Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 230

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Ж.Энхжаргал, 

шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 1803000010109  дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, жолооч мэргэжилтэй,  ..........ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот .............дүүргийн ........ дугаар хороо .....байр ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г

 

Шүүгдэгч Ж.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 20 минутын үед ......... ХХК-ний эзэмшилийн Hyundai Areo city 540 маркийн .........УБГ улсын дугаартай автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг Энхтайваны Өргөн чөлөө  3 дугаар эмнэлгийн урд талын автобусны буудал дээр зорчигч Б-ыг автобуснаас бууж амжаагүй байхад нь автобусаа хөдөлгөснөөс унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 21.2  “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэснийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ж.Г мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 23 минутын үед 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр осол гарч хохирогч Б-ыг автобуснаас бууж байхад хаалгандаа хавчиж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан. Энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн чөмөгний үе сольсон 5.000.000 төгрөг, хагалгааны төлбөр 2.000.000 төгрөг, цус сэлбэх, рентген зураг эм тариа зэрэг зардал нийлээд ойролцоогоор 10.000.000 төгрөг болсноос халамжийн сангаас 6.000.000 төгрөг, надаас 4.300.000 төгрөг нэхэмжилснийг төлж хохиролгүй болгосон” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт./хэргийн 2-5 дугаар хуудас/

 

Хохирогч Б-ын “... 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө Бөмбөгөр худалдааны төвийн хойд буудал дээрээс Мах маркет чиглэлийн автобусанд сууж ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун зүг рүү явж 10 дугаар хорооллын автобусны буудал дээр буух гээд автобусны хойд хаалга руу очсон. Хаалгаар буух гэхэд миний зүүн хөлийг автобусны хаалга хавчсан. Тэгээд автобусны хаалга онгойх үед нь баруун талынхаа хөлийг буулгах үед автобус хөдөлж урагшаа явах үед зам дээр баруун тохой, түнх хэсгээр унасан ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-18 дугаар хуудас/

 

Иргэний хариуцагч Л.Думаагийн “... 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цагийн орчим Нийслэлийн нийтийн тээврийн газраас манай байгууллагын диспетчер рүү залгаж граж дугаар 4-047 дугаартай буюу Hyundai Aero city 540 маркийн  .........УБГ улсын дугаартай автобусны жолооч автобусны буудал дээр хүн унагаад явсан байна гэж мэдэгдэхэд осол болсоныг мэдсэн. ...хуулийн дагуу хохирлыг шийдэх болно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 35 дугаар хуудас/

 

Гэрч Н.Бат-Эрдэнийн “... 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө ажил дээрээ ирэхэд Б- эмч ирээгүй байсан. Б- ахтай хамт ажилладаг Цэцэгээ  эмчид хүн Б- эмчийг автобусны буудал дээр гэмтсэн байна гэж хэлсэн байсан тул Ууганзаяа бид хоёр тэргэнцэр аваад 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр очиход Б- эмч автобусны буудлын сандал дээр сууж байсан. Юу болсон талаар асуухад автобуснаас бууж амжаагүй байхад автобус хөдөлсөн. Тэгээд унаад гэмтсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2173 дугаартай:

“1. Б-ын биед баруун дунд чөмөг ясны хүзүү хэсгийн хугарал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 42 дугаар хуудас/

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №125 дугаартай

“1. Hyundai Aero 540 маркийн .........УБГ улсын дугаартай автобусны жолооч Ж.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 21.2-д заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй”-гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 46 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Г-ыняллагдагчаар өгсөн “2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 23 минутын орчим би өөрийн байгууллагын эзэмшилийн Hyundai Aero city 540 маркийн .........УБГ улсын дугаартай автобусыг жолоодон Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг Энхтайваны өргөн чөлөө 3 дугаар эмнэлгийн урд талын автобусны буудал руу  ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү явж ирээд автобуснаас зорчигч нарыг буулгасан. Тэгээд хаалгаа хаагаад урагшаа зам руугаа харсан энэ үед заалнаас хүмүүс хүн хавчигдчихлаа гэж орилсон. Би хойд  талын хаалгаа онгойлгох үед хохирогч Б-  автобусны хойд талын хаалганаас унасан. Тухайн үед бага араандаа  хийгээд урагшаа дөнгөж хөдлөх үед хүмүүс хүн хавчуулагдсан гэж орилсон. Автобуснаас буугаад очиход Б- автобусны хойд талын хаалганы ойролцоо өвдөглөөд суучихсан байсан. Би таны бие гайгүй юу гэж асуухад ах нь хөл дээрээ гишгэж чадахгүй байна гэж хэлсэн. Би Б-ыг өргөж автобусны буудлын сандал дээр суулгаад та утасны дугаараа  өгчих би 5 шар хүртэл зорчигч нараа буулгаж ирээд хамт эмнэлэг явъя гэж хэлээд явсан. Зорчигч нарыг буулгаад  Сонсголон орж бааз дээрээ автобусаа тавиад буцаж 3 дугаар эмнэлэг дээр очиход Б- ах байгаагүй, утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. 3 дугаар эмнэлэг дээр очих үед баазаас залгаад гэмтсэн хүн чинь гэмтлийн эмнэлэг дээр байна гэж байна гэхэд нь гэмтлийн эмнэлэг очиход замын цагдаагийн бүрэлдэхүүн  ирчихсэн байсан. Намайг  автобусны жолоочуу гэж асуухад нь тиймээ гэж  хэлэхэд осол болсон газарт ирж хэмжилт хийсэн. Би шууд замын цагдаагийн газар руу очсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 56-57 дугаар хуудас/

 

Топаз эмнэлгийн өвчний түүх /хэргийн 68-79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Г-ыг Hyundai Aero city 540 маркийн .........УБГ улсын дугаартай автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 21.2-д заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй”-гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг автобусанд зорчиж явсан Б-ыг хаалганаас унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, Замын Цагдаагийн албаны дүгнэлтээр тогтоогдсон тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан нь “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Б- “миний эмчилгээний зардал болох  3.487.380 төгрөг жолоочийн даатгалаас миний дансанд шилжин орсон нь үнэн болно” гэсэн баримт /хэргийн 107 дугаар хуудас/, “Монгол даатгал” ХХК-ний төлбөрийн даалгавар /хэргийн 106 дугаар хуудас/, мөн хохирогчийн “... 6.000.000 төгрөгийг нийгмийн халамжийн газраас гаргаж өгөхөөр материалаа эмнэлэгт бүрдүүлж байгаа. Нэхэмжлэлтэй холбоотой санал, хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/, шүүхэд ирүүлсэн “Төлбөр барагдуулах гэрээ” 4.314.380 төгрөг төлж барагдуулав. Төлбөрөө бүрэн төлсөн тул цаашид гомдолгүй” гэсэн баримт зэргийг үндэслээд шүүгдэгч Ж.Гас нэмж гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоос төлж барагдуулсан зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г-гавто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Г-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ж.Г торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ж.Г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  Ж.Г баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ