Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00577

 

Б.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/00280 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч СТ- ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасандэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Б.М- нь СТ- ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс Хятад хэлний орчуулагчаар ажилласан. Ажилд анх ороход туршилтын хугацаа дуусаад хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Цалинг сар бүр өгдөг байсан учраас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг компаниас төлөгдөж байгаа гэж ойлгосон. Гэтэл компан төлөөгүй байсныг сүүлд мэдсэн. Одоо 7 сартай жирэмсэн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 09-нд цалингаа авсан. 10 дугаар сард ... орлого муу байгаа учраас сул зогсолт хийж байгаа, түр гэртээ байж бай... гэсэн. Мөн ... 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш борлуулалт буурсан учраас цаашид ажилд ирэх хэрэггүй ... гэж хэлсэн. Ажил олгогч Хөдөлмөрийн хуулийг зөрчиж нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, ажилд томилох, чөлөөлөх тушаал гаргаагүйн улмаас тэтгэмжээ авч чадаагүй. Иймд СТ- ХХК-ийн хятад хэлний орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 01 дүгээр сараас хойших хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга:

Б.М-г орчуулагчаар ажиллуулсан нь үнэн боловч СТ- ХХК-ийн үндсэн орон тоонд ажиллуулж байгаагүй. Манай компанид хятад хэлний орчуулагч гэх орон тоо байхгүй. Тиймээс ажилд эргүүлэн тогтоолгох боломжгүй. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал төлөх үүрэггүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агууга:

Хөдөлмөрийн тухай хуулийн /хуучин хууль/ 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар Баярсайханы Мандухайг СТ- ХХК-ийн хятад хэлний орчуулагчийн ажилд нь эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Б.М-н нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг /2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл/ СТ- ХХК-д даалгаж, Б.М- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. СТ- ХХК Д.М-г албан ёсоор ажилд томилсон тушаал гаргаагүй. Б.М-тай хөдөлмөрийн харилцаанд орж, үүрэг хүлээгээгүй байхад анхан шатны шүүх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх, эгүүлэн ажилд томилж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэргийн материалд Б.М-г СТ- ХХК-д албан ёсоор ажиллаж байсныг нотлох гэрээ хэлцэл, хариуцагч байгууллагаас цалин авч байсан тухай баримт байхгүй. Хэдийгээр Sun Xu Chu нь СТ- ХХК-ийн гүйцэтгэх захирал мөн болов ч Д.М-тай хувь хүний хувиар тохиролцон ажил үйлчилгээ хийлгүүлж, түүнд тохирох цалин хөлсийг данснаасаа шилжүүлж байсан нь хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллуулагч нь ажиллагчид тохиролцсон ажил үйлчилгээтэй холбогдуулан хувийн болон байгууллагын ямар ч ажил үйлчилгээг хийлгэж болох бөгөөд ажиллуулагч ямар нэг байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ажил даатгасан ч ажиллагч нь байгууллагын ажилтан болох үндэслэлгүй. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж хууль хэрэглээний алдаа гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

СТ- ХХК нь Б.М-гаар ажил үүрэг гүйцэтгүүлж сар бүр цалин хөлс олгож байсан. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ зөрчсөнийг зөвтгөх үндэслэл болохгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан нь үндэслэлтэй. Нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хязгаарлалгүй бүхэлд нь хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар.

 

1.а. Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч СТ- ХХК-д холбогдуулан хятад хэлний орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сараас хойших хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөөрч ... тус компанид хятад хэлний орчуулагчийн орон тоо байхгүй, мөн нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээний байгуулаагүй тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүрэггүй ... гэж маргасан байна.

 

1.б. Б.М- нь СТ- ХХК-д хятад хэлний орчуулагчаар ажиллаж байсан, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан хятад хэлний орчуулагчийн үнэмлэх, ХААН банк ХХК дахь Б.М-гийн депозит дансны хуулга, гэрэл зургууд, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. (хх-4, 5-38, 56-59,109)

 

Хариуцагч байгууллага нь талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, тус компанид хятад хэлний орчуулагчийн орон тоо байхгүй гэх тайлбараа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

1.в. Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заажээ. Хариуцагч СТ- ХХК нь ажилтан Б.М-тай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.М-г 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойших хугацаанд ажил гүйцэтгүүлээгүй үйл баримтын талаар зохигчид маргаангүй болно. СТ- ХХК нь Б.М-г ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа түүний ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй байгааг ажлаас халсантай адитган үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Б.М- нь Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар СТ- ХХК-ийн хятад хэлний орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоосон шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

1.г. Харин анхан шатны шүүх шүүхийн шийдвэрт талуудын маргаанд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч Б.М-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтад нийцнэ.

 

2. Давж заалдах гомдлын талаар.

2.а. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.М-гаар тодорхой ажлыг гүйцэтгүүлж байсан тул хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байхад хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Байнгын ажлын байранд тогтмол цалин олгож байсан талаарх нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтуудыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

 

Мөн нэхэмжлэгч Б.М- болон хариуцагч СТ- ХХК-ийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулиар талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх тул хүчин төгөлдөр бус хууль баримталсан гэх гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/00280 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 128.1 гэснийг 128.1.2 гэж өөрчилж,

3 дахь заалтын дурдсугай гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч СТ- ХХК-аас 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай гэж нэмж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Н.БАТЗОРИГ