Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00576

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/00160 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “МД” ХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөр болон алданги нийт 45,213,292 төгрөг гаргуулах үндсэн, даатгалын нөхөн төлбөрт олгосон 987,804 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбат, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргил, Г.Дэлгэрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Манай компани МД ХК-тай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 90C1920003931 дугаар даатгалын гэрээ байгуулж, олон нийтийн өмнө хүлээх хариуцлага болон бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагаа 1 жилийн хугацаатай даатгуулсан. Даатгалын зүйлийн нийт үнэлгээ 180,000,000 төгрөг бөгөөд даатгалын хураамж 990,000 төгрөгийг төлсөн. 2020 оны 03 дугаар сарын 01-нээс мөн сарын 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороололд байрлах тус компанийн дохиолол хамгаалалтын үйлчилгээний гэрээт харилцагч Номин холдинг ХХК-ийн Номин их дэлгүүр салбараас нийт 31,113,000 төгрөгийн бүхий эд зүйлийг хулгайлсан. Манай компани “МД” ХК-д даатгалын нөхөн төлбөр авахаар шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн. Гэвч МД ХК нөхөн олговрыг олгохоос татгалзсан тул Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд тус хороо уг асуудлыг шалгаад “... даатгагч нь хохирол үнэлэгч компанийн тогтоосон үнэлгээний тайлангийн дүнгээс үндэслэлгүйгээр нөхөн төлбөрийн хэмжээг хасаж тооцсон нь даатгуулагчийн эрх ашгийг зөрчсөн, 90С1920003931 дугаар даатгалын гэрээний 12.4, 13.3-т заасныг үндэслэн даатгагч хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу хохирлыг хэмжээг хохирол үнэлэгч компанийн тогтоосон дүнгээр олгох нь зүйтэй...” гэж шийдвэрлэсэн. 

Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 31,113,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. Мөн “Номин холдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй О ХХК-д холбогдох иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03031 дугаар шийдвэрээр 31,113,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн.

Даатгалын гэрээний 9.1-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувьтай тэнцэх алданги тооцсон гэж заасан. Хугацаа хэтэрсэн нийт хугацааны алданги 51,241,731.70 төгрөг болох бөгөөд хуульд заасны дагуу 15,071,097.56 төгрөг төлөх үүрэгтэй. Иймд “МД ХК-аас даатгалын нөхөн төлбөр 30,142,195.12 төгрөг, алданги 15,071,097.56 төгрөг, нийт 45,213,292.68 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

МД ХК нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр О ХХК-тай 90С1920003931 дугаар байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалын гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан.

2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөн сарын 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Номин их дэлгүүрийн 3 дугаар давхраас 26 ширхэг гар утас хулгайд алдагдсан гэмт хэрэг гарсан бөгөөд одоо харьяаллын дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа.Номин их дэлгүүрийн 1-5 давхрын хамгаалалтыг Номин холдинг ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан NH/20/43/20/771 дугаар дохиолол хамгаалалтын гэрээний дагуу хариуцаж байсан О ХХК нь уг гэрээнд заасан 49 объектыг хамгаалалтад авч, гэнэтийн халдлага болсон тохиолдолд таслан зогсоох, холбогдох арга хэмжээг авах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэсэн дүгнэлтийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хийж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хэрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж “О ХХК-аас 31,113,000 төгрөг гаргуулж Номин холдинг ХХК-д олгож шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэхдээ талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд зааснаар даатгалын зүйлд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй.  Учир нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 90С1920003931 дугаар даатгалын гэрээний 2 дугаар хавсралтаар даатгалын зүйлийг тогтоосон ба энэхүү хавсралтаар Номин холдинг ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Дохиолол хамгаалалтын гэрээгээр хүлээсэн О ХХК-ийн үүрэг буюу уг гэрээний дагуу явуулж буй үйл ажиллагааг МД ХК даатгаагүй. Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээний хавсралт 2-ын 109 дүгээрт заасан даатгалын зүйл болох Номин холдинг ХХК, УБ хот дахь салбар дэлгүүрүүдэд явуулж байгаа ОХХК-ийн үйл ажиллагаа нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө тухайн талуудын хооронд байгуулагдсан байсан дохиолол хамгаалалтын гэрээнд заасан үүрэг, үйл ажиллагааг ойлгохоос бус хожим 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд заасан үүрэг, үйл ажиллагаа хамаарахгүй.

Уг гэрээний 4.4-д дохиолол хамгаалалттай хугацаанд гэмт халдлагын улмаас эд зүйлсэд хохирол учирсан, энэ нь хамгаалагч талын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалсан гэж хуулийн байгууллага, шүүх гэм буруутайг тогтоосон нөхцөлд үйлчлүүлэгч талд, эд зүйлсийн хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэмт халдлагын улмаас Номин холдинг ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учирсанд О ХХК-ийг гэм буруутай гэж хуулийн байгууллага, шүүхээс тогтоосон нөхцөлд нэхэмжлэгч нь үйлчлүүлэгчийнхээ өмнө хариуцлага хүлээхээр байна. Гэтэл ОХХК-ийг гэм буруутай талаар эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй, талуудын хооронд гэм хорыг нөхөн төлөх үүрэг үүсээгүй үед гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь үндэслэлгүй.

Даатгалын гэрээнд заасан үүргээ биелүүлж хохирлыг нөхөн төлөхөөс татгалзаж маргаж шүүхийн шийдвэр ирүүлэх талаар манай компани 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/1019 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Тус албан бичгийн дагуу нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 102/ШШ2020/03031 шийдвэрийг ирүүлсэн боловч тус хэрэгт нэхэмжлэгч нь дохиолол хамгаалалтын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх талаар маргаагүй, зөвхөн хохирлын үнэлгээнд маргасан. Даатгуулагч нь даатгалын гэрээний үүрэг болон даатгагчийн өгсөн үүрэг, зааврыг зохих ёсоор биелүүлээгүйгээс гуравдагч этгээдийн буюу Номин холдинг ХХК-ийн өмнө хариуцлага хүлээх эсэх асуудлыг тодорхойлох боломжгүй болсон. Нэгэнт даатгуулагч даатгалын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй. Гэмт хэргийн шинж чанартай үйлдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж Даатгалын тухай хуулийн 12.6.14.4, 13.5.13.4-т тус тус заасан гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

О ХХК  болон МД ХК-тай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 90С1920003931 дугаар хариуцлагын даатгалын гэрээгээр даатгуулагч нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хариуцлага болон олон нийтийн өмнө хүлээх хариуцлагыг тус тус даатгуулсан. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр даатгалын гэрээний үнэлгээнд хувь тэнцүүлэн 987,804.88 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон. Хариуцлагын даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болсон эсэхийг тогтооход юуны өмнө даатгуулагчид гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага үүссэн эсэхийг тодорхойлох шаардлагатай. Гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага даатгуулагчид үүсээгүй бол хариуцлагын даатгалын гэрээний даатгалын тохиолдол гэж үзэн нөхөн төлбөр олгох боломжгүй. Нэхэмжлэгч хариуцлага алдсан эсэх талаараа МД ХК-д ирүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/90 дугаар албан бичигт “... гэмт хэрэг гарах явцад тус этгээдүүд дохиоллын системд өртөхгүй байдлаар үйлдлээ хийсэн бөгөөд тус үйлдэл нь камерын бичлэгээр нотлогддог, бидний зүгээс эрсдэл үүссэн дариуд дохиоллын системийг шалгахад ямар нэг алдаа гараагүй хэвийн ажиллагаатай байсан болно...” гэж тайлбарласан. Хэрэв нэхэмжлэгч нь үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлж, түүний үзүүлж буй ажил үйлчилгээний доголдлоос шалтгаалахгүйгээр хохирол гарсан бол даатгалын тохиолдол гэж үзэх боломжгүй буюу энэ тохиолдолд даатгалын тохиолдол үүсээгүй байна.

ОХХК нь Номин холдинг ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дохиолол хамгаалалтын гэрээний  4.4-д дохиолол хамгаалалттай хугацаанд гэмт халдлагын улмаас эд зүйлсэд хохирол учирсан, энэ нь хамгаалагч талын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалсан гэж хуулийн байгууллага, шүүх гэм буруутайг тогтоосон нөхцөлд үйлчлүүлэгч талд, эд зүйлсийн хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэмт халдлагын улмаас Номин холдинг ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учирсанд О ХХК-ийг гэм буруутай гэж хуулийн байгууллага, шүүхээс тогтоосон нөхцөлд нэхэмжлэгч нь үйлчлүүлэгчийнхээ өмнө хариуцлага хүлээнэ. Гэтэл ОХХК-ийг тус тохиолдолд гэм буруутай талаар эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй, талуудын хооронд гэм хорыг нөхөн төлөх үүрэг үүсээгүй байх үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь үндэслэлгүй. Даатгуулагч нь даатгалын гэрээний үүрэг болон даатгагчийн өгсөн үүрэг, зааврыг зохих ёсоор биелүүлээгүйгээс Номин холдинг ХХК-ийн өмнө хариуцлага хүлээх эсэх асуудлыг тодорхойлох боломжгүй.

Номин холдинг ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан NH/20/43/20/771 дугаар дохиолол хамгаалалтын гэрээний дагуу О ХХК-ийн хариуцлага нь даатгалын гэрээнд заасан даатгалын зүйл биш МД ХК-аас нөхөн төлбөрт олгосон 987,804.88 төгрөг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

           

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Манай компани даатгалын тохиолдол болсон даруйд МД ХК-д мэдэгдэж улмаар тус компаниас шинжээчид ирж, газар дээр нь ажиллаж, шаардлагатай бүх ажиллагаануудыг хийсэн. Даатгагч тал манай компанийн бүрдүүлж өгсөн материалуудыг хянаад нөхөн төлбөрт 987,805 төгрөг олгосон. Даатгалын гэрээний дагуу олгох нөхөн төлбөрийг дутуу олгосон. Даатгагч нь гэрээний үүргээ зөрчиж, нөхөн төлбөрийг бүрэн олгоогүй тул Санхүүгийн зохицуулах хорооноос “МД ХК-ийг нөхөн олговрыг олгохыг даалгасан. Даатгагч нь даатгалын тохиолдол болсон эсэх талаар маргадаггүй бөгөөд зөвхөн нөхөн төлбөрийн дүнг бууруулж олгох тухай албан бичгүүдийг удаа дараа манай компанид ирүүлж байсныг хэрэгт авагдсан. Бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагын даатгалын гэрээний 12.1.3 даатгалын зүйл гэж даатгуулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн үйлчилгээний шууд үр дүнгээс шалтгаалан үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагыг хэлнэ гэсний дагуу манай компани нь Номин холдинг ХХК-тай байгуулсан дохиолол хамгаалалтын гэрээний дагуу хамгаалуулагчийн объектуудын аюулгүй байдлыг ханган эд хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээж даатгуулсан. Энэ үүргээ биелүүлээгүйгээс эд зүйл алдагдаж гэрээт компанид их хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх манай компанийг дохиолол хамгаапалтын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Номин холдинг ХХК-д эд хөрөнгийн хохирол учруулсан болохыг тогтоож, шаардах эрхтэй гэж үзэн, манай компаниас 31,113,000 төгрөг гаргуулж, Номин холдинг ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Даатгалын гэрээнд даатгалын тохиолдлыг харуул хамгаалалтын үйлчилгээ гэж тодорхойлсон. Гэрээнд заасны дагуу даатгуулагч гуравдагч этгээдийн өмнө үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг даатгалын тохиолдол гэж талууд гэрээгээр тохирсон. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

            Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “МД” ХК-аас 45,213,292 /дөчин таван сая хоёр зуун арван гурван мянга хоёр зуун ерөн хоёр/ төгрөг гаргуулж “О” ХХК-д олгож, нэхэмжлэгч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384,016 төгрөгийг, “МД” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,258 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МД” ХК-аас 384,016 /гурван зуун наян дөрвөн мянга арван зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-д олгож шийдвэрлэжээ.          

 

            6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэгт “...даатгалын нөхөн төлбөрт олгосон 987,804 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв...” гэсэн байна. Гэвч шүүх хуралдааныг завсарлаж, зөвлөлдсөний дараа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй, зөвхөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Гэтэл шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй атлаа бичгээр гаргасан шийдвэрийн үндэслэх хэсэгт шийдвэрлэсэн мэтээр дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйл, 118 дугаар зүйлийн

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар танилцуулан сонсгомогц хүчин болсон шийдвэрийг мөн хуулийн 119.3 дахь хэсэгт зааснаар бичгээр үйлдэн гаргахдаа өөрчилсөн.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй байж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “МД” ХК-ийг нөхөн төлбөр төлөх үүрэгтэй болохыг, мөн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тус бүрд нэхэмжпэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгсөн тул дахин дүгнэх шаардлагагүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй нь сөрөг нэхэмжлэлийн хүрээнд мэтгэлцэх, үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэх боломжгүй үр дагаварт хүргэсэн. Өөрөөр хэлбэл, шүүгч үндсэн нэхэмжлэлийг хангах, манай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох урьдчилсан дүгнэлттэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2 дахь хэсэгт хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол даатгалын зүйл байж болохоор заасан тул талууд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 90С1920003931 дугаар даатгалын гэрээгээр “О ХХК-ийн бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлын хариуцлагаас үүдэлтэй хохирлыг нөхөн төлөх агуулга бүхий гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээнд заасан даатгалын зүйл нь тухайн гэрээг байгуулж байх цаг хугацаанд бий болсон буюу манай тохиолдолд “О” ХХК болон “Номин холдинг” ХХК-ийн хооронд байгуулагдсан байсан гэрээний үүргийн буюу “Номин холдинг” ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн “О” ХХК-ийн хариуцлага байсан.

Даатгалын гэрээний дагуу 900,000 төгрөгийн хураамж төлж, хавсралт 2-т заасны дагуу нийт 164 аж ахуйн нэгжид “О” ХХК-ийн үзүүлж буй үйлчилгээний хариуцлагын даатгалын нийт үнэлгээг 180,000,000 төгрөг байхаар нэхэмжлэгчээс нэг аж ахуйн нэгжид үзүүлж байгаа үйлчилгээний хариуцлагын даатгалын ногдох үнэлгээ 1,097,560 төгрөг байгааг анхаарч үзээгүй. Тодруулбал, талууд 1 аж ахуйн нэгжид учирч болох хохирлын хэмжээг 1,097,560 төгрөг байхаар буюу даатгалын үнэлгээг мөн төгрөгөөр тохирсон байхад шүүх ганц байгууллагад ногдох даатгалын үнэлгээг 31,113,000 төгрөгөөр тогтоож талуудын гэрээний тохиролцоонд хөндлөнгөөс оролцож даатгалын үнэлгээг үндэслэлгүйгээр ихэсгэсэн.

О” ХХК-ийн хариуцлагагүйгээс хулгайд 26 ширхэг гар алдсан “Номин холдинг” ХХК бус “Номин Электроникс” ХХК байхад шүүх үүнийг тодруулаагүй нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт уг гар утас нь Номин холдинг ХХК-ийн өмчлөлд байсан эсэхийг тогтоох ажиллагаа хийгээгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Даатгалын гэрээний Олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын даатгалын хүрээнд даатгуулагчийн ажил үйлчилгээ явуулж байгаа эзэмшил газар буюу ашиглаж байгаа газарт түүний санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын хариуцлагыг даатгасан тул дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт нь даатгалын тохиолдолд хамаарч байна” гэж үзсэн бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ныөдрийн 3031 дугаар шийдвэрээр ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэсэн бөгөөд даатгалын тохиолдол болсон эсэхийг дүгнээгүй тул дээрх шийдвэрээр уг даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргасан тайлбарын агуулга:

Cөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчид гардуулсан ба тайлбараа бичгээр гаргаж өгсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэх гомдол үндэслэлгүй. Шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээж аваагүй нь нэхэмжлэлийн хүрээнд мэтгэлцэх, үндсэн нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэгдэх боломжгүй үр дагаварт хүргэсэн гэх гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч талын хүсэлтээр цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол болон гэрэл зургуудыг гаргуулсан нь хэрэгт авагдсан. Иймд эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг дахин гаргуулах шаардлагагүй бөгөөд тус эрүүгийн хэргийн эзэн холбогдогч тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсээгүй хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байгаа юм. Гэрчээр н.Мөнхзулыг оролцуулах хүсэлт гаргасан ба тэрээр “МД” ХК-ийн менежерээр ажилладаг байхад түүнээс ямар зүйл тодруулах нь ойлгомжгүй, хэрэгт ач холбогдолгүй юм. Даатгалын гэрээний 2 дугаар хавсралтад “Номин холдинг” ХХК-ийн Улаанбаатар хот дахь салбар дэлгүүрүүд гэж даатгалын зүйлийг тодорхойлсон. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн 3, 4 дүгээр хороололд байрлах салбар дэлгүүрт хулгай орж 31,000,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл алдагдсан. Манай компанийн “МД” ХК-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу авах ёстой нөхөн төлбөрөө нэхэмжилж байгаа. 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хулгай гарч даатгалын тохиолдол бий болсон даруйд “МД” ХК-д мэдэгдэж, тус компанийн шинжээч очиж үзлэг хийж, гэрэл зураг дарж, материалууд бүрдүүлсэн. Манай компани даатгалын гэрээнд заасан хугацаанд материалаа бүрдүүлж өгсөн. “МД” ХК нь даатгалын тохиолдол бий болсныг хүлээн зөвшөөрч нөхөн төлбөрөөс 900,000 төгрөгийг манайд шилжүүлсэн. Үлдсэн төлбөрийг шилжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан. Манай компани “Номин холдинг” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дохиолол хамгаалалтын гэрээг байгуулсан 1 жилийн хугацаатай байгуулсан ба гэрээний 1.6-д гэрээний 1.5-д заасан хугацаа дуусахад талууд гэрээг сунгах болон цуцлах талаар санал гаргаагүй тохиолдолд энэхүү гэрээ нь анхны заагдсан нөхцөл хугацаагаар дахин сунгасанд тооцно гэж заасан. Өөрөөр хэлбэл, харуул хамгаалалтын үйлчилгээг тасралтгүй үзүүлж байх хугацаанд энэ даатгалын тохиолдол бий болсон. Мөн цагдаагийн байгууллагын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хяналтын камерууд хэвийн ажиллаж байгаа талаар дурдсан. Даатгалын хураамжийг тухай бүр төлж байсан ба нотлох баримт хэрэгт авагдсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 31,000,000 төгрөгийг гаргуулж “Номин холдинг” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна. Мөн даатгалын гэрээний хүчинтэй байх хугацаанд даатгалын тохиолдол болсон ба “Номин холдинг” ХХК-ийн Улаанбаатар хот дахь салбар дэлгүүрүүд гэж даатгалын хамрах хүрээг тодорхойлсон зэрэг үйл баримтаар даатгалын нөхөн төлбөрийг олгох ёстой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

            2. Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “МД” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 45,213,292 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч даатгалын нөхөн төлбөрт төлсөн 987,804 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. (1хав-1-2)

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх шаардлагатай.

           

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... “О” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн гэж үзэн нөхөн төлбөрт олгосон 987,804 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн байна. Гэвч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “МД” ХК-аас 45,213,292 төгрөг гаргуулж “О” ХХК-д олгож шийдвэрлэсэн талаар тусгагджээ.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг тусгахаар зохицуулсан байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн талаар тусгагджээ. (2 хав-1-13)

           

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн “... шүүгч шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн талаар танилцуулаагүй атлаа бичгээр гаргасан шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар тусгасан нь буруу ...” гэх гомдол үндэслэлтэй.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно гэж заасан. Иймд шийдвэр хүчинтэй болсноор анхан шатны шүүх шийдвэрээ өөрчлөх, уншиж танилцуулснаас өөр байдлаар шийдвэрээ гаргах, шийдвэрлээгүй асуудлыг шийдвэрт тусгах эрхгүй юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

4. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ЕШ2021/02164 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Түүнчлэн, хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны оролцогчоос татгалзах үндэслэх байгаа эсэхийг тодруулахад “... татгалзан гарах хүсэлт байхгүй...” гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Энэ талаарх гомдол үндэслэлгүй байна. (2 хав-2)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/00160 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 384,020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                  ШҮҮГЧИД                                     А.МӨНХЗУЛ

 

                                                                                       Н.БАТЗОРИГ