| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 2313003800370 |
| Дугаар | 2024/ДШМ/42 |
| Огноо | 2024-09-27 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2024/ДШМ/42
М.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолтой,
шүүгдэгч М.А-д холбогдох эрүүгийн 2313003800370 дугаартай, 2 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, цагаатгагдсан этгээд М.А-, түүний өмгөөлөгч Х.Бакен, С.Нургайып, Б.Дагиймаа /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ***** суманд төрсөн,** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, *******ажилтай, ам бүл ** хүнтэй, **** хамт **** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт М-ийн А- /РД:********/ нь тус аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга С.С- нь 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас барсны улмаас гарсан сул орон тоонд 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай захирамжаар төрийн улс төрийн албанаас чөлөөлөгдөж ажилгүй байсан А.Н-ийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт 5536267 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
2. Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаар яллах дүгнэлтээр М.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/157 дугаар цагаатгах тогтоолоор:
3.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогтой М-ийн А-д холбогдох 2313003800370 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, М.А-ийг цагаатгаж,
3.2. Цагаатгагдсан этгээд М.А- нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
4. Прокурорын эсэргүүцэлд:
4.1. ...Цагаатгах тогтоолыг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, мөн хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
4.2. Монгол Улсын Их хурлаас 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргахыг хориглосон.
4.3. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгохоор заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл М.А- нь Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудад заасан албаны бүрэн эрхэд нь хамаарах албан тушаалд тавигдах болзол шаардлага хангасан хүнийг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар томилох, болзол шаардлага хангаагүй хүнийг томилохоос татгалзах үүргээ албаны эрх ашгийн эсрэг хийж сул орон тоо гарсан даруй сонгон шалгаруулалт явуулах хүсэлтээ аймгийн төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлэлгүй, төрийн албаны тусгай шалгалтад тэнцээгүй А.Н-ийг захиргааны албан тушаалд шууд томилсон нь тогтоогдсон. Мөн түүний томилсон А.Н- нь М.А-тэй огт хамааралгүй этгээд гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, тэрээр урьд нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллагад олон жил хамт ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
4.4. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан.
4.5. Түүнчлэн, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар хориглосон үйлдлийг хийсэн, түүнчлэн зөвшөөрсөн үйлдлийг хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан.
4.6. Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг авч үзвэл тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан байхад шүүхээс М.А-ийн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 22, 23, 25, 27, 31, 43 дугаар зүйлүүдэд заасныг зөрчсөн олон удаагийн үйлдлийг зөрчил гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл М.А- нь ээлжийн амралтаа авч явахын тулд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын сул орон тоонд шинээр хүн томилогдоогүй гэх шалтгаанаар аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс шийдвэр гараагүй байхад өөрөө санаачилга гарган тухайн албан тушаалд ажиллах хүн хайж зар байршуулан, уг албан тушаалд А.Н-ийг томилсон нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан мөн А.Н-ийг төрийн албаны тусгай шалгалтад орж тэнцээгүй, урьд албан тушаалын буюу төрийн албанд хуурамч захирамж гарган ажилд авсан үйлдэл нь түүнд давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байхад шүүхээс дээрх үйл баримтад нэгдсэн дүгнэлт хийгээгүй юм.
4.7. Эрүүгийн эрх зүйд гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүний төрөл болон тодорхой гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид хэрхэн хуульчлан тогтоосноос шалтгаалан ангилдаг билээ.
Ингэхдээ нийгэмд аюултай тодорхой гэмт үйлдлийн шинжийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангид заахдаа түүний гол шинж болох объектив талын, ялангуяа үйлдэл, эс үйлдэхүй, хор уршгийг ихэвчлэн хуульчилдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн бүрэлдэхүүний бүтцийг материаллаг, хэлбэрийн, холимог гэсэн төрөлд хуваадаг.
Материаллаг бүрэлдэхүүний хувьд үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо заавал байх үндсэн шинжид хамаардаг бол холимог бүрэлдэхүүний хувьд гэмт хэрэг үйлдэхэд хандаж буй хандлага, сэтгэхүйн харьцаа, хүсээгүй үр дүнг анхаарч, заримдаа урьдчилсан шатанд /бэлтгэх, завдах/ төгс үйлдсэнд тооцогддог онцлогтой.
Харин хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй билээ.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдаг онцлогтой.
Энэ хэргийн тухайд М.А- нь өөрт олгогдсон албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хуульд тусгагдсан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын эрх хэмжээнд хамаарах асуудлаар шийдвэр гаргахдаа төрийн албаны хууль дээдлэх зарчим, түүнчлэн дээрх албан тушаалд ажиллах сонирхол бүхий иргэдийн эрх ашгийг зөрчсөн зэрэг хор уршиг учруулсан байх тул “Эрх мэдэл, албан тушаал”-ын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэхээр байна.
4.8. Мөн төрийн албаны тухай хуулийн 48.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол...” гэж хоёрдогч хэм хэмжээг заасан байхад уг зохицуулалтыг анхан шатны шүүхээс шууд авч хэрэглэсэн, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “...Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг 7 хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ.” гэж заасан байхад М.А- нь сул орон тоо 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гарсныг мэдсээр байж 56 хоногийн дараа 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр орон тоог нөхүүлэх хүсэлт гаргасан, хүсэлт гаргаснаас хойш 15 хоногийн дараа 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр А.Н-ийг ажил томилох захирамж гаргасныг хайхрамжгүй үйлдэл гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
4.9. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/157 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эсэргүүцэл бичив.
5. Цагаатгагдсан этгээдийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Миний бие прокурорын эсэргүүцлийг эс зөвшөөрч байна. 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга С- нас барсан. Тухайн үед би Улаанбаатар хотоос замд явж байсан. Тэгээд Улаанбаатар хотоос ирээд талийгаачийн 7 хоног нь дууссаны дараа ажилд орсон.
5.2. Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын оронд төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Р.А-ыг тус ажлыг хавсран хийлгүүлэхээр түр томилсон. 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр би Р.А-ад “С- нас барсан” талаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд албан тоотоор мэдэгдээрэй гэж үүрэг даалгавар өгсөн. Тэгээд наадам болох гэж байгаа, наадмын дараа сонгон шалгаруулалт явагдах байх гэж хэлсэн. Түүнээс биш надад албан ёсны хариу ирүүлээгүй. Наадмын ажил дууссаны дараа 8 дугаар сард А.Н-ийг тус орон тоонд түр томилохоос өмнө Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд тус орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаж өгөх тухай албан бичиг хүргүүлсэн. Гэвч сонгон шалгаруулалт зарлаж өгөөгүй.
5.3. Би тус сумын Засаг даргын Тамгын газрын төрийн жинхэнэ албан хаагчидтай уулзаж, Засаг даргын Тамгын газрын байрны самбарт “Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд хавсран гүйцэтгэх хүн байвал түр ажиллуулъя” гэж зар нийтэлсэн. Хэрвээ Р.А- тус ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэж байсан бол би өөр хүн хайхгүй байсан. Р.А- тус ажлыг хүлээн авсны дараа 20 хоногийн дараа “ажил ихтэй байгаа учраас ажиллаж чадахгүй, ажлаас чөлөөлж өгнө үү” гэж өргөдөл өгсөн. Тэгэхээр нь би Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Ам, хөдөө аж ахуйн мэргэжилтэн Се, “Хөх сэрх” тусгай хамгаалалтын газрын албаны улсын байцаагч Е нартай уулзаж ажлыг хавсран гүйцэтгэх тухай саналыг тавьсан боловч саналыг хүлээн авахаас татгалзсан.
5.4. 2023 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэх шаардлагатай болоод ээлжийн амралт аваад явах гэхээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нас барсан, шинээр нэг хурлын ажилтны тоо нэмэгдсэн. Тухайн орон тоонд нэг эмэгтэй хүн ороод 3 сарын дараа жирэмсний амралт аваад явсан. Тэгээд Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал эзгүй болсон. Миний нийтэлсэн зарын дагуу А.Н- гэдэг залуу тус орон тоонд ажиллах хүсэлттэй ирсэн. А.Н- нь төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн, төрийн албаны нөөцөд бүртгэлттэй, урьд нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажлыг 8 жил хийсэн туршлагатай иргэн. А.Н- өмнө нь Тус сумын Засаг даргаар ажиллаж байхдаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, ял авсан гэж сонссон болохоор тэр талаар тодруулж асуусан. А.Н- нь “E-Mongolia” цахим системээс ял шийтгэлгүй гэдгээ харуулсан. Тэгээд би төрийн албаны нөөцийн бүртгэлттэй А.Н-ийг Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргад түр томилсон А.Н-т холбогдох ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хянуулахаар холбогдох материалуудыг бүрдүүлж Авлигатай тэмцэх газар руу явуулсан. Авлигатай тэмцэх газраас “А.Н-тэй холбоотой ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй” гэсэн хариу ирүүлсэн. Тухайн хугацаанд Төрийн албаны зөвлөлөөс тус орон тоон дээр шалгалт зарлагдаад нэгдүгээр байранд А- гэдэг залуу тэнцэж, А.Н- нь хоёрдугаар байранд орсон. Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлөөс тогтоол ирэнгүүт А-ы материалуудыг Авлигатай тэмцэх газарт явуулж, Авлигатай тэмцэх газраас албан бичиг ирсний дараа А.Н-ийг чөлөөлж тус оронд А-ыг томилсон. А- 2 сар ажиллаад өөр албан тушаалд шилжсэн. Тухайн хугацаанд манай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажилд аймгаас хүн ирээд ажиллаж байсан. Тус орон тоо дээр хэд хэдэн удаа сонгон шалгаруулалт зарласан. Гэвч бүтэн нэг жилийн хугацаанд хэн ч шалгалтад тэнцэж ирээгүй. 2024 оны 6,7 дугаар саруудад А.Н- нь Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад, 2024 оны 9 дүгээр сараас эхэлж А.Н- нь Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын орон тоонд ажиллаж байна. Төрийн албаны үйл ажиллагаа тасралтгүй явуулах зарчимтай, тэр зарчмын үндсэн дээр тус орон тоонд А.Н-ийг түр ажиллуулсан.
6. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Х.Бакены давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1.Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад зөв дүгнэлт хийж М.А-ийг цагаатгасан. Прокурорын зүгээс 2 үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Нэгдүгээрт Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлд сул орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулах тухай захиалга өгөөгүй байхад А.Н-т давуу байдал олгож тухайн орон тоонд томилсон гэсэн. Прокурорын энэ эсэргүүцлийг эс зөвшөөрч байна. М.А- нь 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1/126 дугаартай тоот албан бичгээр Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд захиалга өгөөд, Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын цахим хаягт “тус орон тоонд шилжин ажиллуулах тухай” зар нийтэлсэн. Энэ хугацаанд тус орон тоонд ажиллах хүн олдоогүй. Тэгээд 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр А.Н-ийг түр томилсон. Иймд цаг хугацааны хувьд ялгаатай байгаа гэдгийг хэлмээр байна.
6.2. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3 дахь хэсэгт “энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх” тухай заасан. Тус сумын Засаг даргын Тамгын газарт төрийн захиргааны албан хаагч нарыг түр томилж ажиллуулаагүйн буруу гээд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн байгууллага нутгийн удирдлагын байгууллага юм. Засаг даргын Тамгын газрын байгууллага нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага. 2 тусдаа байгууллага учраас заавал Засаг даргын Тамгын газраас хүн томилуулан ажиллуулаагүй гэх үндэслэлээр Б.А-ийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
6.3. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх хэсэгт төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх тухай заасан. Тухайн үед А.Н- төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байсан. Иймд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй А.Н-ийг ажиллуулсан нь буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тус орон тоонд А.Н-ийг томилох болсон нөхцөл байдлыг сая М.А- тайлбарласан. Тухайн үед аргагүй нөхцөл байдлаас болж мөн төрийн албаны үйл ажиллагаа тасралтгүй явуулах зарчмын үүднээс А.Н-ийг томилсон. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд зөв дүгнэлт хийгээд цагаатгах тогтоол гаргасан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.
7. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч С.Нургайпын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
7.1. Давж заалдах журмаар гаргасан прокурорын эсэргүүцлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж дараах тайлбарыг гаргаж байна. Прокурорын зүгээс М.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл заасны дагуу бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, шүүхэд хэргийг шилжүүлсэн. Үүнд дараах урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон байх ёстой гэсэн байр суурьтай хандаж байна. М.А- нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн тухай асуудлыг эрх бүхий албан тушаалтнаас тогтоосон байх ёстой.
7.2. Тухайн хууль зөрчсөн асуудал нь Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хариуцлага хүлээх эсэх, Төрийн албаны тухай хуулиар хариуцлага хүлээх эсэх, энэ асуудлыг прокурорын зүгээс нарийн шалгаж тогтоогоогүй. Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Н-, Увс аймаг дахь Төрийн албаны салбарын зөвлөлийн нарийн бичгийн дарга н.О- нарыг гэрчээр асуусан. Прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад Төрийн албаны тухай хуулийг М.А- зөрчсөн гэдгийг гэрчийн мэдүүлгээр тогтоосон. Гэтэл Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэдгийг Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын гэрчийн мэдүүлгээр тогтоох ёстой зүйл мөн эсэх дээр дүгнэлт хийх ёстой байсан. Анхан шатны шүүх хуралдаанд би гэрч М.Н-оос “Төрийн албаны ажилтан Төрийн албаны тухай хуулийг зөрчсөнийг тогтоодог, шийдвэрийг хэн гаргадаг юм бэ” гэж асуухад гэрч М.Н- “Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар төрийн албаны төв байгууллагын хянан шалгах комисс тогтооно” гэж хариулсан. Гэтэл М.А- Төрийн албаны тухай хуулийг зөрчсөнтэй холбоотой эрх бүхий байгууллагаас дүгнэлт гаргаж, тогтоож байгаагүй. Бид Төрийн албаны тухай хуулийг М.А- зөрчөөгүй гэдэг байдлаар тайлбар гаргасан.
7.3.Тухайн үед тус албан тушаалыг хавсран гүйцэтгэх өөр төрийн захиргааны албан тушаалтан байхгүй болохоор Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлж болно гэж заасны дагуу А.Н-ийг түр томилсон. Энэ үйлдэл нь хууль зөрчөөгүй, бусдад давуу байдал бий болгоогүй гэж үзэж байна. Үүнтэй холбоотой анхан шатны шүүх хууль зөрсөн мэт дүгнэлт хийсэн. А.Н- нь төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн учраас төрийн албанд түр томилогдон ажиллах эрх нь нээлттэй.
7.4. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийг цагаатгасан учраас түүний үндэслэл дээр гомдол гаргаагүй. Хэрвээ Төрийн албаны төв байгууллагын хянан шалгах комисс М.А-ийг хууль зөрчиж А.Н-ийг тус орон тоонд томилсон дүгнэлт гаргасан тохиолдолд, түүний үр дагавар нь Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлд зааснаар М.А-ийн ажилд томилсон тушаалыг хүчингүй болгож, түр орлон гүйцэтгэсэн А.Н-ийг ажлаас чөлөөлж хариуцлага хүлээлгэдэг байсан. Тэгэхээр энэ зөрчлийн улмаас М.А-д төрийн албанаас халах нөхцөл байдал бүрдээгүй байхад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн үйлдэл Эрүүгийн хуульд нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
8. Цагаатгагдсан этгээд өмгөөлөгч Б.Дагиймаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
8.1. М.А- болон түүний өмгөөлөгч нарын саналыг дэмжиж байна. Прокурор 2 үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Үүнд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэг дээр прокурор өөрийн байр сууриа тодорхой илэрхийлсэнгүй. Энэ маргаан Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан маргаан. Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга талийгаач С- 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нар барсан нөхцөл байдал тогтоогдсон. Үүний дараа Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга М.А- 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд талийгаач С-тэй холбоотой дүгнэлт болон холбогдох бичиг баримтыг хүргүүлсэн. Үүнтэй холбоотой тус аймгийн Төрийн албаны салбар зөвлөл сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах зэрэг ажиллагаа хийгээгүй.
8.2. М.А- нь Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бас сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлах тухай албан бичгийг удаа дараа хүргүүлсэн. Гэтэл тус аймгийн Төрийн албаны салбар зөвлөл сонгон шалгаруулалт явуулж өгөөгүй. Тус орон тоонд түр ажилласан А.Н- төрийн улс төрийн албанд 4 жил 11 сар ажилласан, төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн А.Н-тэй холбоотой материалуудыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газар “А.Н-тэй холбоотой ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй” гэдгийг илэрхийлсэн албан бичгийг ирүүлсэн. Үүний дараа А.Н-ийг Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргын нарийн бичгийн даргын ажилд түр томилсон. Төрийн албаны үйл ажиллагаа тасралтгүй байх зарчимтай. Үүний үндсэн дээр М.А- Төрийн албаны үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүднээс А.Н-ийг тус орон тоонд түр ажиллуулсан.
8.3. Анхан шатны шүүх Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Н- болон Увс аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга н.О- нараас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрч “А.Н-ийг томилох ёсгүй байсан. Хамгийн ойр хамааралтай албан тушаалтыг томилох ёстой байсан” гэдэг агуулгаар мэдүүлсэн. Гэрч холбогдох мэдээллийг мэдүүлдэг болохоос биш дүгнэлт хийх эрх бүхий этгээд биш юм. Энэ асуудлын хүрээнд Төрийн албаны салбар зөвлөлийн комисс дүгнэлт гаргах ёстой байсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.
ТОДОРХОЙЛОХ нь:
9. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
10. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчилгүй, цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.
11. Цагаатгах тогтоол хууль ёсны байна гэдэгт Эрүүгийн хуулийг буюу материаллаг хуулийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай процессын хэм хэмжээг хэргийн үйл баримтад шүүхээс зөв зохистой хэрэглэснийг, үндэслэл бүхий байна гэдэгт хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг үндэслэн бүрэн тогтоосныг ойлгоно.
12. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгүүд, гэрч А.Н-, С.О-, М.Н-, Р.А- нарын мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.А-ийн 2023 олны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай А.Н-ийг тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажилд түр томилох тухай захирамж (хавтаст хэргийн 52 дахь тал), 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаартай А.Н-ийг ажлаас чөлөөлсөн захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 88 дахь тал), Авлигатай тэмцэх газрын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/13506 дугаартай иргэн А.Н-ийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан албан бичиг (хавтаст хэргийн 53 дахь тал), Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01/26 дугаартай “...Тус сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.С- нь нас барсан учир уг ажлын байрны орон тоо сул болсон юм. Иймд зохих хууль журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж өгнө үү” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 54 дэх тал), нас барсны бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын сул орон тоонд түр хугацаагаар хавсран гүйцэтгүүлэх тухай зарлал, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 06 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалыг Р.А-аар түр орлон гүйцэтгүүлэх тухай захирамж зэргийг иргэн А.Н- нь 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн тухай хэргийн 1 дүгээр хавтасны 151 дэх талд авагдсан баримттай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, М.А- нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга С.С- нь 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас барсны улмаас гарсан сул орон тоонд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай захирамжаар төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн байсан А.Н-ийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй учраас энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны байх зарчмыг хангажээ.
13. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас М.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчимд нийцсэн. Учир нь, иргэн А.Н- нь 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрийн албаны ерөнхий шалгалтад орж тэнцсэн буюу төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэн мөн бөгөөд түүнийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан М.А- нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай захирамжаар тус сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн даргаар түр томилж, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, 43.3 дугаар зүйлийн 43.3.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн гэж үзэхээр байх бөгөөд тэрээр төрийн албан нөөцөд бүртгэлтэй иргэнээр төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээс өмнө Авлигатай тэмцэх газрын иргэн А.Н-ийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан албан бичгийг авсан, эрх бүхий байгууллагад хандаж сул орон тоонд зохих журмын дагуу сонгон шалгаруулалт явуулахыг мэдэгдсэн, улмаар сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан, төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар мэдээ тараасан, мөн бусдаар тухайн ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгүүлж байсан зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзаж үзвэл, М.А-ийн иргэн А.Н-ийг сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн даргаар түр томилж, орлон гүйцэтгүүлж ажилуулж байсан үйлдэлд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байвал бий болгосон буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинж байхгүй байна.
14. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, М.А-ийн үйлдэлд Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга С.С- нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нас барсны улмаас гарсан сул орон тоонд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай захирамжаар төрийн улс төрийн албанаас чөлөөлөгдөж ажилгүй байсан А.Н-ийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж, цагаатгахдаа Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15. Хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрч А.Н-, яллагдагч М.А- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч Р.А-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, А.Н-ийг төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн буюу төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн зэрэг нотлох баримтуудаас үзэхэд:
15.1. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.С- 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас барснаар тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын сул орон тоо гарч, улмаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.А- нь 2023 оны 06 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай захирамжаар мөн өдрөөс эхлэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүрийг түр орлон гүйцэтгэгчээр тус сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн Р.А-ыг томилжээ.
Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Р.А- нь төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй гэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.А- нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр түүнийг чөлөөлж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын тус орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдаж, сул орон тоо нөхөгдөх хүртэл иргэн А.Н-ээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх зорилгоор түүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулах албан бичгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байх бөгөөд Авлигатай тэмцэх газраас 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/13506 дугаартай иргэн А.Н-ийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан албан бичгийг Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлснээр М.А- нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай захирамжаар А.Н-ийг сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдаж, нөхөгдөх хүртэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүрийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
15.2. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.А- нь иргэн А.Н-ийг түр орлон гүйцэтгэгчээр томилохоосоо өмнө буюу 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж өгөхийг хүссэн албан бичгийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлснээр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын сул орон тоонд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах сонгон шалгаруулалтыг зарласан байна.
Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зарласан Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад иргэн Д.А- тэнцсэнээр 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаартай захирамжаар Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан А.Н-ийг чөлөөлж, мөн өдрийн 08 дугаартай захирамжаар иргэн Д.А-ыг томилжээ. Энэ хугацаанд иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон иргэн А.Н- нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс сул орон тоо нөхөгдөх хүртэл буюу 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ажилласан хугацаандаа 5,536,267 төгрөгийн цалин, хөлс авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд дээрх үйл баримтаар М.А-ийг бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхгүй.
16. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж хуульчилжээ. Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүрэг хамаарах бол “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, албаны эрх нөлөө зэргийг хамааруулдаг байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж хууль тогтоогчоос аутентик тайлбар хийсэн бол Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж “энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор хуульчилсан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж, үнэлэхэд шүүгдэгч М.А- нь иргэн А.Н-тэй ашиг сонирхлын зөрчилтэй, ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор, ажилдаа хувийн сонирхлоор хандаж иргэн А.Н-т давуу байдал олгох зорилгоор түүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, эдийн засгийн давуу байдал бий болгох санаа зорилго агуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
17. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг хуульчилсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.А-ийн төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн буюу төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэн А.Н-ийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг тухайн сул орон тоонд зохих журмын дагуу сонгон шалгаруулалт явагдаж, төрийн албан хаагч нөхөн томилогдох хүртэл түр орлон гүйцэтгэгчээр томилсон үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд хамаарах бөгөөд үүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй болно.
18. Прокуророос “...Цагаатгах тогтоолыг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, мөн хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна гээд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/157 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцлийг шүүхэд гаргажээ.
Прокурорын эсэргүүцэлд “шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэл дурдсан боловч анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа ямар ноцтой зөрчил гаргаснаа тодорхой бичээгүй, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/157 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ