| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00208/И |
| Дугаар | 318/ШШ2025/00670 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 318/ШШ2025/00670
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь cум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т овогт Б.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УДХ ТӨХК-д холбогдох,
Ажилгүй байсан 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14,311,359 төгрөг гаргуулах, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц ТӨХК-д Борлуулалтын ажилтнаар ажиллаж байгаад 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн. Хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн асуудлаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2024/00291 тоот шүүгчийн захирамж гарч, борлуулалтын ажилтны ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн боловч Дулааны хоёрдугаар станц ТӨХК нь Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Ингээд 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 224/МА2024/00029 тоот шүүхийн магадлал гарч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 152/ШШ2024/00291 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай гэсэн шийдвэр гарсан. Ингээд дахин 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Б дуудан уулзаж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн Борлуулалтын ажилтан албан тушаалд томилсон. Иймд урьд нь миний 2024 оны 3 дугаар сарын 19-ий өдрөөс 2024 оны 12 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин /9 сар 1,590,151=14,311,359 төгрөгийг/ нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.О нь манай байгууллага УДХ ТӨХК-д борлуулалтын ажилтнаар ажиллаж байгаад 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 тоот тушаалаар халагдаж Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн дугаар шийдвэрээр 2024 оны 12 дугаар сарын 16-ний өдөр ажилд эгүүлэн томилогдсон болно. Б.О гийн нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг татгалзаж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргагч нь ажлаас халагдахын өмнө жирэмсэн байсан бөгөөд хэрвээ ажлаас халагдаагүй тохиолдолд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 хэсэг Эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгоно." мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/44, А/40 дугаартай Маягтын загвар аргачлал батлах тухай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх аргачлалаар цалин, хөлс тооцогдож байсан тул хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, журмын хүрээнд тооцож үзэхэд нийт дүнгээр 6,142,267.50 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх 8,168,731.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарын хооронд 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Балжинням овогтой Отгонтуяа миний бие УДХ ТӨХК-нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цалин хөлс буюу 14,311,359 төгрөгөөс 11,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үлдэх 3,311,359 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Увс аймгийн УДХ ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 14,311,359 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага болох 14,311,359 төгрөгөөс хариуцагч Увс аймгийн УДХ ТӨХК нь 11,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.О д төлж барагдуулах, үлдэх 3,311,359 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч Увс аймгийн УДХ ТӨХК-иас гаргуулахаас татгалзаж байгаагаа илэрхийлжээ.
3. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар 95,475 төгрөгийг хариуцагч Увс аймгийн УДХ ТӨХК-иас гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 14,311,359 төгрөгөөс хариуцагч Увс аймгийн УДХ ТӨХК нь 11,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.О д төлж барагдуулах, үлдэх 3,311,359 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч Увс аймгийн УДХ ТӨХК-иас гаргуулахаас татгалзаж, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар 95,475 төгрөгийг хариуцагч Увс аймгийн УДХ ТӨХК-иас гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч Увс аймгийн УДХ ТӨХК сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР