Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 226

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч  Э.Одончимэг,

шүүгдэгч Г,

хохирогч Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  Г-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705012120102 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .....оны ..... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч  ах нарын хамт Улаанбаатар  хот Баянгол дүүрэг ... дугаар хороо ... дугаар гудамжны  ... тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, Г

 

Шүүгдэгч  Г нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07 цагийн орчимд согтуугаар Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байсан .... УНХ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашин дотор Д-ийн толгойн тус газарт гараараа 1 удаа алгадаж эрүүл мэндэд нь дунд чихний үрэвсэл гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр найзтайгаа хамт мөнгө олох гээд таксинд явж байгаад 2 залуутай тааралдаад чих рүүгээ Г-д цохиулсандаа харамсаж байна. Тухайн үед Г маш их согтолттой байсан. Г-д цохиулсны дараа миний чих маш их дүнгэнэж байсан. Би Гын ээжтэй хамт 3 дугаар эмнэлэгт үзүүлэхээр явж байхдаа “та миний чихийг эмчлүүлж өгөөрэй, битгий алга болчихоорой” гэж хэлэхэд намайг явдаг газраараа яв гээд тоогоогүй. Миний эрүүл мэнд надад чухал байна. Хэрэг гарах үед үүрийн 03 цаг өнгөрч байсан. Би найзтайгаа хамт өдрөөс хойш халтуур хийгээд ядарсан байсан. Тэгээд найзаараа машин бариулаад вокзалын туслах замаас Г болон найзыг нь таксинд авсан. Тэгээд модны 2 орно гэж хэлсэн. Тухайн үед Г найзтайгаа юм яриад би найзтайгаа юм яриад явж байсан. Модны 2-ын уулзвар дөхөөд иртэл манай найз чигээрээ явах уу зүүн эргэх юм уу гэж асуухад Г чигээрээ явна гээд нөгөө найз нь зүүн эргэ гэж хэлсэн. Тэгтэл манай найз бага зэрэг огцом “яг хаашаа эргэх юм бэ” гэж асуухад Г уурлаад “наад машинаа зогсоо буугаад ир” гэсэн. Энэ маргаан болж байхад би найздаа “зүүн эргээд зогсчих” гэж хэлэхэд Г миний баруун талын чих рүү шууд алгадсан. Тэр үедээ чих дүнгэнээд, хэнгэрэг цоороод шокын байдалтай байхад Г миний талын хаалгыг онгойлгоод намайг цохисон. Би түүнийг хөлөөрөө холдуулсан. Манай найз бид хоёр 20 метр орчим зайтай газар очсон. Би найздаа “машинаа зогсоож бай би наад хоёртой чинь уулзъя миний хэнгэрэг хагарчихлаа” гээд буух гэтэл манай найз машины толинд хартал Г найзтайгаа хамт араас ирээд машин цохиод буугаад ир гээд байсан. Манай найз тэр үед үнэхээр айсан байсан. Найз маань машинаа урагшлуулаад зогсоход замын эсрэг талд 4-5 цагдаа ТҮЦ онгойлгох гээд байж байсан. Би цагдаа нарт болсон асуудлын талаар хэлэхэд “ах нь ажил үүргээ гүйцэтгэж байна, түр байж бай...” гэж хэлсэн. Намайг цагдаа нартай хамт ТҮЦ-ний хажууд талд зогсож байтал Г ирсэн. Тэгээд цагдаа нарын дэргэд намайг цохихыг оролдсон. Цагдаа нарыг “энэ залуу мөн үү” гэж асуухад манай найз мөн гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар түүнийг гавлаад аваад явсан. Хэрвээ Г-д хутга байсан бол шууд л миний хоолой руу хутгалах байсан. Маш их согтолттой байсан. Би надтай үе тэнгийн залуу байна гээд асуудлыг эвээр шийдье гэж бодсон боловч Г хэргийг булзайруулах гэж оролдсон. Гын ээж намайг 1 дүгээр эмнэлгийн чихний эмчид үзүүлэхээр очиход маш их оочертой байсан. Тэгтэл ээж нь таньдаг хүнээрээ намайг шууд оруулаад 2-3 эмчээр үзүүлж дунд чихний үрэвсэл байна гэж оношлуулсан. Би өөрөө “ЭМЖЖ” эмнэлэгт чихээ үзүүлж ойролцоогоор 200.0000 төгрөгөөр шинжилгээ өгөхөд “дөнгөж сая цохиулсан цоорсон байна” гэж хэлсэн. Г надад мэдэгдэлгүйгээр прокурорт очоод миний чихийг дунд чихний үрэвсэл гэж хэлээд хэргийг хаалгасан байсан. Би энэ талаар мэдэлгүй 2-3 сар өнгөрсөн. Би прокурор дээр очоод энэ хэргийг хайлгахад эхнэрээ зодсон хэрэг гарч ирсэн. Миний 600.000  төгрөгөөр нөхүүлсэн чих маань буцаад цоорсон. Миний баруун чихний сонсгол муудсан. Хүн бүр намайг дүлий минь гэдэг болсон. Хэрвээ Г надад хүн чанар гаргасан бол өөр байх байсан. Эмчтэй уулзахад намайг дахин хагалгаанд орно гэж хэлсэн ба хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. Одоо 362.100 төгрөгийг нэхэмжилж байна. Би гомдолтой байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Г Д-ийнтолгойн тус газарт гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь дунд чихний үрэвсэл гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Д-ийн“Би 2017 оны 07 дугаар сарын 21-ний өглөө үүрээр 04 цагийн үед өөрийн найз Бат-Оргилууны хамт би өөрийн ......УНХ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн суудлын автомашинаар гадуур халтуур хийж байгаад миний машиныг манай найз Бат-Оргилуун жолоодоод явж байтал вокзалын тэндээс хоёр залуу гар өргөхөөр нь арын суудал дээр суулгаад хаашаагаа явах вэ гэтэл модны 2 луу явна гэсэн. Тэгээд Гранд плазагийн дээд талын дөрвөн замын уулзвараар өгсөөд чигээрээ явж байтал нэг нь Орд нэртэй баарны гадаа зогсчих ломбард орно гэтэл нөгөө хамт явсан хүн үгүй зүүн эргээд модны хоёр луугаа явна гэтэл манай найз машин барьж явж байгаад яг хаашаагаа явах юм бэ гээд гэрлэн дохио дээр тултал нөгөө хоёр залуу манай найз руу дайраад байхаар нь би дундуур нь ороод аль алиныг нь боль гээд хэлтэл нэг нь миний баруун чих рүү гараараа хүчтэй цохисон чинь миний чих яриа сонсохгүй шуугисан. Тэгээд нөгөө хоёр залуу машинаас буухаар нь би тэнд байсан цагдаад хэлээд бариулсан юм. ...Тэр хоёр залуу өөрсдөө эхлээд маргалдаад байхаар нь би манай найз яг хаашаагаа явах юм гээд асуутал үгийг нь өлгөж аваад хэрүүл хийх гээд байхаар нь боль гэсэн юм. Хоорондоо ямар нэгэн зодоон хийгээгүй. Намайг Г гэх залуу нь цохисон. ... Миний баруун чих юу ч сонсохгүй байгаа. Нэгдүгээр эмнэлэгт үзүүлтэл чихний хэнгэрэг хагарсан байна гэсэн. Намайг цохисон залуугийн ээж, ах нь хамт яваад харсан. Би одоо шүүх эмнэлэгт үзүүлнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр хуудас/

“Чиний чихний хэнгэрэг цоорсон байна гэж хэлсэн. Тэгээд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт дээр чихний үрэвсэлтэй гэж гаргасан байсан. Тухайн хүмүүс тэр чихний эмийг авч өгсөн байгаа. Яаралтай чихний хагалгаанд орохгүй бол чих сонсголгүй болно гэж байсан. Өмнөхөөсөө сонсох нь муу байгаа. Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

 

Гэрч Бат-Оргилууны “Би өөрийн найз Д-ийн хамт 2017 оны 07 дугаар сарын 20-ны орой машинаар халтууранд яваад 7 дугаар сарын 21-ний өглөө үүрээр вокзалын арын зам дээр явж байтал хоёр танихгүй залуу гар өргөхөөр нь суулгаад хаачих уу гэтэл модны 2 орно гэсэн. Тэгээд би машин жолоодож явсан бөгөөд модны 2-ын уулзварын наана иртэл нөгөө хоёр залуугийн нэг нь баруун тийшээгээ шахаад зогсчих гэтэл нөгөөдөх нь зүүн гар тал руугаа эргээд зогсчих гээд хоорондоо маргалдаад байхаар нь би нөгөө хоёр залуугаас хөөе яг хаашаагаа хаана яаж зогсох юм бэ гэтэл  нэг чи юу гээд байгаа юм гэхээр нь би зүгээр хаана зогсохоо хэл гэтэл над руу чи яах гээд байгаа юм наанаа зогсож бай гээд орилохоор нь манай найз хажуунаас надад за за зүгээр зүүн эргэчих гэхээр нь би зүүн гар тийш эргэж байтал нэг нь чи юу гээд байгаа юм гээд Д-ийн чих рүү цохисон. ...Тэгтэл Дөлгөөнлхагвасүрэн чихээ бариад байхаар нь би машинаа зогсоотол нөгөө хоёр залуу буугаад Дөлгөөний хаалгыг татахаар нь урдаас нь татаж хаасан. ...Ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй. Зүгээр л зүүн тийшээгээ эргэчих гэж надад хэлсэн. Тэгсэн чинь л чи юу гээд байгаа юм гээд цохисон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

Гэрч Г.Гантөгсийн “Би өөрийн найз Гын хамт түүний ажлынхантай Төмөр замын тэнд караокед ороод шөнө 03 цаг өнгөрч байхад Г бид хоёр түрүүлж гараад би урд нь модны 2-т гар утсаа ломбарданд тавьсан байсан тэгээд түнийгээ авах хэрэгтэй болоод Гын хамт яваад авахаар зам дээрээс такси барьтал саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн суудлын автомашин зогссон.

 ... Тэгээд жолоочид модны 2 явна гэж хэлээд модны 2-ын уулзвар дээр ирээд Г чигээрээ яваад ТҮЦ-ны урд зогсчих тамхи аваад алхаад явъя гэхээр нь би яах юм бэ шууд ломбард оръё гэтэл нөгөө жолооч нь яг хаашаагаа эргэх юм бэ гэхлээр нь би шууд зүүн эргээд явчих гэтэл Г баруун эргэчих гэсэн. Тэгтэл жолоочийн хажууд сууж явсан залуу шууд зүүн эргээд зогсчих гээд уурлаад хэлсэн чинь Г нөгөө жолоочийн хажуу талд сууж явсан залууг алгадсан. Тэгээд би машинаас Гыг татаад буулгасан юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9343 дугаартай:

“1. Д-н биед дунд чихний үрэвсэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 40 дугаар хуудас/

 

Шүүгдэгч  Гын яллагдагчаар өгсөн “... Гантөгсийн хамтаар гараад Модны 2-т байрлах ломбарданд тавьсан бөгжөө авна гээд тухайн  караокеноос гараад зам дээрээс такси барьж суугаад явж байгаад Гантөгс бид хоёр хоорондоо тамхи аваад алхаад ломбард руу алхаад явъя гэхэд Гантөгс үгүй ээ шууд очъё гэсэн. Тэгээд тухайн таксины жолоочийн хажууд сууж явсан залуу хоёр пизда минь замаа мэдэхгүй бол яах гэж такси барьсан юм бэ одоо ингээд зогс гэж хэлээд замын хажууд зогсохоор нь би тухайн залуугийн хойноос нь баруун тал руу нь алгадаад Гантөгс бид хоёр машинаас буугаад ломбардандаа очиход хаалттай байсан болохоор эргээд тамхи авах гээд модны 2-ын автобусны ТҮЦ-ээс тамхи авах гээд очиход машинтай цагдаа нар зогсож байсан ба миний алгаддаг залуу чихээ дарчихсан хажууд нь зогсож байгаад намайг зодсон залуу энэ байна гээд намайг зааж өгөөд намайг эрүүлжүүлэх байранд авчирч саатуулсан. Тухайн үед би нэг удаа алгадсан. Өөр цохиж зодсон асуудал байгаагүй. Цагдаагийн хажууд чихээ дарчихсан зогсож байсан. Бид нар хоорондоо зодолдсон асуудал гараагүй. ... Би дээрхи үйлдэл хийсэндээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Д-г чихэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь  хохирогч,  гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Шүүгдэгч Г нь шууд санаатай үйлдлээр энэ гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г нь гэмт хэргийн улмаас хохирогч Д.Дөлгөөнлхагвасүрэнд учруулсан хохиролдоо хагалгааны төлбөрт 600.000 төгрөг, бусад төлбөрт 280.000 төгрөг нийт 880.000 төгрөг төлсөн гэх бөгөөд энэ төлбөрийг хохирогч хүлээн авсан гэж мэдүүлжээ.

Хохирогч Дөөрт учирсан хор уршигт тооцож шатахуун авсан 24 ширхэг нэмүү өртөгийн албан татварын буцаан олголтын баримт  шүүхэд гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтууд нь хэний автомашинд ямар зорилгоор шатахуун авсан нь тодорхойгүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийг нотолсон баримтууд гэж үзэх боломжгүй болно.

Хэрэгт авагдсан кассын орлогын ордерууд /хэргийн 72-73 дугаар хуудас/ нь хохирогчийн гаргаж өгсөн “ЭМЖЖ” ХХК-ны орлогын ордер нь давхардсан баримтууд нь байна гэж үзэв.

 Иймд шүүгдэгч Гаас нэмж гаргуулах төлбөргүй гэж дүгнэж, харин хохирогч өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирлоос төлж барагдуулсан, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Г баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Днь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ