Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 232

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       

       

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М-т яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805014410268  дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн аваад  хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  1991 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, ...........................авто баазад засварчин ажилтай, ..........дүүргийн ..........дугаар хороо ..... шарын .........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М-.

 

Шүүгдэгч М- нь 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 цэнгээний газарт иргэн Б-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч М- иргэн Б-ийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны зүүн хажуу хананы зөрөө багатай хугаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, доод дээд уруулд завьжинд няцарсан шарх, дээд зүүн 1 шүдний булгаралт, зүүн хацар, шанаа уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б-ийн “2018 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө би эхнэр Энхзаяагийн  хамт баярыг нь тэмдэглэх зорилгоор +25 бааранд орсон. Тухайн үед цаг 00 болж байсан. ...Би босоод бүжгийн талбай дээр очин бүжиглэж байсан чинь миний гар утсанд дуудлага ирсэн. Би гар утсаа харсан чинь эгч Алтанцэцэг залгаж байхаар нь би тасалчихаад зогсож байсан чинь дахин дахин залгаад байсан. Учир нь бааранд ярьж болохгүй байсан юм. Тэгтэл нэг залуу над дээр ирэн чи бичлэг хийгээд байгаа юм уу яагаад юм бэ гэж хэлэхээр нь би өөдөөс нь юу яриад байгаа тухай хэлсэн чинь намайг бичлэг хийгээд хүүхэн шиг харагдаад байна гэх мэтээр доромжлоод байсан. Үүнээс болон маргалдсан чинь миний хоолойг өмсөж явсан цамцаар боосноо зүүн нүд хэсэг рүү гараараа цохисон. Би доош газар суусан  чинь миний хоолойг цамцаар боочихоод тавихгүй болохоор нь би цамцаа урж байж гарыг нь тавиулсан. Тэгтэл бааранд байсан хүмүүс салгасан. ... Б-нын ширээний орчим очсон чинь Б-н миний өөдөөс хүрч ирэн сууж байсан ширээнийхээ наад талын ширээн дээр намайг дарж унаган миний нүүрэн тус газар луу хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл миний шүд унасан. Энэ үед манай эхнэр Энхзаяа ирэн намайг аваад барьсан. Миний амнаас их цус гарсан. Миний нэг шүд унасан. Уруул дотор гадна талдаа язарсан. ...Би эмчилгээний зардалд 3.500.000 төгрөг авсан. Харин одоо 500.000 төгрөг өгөх дутуу байгаа. Түүнийгээ авах юм бол гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-11 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3444 дугаартай

“1. Б--н биед зүүн нүдний ухархайн дотор хананы этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны зүүн хажуу хананы зөрөө багатай хугаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, доод дээд уруулд завьжинд няцарсан шарх, дээд зүүн 1 шүдний булгаралт, зүүн хацар, шанаа уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид 1 шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги  5%-р алдагдуулна” гэсэн дүгнэлт. /хэргийн 13 дугаар хуудас/

 

Гэрч О.Энхзаяагийн “2018 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө би нөхөр Бийн хамт +25 бааранд намайг баярлуулах зорилгоор орсон. Б бид хоёр нэг нэг пиво уусан. Дахин нэгийг захиалсан. ... Нэг мэдсэн чинь хажуу талд нь зогсож байсан саарал өнгийн малгайтай цамцтай залуу Бийн нүүрэн тус газар нь цохисон. Би гүйгээд очиход Бийг заамдчихсан хамраас нь цус гоожсон байдалтай зогсож байсан. ... Би тухайн өдөр нөгөө малгайтай цамцтай Б-н гэдэг залуу дээр очин чи яагаад манай нөхрийг цохиж байгаа талаар асуухад юм хэлэхгүй намайг чи холд гээд түлхээд байсан. Энэ үед Б гүйн ирээд Б-ныг цохих шиг болсон. Тэгтэл тал талаас баахан залуучууд ирэн салгасан. Энэ үед манай нөхөр сандлын доош суухаар нь би юу болсон талаар асуусан чинь миний шүд уначихлаа гээд амнаас нь цус гараад байсан бөгөөд цагдаа дууд гэж хэлсэн. Удалгүй цагдаа орж ирэн бид нарыг аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/

 

Гэрч Г.Гаваадоржийн “...Харин манай хамт явж байсан залуучууд бүжиглэх гээд үлдсэн. Тэгтэл Билэгсайхан гарч ирэн ахаа бааранд Б-н хүнтэй зодолдоод байна гэхээр нь  татаж байсан тамхиа хаян Билэгсайханы хамт баар луу орсон чинь Б-н сууж байсан ширээн дээрээ сууж байсан. ... Нүүр хэсэг нь жаахан цус болсон байсан. Би юу болсон талаар асуухад нэг дуу бичлэг хийснээс болон хэрэлдэж байгаад зодолдчихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-20 дугаар хуудас/

 

Шүүгдэгч М-ын яллагдагчаар өгсөн “...Би найзуудтайгаа бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь нэг залуу бичлэг хийгээд байхаар нь би ямар учиртай бичлэг хийгээд байгаа талаар асуухад чамд хамаагүй гэж хэлсэн. Би дахин ямар учиртай бичлэг болох талаар асуухад миний зүүн шанаан тус газар нэг удаа цохихоор нь би цамцны захаар нь хоолойг нь боох маягтай болгоод арагш түлхсэн чинь нөгөө залуу хөл алдан бүжгийн талбай дээр унасан. ...Би хоёр найзтайгаа гурвуулаа сууж байсан чинь нөгөө залуу буюу Б ирэн намайг цохих гэхээр нь би эргүүлэн хойд талын ширээн сандал дээр дарж унаган гараараа нэг удаа нүүрэн тус газар руу нь цохисон. ...Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би эмчилгээний зардалд 3.800.000 төгрөг хүлээлгэн өгсөн. Сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

                                                                                                                                

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М- 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М- торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ