Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зундуйн Хосбаяр |
Хэргийн индекс | 2425000000239 |
Дугаар | 2024/ДШМ/62 |
Огноо | 2024-09-25 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2024/ДШМ/62
2024 09 25 2024/ДШМ/62
П.Б, Б.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Азжаргал, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч П.Б, Б.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, М.Мэндбаяр
Нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, шүүгдэгч П.Б нарын давж заалдах гомдлоор П.Б, Б.Г нарт холбогдох 2425000000239 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
П.Б нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд “У” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Х” барилгын агуулахын байрнаас ПВЗ 1*2,5 загварын цахилгааны утас 3 боодол буюу 1,500 метрийг, ПВЗ 1*4 загварын цахилгааны утас 2 боодол буюу 700 метрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,840,000 төгрөгийн хохирол учруулсан,
улмаар үргэлжилсэн үйлдлээр Б.Г-тэй урьдчилан үгсэн тохиролцож 2024 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө “У” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Х барилгын тусгайлан хамгаалсан агуулахын хаалгыг сангийн труба төмрөөр хөшиж эвдэн нэвтэрч “У” ХХК-ийн эзэмшлийн ПВЗ 1*4 загварын цахилгааны утас 10 боодол буюу 3,500 метрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,950,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдэж учрах саадыг арилгах зорилгоор 0000 ОРБ улсын дугаартай М.М-ийн эзэмшлийн Хонда Сивик загварын тээврийн хэрэгслийг ашиглан зөөвөрлөсөн,
Б.Г нь П.Б-тэй урьдчилан үгсэн тохиролцож 2024 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө “У” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Х барилгын тусгайлан хамгаалсан агуулахын хаалгыг сангийн труба төмрөөр хөшиж эвдэн нэвтэрч “У” ХХК-ийн эзэмшлийн ПВЗ 1*4 загварын цахилгааны 10 боодол буюу 3,500 метр утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,950,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эхнэр М.М-ийн эзэмшлийн 0000 ОРБ улсын дугаартай Хонда Сивик загварын тээврийн хэрэгслээр зөөвөрлөж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос П.Б, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч П.Б, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч П.Б-г 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Г-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г, П.Б нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч Б.Г, П.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар Прокурорын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор 0000 ОРБ улсын дугаартай М.М-ийн эзэмшлийн Хонда Сивик загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 0000ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч М.М-т буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 3,000,000 төгрөгийг шүүгдэгч П.Б, Б.Г нараас тэнцүү хуваан /3,000,000: 2= 1,500,000 төгрөг/ гаргуулж улсын орлогод оруулж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Орхон аймгийн прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 223 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/293 дугаартай шийтгэх тогтоолтой П.Б, Б.Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгчөөр 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс оролцож байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Б.Г нь сэжигтнээр “...П.Б тэй 2022 онд Хан товер ХХК-д ажилд орж байхад нь танилцаж найз нөхөд болсон... П.Б нь 2 сарын 27-ны орой манай гэрт ирээд намайг машинаараа юманд яваад өгөөч гэж хэлсэн. Би зөвшөөрөөд бид 2 миний 0000ОРБ Хонда Свик маркийн тээврийн хэрэгсэлтэй яваад шинээр баригдаж байгаа орон сууцны хашааны гадаа зогсоод Б би ороод юм аваад ирнэ байж байгаарай гэж хэлээд хашаа давж ороод цахилгааны утас авч ирсэн. Нийт 5 ширхэг цахилгааны утас авсан гэж санаж байна.... П.Б орой манай ажил дээр очоод нэг юм аваад ирье гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй..П.Б цахилгааны утсыг хашаа давуулж шидээгүй хаагуур яаж гаргасныг нь мэдэхгүй би машиндаа сууж байсан...П.Б хашаа давж гарч ирээд цахилгааны утсаа машинд ачаад явъя гэж хэлсэн бид тэндээс хөдлөөд би Бг гэрт нь буулгахад гэртээ харьсан цахилгааны утас нь машинд үлдсэн. Цахилгааны утас нь машинд байж байсан би 3 сарын 04-ны өдөр Улаанбаатар хот явсан. Улаанбаатар хотод ажилдаа очсоны дараа над руу залгаад цахилгааны утас авах гэсэн юм гэж хэлсэн би эхнэрийн дугаарыг өгсөн. Цахилгааны утсаа хэзээ хаана зарсан талаар би мэдэхгүй байна......" гэж мэдүүлжээ /хх-49-50/. Харин яллагдагчаар "....2024 оны 02 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед над руу утсаар яриад "ахаа ажил дээр оччихоод ирье" гэж хэлсэн. Ингээд 22-23 цагийн үед Б манай гэрийн гадаа ирээд над руу залгаж хэлсэн. Ингээд би гэрээсээ гараад очсон чинь "ахаа ажил руу явчхаад ирье" гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн.....явж байх замдаа Бгээс хаана ажиллаж байгаа талаар асуухад "Оюут багт баригдаж байгаа Гранд гардений барилга дээр ажиллаж байгаа" гэж хэлсэн. Ингэж явсаар Оюут багт баригдаж байгаа Гранд гарден хотхоны баригдаж байгаа барилгын хашааны гадна талд очиж зогссон. Тухайн газар луу очих замыг нь Б зааж уг газарт очсон. Б нь машинаас буухын өмнө та машиндаа сууж байгаарай би орчоод гараад ирье, камер салгана гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи камер салгаж яах гж байгаа юм бэ гэсэн чинь зүгээрээ ахаа гэж хэлээд буугаад явчихсан. Ингээд би машиндаа нэлээн удаан сууж байтал Б машины жолоочийн эсрэг талын хаалга онгойлгоод машины арын суудал дээр боодолтой цахилгаан утас 2 ширхгийг оруулж ирж тавиад буцаад явсан, хэсэг хугацааны дараа дахин хоёр ширхэг боодолтой цахилгааны утас оруулж ирж тавиад дахин 2-3 удаа энэ байдлаар цахилгааны утас оруулж ирсэн ба хэдэн утас болсныг тоолоогүй. Ингээд хамгийн сүүлд орж ирэхдээ хоосон орж ирээд за ах яваарай гэж хэлсэн. Ингээд би машинаа асаагаад хөдлөөд явсан. Явж байх замаараа би Бгээс энэ утаснуудаа яах гэж байгаа юм бэ? ямар учиртай утаснууд юм бэ гэж асуусан чинь таны машинд байж байг би маргаашаас авья, миний утаснууд байгаа юм гэж хэлсэн. Ингээд би Бг гэрийнх нь гадна талд хүргэж буулгаад гэртээ харьсан. Маргааш нь би Б лүү залгаж энэ утаснуудаа яах гэж байгаа юм бэ гэж асуухад байж байг би очиж авна гэж хэлсэн. Ингээд би нэгээс хоёр хоногийн дараа Улаанбаатар хот руу ажил руугаа явчихсан.....” гэж мэдүүлсэн байна.
Б.Г-ийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн дээрх мэдүүлэг нь П.Б-гийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй агуулгын хувьд ямар нэгэн зөрүүгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр үйлдэгддэг. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцох талаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан байна. Хэдийгээр П.Б, Б.Г нар нь хэрэг гарсан шөнө хамт явж байгаад П.Б нь ажиллаж байсан газраасаа очиж цахилгааны утас авсан байх боловч Б.Гийн хувьд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байгаа эсэхийг ухамсарлаж ойлгоогүй, Урьдчилан П.Бгийн үйлдэлд дэмжлэг үзүүлэх талаар амлаж түүнийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Гийн 2024 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө өөрийн танил П.Бгийн " гуйлтын дагуу түүний заасан маршрутын дагуу тээврийн хэрэгслээрээ явж өгсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэх нь эргэлзээтэй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/293 дугаартай шийтгэх тогтоолын Б.Гэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байгааг шийдвэрлэж өгөхийг хүсье. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч бид оролцох хүсэлтэй байгаа болно...” гэжээ.
Шүүгдэгч П.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр танилцаж гардаж авлаа. Миний бие өөрийн үйлдсэн хэрэг болон гэм бурууг бүрэн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Миний бие ам бүл 3 эхнэр болон ой гарантай хүүхэдтэй, эхнэр, хүүхдүүдээ тэжээн тэтгэж хардаг. Миний ар гэрийн байдал бага насны хүүхэд, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг минь харгалзан үзэж эдлэх ялыг минь багасгаж өгнө үү...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Б тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, хүлээн зөвшөөрч байна. Нялх хүүхэдтэй учир эдлэх ялыг маань багасгаж өгнө үү...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Г тайлбартаа: “...Тайлбар байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр тайлбартаа: “...Б.Г-ийн үйлдэл оролцоонд гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт заасан Гийг буруутгаж байгаа хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд тайлбартаа: “...П.Б нь бага насны хүүхэдтэй хохирол төлбөргүй тул ялыг багасгаж өгнө үү...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Дүүрэнжаргал дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, оролцогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна…” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.Б, шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч М.Мэндбаяр нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч П.Б нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Х хотхонд байрлах “У” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барилгын агуулахын байрнаас ПВЗ 1 х 2,5 загварын цахилгааны утас 3 боодол буюу 1,500 метрийг, ПВЗ 1 х 4 загварын цахилгааны утас 2 боодол буюу 700 метрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,840,000 төгрөгийн хохирол учруулсан,
үргэлжилсэн үйлдлээр Б.Г-тэй урьдчилан үгсэн тохиролцож 2024 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө тус агуулахын хаалгыг сангийн труба төмрөөр хөшиж эвдэн нэвтэрч ПВЗ 1х4 загварын цахилгааны утас 10 боодол буюу 3,500 метрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,950,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор 0000ОРБ улсын дугаартай М.М-ийн эзэмшлийн Хонда Сивик загварын тээврийн хэрэгслийг ашигласан,
шүүгдэгч Б.Г нь шүүгдэгч П.Б-тэй урьдчилан үгсэн тохиролцож 2024 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө “У” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хы барилгын тусгайлан хамгаалсан агуулахын хаалгыг сангийн труба төмрөөр хөшиж эвдэн нэвтэрч “У” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмшлийн ПВЗ 1х4 загварын цахилгааны 10 боодол буюу 3,500 метр утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,950,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эхнэр М.М-ийн эзэмшлийн 0000ОРБ улсын дугаартай Хонда Сивик загварын тээврийн хэрэгслийг ашигласан болох нь
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, иргэний нэхэмжлэгч Г.Э нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Г, П.Б нарын мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй болно.
Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцож, тухайн шөнө М.М-ийн эзэмшлийн 0000 ОРБ улсын дугаартай Хонда Сивик загварын тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг, 2а хороолол, Гранд гарден хотхоны барилгын агуулахын байранд очсон ..., шүүгдэгч Б.Г нь хашааны гадна үлдэж, ... шүүгдэгч П.Б нь тухайн барилгын зүүн талын хашааны буланд байх хяналтын камерын утсыг бахиар тастаж..., улмаар хаалгыг сангийн труба төмрөөр хөшиж эвдэн орж “У” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмшлийн ПВЗ 1 х 4 загварын цахилгааны утаснаас 10 боодол буюу 3,500 метрийг удаа дараагийн үйлдлээр хулгайлан авч, тус машинд ачиж явсан үйл баримт тогтоогдсон байна.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь урьдчилан тохиролцож тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж, хулгайлсан эд зүйлээ зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогджээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд П.Б, Б.Г нарын гэм бурууг хянан хэлэлцэж, тэдгээрийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг “тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч”, “машин механизм ашиглаж” үйлдсэн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан зүйлчилсэн байна.
Мөн шүүгдэгч П.Б, Б.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хуульд зааснаас доогуур хэмжээгээр хорих ялаар шийтгэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч М.Мэндбаярын “...Б.Г-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”, шүүгдэгч П.Б-гийн “...ялыг багасгаж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч М.Мэндбаяр, шүүгдэгч П.Б нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР