Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 215/МА2022/00007

 

Г.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 133/ШШ2022/00094 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт оршин суух Б овгийн Г. Э-ийн /РД: ДЭ................/ нэхэмжлэлтэй

Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г. Э миний бие нь 1974 оны 01 сарын 06-нд Есөнбулаг сумд төрсөн. Би 10 дугаар ангиа төгсөөд мал дээр гарч аав, ээжийн хамт мал маллаж байсан. 1991-1997 оныг хүртэл мал маллаж байгаад 1998 онд Л.Б-тай гэр бүл болсон. Гэр бүл болоод мөн хөдөө мал малласан. 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл 1991-1997 оны малын А данс өрхийн тэргүүн буюу аавын нэр дээр бүртгэгдсэн байгаа, мөн 2007-2009 онд ам бүл 1 хүнээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тооцохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31, мөн 2007-2009 оныг дуустал мал маллаж байсныг тогтоож өгнө үү. 1991-1997 онд өмч хувьчлал явагдаж байсан учраас нэгдлийн бичиг баримт гэж байдаггүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Б овгийн Г. Э нь 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумд нөхрийн хамт мал маллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт аав ээжийн хамт мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч Г.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 133/ШШ2022/00094 дугаар шийдвэрийг 2022 оны 02 дугаар сарын 8-ны өдөр гардаж аваад дараах гомдлыг гаргаж байна. Г.Э би 1974 оны 01 дүгээр сарын 06-нд Говь-Алтай аймагт төрсөн. Одоо нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Тэтгэвэр тогтоолгох гэтэл 1991-1997 оны мал маллаж байсан байдлаа тогтоолгож ир гэсэн. Тухайн үед өмч хувьчлал явагдаж бичиг баримт дутмаг байсан учраас би гэрч Б.П-ийг авч ирсэн. 1991-1997 оныг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж миний хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Хүсэлт гаргагч Г.Э нь 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт эцэг, эхийн хамт, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумд нөхрийн хамт мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Анхан шатны шүүх хүсэлт гаргагч Г.Э 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумд нөхрийн хамт мал маллаж байсныг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт эцэг, эхийн хамт мал маллаж байсан болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна.

 

Г.Э нь 1991-1997 онд мал маллаж байсныг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэсэн давж заалдах гомдлын талаарх хэрэгт цугларсан нотлох баримтыг  хянан үзэхэд “...хүсэлт гаргагчийн эцэг Д.Г-ийн жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны хуулбарт 1991-1996 онуудад мал бүртгэгдсэн боловч Д.Г болон бусад хүмүүсийн нэрний ард малчин өрх болон малчдын тоог тэмдэглээгүй, жагсаалт хоосон байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Э эцэг Д.Г нь малчин биш, мал бүхий өрх байсан байна.   

 

Мөн түүнчлэн “...Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1647 дугаартай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1980 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 56 дугаар зарлигаар Н. Ө-ийг алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасугай. Н.Ө-ийн нөхөр Г, хүүхдүүдэд Л 14 настай, Б 10 настай, Э 6 настай, Э 4 настай, Э 1 настай гэж бүртгэгдсэн архивын лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбарт Н. Ө 1946/34, Алтай хотын трестийн агент, Г Тээврийг удирдах газрын жолооч гэж бүртгэгдсэн, Хүн ам орон сууцны 1989 оны улсын тооллогын бүртгэлд Д Г 45 настай, эрэгтэй, Н Ө 41 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн байна.

 

Эдгээр нотлох баримтаас үндэслэн дүгнэхэд хүсэлт гаргагчийн эцэг Д.Г, эх Н.Ө нар нь трестийн агент, Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллахын зэрэгцээ хувьдаа мал өмчилдөг байсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд эдгээр нотлох баримтууд нь Г.Э нь 1991-1997 онд малчнаар ажиллаж байсан болохыг нотлохгүй байна.

 

Г.Э нь эцэг, эхийн хамт малтай байсан боловч байнга мал маллаж, ашиг шимээр нь үндсэн орлогоо олдог малчин байсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь 2007 оноос 2009 оныг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумд нөхрийн хамт мал маллаж байсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Давж заалдах шатны шүүх гомдлыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 133/ШШ2022/00094 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ш.Б

 

ШҮҮГЧИД                          Ч.Э

 

Т.Ж