Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 224

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

улсын яллагч А.Намдаг,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

шүүгдэгч Б.Г түүний өмгөөлөгч Н.Жамъян,

шүүгдэгч Г.С, Х.Лтэдгээрийн өмгөөлөгч Ж.Батхүү,

шинжээч Т.Амартүвшин, Н.Энхцолмон,

гэрч Д.Мөнхтүвшин нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Х овогт Г-ийн С, Т овогт Х-ийн Л-т,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж овогт Б-ын Г нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1705007410175  дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэгт төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Баянгол дүүрэг ... дүгээр хороо ... дүгээр байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Г-ийн С.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Өндөр Улаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүрэг ... дугаар хороо ...... дугаар хороолол ... дүгээр байрны ... тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,  Т овогт Х-ийн Л

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр  Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Баянгол дүүрэг ... дүгээр хороо Горькийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 57 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ж овогт Б-ын Г.

Шүүгдэгч  Г.С нь Х.Л-той бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байрны 3 дугаартай өрөөнд Б.Г-тэй маргалдан зодож Б.Г-ийн бие махбодид нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хана, гайморовын хөндийн урд, ар хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, зүүн ташаан цус хуралт шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Х.Л-нь Г.С-тай бүлэглэн  2017 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байрны 3 дугаартай өрөөнд Б.Г-тэй маргалдан зодож Б.Г-ийн бие махбодид нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хана, гайморовын хөндийн урд, ар хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, зүүн ташаан цус хуралт шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Б.Г-нь Г.С-тай маргалдан зодож бие махбодид нь баруун талын суурь ясны их бие, бага далавч яс, хацар яс, нүдний ухархайн доод хана, гайморын хөндийн урд ар ханын ясны хугарал, баруун чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстын цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С мэдүүлэхдээ: “Тухайн өдөр намайг эрүүлжүүлэхэд ороод байж байтал Л манай өрөөнд орж ирсэн. Тэгтэл гаднаас Г “би Авдрантаас ирсэн та нар намайг яах юм бэ” гээд орилоод орж ирсэн. Лбид хоёр түүнд чимээгүй бай гэдэг шаардлага тавихад биелүүлэхгүй орилоод байсан. Тэгээд Г “босоод ир хоёуланг чинь ална” гэсэн. Тэгээд намайг яваад очиход Л бид хоёрыг заамдсан. Тэгэхээр нь бид хоёр өөрсдөөсөө холдуулах гэж түлхсэн. Тэгэхэд цонхон дээр байсан найздаа “наадахаа өгчих, энэ хоёрыг хатгаад алчихъя” гээд байсан. Бид хоёр түүнийг өөрсдөөсөө холдуулчихаад буцаад хэвтэж байтал Г гэнэт ирээд миний нүүрэн дээр дэвссэн. Би босоод Гийг өөрөөсөө холдуулах гэж оролдсон. Гэхдээ тухайн үедээ Гийн биед хүрч чадаагүй. Лцагдаа нарыг дуудахад тэр дороо ирэлгүй хэсэг хугацааны дараа ирж биднийг салгаад Гийг өөр камерт оруулсан. Өглөө нь Лбид хоёр Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэст очиж асуудлаа шийдүүлээд би Гэмтлийн эмнэлэгт нүдний зургаа авахуулаад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиход Гийг өөр хэрэгт шалгагдаж байгаа гээд Баянгол дүүргийн 2 дугаар хэлтэс рүү аваад явсан байсан. Тэгэхээр нь би Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр яваад очиход Г гадаа тамхи татаад зүгээр зогсож байсан. Би түүнд хандан чамд өргөдөл өгөх гээд явж байна гэхэд Г “ахаа би олон хэрэгт холбогдсон надад битгий өргөдөл өгөөч хоёулаа тохиролцъё, хэрвээ өргөдөл өгөх гэж байгаа бол манай найзад өгчих, манай найз өөрөө хэрэгт оролцоогүй болохоор таны хэргийг даагаад гарчихна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хүн гүтгэж чадахгүй” гэж хэлсэн. Эрүүлжүүлэхэд байхад Г бид хоёр нэг нэгийгээ ганц хоёр удаа цохисон. ЛГийг цохиж зодоогүй. Харин биднийг салгах гэж татаж заамдсан. Би тухайн үед согтолттой байсан. Би сая бүтэн мэдээ алдуулалттай хагалгаанд орсон учраас тухайн үеийн байдлыг сайн санахгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Л мэдүүлэхдээ: “Би Стай бүлэглэн хүн зодсон гэх гэмт хэрэгт холбогдсон. Намайг эрүүлжүүлэх камерт байхад Г орж ирсэн. Тэгээд гадна байсан хүнтэй нийлж биднийг доромжилж ёс бус хэллэг хэлж хашгирсан. Тэгэхээр нь боль гэж хэлэхэд шаардлага хүлээж аваагүй. Авдрантын хорихоос гарч ирсэн гэдэг зүйл ярьсан. Ингээд маргалдсан. Би Гийн биед гэмтэл учрахаар санаатайгаар зодоогүй. Тухайн үед түүнд гэмтэл учрахаар зодоон болоогүй. Би энэ хэрэгт холбогдсон өөрийн бурууг хүлээж байна. Харин Стай нийлж бүлэглэн Гийг зодоогүй. Тухайн үед асуудал үүсэхэд үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч нарыг дуудахад ирээгүй. Зодоон болсны дараа ирсэн. Мөрдөн байцаагч надаас мэдүүлэг авъя гээд юу болсон талаар яриад өг гэхээр нь болсон асуудлын талаар ярьж хүний биед гэмтэл учруулахаар байдал үүсээгүй гэдгийг хэлсэн. Гэтэл ганцхан удаа юу болсон талаар яриулаад гарын үсэг зуруулсан. Дараа нь прокурор дээр дуудаж яллах дүгнэлт үйлдэгдсэн гэж хэлсэн. Ингээд хэрэг шүүх рүү шилжсэн. Миний хувьд хүн бүлэглэж зодоогүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “Тухайн өдөр эрүүлжүүлэх байранд ороход Л,С нар сууж байсан. Манай найз намайг цонхон дээр дуудаад юм ярьж байтал араас чимээгүй бай гээд байсан. Тэгээд би очиж Л,С нартай маргалдаж зодолдсон. Тухайн үед зодолдоод урдаас нь зодоогүй баахан цохиулж байгаад цаашаа шахагдаад доошоо суусан. Нэг мэдэхэд өөрийн эрхгүй Сыг өшиглөсөн байсан. Би Авдрантын хорих гэх зэрэг зүйл яриагүй. Эрүүлжүүлэх камер сольсоны дараа маргалдаж байхдаа ёс бус үг хэллэг хэрэглэсэн. Хэрвээ намайг чимээгүй бай гэж хэлээгүй бол ийм асуудал болохгүй байх байсан гэж бодож байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогчоор Г.С мэдүүлэхдээ: Тухайн үед би Гийн биед гэмтэл учруулахаар чанга цохиогүй. Нүүрэн дээрээ дэвсүүлсэндээ тухайн үедээ гомдолтой байсан. Г надад 800.000 төгрөгийг хохиролд шилжүүлж өгсөн. Надад 1.600.000 төгрөгийн хохирол учирсан. Би Гээс үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэхгүйгээр хоёр биедээ хохирол барагдуулсан гэж үзэж байна. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Б.Г мэдүүлэхдээ: Тухайн өдөр Л,С нар намайг хоёулаа зодсон. Зодуулж дууссаны дараа өөрийн мэдэлгүй Сансабаярыг нэг удаа өшиглөсөн. Өөр камерт орсны дараа бид нар хоорондоо маргалдсан. Ингэж маргалдахдаа янз бүрийн юм ярьсан. Тэрнээс өмнө камерт ороод янз бүрийн юм яриагүй. Би өөрт учирсан хохирлоо Стай тохиролцоод хэрэгсэхгүй болгосон. Надад хохирол нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэв. 

 

Прокуророос Х.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн “эрүүлжүүлэх байрны 3 дугаар өрөөний хаалга руу харсан хяналтын камерын бичлэг” бүхий компакт дискэнд байгаа дүрс бичлэгт Б.Г нь Х.Л,Г.С нарыг заамдаж авахад нь цаашаа түлхэж байгаа, мөн Б.Г нь Г.Сыг хэвтэж байхад нь толгой тус газар нь өшиглөхөд Х.Лнь Б.Гийг цаашаа бие хэсэг рүү нь хөлөөрөө тийрч холдуулж байгаа дүрс бичлэгээр Х.Лнь Б.Гийг зодоогүй харин түүний бусдыг зодсон үйлдлийг таслан зогсоож байгаа нь харагдаж байна.

Хохирогч Б.Гийн “... би тэр хоёрыг заамдаж авсан чинь намайг С нь арагш түлхээд нүүр лүү цохисон. Тэгээд би нүүрээ хамгаалаад доошоогоо тонгойсон чинь миний нүүр лүү өвдөглөсөн. Тэгээд би нүүрээ дараад хэсэг газар хэвтэж байгаад босож иртэл С газар дахиад хэвтэж байхаар нь нүүр лүү нь өшиглөсөн юм. Тэгтэл хажууд байсан залуу салгаад булан руу унагаасан. Тэгээд би хэвтэж байтал нүүр лүү С дахиж өшиглөсөн юм” гэсэн мэдүүлгээр /хэргийн 10 дугаар хуудас/ Х.Лнь Г.Стай бүлэглэж Б.Гийг зодсон нь тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Х.Л-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүхээс Г.Сыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б.Гийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Г.С Б.Г нар хоорондоо маргалдан зодолдож Б.Гийн биед хүндэвтэр хохирол, Г.Сын биед хүнд гэмтэл хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Гэрч А.Дашнямын “... Г намайг жижиг камерын цонхоор дуудаад тамхи байна уу намайг өглөө ирж аваарай гэрийнхэнд битгий хэлээрэй гэж хэлтэл цаанаас нь хамт камерт байсан нэг залуу Гийг чи нааш ир та нар чимээгүй бай гээд орилоод байсан. Тэгээд би цонхоор хараад зогсож байтал нөгөө залуу Гийг заамдаж аваад буланд шахаад дотогшоогоо тонгойлгоод зодоод байсан. Тэгээд би юу ч хийж чадахгүй боль гээд орилоод байсан. Тэгээд байж байтал Г босож ирээд нөгөө залууг өшиглөсөн юм. Тэгээд цагдаа нар салгаад Гийг өөр камерт оруулсан. Миний харсанаар нөгөө залуугийн хүзүү эрүү хоёрын дундуур өшиглөж байх шиг байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай “... Эрүүгийн 17050007410175 дугаартай хэрэгт эрүүлжүүлэх байрны 3 дугаар өрөөний хаалга руу харсан хяналтын камерын бичлэгийг сиди дээр хуулж авсаныг  ...” тогтоол. /хэргийн 21 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Мөнхтүвшингийн “Тус өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 09 дүгээр сарын 13-ны 02 цагт иргэн С нь архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан гэж БГДЗЦх-ийн д/ч Энхбаяр манай эрүүлжүүлэх байранд авчирч эрүүлжүүлсэн. ... Тэгээд эхлээд Сыг 3 дугаартай камерт оруулсан байсан ба араас нь Гийг оруулаад би картыг нь бичиж байтал коридорт хүмүүс орилох чимээ гарахад 3 дугаартай камерт хүмүүс хоорондоо зодолдож байхаар нь цагдаа нар очиж салгаж тусад нь Гийг 2 дугаартай камерт оруулсан юм. Анх эрүүлжүүлэх байранд ирэхэд камерт оруулахаас өмнө уг хоёр хүний биед үзлэг хийсэн ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Харин зодолдсоны дараа С нь миний баруун нүд юм харахгүй бүрэлзээд байна гэхээр нь би гэрлийн урвалд шалгахад баруун нүдний дээд зовхи улайсан, хүүхэн хараа хэвийн байсан болохоор нь буцаагаад камерт нь оруулаад байж байтал хамарнаас нь цус гараад байна гэхээр нь камернаас гаргатал баруун нүдний дээд зовхи хавдаж эхэлж байсан. Харин Г надад тухайн үед үзүүлээгүй юм ярихгүй байсан. Тэгээд өглөө эрүүлжүүлэх байрнаас гарахдаа зүүн шанаа нь хавдаж хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дугаар хуудас/

 

Гэрч Н.Нямгэрэлийн “...Тэгээд шөнө 2 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн эрүүлжүүлэх байрнаас танай нөхрийг энд саатууллаа гэж эмэгтэй хүн мэдэгдсэн. Тэгээд маргааш өглөө нь 08 цагийн үед манай нөхөр намайг цагдаагийн газар хүрээд ир эрүүлжүүлэхээс гарсан байна гэхээр нь би замын цагдаагийн газар очсон чинь манай нөхөр Г.Сын баруун нүд нь хавдаад хацар луугаа орсон, бүхэлдээ хар хөх өнгийн хөхөрсөн байхаар нь асуутал эрүүлжүүлэх байранд хэвтэж байгаад хүнд өшиглүүлсэн гэсэн. Тэгээд би яагаад юунаас болсон юм гэхэд гаднаас нэг залуу орж ирээд томроод зодсон юм. Тэгээд гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл яаралтай хэвт гээд хэвтүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11845 дугаартай:

“1. С.Сын биед баруун талын суурь ясны их бие, бага далавч яс, хацар яс, нүдний ухархайн доод хана, гайморын хөндий урд, ар ханын ясны хугарал, баруун чамархайн, дэлбэнгийн хатуу бүрхүүлийн дээрхи цусан хураа, баруун нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь  мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 37 дугаар хуудас/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 10760 дугаартай Г.Сын өвчний түүх. /хэргийн 42-50 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11949 дугаартай:

“1. Б.Гийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хана, гайморовын хөндийн урд, ар хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, зүүн ташаан цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 56 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Гийн яллагдагчаар өгсөн “ ... намайг эрүүлжүүлэхээр болоод камерт оруултал хоёр эрэгтэй хүн  байсан ба нэг нь үүдэнд зогсоод нөгөө нь газар хэвтэж байсан. Тэгээд би камерт ортол камерын жижиг цонхоор манай найз Дашням би энд байж байхуу эсвэл өглөө хүрээд ирэх үү гэхээр нь өөрөө мэд гэж хэлээд цонхон дээр юм яриад зогсож байтал газар хэвтэж байсан эрэгтэй намайг чимээгүй бол яасан чанга ярьдаг юм гэж хэлэхээр нь би юу гэнээ гээд эргээд хартал нөгөө залуу босчихсон нааш ир яасан том яриатай юм гэхээр нь би очтол нөгөө залуу намайг заамдаж аваад арагшаа түлхээд нүүр рүү цохисон. Тэгээд би нүүрээ дараад доошоогоо тонгойсон чинь нүүр рүү нүүрээ хааж байсан хоёр гарын завсраас хөлөөрөө өвдөглөөд би доошоо унасан. Тэгээд миний зүүн нүд рүү оносон байсан. Тэгээд би хэсэг нүүрээ дараад сууж байгаад боссон чинь нөгөө намайг өвдөглөж зодсон залуу газар буцаад хэвтэж байхаар нь би очоод нүүр рүү нь өшиглөсөн юм. Тэгээд хамт байсан танихгүй байсан залуу салгасан чинь цагдаа нар орж ирээд намайг өөр камер руу оруулсан. Найзтайгаа цонхоор ярихад сайн сонсогдохгүй цонх нь жижиг байсан учраас чанга ярьсан юм. Тэгээд тэрнээс болж нөгөө залуутай хэрүүл маргаан хийсэн. ...Би хэвтэж байхад нь эрүү хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тухайн үед хөлдөө нимгэн кеттэй байсан. Тиймээ би хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 69 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Г.Сын яллагдагчаар өгсөн “ ...Тэгээд би эрүүлжүүлэх байрны камерт ороод газар унтаж байтал гаднаас нэг залуу орж ирээд шууд л орилж чарлаад байхаар нь би чимээгүй байгаач гэтэл миний урдаас томроод надтай камерт байсан залуу бид хоёрыг нөгөө Г заамдсан. Тэгээд би тухайн үеийн асуудлыг сайн санахгүй байна. Тэгээд ноцолдож байгаад би эргээд  хэвтэж байтал нөгөө  залуу ирээд миний нүүр рүү өшиглөсөн чинь гаднаас цагдаа нар орж ирээд салгаад нөгөө Гийг өөр камерт оруулсан юм. ...Би одоо хэрхэн яаж зодсоноо санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 73-74 дүгээр хуудас/

 

Х.Л-ынгэрчээр өгсөн “...Тэгээд би зогсож байтал гаднаас нэг согтуу залууг нэмж манай камерт оруулсан. Тэгтэл нөгөө залууг цонхоор нэг хүн дуудаад орилоод нөгөө юмаа аваад энэ муу хоёрыг хатгаад хаячихъя би Авдрантын шоронгоос гарч ирсэн гээд байсан. Тэгэхээр нь нөгөө газар хэвтэж байсан залуу нөгөө сүүлд ирсэн залууд чи чимээгүй байгаач гэтэл нөгөө залуутай хэрүүл хийгээд байсан. Тэгтэл газар хэвтэж байсан залуу босож ирээд миний хажууд зогстол нөгөө залуу бид хоёр дээр ирээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь бид хоёр чимээгүй бай гэтэл гэнэт л бид хоёрыг заамдаж авахаар нь би өшиглөөд цохисон. Тэгтэл хажуунаас нөгөө залууг зуураад байсан. Тэгээд нөгөө газар хэвтэж байсан залууг хамгийн сүүлд орж ирсэн залуу өшиглөсөн чинь гаднаас цагдаа нар зодоон болоод байна гээд салгаад хамгийн сүүлд орж ирсэн залууг өөр камерт оруулсан юм. Би тэр залууг цохихоор нь өшиглөх үед нөгөө залуу зуурч байсан учраас миний хөл, гар хүрээгүй хий өшиглөж цохисон юм. Ямар нэгэн гэмтэл учруулаагүй. ...Газар хэвтэж байгаад өшиглүүлсэн залуугийн нүд нь хавдаад хөхөрсөн. Хамарнаас нь цус гарч байсан.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 121-122 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Х.Л-ыняллагдагчаар өгсөн “Би прокурорын гаргасан тогтоолтой танилцлаа. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Тэгээд тэр Б.Г гэх залуу чанга яриад нөгөө найздаа нөгөө юмаа өгчих энэ хоёрыг хутгалчихъя гээд над руу эргээд хараад над руу ойртож алхахаар нь намайг хутгалчихаж магадгүй гэж бодоод нөгөө залуу руу  өшиглөж цохиход хий оноогүй болохоор нь би цээжнээс нь барьж аваад дарж суулгасан. Тэр хооронд нь нөгөө газар хэвтэж байсан залуу босож ирсэн байсан. Тэгээд би нөгөө Г гээд залуугаас холдоод зогсож байтал нөгөө С нь газар эргээд хэвтээд  нөгөө залуутай хэрүүл хийгээд сууж байтал Г нь Сыг өшиглөсөн. Тэгэхээр нь би нөгөө Гийг арагшаа нь холдуулаад цагдаа нар ирээд нөгөө залууг өөр өрөөнд оруулсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 126-128 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм.

 

Шүүгдэгч Х.Л-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан Г.Сын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж” үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г Г.С нар нь “чанга ярилаа” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зодолдож  Б.Г нь Г.Сын биед хүнд хохирол, Г.С нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь гэрчийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 10760 дугаартай өвчний түүх, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул  Б.Гийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” Г.Сыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Гийн хохирогч Г.Ст хүнд гэмтэл учруулсан, Г.С нь Б.Гэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь тэдгээрийн санаатай үйлдлийн улмаас үйлдэгджээ.

          Хохирогч Б.Г нь Г.Саас нэхэмжлэх зүйлгүй гэсэн мөн Г.С нь Б.Гээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож гаргуулах төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г, Г.С нар баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

          Шүүхээс Б.Г, Г.С нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бие биедээ төлөх төлбөргүй, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

         

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Х-ийн Л-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Г.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэнийг мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Ж овогт Б-ын Гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х овогт Г-ийн Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Сыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

Г.С  торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г, Г.С нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Г.С, Х.Л,Б.Г нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Б.Г, Г.С нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Г. С, Х.Л,Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ