Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 302/ШШ2025/00538

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: А . Хаяг: Б аймаг, У сум, 2 дугаар багт оршин суух,

Хүсэлт гаргагч: С . Хаяг:Б аймаг, У сум, 2 дугаар багт оршин суух,

Хүсэлт гаргагч: З . Хаяг:Б аймаг, У сум, 4 дүгээр багт оршин суух,

Хүсэлт гаргагч: Т . Хаяг: Б аймаг, У сум, 4 дүгээр багт оршин суух,

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамжаар Н ыг өвөг эцэг З т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч А , С , Т ,

Хүсэлт гаргагч З /У сумаас цахимаар/,

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б ,

Орчуулагч М.Нурасыл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч нараас Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамжаар Н ыг З т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн хүсэлтийн шаардлага гаргаж, хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Хүсэлт гаргагч А , С бид хоёр 2008 онд гэр бүл болсон. Гэр бүл болох үед эцэг,эхтэй нэг гэрт хамт амьдарч байсан. А би айлын том хүүхэд байсан учраас К үндэстний ёс заншлаар том хүүгээ эхнэр бид хоёр эцэг,эхийн нэр дээр буулгаж, үрчлүүлсэн. Харин 2014 онд У сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг сургуулиас багшийн орон тоо гарсан учраас 2-р багт нүүж очиж тэндээ амьдарч байна. Тэгэхэд хүү Н ыг авч явсан, түүнээс хойш хамт амьдарч байгаа болно. Үрчлүүлсэн хүү Н нь одоо 10-р ангиа төгссөн. Цаашдаа сургуулиа төгсөж, их сургуульд орвол төрсөн эцгээр овоглож сургуульд суралцуулах нь зөв гэж үзсэн. Үрчилж авсан эцэг,эх маань одоо өндөр настай, цаашдаа үрчилж авсан хүү Н ыг сургах хүмүүжүүлэх боломжгүй болсон учраас Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамжаар Н ыг З т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлттэй байна гэв.

1.2 Хүсэлт гаргагч З , Т бид хоёрын хүү А нь манай том хүүхэд байсан учраас бидэнтэй хамт амьдарч байсан. К үндэстний ёс заншлын дагуу том хүүгийн хүүхдийг үрчилж авсан. Үрчилж авсан ч гэсэн өдий хүртэл өөрийнхөө төрсөн эцэг, эхтэй хамт амьдарч байгаа. Дээрээс нь бид хоёр өндөр настай, эрүүл мэндийн хувьд хүүхдээ цаашдаа асарч чадахгүй учраас хүүгээ буцааж өгөх хүсэлттэй байна. Өөрийнхөө төрсөн эцэг, эх нь цаашдаа Н хүүгээ сурган хүмүүжүүлж, тэжээн тэтгэхийг хүсэж байна. Тийм учраас үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү. Бид хоёр зургаан хүүхэдтэй. Үрчилж авсан хүүхэдтэй хамт долуулаа. Хүсэлт гаргагч А нь бидний 3 дахь хүүхэд байгаа.Гэхдээ эрэгтэй хүүхдээс том нь ба 1980 онд охин БА гүл, 1981 охин Х , 1983 онд хүү А , 1984 онд Б , 1990 онд Ж , 1991 Н нарыг төрүүлсэн юм. Иймд Н ын үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлттэй байна гэв.

2.Хүсэлт гаргагчаас А ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамж, А , З , Т нарын иргэний үнэмлэхийн хуулбар, З.Н ын төрсний бүртгэлийн лавлагаа, А , С нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, З.Н ын хүсэлт, Б аймгийн У сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, У сумын 3 дугаар дунд сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, А , С нарын хүсэлт, З , Т нарын хүсэлт, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн У сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, З ын хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.

3.Шүүхийн журмаар Б аймгийн У хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/1313 дугаартай албан бичгээр хүргүүлсэн иргэн А , С , З , Т , З.Н нарын ХААТР маягтууд, З.Н ын төрсний, үрчилсний бүртгэлийн журналын хуулбар, А , С нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Шүүхээс хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг тэдний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-д хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна гэж зааснаар шүүхээс хүүхэд үрчилж авсан өвөг эцэг З , эмэг эх Т , хүүхэд үрчлүүлсэн төрүүлсэн эх С нарыг шүүх хуралдаанд хэргийн оролцогчоор буюу хүсэлт гаргагчаар тус тус оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

6.Хүсэлт гаргагч нараас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... А , С бид хоёр 2008 онд гэр бүл болсон. Гэр бүл болох үед эцэг,эхтэй нэг гэрт хамт амьдарч байсан. А би айлын том хүүхэд байсан учраас К үндэстний ёс заншлаар том хүүгээ эхнэр бид хоёр эцэг,эхийн нэр дээр буулгаж, үрчлүүлсэн. Харин 2014 онд У сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг сургуулиас багшийн орон тоо гарсан учраас 2-р багт нүүж очиж тэндээ амьдарч байна. Тэгэхэд хүү Н ыг авч явсан, түүнээс хойш хамт амьдарч байгаа ба цаашдаа сургуулиа төгсөж, их сургуульд орвол төрсөн эцгээр овоглож сургуульд суралцуулах нь зөв гэж үзсэн. Үрчилж авсан эцэг,эх маань одоо өндөр настай, цаашдаа үрчилж авсан хүү Н ыг сургах хүмүүжүүлэх боломжгүй болсон учраас гэж, З , Т бид хоёрын хүү А нь манай том хүүхэд байсан учраас бидэнтэй хамт амьдарч байсан. К үндэстний ёс заншлын дагуу том хүүгийн хүүхдийг үрчилж авсан. Үрчилж авсан ч гэсэн өдий хүртэл өөрийнхөө төрсөн эцэг, эхтэй хамт амьдарч байгаа. Дээрээс нь бид хоёр өндөр настай, эрүүл мэндийн хувьд хүүхдээ цаашдаа асарч чадахгүй учраас хүүгээ буцааж өгөх хүсэлттэй байна. Тийм учраас үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэж тус тус тодорхойлжээ.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулснаар хүсэлт гаргагч нараас харьяаллын дагуу шүүхэд хүсэлтээ гаргасан байна.

8.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

8.1 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг УЕ газар, У мэдээллийн сангаас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 00 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар хүсэлт гаргагч А , С нар хууль ёсны эхнэр, нөхөр болох нь нотлогдож байна.

8.2 Хүсэлт гаргагч А , С нарын дундаас 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Н ыг 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б аймгийн У сумын Засаг даргын Хүүхэд үрчлэх тухай 101 дугаартай захирамжаар өвөг эцэг Б овогтой З т үрчлүүлж, улмаар 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б аймгийн У сумын үрчлэлтийн бүртгэлийн 15-рт бүртгэсэн болох нь тус аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 382 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 101 дугаар захирамж, тус аймгийн У хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/1313 дугаартай албан бичгээр ирүүлсэн А.Н ын төрсний бүртгэлийн болон үрчилсний бүртгэлийн лавлагаа, үрчилсний бүртгэлийн журнал, хүсэлт гаргагч нарын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

8.3 Үрчлэгдсэн хүүхэд А.Н нь одоо Б аймгийн У сумын Хөх хөтөл багийн Ерөнхий боловсролын сургуулийн 10а сурч, одоо төрүүлсэн эцэг А , эх С нарын хамт У сумын 02 дугаар багт амьдарч байгаа болох нь тус багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар тогтоогдож байна.

8.4 Гэтэл Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж, мөн хуулийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж зааснаас үзэхэд Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 08 дүгээр сарын 30-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 101 дугаартай захирамжаар Б овогтой З т үрчлүүлсэн үрчлэлт нь Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд заасан журмын дагуу явагдсан болох нь хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

8.5 Харин хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлага, түүний агуулга, А , С , З , Т нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зорилго зэргээс үзэхэд хүсэлтийн шаардлагын үндэслэл нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан үндэслэлд хамаарч байна.

8.6 Нөгөөтээгүүр хүсэлт гаргагч А , С нар нь Н ыг Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 101 дугаартай захирамжаар Н ыг өвөг эцэг Б овогтой З т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгох хүсэлтийн шаардлагыг үрчлэн авагч З хүлээн зөвшөөрсөн бөгөөд үрчлэгдэгч хүү З.Н нь одоо өөрийн төрүүлсэн эцэг, эх болох А , С нартай хамт амьдардаг. Хүүхэд эцэг, эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжид байх эрхтэй. Энэ нь хүүхэд эцэг эхээ мэдэх, эцэг, эхтэйгээ нэг гэр бүлд амьдрах, тэдний хайр халамжид байхыг ойлгоно. Иймд хүүхдийн эрх ашгийн үүднээс Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д зааснаар хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 101 дугаартай захирамжаар Н ыг өвөг эцэг З т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүү Н ыг төрүүлсэн эцэг нь А , эх нь С нарын асрамжид буцаан шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.Иймд дээрх үндэслэлээр хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус баримтлан Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 101 дугаар захирамжаар Н ыг өвөг эцэг Бекей овогтой З т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг баримтлан 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Н ыг төрүүлсэн эцэг А , С нарын асрамжид буцаан шилжүүлсүгэй

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ