Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 236

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч М-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М-т яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 1805016180273  дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн аваад  хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24  настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, .............ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр охины хамт .............дүүргийн ....... дугаар хороо ..... дугаар байр ..........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М-

 

Шүүгдэгч М-нь 2018 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ...........дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... дугаар байрны ....... тоотод хамтран амьдрагч С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М-мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч М-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч  М-хамтран амьдрагч С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч С-гийн “2018 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө би нөхөр М охин нарын хамт унтаж байсан чинь охин жаахан халуунтай уйлаад байхаар нь би сэрээд охиныг аван эмийг нь уулгачихаад унтах гэсэн чинь охин орон дээрээ цай асгасан би түүнийг янзалчихаад хэвтэх гэсэн чинь миний унтдаг талд охин С хэвтчихсэн. ... нөхөр М нойроо харамлан цаашаа бай битгий надад хүр гэж уурласан. Тэгтэл миний уур хүрээд би танайхаас зайлна гэж хэлсэн. Учир нь манай нөхөр намайг дандаа хөөдөг юм. ... М шөнө 03-04 цаг болж байхад намайг яг одоо зайл гэж хөөсөн. М намайг лаларын гичий минь яг одоо манай гэрээс зайл гэж хэлсэн болохоор яаж өсөн хүмүүжсэн болохоороо ийм аймаар болсон юм бэ гэж хэлснээс болж чи намайг өсгөсөн ээж, эмээ хоёрыг доромжиллоо гэж уурлан миний толгой хэсэг рүү хоёр удаа цохисон. Би эсэргүүцэн Мын биед хүрсэн. Тэгтэл баруун гуя хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгээд хэрүүл үргэлжилсээр миний нүүрний зүүн хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. ...М нойлоос гарч ирээд толгой хэсэг рүү алгадсан. ... Маргааш өглөө сэрэхэд миний нүүр хэсэг хавдан хөхөрсөн байсан. ...Намайг битгий надад хүр цаашаа унт гэхлээр нь би зайлаад өгнө гэж хэлснээс хэрүүл маргаан гарсны улмаас намайг зодсон. ...Хамтран амьдрагч байгаа юм. Дундаасаа 1,8 настай охинтой. ... Би нөхөр Мтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн №3921 дугаартай:

“1. С-ийнбиед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух, зүүн шанаа, зүүн нүдний гадна булан ба доод зовхи, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын шуу, сарвуу, баруун өвдөгний  цус хуралт, баруун сарвууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 16 дугаар хуудас/

 

Шүүгдэгч А.Мын яллагдагчаар өгсөн “2018 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн орчим би эхнэр С, охин С нарын хамт унтаж амарч байсан чинь охин С халууран сэрсэн. ...Эхнэр С  охиныг өвдөөд уйлаад байхад дуугүй бай гээд загнаад байсан. Би дотроо яагаад хүүхэд загнаад байгаа юм бол аргадчихгүй гээд бодоод хэвтэж байсан. Эхнэр бид хоёр охиноо голдоо унтуулдаг. Тэгтэл ханан талд охиноо хэвтүүлээд өөрөө голдоо ороод хэвтэхээр нь би чи жаахан цаашаа хэвтчих наалдаад халууцаад байна гэж хэлсэн чинь эхнэр С уурлан намайг пизда чинь яадаргаатай юм бэ чамаар хаана хэвтэхээ заалгах юм уу би нэг өдөр энэ гэрээс чинь яваад өгнө гэж хэлэхээр нь би дуугүй бай гэж хэлснээс болон хараал зүхэлдээ тулсан. ... Энэ хэрүүлээс болон С миний ам хэсэг рүү салаавч гарган хийхээр нь би Сгийн нүүрэн тус газар руу гараараа алгадсан. Намайг алгадахад С нүүрээрээ хана мөргөсөн. Тэгтэл над руу дайрч эхлэхээр нь би өөрөөсөө холдуудах гэж түлхсэн. ...Би гэр бүлийн маргаанаас болон нүүрэн тус газар луу нь гараараа хоёр удаа цохиход хана мөргөсөн. Би урьд өмнө эрх чөлөөнд нь халдаж байгаагүй. ... Би эрх чөлөөнд нь халдсан үйлдэлдээ гэмшиж байна. Би урьд нь ийм зүйл гаргаж байгаагүй. Би Стэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул бид хоёрын дунд хохирлын ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч А.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч М-нь эхнэр У.Сг гэр бүлийн маргааны улмаас зодож түүний биемахбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч У.С нь шүүгдэгчээс хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

                                                                                                                                

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Мыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  М-торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М-торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Мт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.