Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргал Батзориг |
Хэргийн индекс | 2308 00352 2227 |
Дугаар | 2024/ДШМ/1097 |
Огноо | 2024-09-25 |
Зүйл хэсэг | 17.2.1., |
Улсын яллагч | Н.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2024/ДШМ/1097
2024 9 25 2024/ДШМ/1097
Ч.Д, Ц.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ундрах,
шүүгдэгч Ч.Д,
шүүгдэгч Ц.Б,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Халиунаа,
хохирогч А.Эы өмгөөлөгч Р.Пүрэвлхам,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/717 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Д, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Халиунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Д, Ц.Б нарт холбогдох 2308 00352 2227 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ч.Д
2. Ц.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Д Ц.Б нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 06- ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Мал бордох газраас хохирогч А.Эы БНХАУ руу гаргахаар бэлтгэсэн байсан 25,267 кг адууны махыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 222,349,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан прокурорын газраас: Ч.Д Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Ч.Д, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Ч.Д, Ц.Б нарыг тус тус 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д, Ц.Б нарт эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж,
шүүгдэгч нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
хохирогч А.Э нь гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохиролтой холбоотой гэм хорын хохирлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж,
эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Д давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ч.Д би эртний танил Ин гэх Хятад эмэгтэйтэй 2022 оноос эхлэн холбогдож Хятад руу мах гаргах асуудлаар ярилцаж эхэлсэн. Тухайн үед гэрч С.Ц нь Ин-гийн орчуулагчаар ажиллаж байсан бөгөөд бид дундын вичат групп үүсгэн хоорондоо чаталдаг байсан. Бид нэлээн удаан ярилцаж хэлэлцсэний дүнд би Ин-рүү нийт 24,527 кг адууны махыг ачуулсан. Үүнээс хойш Ин махны төлбөр тооцоог хийнэ гэж янз бүрийн шалтаг хэлж явсаар 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөнгөө асуутал Ин урдах тооцоог явуулж “чи надад өртэй учраас махны мөнгийг өгөхгүй” гэж хэлсэн. Ингээд би 2022.12.25-ны өдөр өглөө 10 цагийн үед Ин-д залилуулсанаа мэдсэн. 2022 онд Ин-тэй холбогдсоноос хойш 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний мөнгийг өгөхгүй гэж хэлэх хүртэлх бүх яриа, чат нь Ин, орчуулагч С.Ц бид 3-ын байдаг вичат группт одоог хүртэл хадгалаатай байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьж явсны улмаас би эдгээр чатуудыг ч нотлох баримтаар өгч чадаагүй. ...Би залилуулсан талаараа мэдсэн даруйдаа буюу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бийлэг ХХК-иас иргэн Ч.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 24,527 кг адууны махаа бусдад зараад залилуулсан” гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасныг хүлээн авч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл үйлдсэн ба хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. ... БНХАУ-ын иргэн Ин нь намайг залилахынхаа өмнөх нь манай үйлдвэрт 5 тонн, эмээлтийн үйлдвэрт 20 тонн нийт 25 тонн адууны махыг өөрийн мөнгөөр бэлтгэн БНХАУ-руу гаргах гэж байгааг мэдэж байсан тул хувийн журмаар хайж байгаад би гэрч М.Эгийн тусламжтайгаар махыг хаана байгааг мэдэж, хариуцаж байгаа гэх хүнтэй нь буюу А.Этай очиж уулзсан. ...Тухайн үед А.Э нь ямарваа маргаан үүсгэлгүйгээр махны хүнтэй яриад асуудлыг шийдвэрлэнэ, махаа ав гэж зөвшөөрснийг гэрч М.Э болон өмгөөлөгч Д.Б нарын тайлбар, хэрэгт авагдсан видео бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотолно.
... Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо уг бичлэгүүдийг “...хохирогчийн бухимдсан, маргааныг намжаах зорилготой хэлсэн үгийг гар утасны бичлэгт буулган, тасалж авах байдлаар тайлбарлаж байна. Хохирогч ихэд бухимдсан, залхсан байдалтай байна. Э бишээ Д ав гэсэн хэсгийг таслан авч чингэлэгтэй махыг ачиж явсан, А.Эы зөвшөөрөлгүйгээр хийгдсэн” гэж илт хохирогчид ашигтай байдлаар таслан авч тайлбарласан байна. ... 2023 оны 01 дүгээр сарын 07, 08-ны өдөр ч би эмээлтэд М.Эийг эргэж, хань болж М.Э, А.Э нартай хамт байсан шүү дээ. Энэ үед А.Э лав намайг дээрэмдчихлээ гэж надтай нэг ч удаа ярьж, цагдаа сэргийлэх дуудаагүй. Энэ талаар гэрч М.Э шүүх хуралдаанд мэдүүлсэн.
... Ингээд би яллагдагчаар татагдсанаа мэдсэний дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагийн нэгдүгээр хэлтэст өөрийн гэм буруугүйг нотлуулахаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан. /2хх 125/ Гэвч уг хүсэлтэд дурдсан нэг ч ажиллагаа хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Өөрийн хохирогчоор оролцож байсан хэрэгтээ олон сарын дараа яллагдагчаар татагдаад, өөрийн гэм буруугүйг нотолсон нэг ч ажиллагаа хийлгэж чадалгүй энэ хэргийг шийдвэрлүүлсэндээ гомдолтой байна.
Энэ хэрэгт Ин бид хоёрын орчуулагчаар ажиллаж байсан С.Ц анх удаа 2023.01.02-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бодит байдалтай дөхсөн мэдүүлэг өгсөн байдаг боловч дараагийн мэдүүлгүүд нь илт зөрүүтэй, хохирогч А.Этай мэдүүлгээ нийлүүлж өгсөн байсан. Хэрэгт мах 25.267 кг мах ачсан гэх чингэлэг нь Ин-ийн Хятадаас над руу 2022 оны 6 сараас 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд явуулж манай үйлдвэрийн хашаанд буусан 4 чингэлэгийн нэг юм. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Ц нь хуурамч нотлох баримт бүрдүүлэн уг чингэлгийг өөртөө авсан байна. Угтаа бол Ин төлбөр тооцоог нь төлөөд манай руу явуулсан 4 чингэлгийн нэг юм. Хожим ООLU615918 (О) дугаар чингэлэгт ачсан 25.267 кг адууны махыг Ин-тэй холбоогүй болгож харагдуулахын тулд хохирогч А.Этай хуйвалдан хуурамч бичиг баримт бүрдүүлж өөртөө авсан асуудал гэж бодсон. Гэхдээ С.Ц хамгийн анх гэрчээр өсгөн мэдүүлэгтээ уг мах ачсан чингэлийг Ин-гийх гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. ... 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мах бордох үйлдвэрт “дээрэмдэх” гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд би эмээлтийн үйлдвэрт Э, Э нартай хамт л байж байсан. Тухайн цаг мөчид Э нь өөрийнх нь зөвшөөрлөөр махыг 2 өмгөөлөгч очиж авч байгааг мэдэж байсан учраас ямар ч дээрэмдэх гэмт хэрэгтэй холбоотой зүйл болох нь битгий хэл бид хоорондоо ярилцаагүй. Мах бордох үйлдвэрт “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэж намайг хүүгийн минь хамт яллаж байгаа мөртлөө уг үйлдвэр дээрээ хэргийн газрын үзлэг хийгээгүй, хэрэг болсон гэх газар байсан 5 хүнээс гэрчийн мэдүүлэг авч бодит байдлыг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож намайг болон миний хүү Ц.Бийг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Д.Б намайг “махыг очиж авах үед машин бариад хамт явна шүү” гэж хэлсний дагуу би 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мах бордох газар руу Д.Б, О нарын хамт явсан. Биднийг очиход хашааг хариуцаж байсан Өвөрмонгол залуу байсан ба бас нэг Монгол хүн хог шүүрдээд байж байсан. Өмгөөлөгч Д.Б, О, Өвөрмонгол нар хэсэг хугацаанд ярилцаж байгаад өмгөөлөгч Д.Б намайг ороод ир гэж дуудсан. Тэгээд намайг ороход Өвөрмонгол залуу өөрийн утсаараа Ин-тэй видео дуудлага хийчихсэн зогсож байсан. Өмгөөлөгч Д.Б надаас утсан дээр ярьж байгаа эмэгтэй энэ хэн бэ гэж асуухаар нь “Ин байна” гэж хэлээд би Ин-тэй мэндэлсэн. Тухайн үед мах байгаа газарт очоод Өвөрмонгол залуутай уулзаад Д.Б өмгөөлөгч А.Эы бичлэгийг үзүүлээд мах авах гэж байгаагаа хэлэхэд Өвөрмонгол залуу А.Эыг танихгүй, махны эзнээс асууж зөвшөөрөл авч байж өгнө гээд өөрөө Ин рүү видео дуудлага хийж, зөвшөөрөл өгсөн учраас махыг өгч явуулсан. Энэ үйл явдлыг өмгөөлөгч Д.Б, О нар бичлэгээр баримтжуулж авч байсан.
... Анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мах бордох газарт болсон үйл явдлыг дээрмийн гэмт хэрэг гэж үзэж байгаа юм бол тухайн үед Өвөрмонгол залуутай махыг авахаар ярилцсан өмгөөлөгч Д.Б болон О нарын үйлдэл юу болж таарах вэ? Бид хамт очоод гэмт хэрэгт хамтран оролцоод дээрэм хийгээд байгаа юм уу? Би болон миний ээж Ч.Д нар А.Эы бичлэгийг хэнд ч үзүүлж мах авах үйлдэл хийгээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэт нэг талыг барьж зөвхөн намайг болон ээжийг минь яллах нотлох баримтыг цуглуулж хэрэг болсон газарт байсан хүмүүсийг гэрчээр ч асуугаагүй. Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр ганцхан тухайн хашааны манаач гэх гэрч С.Алтангэрэлийн мэдүүлгээр хохирогч А.Эы бичлэгийг ашиглан чингэлэгтэй махыг авч явсан нь тогтоогдож байна гэж үзсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...Ч.Дгийн өмгөөлөгчийн хувьд өөрийн үйлчлүүлэгчийн залилуулсан гэх асуудалд хууль зүйн туслалцаа үзүүлэх байдлаар оролцож, уг ...25.267 кг адууны махыг түр хугацаанд саатуулан барих, асуудлыг шийдвэрлэтэл битүүмжлэх зорилготой байсан бол шүүгдэгч Ч.Д, Ц.Б нарын хувьд шунахайн сэдэлтээр өөрийн мэдэлд хууль бусаар авах зорилготой байсан”, “... А.Эы зөвшөөрөлгүйгээр... өмчлөгч эд хөрөнгөө өгөхийг зөвшөөрөөгүй байхад...” гэх дүгнэлтүүдийг хийсэн нь үндэслэлгүй. А.Э махыг Ч.Дд өгөх зөвшөөрөл олгосон: ... Гэтэл шүүхээс тухайн зөвшөөрөл өгч байх цаг хугацаанд байсан хүмүүсээс цор ганц А.Эы мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. А.Эы бүх мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байгааг ч харгалзаж үзээгүй.
... Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Ч.Д Ц.Б нарын өмгөөлөгч Г.Халиунаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...14. “ООСL 615918(0)” гэсэн чингэлэгт 25,267 кг адууны мах байсан дээр талууд маргаагүй бөгөөд “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн үнэлгээгээр нийт 222,349,600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан гаргажээ. /1хх 167-170/... Дүгнэлтэд хөрөнгийн шинжээчийн дүгнэлт нь үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох “Тэнцвэр эстимэйт” ХХК, үнэлгээчин Д.А нарын тамга, тэмдэг, гарын үсгээр баталгаажуулагдан хэрэгт хавсаргагдаж, талуудад танилцуулсан байна. Энэхүү үнэлгээний үнийн дүнг зөвшөөрөөгүйтэй холбоотой маргаан тухайн үедээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаагүй, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас зөвхөн шинжилгээ хийх эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй гэснийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.
...“Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь шүүх шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гараагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна.”, 10.3-т “Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.” гэж тус тус заасан.
... Гэтэл мөрдөгч Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан ажиллагааг огт хийлгүйгээр шинжилгээ хийлгэх шийдвэрийг гаргасан байдаг. Мөн “Тэнцвэр Эстимейт” ХХК болон шинжээчийн дүгнэлт гаргасан үнэлгээчин гэх Д.А нарын үнэлгээ хийх зөвшөөрөлтэй холбоотой нэг ширхэг ч бичиг баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүгч нь шинжээчийн дүгнэлт дан ганц тамга, тэмдгээр баталгаажсан юм чинь үндэслэлтэй л байж таараа, шинжээч нар нь эрх бүхий этгээд мөн л байсан байж таараа гэх таамгаар шинжээчийн дүгнэлтийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас зөвхөн шинжилгээ хийх эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй гэж маргаагүй. Уг шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй талаар үндэслэл бүхий тайлбарыг гаргаж шүүх хуралдаанд оролцсон.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний түхай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гараагүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хохирлын хэмжээг тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-ыг ноцтой зөрчиж хууль бусаар нотлох баримт цуглуулж Ч.Д, Ц.Б нарыг ялласан:
Бидний үйлчлүүлэгч Ч.Д нь БНХАУ-ын иргэн “Ин” гэх эмэгтэйд 24,527 кг адууны махыг заруулахаар явуулж, уг адууны махны мөнгийг эргүүлэн авч чадаагүй залилуулсан болохоо 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан гэрч С.Цын 2023.01.02-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг (1хх 98-100), Ч.Дгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог.
Бусдад залилуулсан талаараа мэдсэн даруйдаа буюу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бийлэг ХК-иас иргэн Ч.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 24,527 кг адууны махаа бусдад зараад залилуулсан” гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасныг хүлээн авч Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл үйлдсэн байдаг (1хх 16). Ч.Дгаас гаргасан гомдолд 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 230830352 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. 1хх 01
Хэрэг бүртгэлтийн хэрэгт Ч.Дг хохирогчоор тогтоож, Ч.Д 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ 24527 кг адууны махаа “Ин”-д залилуулсан тухайгаа дэлгэрэнгүй мэдүүлсэн. Ч.Дгийн бусдад залилуулсан гомдлыг шалгах ажиллагаа хуульд заасны дагуу хэрэг бүртгэлтийн хугацаа сунгагдаж явагдаж байсан.
2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хяналтын прокурор Н.Ундрах нь өөрийн санаачилгаар А.Эыг хохирогчоор тогтоож хэргийн агуулгыг “Иргэн А.Э бүгд Найрамдах Хятад Ард улс руу гаргахаар бэлтгэсэн байсан 25,267 кг адууны махыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Мах бордох газраас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ч.Д нь хууль бусаар дээрэмдэн авсан болгон өөрчилж, хууль бусаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ч.Дгийн гомдлоор үүссэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 230830352 дугаартай нээгдсэн хэрэг бүртгэлтийн хэргийн дугаарыг ашиглаж Ч.Д нь А.Эыг дээрэмдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөр хэргийг шалгаж шүүхэд шилжүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолд хэргийн бүртгэлийн дугаар, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн уг хэрэгт хэрэг бүртгэлт явуулах үндэслэлийг тусгана. Тогтоолд хүн хуулийн этгээдийн нэрийг холбогдуулан бичихийг хориглоно”, “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар” ын 14.1 дүгээр зүйлийн 2-т “нэг ижил асуудлаар хэд хэдэн хүнээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг бүртгэлийн нэг дугаарт авч шалгана гэж заасныг тус тус зөрчсөн. Ч.Дгийн гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээгдсэн 230830352 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийн дугаарт А.Эы бусдад дээрэмдүүлсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг шалгасан нь үндэслэлгүй.
Ч.Дгийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бийлэг ХК-иас иргэн Ч.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 24,527 кг адууны махаа бусдад зараад залилуулсан” гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байснаа 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс уг асуудлыг мөрдөгч, прокурор огт шалгаагүй.
Энэ хугацаанд уг асуудлыг огт шалгаагүй хэрнээ Ч.Дгийн бусдад залилуулсан гэх асуудлыг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр СХД-ийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн байцаах алба руу хэргийг шилжүүлсэн нь бас л хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. (2хх 129)
...2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “... Эрүүгийн 2308003522227 дугаартай хэргийг шалгахад яллагдагч Ч.Д нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1.029.000 юань буюу монгол мөнгөөр 500 сая орчим төгрөгийн үнэ бүхий адууны махыг цуглуулж бэлтгэн БНХАУ-руу явуулсан бөгөөд Ин нь бэлтгэн явуулсан махыг хүлээн авч борлуулаад махны мөнгийг өгөхгүй залилсан гэх хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдож байх тул харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлэв” гэсэн агуулга бүхий №30з2-2/494 дугаартай албан тоотоор цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн байцаах алба руу шилжүүлж байгаа нь хуулийн дээрх зохицуулалтыг ноцтой зөрчсөн байна.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хэрэгт хамааралтай ач холбогдолтой баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан бодитоор үнэлээгүйгээс хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй:
Хохирогч А Э гэрч С.Ц нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрс зөрүүтэй мэдүүлгүүд өгсөөр байтал мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагаа хийгээгүй атлаа нэг мэдүүлгийг сонгон авч, хохирлын хэмжээг тогтоож, яллах нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй байна.
Хохирогч А.Э нь хохирлын хэмжээ, дээрмийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хаана байсан, гэмт хэрэг гарсан талаар хэнээс сонссон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд зөрүүтэй мэдүүлгүүд өгдөг.
...Дээрмийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хаана байсан, гэмт хэргийн хохирогч болсноо хэзээ хэрхэн мэдсэн талаараа хохирогч эрс зөрүүтэй мэдүүлдэг:
... Махыг дээрэмдсэн гэх үйл явдал 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр болсон. Үүнээс хойш та цагдаад хэзээ өргөдөл гомдол гаргасан бэ? гэж асуухад 2023 оны 01 дүгээр сарын 07-ны орой байх гэж хариулна. Бичгээр гомдол гаргаж хандсан уу? гэж асуухад “бичгээр өргөдөл гаргаад тооцоогоо гаргаж өгсөн” гэж хариулна.
Гэтэл хохирогч А.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр махыг авч явснаас хойш М.Э болон Ч.Д нартай хамт эмээлтийн хашаанд хамтдаа байсан нь гэрч М.Эгийн шүүх хуралдаанд өгсөн “Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Халиунаа: Д өөрийнхөө асуудлыг шийдсэн гээд явснаас хойш хэд хоносон бэ? Гэрч М.Э: 1 хоног болсон байх ” гэх мэдүүлэг
Хохирогч А.Э махыг үлдээсэн хашааны талаар зөрүүтэй мэдүүлгүүд өгдөг:
2023.01.03-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “…Махыг өөрийн таньдаг хүнийхээ үйлдвэрийн хашаанд буулгаж авсан.
2023.11,20-ны өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд: “..Би таньдаг залуугийн өвөрмонгол хашаанд түр үлдээсэн байсан юм.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ (хурлын тэмдэглэлийн 20 хуудас): “…Хашаанд байгаа 2 хүний хэнийг нь таньдаг юм бэ? гэж асуухад танихгүй гэж хариулна.
Гэтэл хэрэгт авагдсан мах бордохын хашаанд Оийн хийсэн 14 секунтийн бичлэгт (1хх 67-70) “Өмгөөлөгч Д.Б Өвөрмонгол залууд А.Эы бичлэгийг үзүүлэхэд Өвөрмонгол залуу А.Эыг танихгүй “Энэ хэн юм бэ?” гэж асуухад өмгөөлөгч Д.Б “Э” гэж хариулахад танихгүй гайхаж өөрийн видео дуудлага хийж байгаа эмэгтэйн зургийг гар утсаараа үзүүлдэг. Өмгөөлөгч Д.Б “наадах чинь хэн юм, энэ хэн гэдэг хүн юм” гээд А.Эы бичлэгийг видео дуудлага хийж байгаа хүнд үзүүлдэг”. Өөрөөр хэлбэл, тухайн хашаанд байсан өвөрмонгол нь А.Эыг танихгүй, махны эзэнтэй ярина гээд Ин-тэй ярьсан байдаг.
Хууль сануулж гэрч, хохирогчоор мэдүүлэг өгсөн А.Эы мэдүүлгүүд дээрх байдлаар илт зөрүүтэй байдаг бөгөөд гэрч С.Цын мэдүүлэгтэй ч зөрдөг.
Хууль сануулж өгсөн С.Цын гэрчийн мэдүүлгүүд өөр хоорондоо болон хохирогч А.Эы мэдүүлгүүдтэй эрс зөрүүтэй мэдүүлгүүд өгсөөр байтал мэдүүлгийн зөрүүт арилгах ажиллагаа хийгээгүй атлаа нэг мэдүүлгийг сонгон авч, хохирлын хэмжээг тогтоож, яллах нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй талаар:
Анхан шатны шүүхээс Ч.Д, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан “дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Шүүхээс гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэх үйлдэл, оролцоог тодорхойлохдоо “...Шүүгдэгч Ч.Дгийн хувьд БНХАУ-ын иргэн “Ин” гэх хүнд залилуулсан гэх агуулга бүхий гомдол мэдээлэл гаргаж байсан боловч 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч А.Эы эд хөрөнгийг хууль бусаар авснаас хойш уг гомдол мэдээллийг шийдвэрлүүлэхээр хандаагүй, эс үйлдэхүй үзүүлж байсан нь шүүхийн хэлэлцүүлэг, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах прокурорын тогтоолоор тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Ц.Бийн хувьд өөрийн компани дээр 5 тонн мах бэлтгэсэн ажлын хөлсийг авсан атлаа... 25 тонн адууны махыг хууль бусаар авахаар төрсөн эх Ч.Дтай бүлэглэн гүйцэтгэсэн буюу хамтран оролцоотой гэж үзсэн нь зөв байна” гэх маш ойлгомжгүй дүгнэлтийг хийжээ.
... Хэрэг болсон гэх газарт шүүгдэгч Ц.Б, өмгөөлөгч Б, Б өмгөөлөгчийг дагаж явсан О, Өвөрмонгол манаач, Монгол манаач, махыг ачиж авч явсан 3 том машины жолооч зэрэг нийт 8 хүн байсан.
... Бодит байдал дээр А.Эы бичлэгийн хэсгийг Өвөрмонгол залууд өмгөөлөгч Д.Б үзүүлж харилцан ярилцаж байгаа нотлох баримт хэрэгт авагдсан байдаг. Өмгөөлөгч ажлаа хийж явсан. Тэгвэл өмгөөлөгчийн ажил үүргийнхээ хүрээнд А.Этай, хашааны Өвөрмонгол залуутай харилцан тохиролцож адууны махыг үйлчлүүлэгчдээ авч өгч байгаа үйлдлийн үр дагаварт шүүгдэгч нар “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдаж байгаа нь шударга ёсонд нийцэх үү?
2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байгаа бол хэдий хугацаанд уг гэмт хэрэг үргэлжилсэн бэ? Хашаанд хамтдаа орсон Ч.Б, өмгөөлөгч Д.Б, О нар адууны махыг хашаанаас авч гарах хүртэл ямар ямар үйлдэл хийсэн бэ? О болон махыг ачиж явсан 3 том машины жолоочоос тухайн үед болсон үйл явдлыг яагаад огт тодруулаагүй вэ?
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй атлаа шүүгдэгч нарыг бүлэглэж “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа нь үндэслэлгүй байна.
5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Д, Ц.Б нар нь түүнийг БНХАУ-ын иргэн “Ин” гэх хүнтэй хамтран ажилладаг, түүний мах гэсэн үндэслэлгүй маргаан үүсгэн, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч нар нь хохирогч А.Эы зөвшөөрөлгүйгээр “OOLU 615918 (0) гэсэн чингэлэгтэй, 25,267 кг адууны махыг илээр, хууль бусаар ачин авч явж, дур мэдэн захиран зариуулсан нь тогтоогдож байх ба ... дээрмийн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон.
Ч.Д, Д.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.
25.267 кг адууны махыг хууль бусаар авахын тулд А.Этай үндэслэлгүй маргаан үүсгээгүй талаар:
Ч.Д нь БНХАУ-ын иргэн “Ин” гэх эмэгтэйд 24,527 кг адууны махыг заруулахаар явуулж, уг адууны махны мөнгийг эргүүлэн авч чадаагүй залилуулсан болохоо 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан гэрч С.Цын 2023.01.02-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг (1хх 98-100), Ч.Дгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог. Бусдад залилуулсан талаараа мэдсэн даруйдаа буюу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бийлэг ХК-иас иргэн Ч.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 24,527 кг адууны махаа бусдад зараад залилуулсан” гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан.
Яг энэ цаг хугацаанд БНХАУ-ын иргэн “Ин” нь Ч.Дгийн үйлдвэрт 5 тонн, эмээлтийн үйлдвэрт 20 тонн нийт 25 тонн адууны махыг өөрийн мөнгөөр бэлтгэн БНХАУ-руу гаргах гэж байгааг мэдэж байсан тул хувийн журмаар хайж байгаад гэрч М.Эгийн тусламжтайгаар махыг хаана байгааг мэдэж, хариуцаж байгаа гэх хүнтэй нь буюу очиж уулзсан байдаг.
Тухайн үед А.Э нь ямарваа маргаан үүсгэлгүйгээр махны хүнтэй яриад асуудлыг шийдвэрлэнэ, махаа ав гэж зөвшөөрснийг гэрч М.Э 2024.01.11-ний өдөр өгсөн мэдүүлэг болон өмгөөлөгч Д.Бийн тайлбар, хэрэгт авагдсан видео бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог. БНХАУ-ын иргэн “Ин” нь Ч.Дгийн үйлдвэрт 5 тонн, эмээлтийн үйлдвэрт 20 тонн нийт 25 тонн адууны махыг өөрийн мөнгөөр бэлтгэх явцын талаараа Ин, Ч.Д, С.Ц нарын вичатын группт чаталсан байдаг.
...Гэтэл хохирогч А.Э нь 25 тн махыг өөрийн өмчлөлийн мах гэдгийг хангалттай нотлох баримтаар нотолж чадаагүй, А.Эы зөвхөн Хаан банкны дансны хуулгаар БНХАУ-ын иргэн Ин-тэй холбоогүй мэтээр нотлох баримт цуглуулсан нь хангалтгүй. Харин хохирогч А.Э нь тухайн үедээ Ч.Дтай махны гарал үүслийн талаар огт маргаан үүсгэлгүйгээр 25 тн махыг Ч.Дг очиж авахыг зөвшөөрч явуулчхаад нэлээн хэд хоногийн дараа гэнэт өөрийн өгсөн зөвшөөрлөөсөө буцаж дээрмийн гэмт хэргийн хохирогч мэтээр зөрүүтэй мэдүүлгүүдийг өгч эхэлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.
А.Э зөвшөөрөл олгосон бөгөөд хууль бусаар махыг авч яваагүй талаар:
... Хэрэгт авагдсан 3 удаагийн бичлэгт А.Э нь маш дэлгэрэнгүй, тайвнаар махыг Ч.Дд өгөх зөвшөөрлийг өгсөн бөгөөд Ч.Д руу харж байгаад нэг бүрчлэн тайлбарлаж, зураг үзүүлж зөвшөөрөл өгсөн нь тов тодорхой бичигдэж үлдсэн байдаг. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр махыг авч явсанаас хойш нэг хоёр хоног Ч.Д, М.Э нартай хамт байсан бөгөөд машиндаа сууж байсныг шүүх хуралдаанд гэрч М.Э “шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Халиунаа: Д Э хоёр шийдэлд хүрсэн байна. Энэ нэг хоногийн хугацаанд Э миний машиныг аваад явчихлаа гэсэн асуудал ярьж байсан уу? Гэрч М.Э “машинд л сууж байсан” (шүүх хуралдааны тэмдэглэлийн 27 дугаар тал) гэж баталж мэдүүлдэг. Мөн гэрч М.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт (1хх 154-155) “зөвшөөрөл” олгосон болох нь нотлогддог.
Гэтэл анхан шатны шүүгч 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ч.Д, М.Э, А.Э, Д.Б, О нар А.Эы машинд сууж Ч.Д, М.Э нарын хохирлыг хэрхэн барагдуулах талаар ярилцаж тохиролцсон талаарх бичлэгүүдийг (1хх 67-70) тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас өөрийн үзэмжээр гуйвуулан тайлбарлажээ. А.Э “зөвшөөрөл” олгож явуулсан учраас хожим хохирсон мэтээр цагдаад хандахдаа гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрийн байсан газар, гэмт хэрэг болсон талаар хэрхэн сонссон талаар, гэмт хэргийн хохирогч болсон талаар цагдаагийн газарт мэдэгдсэн талаараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр А.Э зөвшөөрөл өгч байх үед байсан хүмүүсээс М.Э, Д.Б, Ч.Д нар зөвшөөрөл олгосныг нотолдог. Оийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч зөвхөн хохирогч А.Эы мэдүүлгийг үндэслэж “зөвшөөрөл” олгоогүй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй.
Анхан шатны шүүхээс “... шүүгдэгч Ч.Д, Ц.Б нарын хувьд шунахайн сэдэлтээр, өөрсдийн мэдэлд хууль бусаар авах зорилготой байсан гэж дүгнэсэн... шүүгдэгч нарын үйлдлийн хувьд хохирогч А.Эы зөвшөөрөлгүйгээр чингэлэгтэй махыг зөөвөрлөн авч ...махыг захиран зарцуулсан үйлдэл нь шунахайн сэдлээр асуудалд хандсан, өөрсдийн санхүүгийн эрсдэлийг дарсан, бусдын өмчлөх эрхэд хууль бусаар анхнаасаа халдах зорилготой байсан буюу дээрэмдэх гэмт хэргийн субьектив талын шинжийг нотлон харуулж байна” гэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Д, Ц.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч А.Эы өмгөөлөгч Р.Пүрэвлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Ч.Д, Ц.Б нарын давж заалдах гомдол нэг агуулгатай байдаг. Шүүгдэгч нар ярихдаа уг махыг Э авахыг зөвшөөрсөн. Зөвшөөрсөнтэй холбоотой бичлэг байсан тэрийг бид үзүүлээд махыг авсан гэдэг. Гэтэл уг бичлэг нь дээрмийн гэмт хэрэг үйлдэхийн өмнөх өдөр нь хийгдсэн бичлэг байдаг. Өөрөөр хэлбэл, Э дээр шөнө очоод ямар нэгэн байдлаар дарамталсан байдаг. Хохирогч энэ талаар мэдүүлэхдээ “Хар шөнөөр бүгдээрээ орж ирээд намайг янз бүрээр хэлээд байсан” гэдэг. Уг бичлэгийг нотлох баримт гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Шүүгдэгч нар махыг авч явахдаа Э дээр Д нь Этэй хамт очоод махныхаа хэрүүлийг үргэлжүүлэн хийгээд байгаа мэтээр махнаас хэдэн км-ийн зайнд буюу ойрхон газар хашиж зогсож байгаад хэрэлдээд зогсож байдаг. Бичлэг дотор яг одоо махыг ачлаа шүү зөвшөөрснийг чинь баталгаажууллаа шүү одоо очоод авна шүү гэсэн үг хэлээгүй. Хэрүүл хийж зогсож байх хооронд Б гэдэг хүн хүмүүстэй хамт очоод махыг ачаад явсан. Шүүгдэгч нар цагдаагийн байгууллагад “намайг залилсан” гэх гомдол гаргачихаад уг гомдлынхоо араас яваагүй. Мөн хавтаст хэрэг дотор Ин гэх хүнтэй холбоотой ийм төгрөгийн асуудалтай байгаа гэдэг баримт буюу хил гаалиар мах гаргасан талаарх баримт байхгүй. Ин гэх хүнээс 400 гаруй сая төгрөг авах ёстой байсан л гэдэг. Шүүгдэгч нар цагдаагийн байгууллагад өөрсдөө хандаад махыг битүүмжлүүлэх хүсэлт гаргачихаад прокурор уг хүсэлтийг шийдвэрлэж амжаагүй байхад өөрсдөө махыг авчихсан байдаг. Дээрэмдэх гэмт хэрэг буюу илээр шунахайн сэдэлтээр авсан. Махыг авчихаад шууд зараад өрөндөө өгсөн гэдэг. Өөрсдийнхөө ашиг сонирхлын үүднээс Ц.Б, Ч.Д хоёр бусдын махыг булаагаад авсан. Д нь өмнө нь яг ийм үйлдлээр гэмт хэрэг үйлдэж байсан харагддаг. Ингээд хүний юм авч болдог юм байна гэсэн зорилгоор авсан харагддаг. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийг зөвшөөрөхгүй байна гэдэг. Зөвшөөрөхгүй талаарх гомдлоо гаргаад шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэг хүртэл ямар ч маргаан гаргаагүй. Давж заалдах гомдолд дурдсан үнэлгээтэй холбоотой асуудал үндэслэлгүй юм. Хохирогч зөвшөөрөл олгосон гэдэг зүйлийг л ярьдаг. Ямар ч зөвшөөрөл олгогдоогүй. Хэрүүл хийж өөр газар хашиж зогсож байхад нь махыг аваад явсан байдаг. Зөвшөөрсөн юм бол махных нь хажууд байлгаж байгаад махыг авч явах боломжтой байсан. Шүүгдэгч нар Ин гэх хүнээс 400 гаруй сая төгрөг авах авлагатай гэдэг нь баримтаар нотлогдсон зүйл байхгүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт асуухад вичатад байгаа гэдэг. Хохирогч Э нь Ин гэх хүнийг танихгүй байхад Эы махыг дээрэмдэж авсан үйлдлийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.” гэв.
Прокурор Н.Ундрах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ. “... Шүүгдэгч Ч.Д, Ц.Б нар нь бусдын эд хөрөнгийг булааж авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байдаг. Шүүгдэгч Ц.Бийн хувьд “гэмт хэрэг үйлдээгүй. Өмгөөлөгчийн зааварчилгаагаар махыг аваад ачсан” гэдэг зүйлийг хэлсэн. Яагаад бүлэглэн оролцсон гэж үзсэн гэхээр гэрч Пын мэдүүлэгт “99-тэй дугаараас хэний дугаар болох нь мэдэгдэхгүй дугаараас залгаад намайг дарамтлаад байсан. Надад “чи энэ махыг өгчих юм бол хятад хүмүүсийн хамсаатан болно шүү” гэж хэлж байсан” гэсэн байдаг. П гэх хүнийг эхлээд дарамталж эхэлсэн байдаг. П нь Цын хөлсөлсөн жолооч юм. 99-тэй дугаарыг хэний дугаар болохыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодруулахад Ц.Бийн дугаар байж таарсан. Шүүгдэгч Ч.Д хэргийн газарт очоогүй гэж яриад байгаа боловч үйлдлээрээ нэгдсэн байдаг. Махыг ачиж авч явах жолооч нарыг Ч.Д өөрөө олсон байдаг. Махыг ачиж байхад Ч.Д байгаагүй бөгөөд ойролцоо газарт хохирогчийг саатуулж хэрүүл хийх байдлаар машиныг нь хашиж зогсож байсан байдаг. Ин гэх хүний шилжүүлсэн мах юм гэж яриад байдаг. Анх цагдаагийн байгууллагад Ч.Д “махаа залилуулсан” гэх гомдлыг гаргасан. Энэ гомдлын дагуу шалгаад маргаантай тул махыг зарж болохгүй гэдэг байдлаар битүүмжилсэн прокурорын тогтоол гарсан байхад махыг аваад явсан байдаг. Ч.Д, Ц.Б нарт холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар махыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 222,349,600 төгрөгийн хохирол учруулсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Анхан шатны шүүх мөн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Үйл баримтын хувьд хэд хэдэн үйл баримт яригддаг. Ц.Э, Э нарын хооронд үүссэн маргаан, Ч.Д, Ин нарын хооронд үүссэн маргаан байдаг. Мөн Эы махыг Д авч явсан гэх 3 үйл баримт хэрэгт авагдсан байдаг. Эы мэдүүлэг зөрүүтэй гэж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог.
Нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Прокуророос Ч.Д, Ц.Б нарт холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Дээрэмдэх” гэмт хэргийг шүүх хянан хэлэлцээд, Ч.Д, Ц.Б нарыг дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5, 1.6 дахь заалтуудад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад анхан шатны шүүх хэргийг А.Эы эд хөрөнгийг дээрэмдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Үүнд:
Шүүгдэгч Ч.Дгийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст гаргасан “… 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 24527 кг адууны махаа БНХАУ-ын иргэн Ин гэж эмэгтэйд худалдан борлуулахаар өгсөн боловч миний мөнгийг өгөхгүй байна ...” /1хх 18/ гэсэн агуулга бүхий өргөдөл, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байсан баримтууд хэрэгт байх бөгөөд уг хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлснээс /2хх 129/ өөрөөр уг гомдолтой холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байх ба энэ талаарх шүүгдэгч Ч.Дгийн гомдол үндэслэлтэй. Энэ өргөдлийн дагуу хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа нь түүнд холбогдуулсан энэхүү “Дээрэмдэх” гэх хэрэгт сэдэл, санаа зорилго, шалтгааныг тодорхойлоход ач холбогдолтой.
Хохирогч А.Э нь “… махыг Ц гэх эмэгтэйн олж ирсэн машин болон чингэлэгт өөрийн 20 тонн махыг ачуулсан. Үүндээр нэмээд 5 тонн мах буюу 200 шуудай махыг Цээгий гэх эмэгтэй мөнгийг нь төлж манай мах дээр нийлүүлж ачуулсан. … Миний бие хөдөө орон нутагт ажилтай байнга хотод байж чаддаггүй учир энэ мах бэлтгүүлэх болон төлбөр төлөх ажлаа өөрийн эхнэр Бадамгэрэлээр хийлгүүлсэн байсан юм. Сүүлд ачуулсан 5 тонн махыг би мөнгөөрөө аваагүй учир миний мах биш. Цээгий нь худалдаж авч ачуулсан. … үндсэндээ 5 тонн мах хэнийх талаар би мэдэхгүй. …” /1хх 129-131/, “… Бийлэг хүнс ХХК-ийн үйлдвэр дээр очиж 5 тонн адууны бэлдсэн махыг ачуулсан шүү гэж хэлсэн. Бийлэг рүү мөнгийг нь Ц шилжүүлсэн. Энэ мөнгө бас надаас гарсан ба манай хятад түнш Ливэй махны эзэнд төлсөн. …” /1хх 42-43/, “… би өөрөө 5 тонн махыг бэлдээд Д үйлдвэрт бэлдүүлж янзлуулсан юм. Дд тухайн үед хариуцаж ажиллаж байсан Ц бүх төлбөр тооцоог төлж дуусгасан юм. …” /1хх 46-47/ гэж зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд хохирогч А.Э ямар хэмжээний махны үнийг төлсөн, түүнд ямар хэмжээний хохирол учирсан, энэ гэмт хэргийн хохирогч нь мөн эсэх талаар нэг мөр шалгаж тодруулаагүй орхигдуулжээ.
Хэрэгт хохирогч А.Э нь өөрийн эхнэр Бадамгэрэл рүү махны үнийг шилжүүлж, Бадамгэрэл нь Алтансүх түүний эхнэр Энхтуяа нараар бэлтгүүлсэн гэх 20 тонн махны мөнгөний эх үүсвэрийг тодруулбал мах бэлтгэсэн мөнгө А.Эы өөрийн мөнгө байсан эсэхийг шалгах нь зүйтэй байна. Энэ нь А.Э хохирогч мөн эсэхийг нотлоход ач холбогдолтой.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, гэрч М.Э “… тэгээд Эы машинд суугаад энэ талаар ярилцахад Э “Д бид хоёрыг очоод махаа аваад яв” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ урагшаа гаргасан 2 машин махныхаа учрыг ол” гэхэд Э “3 хоногийн дотор махыг чинь худалдаж аваад мөнгийг нь өгье” гэж хэлсэн. … Интэй хийсэн махны тооцоог Э барагдуулаад би явсан. …Дгийн хоёр өмгөөлөгч “бичлэг хийе” гэхэд “бичлэгээ хийгээд аваад яв” гэж хэлсэн. Тэгээд хоёр өмгөөлөгч нь бичлэг хийгээд аваад явсан. ” /1хх 154-155/ гэж мэдүүлж, бичлэгт үзлэг хийсэн “… уг бичлэг дээр Э гэх хүн нь “…25 тонны контейнертэй байгаа махаа та нар аваад тэр Ддаа өг, мах 22-ын товчооны ойролцоо байгаа …” талаар яриа гаргаж байв.” гэх /1хх 67-70/ тэмдэглэл зэргээр шүүгдэгч Ч.Д, Ц.Б нарын шунахайн сэдэлтээр, өөрт ашиг олох зорилгоор бусдын өмчлөлийн эд зүйлийг авсан үйл баримтын сэдэлтийг эргэлзээтэй болгож байх тул нарийвчлан шалгах шаардлагатай.
Мөн шүүгдэгч Ч.Д нь БНХАУ-ын иргэн Ин гэгчтэй эд хөрөнгийн маргаантай байсан учраас Ин-ийн захиалгаар А.Эы бэлтгэж байсан махыг А.Эы зөвшөөрлөөр авсан нөхцөл байдал бий эсэхийг хамт байсан гэх Д.Б, н.О нараас асуух шаардлагатай байна.
Гэмт хэргийг бүрэн дүүрэн, нарийн мөрдөн шалгаж зөв зүйлчлэх нь хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хууль зүйн баталгааны нэг төрөл болох тул дээр дурдсан ажиллагааг хийж үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч нарын үйлдлийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хохирогчийг зөв тогтоох, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тогтооход ач холбогдолтой.
Энэхүү асуудлыг тодорхой болгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “...гэмт хэргийг ...бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах...” зорилтод нийцэж байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/717 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ч.Д, шүүгдэгч Ц.Б болон тэдгээрийн өмгөөлөгч Г.Халиунаа нарын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч Ч.Д, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ