Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 253

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч С түүний өмгөөлөгч Ц.Ариунзул,

хохирогч М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-д холбогдох 1705018600159 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ............ХХК-д харуул ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ...... дугаар хороо Согоотын ........тоотод оршин суудаг, С-.

 

Шүүгдэгч С нь 2017 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ..... дугаар хороо ... дүгээр байр ... тоотод иргэн Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М мэдүүлэхдээ: “Тухайн өдөр С бид хоёр барилдсан. Тухайн өдөр С надтай барилдаж байгаад шаралхаад миний нүүр рүү цохиж, миний шүдийг булгалсан. Би шүдээ хийлгэх хүсэлттэй байсан. Шүд хийлгэхэд 8.000.000 төгрөг гэсэн. Шүүгдэгч С надад 3.650.000 төгрөгийг төлж барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.     

 

Шүүхээс шүүгдэгч С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч  С иргэн Мыг цохиж биед дээд, доод үүдэн дөрвөн шүдний  булгарал / баруун дээд 1,2-р шүд, баруун доод 2-р шүд, зүүн дээр 1-р шүд/ зүүн дээд 2-р шүдний сулрал, буйланд цус хуралт, тархи доргилт, зүүн шанаа, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугуй, баруун шуу, баруун зүүн өвдөгт зулгаралт, цээж, баруун мөр, шуу, зүүн бугалга, өвдөгт  цус хуралт  бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Гэрч Ж.Бэгзсүрэнгийн “... Тэгээд бид гурав 0,75 граммын Хараа архи авсан байсаныг хувааж уугаад би гараад явсан. М, С хоёр ажлаа хийгээд үлдсэн. Тэгээд би гэртээ ороод ойролцоогоор 30 минут болоод буцаад Мын засвар хийж байгаа айлд нь очтол М нүүр ам нь цус болчихсон, уруул нь хавдсан, 3-4 шүд унасан байдалтай байхаар нь би Мын хамтаар цагдаад ирж мэдэгдсэн.

Тухайн үед Мын нүүр нь цус болчихсон үүдэн шүднүүд нь уначихсан байсан, тухайн үед С байсан ба ямар нэгэн гэмтэл бэртэл учирсан байгаагүй.  Харин С нь Мын дээр сууж байгаад зодсон гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №8774 дугаартай:

“1. М-н биед дээд, доод үүдэн дөрвөн шүдний булгарал /баруун дээд 1,2-р шүд, баруун доод 2-р шүд, зүүн дээр 1-р шүд/ зүүн дээд 2-р шүдний сулрал, буйланд цус хуралт, тархи доргилт, зүүн шанаа, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугуй, баруун шуу, баруун зүүн өвдөгт зулгаралт, цээж, баруун мөр, шуу, зүүн бугалга, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.6. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 15% нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Хохирогч Мын “Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хамтран ажиллаж байсан С, Бэгзсүрэн нарын хамт 6 дугаар бичил хорооллын 14 дүгээр байрны 74 тоотод дотоод заслын ажил гүйцэтгэж байсан.

... С, Бэгзсүрэн бид гурав ажлаа дуусаж байсан болохоор 1 шил архи ууя гэж тохирсоны дагуу би гаднаас нэрийг нь санахгүй байна 0,75 литрийн архи авчиран гурвуулаа хуваан уусан. ... С нь би сумын зааны бэлтгэл хангагч байсан гэж хэлэхээр нь би хоёулаа нэг барилдчих уу гэж хэлсэн чинь С зөвшөөрсөний улмаас бид хоёр барилдсан. Би нэг барилдаж байхдаа С-ыг баруун дагуулаад шидсэн чинь газар унасан бөгөөд би эрчиндээ нэг мэдсэн чинь эрчиндээ Соёмбын доор орчихсон. Тэгтэл С миний нүүрэн тус газар руу гараараа хэд хэдэн удаа сумын зааны бэлтгэл хангагч шүү гэж хэлэн цохиод байсан. ... Тэгтэл миний дээд талын 3 шүд уначихсан, дахин 2 шүд хөдөлгөөнд орчихсон байхаар нь би цагдаа дуудсан. ... Зодоон болж байхад С бид хоёроос өөр ямар нэгэн хүн байгаагүй. ... Би хохирлын мөнгөө хүлээн авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дугаар хуудас/

 

Шүүгдэгч С-ыняллагдагчаар өгсөн “... М намайг барилдъя гэхээр нь би зөвшөөрөн барилдсан. 2-3 удаа би унасан. Хамгийн сүүлийн уналтан дээр би Мыг доороо хийчихсэн байхаар нь барилдаад унасан шарандаа нүүрэн тус газар нь 1-2 удаа цохисон. ... Тэгтэл Мын нүүрнээс цус гарсан бөгөөд шүд уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би цохихоо байсан. Мыг газраас татан босгоход амнаас нь цус гарсан байдалтай байсан. ... Удалгүй манай эхнэр ирэхэд М 2.500.000 төгрөг өг би цагдаагийн байгууллагад хандахгүй гэж хэлсний дагуу эхнэр Ичинноров бид хоёр хүнээс мөнгө зээлэн 1.890.000 төгрөг бэлэн өгөөд маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 110.000 төгрөг өгсөн. Дахин 200.000 төгрөг, 300.000 төгрөгийг хугацааг санахгүй байна өгсөн. Мөн дахин 2018 оны 03 дугаар сард 1.150.000 төгрөг өгсөн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Мын нүүрэнд учирсан гэмтлүүдийг би 1-2 удаа цохиж байж учруулсан. ... Би дахин дахин унаад байсан учраас шарандаа зодсон. ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33-34 дүгээр хуудас/

 

Гэрч Ж.Ичинноровын “2017 оны 07 дугаар сарын 02-ны шөнө манай нөхөр С хороололд Мын хамт айлын заслын ажлыг хийж дуусгана гэж явчихаад оройтоод байхаар нь би 96050618 дугаартай утас руу нь удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй гэсэн дохио өгч байсан. Тухайн шөнө гэртээ С ирээгүй болохоор нь би 07 цаг 40 минутын орчим залгасан чинь С утсаа аваад хороололд хүрээд ир би хүн зодчихлоо гэж хэлсэн.

... Тухайн үед Мын уруул хавдсан байсан. ... Намайг очиход С хаалга тайлж өгөхөд би дотогш ороход М ганцаараа доош харан хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 37-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч С иргэн Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хохирогч,  гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Шүүгдэгч С хохирогч Мт  дээд, доод үүдэн дөрвөн шүдний булгарал, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт, тархи доргилт, зүүн шанаа, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугуй, баруун шуу, зүүн бугалга, өвдөгт цус хуралт бүхий үндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С нь хохирогч Мт 3.650.000 төгрөг төлсөн хохирогч уг мөнгийг хүлээн авсан дахин нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчээс нэмж гаргуулах төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч С-ынял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 42 дугаар хуудас/ урьд ял шийтгэл эдэлж байгаагүй тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч С-ынгэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоос сайн дураараа төлж барагдуулсан зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Б овогт Ц-ын С-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.С-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч  М өөрт учирсан хохирол, хор уршигийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Сд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ