасан. Гэтэл шүүгдэгч А.С, М.Бнар нь мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Прокуророос шүүгдэгч А.С, М.Бнарыг бүлэглэн 2024 оны 4 дүгээр сарын 07-ны шөнө 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас банкны” орчим хохирогч М.Мын биед нүүрэн тус газар нь гараараа цохих, газар татаж унагаан өшиглөх зэргээр халдаж, хүч хэрэглэн түүний эзэмшлийн “iphone 12” загварын гар утсыг халааснаас нь авч 975.000 төгрөгийн хохирол учруулж хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх тухайн хэргийг хянан хэлэлцээд, А.С, М.Бнарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэхдээ шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруу, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон зэргийг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах дүгнэлтэд үндэслэл болгосон нотлох баримтуудаар нотлогдсон болох, нотлох баримтын агуулга, аль нотлох баримтууд нь аль шүүгдэгчийг буруутгаж буй гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой болох талаар тус тусад нь хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, дээрэмдэх гэмт хэрэг нь уг хэргийг үйлдэж байгаа этгээд зөвхөн эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор довтолгоон эхэлж, эзэмшигч болон бусад саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нийгэмд аюултай идэвхитэй үйлдлээр тус тус илэрдэг.
Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч нар шунахайн сэдэлтээр дээрмийн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар дурдсан баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”, “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” үндэслэлд хамаарч байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/690 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/690 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч А.С, М.Бнарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ