Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 205/МА2022/00008

 

Г.*******гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 501 дугаар шийдвэртэй  

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг ******* тоотод оршин суух иргэн Г.******* /*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн ******* тоотод оршин суух Б.*******/ *******/-д холбогдох өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэх, худал мэдээлэл тараасан, өргөдөл гаргасан  үйлдэлдээ тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******ийн давж заалдах гомдлоор 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч Э.*******/Улаанбаатар хотоос ZOOM/-р, хариуцагчийн өмгөөлөгч Д.*******/Солонгос улсаас ZOOM/-р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн иргэн Цэцэгт овогт *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Завхан аймгийн ЗООНОЗ-ын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байгаа. Энэ хугацаанд өөрийн хариуцсан ажлаа холбогдох хууль, дүрэм журмуудад нийцүүлэн ажиллаж байгаа юм. Миний бие ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм, хэмжээг зөрчиж байгаагүй, гэмт хэрэг зөрчилд холбогдох байгаагүй бөгөөд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцэн нэр төртэй хариуцлагатай ажиллаж байна.

Гэтэл манай байгууллагад ажиллаж байсан Б.******* гэгч нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажлын байранд архидан согтуурч, танхайран төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргаж ажлаас халагдсаныхаа дараа өш хонзонгийн сэдлээр огт үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй өргөдөл, гомдол гэх зүйлийг Улсын их хурлын гишүүн Б., Хүний эрхийн үндэсний комисс, Аймгийн Засаг дарга Д., Эрүүл мэндийн газрын дарга Ч., ЗООНОЗ-ын өвчин судлалын Үндэсний төвийн ерөнхий захирал Н. нарын нэр дээр хүргүүлсэн.

Уг өргөдөл, гомдол гэх зүйлдээ ажлын байрны дарамт шахалт үзүүлдэг, бэлгийн дарамт үзүүлдэг, авлига хээл хахууль нэхдэг, 2015 онд сургалтад дарамталж явуулсан, урамшуулал нөхөн олговор олгодоггүй, 2015 онд Улаанбаатар хотод сургалтад сууж байхад утсаар ярьж ойлгомжгүй шаардлага тавьсан, цалин үндэслэлгүй хассан, ойр дотны ажилтнаа цалингаар шагнаж шалтгаангүйгээр томилолт өгч давуу байдал олгодог, архи ууж зөрчил гаргасан ажилтнууддаа арга хэмжээ авдаггүй, авга ахдаа сахилгын арга хэмжээ авдаггүй, ялгаварлан гадуурхаж алагчилж үздэг гэх мэтээр огт үндэслэлгүй гүтгэсэн худал мэдээллийг бичсэн байна.

Б.*******ын бичсэн өргөдөл гомдол гэх зүйлээс болж миний нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдаж, дээд шатны удирдах ажилтнуудад миний тухай буруу зөрүү ойлголт бий болсон бөгөөд үүнээс үүдэлтэй миний бие сэтгэл санааны дарамт, стресст орж ажил үүргээ хэвийн явуулахад хүндрэлтэй болсон. Мөн дээд шатны удирдах ажилтнуудын зүгээс надтай харьцах харьцаа хандлага өөрчлөгдсөн бөгөөд энэ нь миний сэтгэл зүйд маш хүнд дарамт болсоор байна.

Иймд учраас би өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэх, нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсанаас учирсан гэм хорын хохиролд хариуцагчаас 20.000.000 төгрөг гаргуулах, худал мэдээлэл тараасан, өргөдөл гаргасан үйлдэлдээ тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн иргэн Туулайт овогт Бархасын ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

Б.******* миний бие 1979 онд Завхан аймагт төрсөн. Ам бүл гурав, 16, 18 насны хоёр охины хамт Улиастай сумын Чигэстэй багт амьдардаг. Бага эмч, сувилагч, биохими клиникийн лаборант, нян судлалын лаборант мэргэжилтэй. Миний бие Завхан аймгийн ЗООНОЗ-ын Өвчин судлалын төвд 2013 оноос нян судлалын лаборантаар ажиллаж байгаад 2020 оны 12 сарын 31-ний өдрийн Б/14 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Завхан аймгийн ЗООНОЗ-ын Өвчин судлалын төвийн дарга Г.******* намайг ажлаас халахдаа сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа хамт олны дунд таагүй байдал үүсгэж, удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж халсан.

Ёс зүйгүй ямар үйлдэл гаргасан гэдгийг тайлбарлахгүй, сахилгын шийтгэлтэй хугацаа дууссан байхад намайг давтан зөрчил гаргасан гэж шууд халах тушаал гаргасан байдлыг би хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан юм. Завхан аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 4 дүгээр сарын 12 өдөр №00186 дугаартай шийдвэр гаргаж Завхан аймгийн ЗООНОЗ-ын Өвчин Судлалын төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж хэвээр үлдээсэн юм.

Миний бие энэ байгууллагад ажилд орсон цагаас хойш ажлын байрны байнгын дарамт, ялгаварлан гадуурхалтад маш хүнд байдалд ажиллаж байсан нь үнэн бөгөөд эцэст нь үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдож, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын Завхан аймаг дахь төлөөлөгч , УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лоби бүлгийн ахлагч Б., Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч., Завхан аймгийн 3acar дарга Д., ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н. нарт өөрт тулгамдсан асуудлаар гомдол гаргасан. Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Завхан аймгийн Засаг дарга, ЗӨСҮТ-өөс надад хариу өгөхдөө "Ажлаас халсан удирдлагын шийдвэр үйл ажиллагааг Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Завхан аймгийн Засаг дарга, ЗӨСҮТ хууль бус гэж үзэж байгаа бол шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн бөгөөд ЗӨСҮТ нь бусад мэдээллийг анхааралдаа авч судлан үзэх болно гэсэн байсан.

Миний гомдолтой холбоотойгоор ХЭҮК-оос гомдолд дурдсан удирдлагын зүгээс ажлын байрны дарамт, бэлгийн дарамт үзүүлдэг гэх асуудал тогтоодог боловч цаашид энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж дүгнэж Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.д зөвлөмж хүргүүлсэн. Би эдгээр байгууллагын хариуг аваад төрийн байгууллагад итгэх итгэлгүй болж байснаа хэлэх нь зүйтэй байх. Учир нь би гомдол гаргахаасаа өмнө ХЭҮК-ийн Завхан аймаг дахь төлөөлөгчтэй уулзаж өөрт тохилдоод байгаа бүхий л асуудлаа нэг бүрчлэн ярихад энэ бол ажлын байрны болон бэлгийн дарамт яах аргагүй мөн байна. Та гомдлоо гаргаад өг" гэж байсан.

Гэтэл яг гомдол шалгахдаа надаас гомдолтой холбоотой баримт материал гаргуулаагүй, намайг дахиж дуудаж тодруулга аваагүй, миний дарамтад байдгийг хэлж мэдүүлэх ажилтан, байгууллагын өндөр настан нараас энэ талаар асууж тодруулаагүй, зөвхөн дарга Г.******* болон байгууллага доторх түүний эсрэг мэдээлэл өгөхгүй ажилтан /төрөл садан, авга ах, бэр эгч нараас авсан тайлбарын хүрээнд удирдлагын зүгээс ажлын байрны дарамт, бэлгийн дарамт үзүүлдэг" гэх асуудал тогтоогдоогүй гэж дүгнэсэн байсан. Энэ шалгалтад би гомдол гаргах хүсэлтэй байгаагаа хэлж ХЭҮК-ийн Завхан аймаг дахь төлөөлөгчтэй уулзахад "ХЭҮК-оос сургалт явуулах болсон Таныг ажилдаа эргээд ороход ийм асуудал байхгүй болсон байна. Та санаа зоволтгүй" гэж тайлбарлаж байсан.

Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа буцаж ороход ажил олгогчийн зүгээс надад ажил хүлээлгэж өгөх шаардлагагүй гээд ажил хүлээлцээгүй, компьютер техник хэрэгслээр хангахгүй, миний хөдөлмөрлөх эрхийг бодитойгоор сэргээн эдлүүлэхээс татгалзаж байсан. Мөн түүнчлэн 2021 оны 7 дугаар 02-ны өдөр 14:25 цагт даргын өрөөнд хурал зарлаж уг хурлаар миний шүүхэд нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэл, маргааныг 2 шатны шүүхээр хэлэлцэж Б/14 тоот тушаалыг хүчингүй болгосонтой холбоотойгоор Б.******* намайг хамт олны хурлаар буруутган, шүүн хэлэлцэж, нэгэнт шүүхээр эцэслэн шийдэгдсэн асуудлыг хүндрүүлж хамт олноос уучлалт гуй гэх угийн дор намайг үндэслэлгүй гүтгэх, буруутай гэх ойлголтыг бусдад өгөх хурал /ажил хэргийн бус хувийн сонирхол давамгайлсан хов живийн чанартай хэрүүл/-д оролцуулсан. Мөн ажил хүлээлгэж өгөөгүй, техник хэрэгслээр хангаагүй, хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлээгүй атлаа хэрэгжих боломжгүй үүрэг даалгаврыг өнөөдөр 12 цагаас өмнө гүйцэтгэж танилцуул гэх байдлаар хугацаагаар шахаж удирдлагын зүгээс надад өс хонзон санасан, ул тоосон, шахаж дарамталсан хандлага, харилцаа үүсгэж надад ажлаа хэвийн үргэлжлүүлэх нөхцөл олгоогүй. Би энэ үед ХЭҮК, Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч., Завхан аймгийн Засаг дарга Д., ЗӨСҮТ-ийн Ерөнхий захирал Н. нарт маш их гомдож байсан ч дахин энэ асуудлаар гомдол гаргахыг хүсээгүй өөрийн хүсэлтээр ажлаас /төрийн албанаас/ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Г.******* надад маш их өсөрхөж байгаа гэдэг нь тодорхой байгаа. Намайг төрийн байгууллагад гомдол гаргасан асуудлыг гэмт хэрэг гэж үзэж Цагдаагийн газар гомдол гаргасан байсан. Түүний гомдлыг Цагдаагийн газар шалгаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм байна лээ. Гэтэл ******* намайг заавал буруутай болгож ямар нэг хариуцлага хүлээлгэхийг хүсэж зөрчлийн хэргээр шалгуулахаар дахин аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан байсан. Ингэхдээ намайг ажлаас халах үндэслэл болсон 2020 оны 10 сарын 22-ны өдөр ажлын байранд архи уусан гэх зөрчил дээр нэмж бусадтай маргасан, бусдын биед халдаж маажсан асуудлаар намайг шалгуулсан. 2021 оны 04 сарын 19-ны өдөр улс орон даяар бух нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Цагдаагийн газраас Будхүү гэх байцаагч намайг цагдаагийн газарт заавал ир гэж шаардаж дуудсан нь Г.*******гийн гомдлын дагуу 2021 оны 04 сарын 22-ны өдрөөс өмнө зөрчлийн хэрэг үүсгэх зорилготой байсан юм байна лээ. Учир нь намайг буруутгаж байгаа зөрчил нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах байсан юм байна лээ.

Манай байгууллага 18 ажилтантай бөгөөд 2020 оны 10 сарын 22-ны өдөр 13-14 ажилтан нийлж ажлын байран дээр архидан согтуурсан үйл ажиллагаа болсон. Энэ өдөр би уугаагүй. Учир нь намайг алдаа л гаргах юм бол халчих гээд байгааг би мэддэг, ажигладаг болохоор тэр өдөр архи уугаагүй юм. Гэтэл намайг С.ээтэй маргалдсан, ын хацарт санамсаргүй хумсаараа хүрснийг зөрчлийн хэрэг болгуулах гэж өгсөн байсан. Зөрчлийн хэрэг шалгасан эрх бүхий албан тушаалтан нь хууль зөрчиж надад шийтгэл ногдуулсан байсныг би эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Шүүх 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 144 дугаартай шийтгэврээр эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг хүчингүй болгосон юм.

Г.*******гийн нь "баярласан сэтгэгдэл илэрхийлэхгүй байна" гэх үг хэлж ажилд оруулсандаа шан харамж өгөхийг шаардаж, "сайхан том бөгстэй хүүхэн шүү. Ганц шаачих юм сан гэж өгзөг рүү алгадаж, хотод ирээд хоёр сар болоход нэг уулзчих сэтгэлгүй хүүхэн юм" гэх үг, үйлдлээр надад ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг байсан. Түүний энэ байдлыг эсэргүүцсэний төлөө намайг үндэслэлгүй албан тушаал бууруулахаар шаардаж, миний мэргэжилд хамааралгүй сургалтад явахыг шаардаж, өөрөө сургалтад явуулаад цалин олгохгүй гэж нягтландаа үүрэг өгч, шалтгаангүйгээр ээлжийн амралт эдлүүлэхээс татгалзаж, 2018, 2019 онд хууль зөрчиж сахилгын шийтгэл ногдуулж байсан ч би ажлаас л халагдчихгүй юм сан гэж түүний хууль бус шийдвэр үйл ажиллагааг хүлцэж ирсэн. Дээрх бүх дарамт, шахалтууд даамжирсаар эцэстээ 13 ажилтан архидан согтуурсанд зөвхөн намайг буруутгаж ажлаас халах шийдвэр гаргаснаар би олон жилийн дарамт шахалтуудын талаар дэлгэж ярьсан.

Гэхдээ намайг доромжилж, дарамталж байсан дээрх байдлыг Г.******* энэ байгууллагыг удирдаж байгаа цагт нотолно гэдэг үнэхээр хэцүү юм байна гэдгийг би маш сайн ойлгосон. Учир нь энэ байгууллага дотор ажиллаж байгаа /******* даргын ажилд авсан/, намайг бэлгийн дарамт, ажлын байрны дарамтад байдгийг мэдэх гэрчүүд даргынхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй, хараагүй, сонсоогүй гэж илт худал мэдүүлэг өгсөн байсан. Иймдээ ч ХЭҮК зөрчлийг илрүүлж чадаагүй гэж би дүгнэдэг. Би Г.*******г гүтгэсэн, худал ярьж бичсэн асуудал огт байхгүй. Төрийн албыг зөв манлайлан удирдаж, хууль журмын хүрээнд шударга ажиллаж ирсэн бол надад төрийн байгууллагад гомдол гаргаад байх асуудал үүсэхгүй байх байсан. Г.******* нь байгууллага удирдаж байгаа эр хүний хувьд өрх толгойлсон, хоёр хүүхдээ өсгөх гэж зүдэрч яваа эмэгтэй хүнийг ямар ч хамаагүй аргаар эрхшээл дарамтдаа оруулах гэж муйхарлаж зүтгэж, явган хов жив үгээр үг хийж ажилладаг нь эцэстээ миний төрийн албанаас татгалзах, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх шалтгаан боллоо.

Миний бие Г.*******тай холбоотой асуудлыг үнэн зөвөөр нь холбогдох төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдэж мэдээлсэн бөгөөд түүнд ямар ч хохирол учруулаагүй, түүний нэр хүндийг гутаасан асуудал огт байхгүй билээ. Иймд түүнд ямар ч хохирол шалтгаан байхгүй гэж үзэж түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие төрийн байгууллагуудад гаргасан гомдол, түүний хариуг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх болно.

Харин ажлаас үндэслэлгүй халагдсан маргааны шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 00186 дугаартай шийдвэртэй иргэний хэрэг, мөн зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 144 дугаартай шийтгэвэртэй зөрчлийн хэргийн материалд үзлэг хийж хэрэгт ач холбогдолтой шүүхийн шийдвэр, магадлал, шүүх хуралдааны тэмдэглэл, зөрчлийн шийтгэлийн хуудас, шүүхийн шийтгэвэр, зөрчлийн хэрэгт мэдүүлэг өгсөн Ш.*******ын мэдүүлэг зэргийг хуулбарлаж хавтаст хэрэгт хавсаргаж өгнө үү. Мөн Завхан аймгийн Цагдаагийн газар, Завхан аймгийн Прокурорын газраас Б.******* надад холбогдуулж шалгасан эрүүгийн хэргийн материалыг гаргуулж үзлэг хийж, хэрэгт ач холбогдолтой мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, гэрч Ч.Заяатын мэдүүлгийг хуулбарлаж хэрэгт хавсаргаж өгнө үү гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 501 дугаартай шийдвэрээр

1. Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******д холбогдох өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэх, худал мэдээлэл тараасан, өргөдөл гаргасан үйлдэлдээ тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328.150 төгрөгийг улсын орлогод хэвээр хэвээр үлдээж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч Э.******* нарын давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хариуцагч Б.*******ын Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Б., Хүний Эрхийн Үндэсний Комисс, Завхан аймгийн Засаг дарга Д., ЭМГ-ын дарга Ч., ЗООНОЗ-ын өвчин судлалын Үндэсний төвийн захирал Н. нарт нэхэмжлэгч Г.*******гийн талаар өргөдөл гомдол бичгээр гаргасныг Г.*******гийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, нэр төр ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан байна гэж үзэхгүй" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь иргэний өргөдөл гомдол гаргах эрх нь бусдын нэр төр алдар хунд хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргээр хязгаарлагдах зарчимтай. Гэтэл хариуцагч өргөдөлдөө нэхэмжлэгч Г.*******г бэлгийн дарамт үзүүлдэг, албан тушаалаа урвуулан ашигладаг гэж зөрчил, гэмт хэрэг үйлддэг мэтээр бичиж тараасан нь бодит байдалд нийцээгүй юм. Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг янз бүрийн арга хэрэгслээр тарааж (түгээж) болох бөгөөд үүнд өргөдлийн хэлбэр багтдаг. Түүнчлэн уг гутаасан мэдээ хэд хэдэн этгээдэд болон нэг хунд ч хүргэгдсэн байсан мэдээ тараагдсан гэж үзэхээр хууль зүйн шинжлэн ухаанд тайлбарласан байдаг. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Г.*******гийн нэр төр ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан тухайн мэдээг тарааснаар нэхэмжлэгч Г.*******гийн нэр төрд гэм хор учирсан, үнэлэмжийг дордуулсан нотлох баримт хэрэгт авагдаагүй" гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт нэр бүхий 5 байгууллагад гаргасан өргөдлүүд нотлох баримтаар авагдсан бөгөөд тус өргөдөлд Г.*******г ёс суртахууны хэм хэмжээ цаашлаад Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан мэтээр бичсэн. Ийнхүү Г.*******г хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг өргөдөлд бичиж тарааснаар нэхэмжлэгчийн нэр төр ажил хэргийн нэр хүндэд нөлөөлж үнэлэмжийг доройтуулсан. Мөн анхан шатны шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд түүнийг энэ үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

 Учир нь Иргэний хуульд мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол" гэж нотолгооны үүргийн хуваарилалтыг тусгайлан заасан байдаг.

Өөрөөр хэлбэл мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол хариуцлага хүлээх ойлголт гэж хууль зүйн шинжлэх ухаанд тайлбарладаг. Гэтэл нотлох үүргийг зөвхөн нэхэмжлэгчид ногдуулсны дээр хариуцагчийн татгалзал нотлогдоогүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нь үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг багасган өөрчилсөн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******/Улаанбаатар хотоос ZOOM/-р шүүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг 2 төрлөөр тайлбарласан.

1. Хариуцагч өргөдөл, гомдол гаргах эрхээ эдэлсэн байна. Тодруулбал УИХ-ын гишүүн Б., Хүний Эрхийн Үндэсний Комисс, Завхан аймгийн Засаг дарга Д., ЭМГ-ын дарга Ч., ЗООНОЗ-ын өвчин судлалын Үндэсний төвийн захирал Н. нарт нэхэмжлэгч Г.*******гийн талаар өргөдөл гомдол бичгээр гаргасныг Г.*******гийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, нэр төр ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан байна гэж үзэхгүй" гэж анхан шатны шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн тайлбар болон шүүхийн практикийг судлаад үзэхээр хүний нэр төрийг гутаасан мэдээ гэдгийг “бодит байдалд нийцээгүй, иргэнийг хуулийг болон бусад ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буруу, шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тараасныг ойлгоно” гэсэн байгаа. Тэгээд мэдээг хамт олон ажлын хүрээнд гэр бүлээс эхлээд 1 хүнд ч гэсэн хүргэгдсэн бол мэдээ тараагдсан гэж үзнэ гэж Дээд шүүхээс тайлбарласан байдаг. Нэхэмжлэгчийг ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг, албан тушаалаа урвуулан ашигладаг, ялгаварлан гадуурхдаг гэсэн бодит байдалд нийцэхгүй хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэсэн агуулгатай мэдээг дээр дурдсан байгуулаг болон хүмүүст тараасан. Энэ нь нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ юм. Мэдээг тараах арга хэрэгсэл гэдгийг үйл үгийн тайлбараас харахаар маш өргөн хүрээнд тодорхойлж хамруулсан байдаг. Үүнд: Өргөдөл, гомдол, дохио зангааг ч гэсэн хамруулж ойлгохоор тусгасан. Хүний нэр төрийг гутааж доромжлох зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл гэдэг бол байх боломжгүй юм. Хариуцагчийн өргөдөл, гомдол гаргах эрхийг үгүйсгэхгүй. Гэхдээ хүний нэр төрийг хүндэтгэх, хүндэтгэлтэй хандах нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үндсэн үүрэг байдаг. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Харин анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтээс харахад хүн өргөдөл гомдол гаргана, гэхдээ хуулиар тавигдсан шаардлага, өргөдөл гомдлын үндэслэл, нотолгоог харгалзан үзэж өргөдөл гомдлыг гаргах ёстой гэдэг байр сууринаас хандсан байдаг.

2. Нэхэмжлэгчийн нэр төрд гэм хор учирсан, үнэлэмжийг доройтуулсан нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч шаардлагаа нотлох үүрэгтэй гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар гутаасан мэдээ тараасан этгээд буюу хариуцагч нь түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар мэдээг няцаах үүрэг хүлээнэ гэж заасан. Энэ заалтын тайлбарыг харахаар нотолгооны үүргийн хуваарилалт гэж үзнэ гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл хуульд нотлох үүргийг хариуцагчид хүлээлгэсэн гэж ойлгогдож байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нотлох үүргээ биелүүлээгүй дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. Мөн хариуцагчийн өргөдөлд байгаа нэр төр гутаасан мэдээ албан байгуулагд тарж нэхэмжлэгчийн эхнэрт нь хүрсэн байгаа. Улмаар гэр бүлийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлсэн, нэр хүнд үнэлэмжийг нь доройтуулсан. Энэ талаар нэхэмжлэгч болон түүний эхнэртэй гэр бүлийн найзууд Сарантуяа гэх хүн шүүх хуралдаанд гэрчээр орж мэдүүлэг өгсөн байгаа. Харин нотлох үүрэг бүхий хариуцагч бэлгийн дарамт учруулсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэт бичсэн нь бодит байдалд нийцэхгүй тайлбар гаргадаг болов ч энэ тайлбар нь нотлогддоггүй. Эдгээр үндэслэлээр Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 501 дугаартай шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа::

Хариуцагч Б.******* нь ажлаас халагдсан учраас өргөдөл гаргасан гэж анхан шатны шүүхэд тайлбарласан нь худлаа юм. Ажлаас халагдсан хүн болгон УИХ гишүүнд өргөдөл гаргаад байхгүй нь тодорхой. Тэгэхээр энэ хүн УИХ гишүүн, миний удирдаж ажилдаг бүх хүмүүст 1 ижил өргөдөл биччихээд бүх хүмүүст тарааж өгсөн байдаг. Энэ нь бол миний нэр хүндийг гутааж надад ямар нэгэн шалтгаанаар шийтгэл оногдуулах гэсэн зорилго агуулаад байдаг. Энэ нь миний нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж байна. Мөн хариуцагч нь намайг бэлгийн дарамт үзүүлсэн гэж яриад байдаг. Хэрэв би үнэхээр тэгж бэлгийн дарамт үзүүлж, албан тушаалаа урвуулан ашиглаад байсан юм бол намайг шалгадаг газарт нь өгөөд шалгуулахгүй харьяалалгүй газруудад өргөдөл, гомдол өгөөд яваад байдаг. Энэ нь өөрөө миний нэр хүндэд халдах гэсэн бас нэг зорилго байдаг. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.*******/Солонгос улсаас ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа::

Б.******* нь шүүхэд хариу тайлбар гаргасан байдаг. Түүн дээр “******* дарга нь намайг ажилд орсон цагаас хойш ажлын байрны ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтыг удаа дараа үзүүлдэг байсан. Тийм учраас намайг 2020 оны 12 сард ажлаас халсан. Энэ халсан асуудлаар би төрийн байгууллагуудад болон эрх бүхий албан тушаалтанд бичгээр гомдол гаргасан. Миний гаргасан гомдлын хариу бичгээр ирээд миний бие уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс намайг ажилд эргүүлэн томилохоор шийдвэр гаргасан. Гэтэл ******* дарга ямар нэгэн байдлаар албан тушаалаа ашиглаж буруутгах, шийтгүүлэх зорилго агуулж байсан учраас намайг эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргээр шалгуулж байсан. Тэгээд эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргүүд бүгд хэрэгсэхгүй болохоор Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэр гутаасан гэх нэхэмжлэл гаргасан байсан. ******* даргын гаргаад байгаа үйлдлүүдээс би хөдөлмөрлөх эрхээрээ хохирч ажлаасаа гарсан байгаа. Энэ өргөдөл гомдол болон шийдвэрлэсэн хариуг холбогдох шүүхэд баримтаар гаргаж өгснөөс бусдаар цахим орчинд болон сонин хэвлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувилж тарааж олон нийтэд цацаж түгээсэн зүйл огт байхгүй гэж тайлбарласан байдаг.

Нэхэмжлэгчийн тухайд худал мэдээлэл тараасан гээд байгаа. Тэгвэл худал мэдээлэл гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна. Г.******* нь Б.*******ыг ялгаварлан гадуурхаж, Б.*******ын нэмэгдэл цалин, урамшуулал, амралтыг олгохгүй дарамт шахалт үзүүлдэг байсан талаар гомдол гаргасан байдаг. Мөн Хөвсгөл аймгийн өвчин судлалын хүмүүс ирээд хүлээн авалт болох үед Г.******* нь Б.*******ын бөгс рүү нь цохиж аваад нэг шаачих юмсан гэх үгийг Заяат гэдэг ажилтны хажууд байхдаа хэлсэн байдаг. Эдгээр гаргаж байгаа үйлдэл, үг хэллэгийн цаана бэлгийн дарамт үзүүлж байна гэдгийг Б.******* ойлгож хүлээн авч эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргасан байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд худал мэдээлэл тараасан гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тараасан гэдэг нь олон нийтэд Г.******* гэдэг хүний талаар худал мэдээллийг таарсныг хэлнэ. Гэтэл төрийн эрх бүхий албан тушаалтанд бичгээр хандаж байгаа өргөдөл гомдлыг хамааруулж ойлгож болохгүй. Харин анхан шатны шүүх дээр яригдсан “манай эхнэр аймгийн захиргаанд ажилдаг гэтэл манай эхнэрийн чихэнд хүрсэн байсан. Түүнээс болж миний гэр бүлийн харилцаа муудсан” гэдэг тайлбарыг хийсэн. Тэгвэл аймгийн засаг даргад гомдол гаргаж байгаа асуудлыг өргөдөл, гомдол хариуцсан ажилтан нь төрийн байгууллага албан тушаалтан нь гомдол мэдээллийн талаар нууцлах нь үүрэг болохоос биш тэр албан тушаалтан гадуур Б.*******ын гаргасан өргөдлийн агуулгыг гадуур тараагаад аймгийн захиргаан дотор байгаа ажилчид сонсоод энд тэнд яриад байгаа явдалд *******ыг буруутгах боломжгүй юм. Мөн анхан шатны шүүх дээр Сарантуяа гэдэг гэрч оролцож тайлбар гаргасан. “Аймгийн захиргаан дотор Г.******* нь ажилтандаа бэлгийн дарамт үзүүлдэг гэнээ” гэдэг яриа гарсан. Тухайн яриаг Б.******* гэдэг хүнээс өргөдөл гомдол ирсний дараа яригдсан яриа юм. Энэ асуудал дээр Б.******* нь бичгээр гомдол, хүсэлт гаргасан байхад тухайн бичгээр гаргасан хүсэлтийг бусдад амаараа тарааж байгаа ажилтны буруу юм. Нэр төр гутаасныг нэхэмжлэгч нь харин ч тодорхой нотлох ёстой байгаа. Б.*******ын тухайд худал мэдээлэл болон ор үндэслэлгүй зүйлийг өргөдөлдөө огт бичээгүй юм.

Иймд анхан шатны шүүх хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Г.*******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаагдсаныг сэргээлгэх, худал мэдээлэл тараасан, өргөдөл гаргасан үйлдэлдээ тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.******* нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө бодит бус гомдол гаргаагүй гэж маргасан байна.

 Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Б.******* нь Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын нян судлалын лаборантаар ажиллаж байх явцдаа тус төвийн даргыг ...“ажлын байрны дарамт, шахалт үзүүлдэг, бэлгийн дарамт үзүүлдэг, авилга хээл хахууль нэхдэг, урамшуулал нөхөн олговор олгодоггүй, архи ууж зөрчил гаргасан ажилтанууддаа арга хэмжээ авдаггүй, ялгавралан гадуурхаж алгачилж үздэг, үндэслэлгүйгээр сургалтанд хамаруулсан ...гэх агууллага бүхий өргөдөл гомдлыг  2020 оны 12 дугаар сарын 31-нд Завхан Хүний эрхийн үндэсний комиссын Завхан аймаг дахь төлөөлөгч д, 2021 оны 01 дүгээр сарын 08-нд Улсын их хурал дахь Хүчирхийллийн эсрэг Лоби бүлгийн ахлагч Б.д, 2021 оны 01 дүгээр сарын 07-нд Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.д, Завхан аймгийн засаг дарга Д.д, 2021 оны 01 дүгээр сарын 11-нд ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.ад нарын нэр дээр хүргүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баритуудаар тогтоогдож байна, талууд энэ талаар маргаагүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаагдсныг сэргээлгэх, худал мэдээлэл тараасан, өргөдөл гаргасан үйлдэлдээ тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцгачид даалгуулах тухай нэхэмжлэгч Г. *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар Бусдын нэр төрийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлож чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг хүлээхээр зохицуулсан байдаг.

Иргэний эрх зүйн онолоор иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй мэдээ, мэдээллийг өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байх бөгөөд уг мэдээ,  мэдээлэл нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан, хурал цуглаан дээр, төдийгүй тухайн иргэний ажил байдлын тодорхойлолт, өргөдөл, албан бичиг, амаар өөр этгээдэд хүргэгдсэн байхыг ойлгодог.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзал тайлбараа шүүхэд нотлох үүрэгтэй.

Мэтгэлцэх зарчим, нотлох үүргийн хувьд эхлээд нэхэмжлэгч Г.******* нь  хариуцагч Б.*******ын өргөдөл гомдолд дурьдсан мэдээлэл нь худал мэдээлэл болохыг хариуцагч Б.******* нь бусдад тараасан мэдээ, мэдээлэл нь үнэн зөвийг болохыг тус тус нотлож мэтгэлцэх ёстой.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйл,   511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэг,  497 дугаар зүлийн 497.2 дахь хэсэгт заасан хариуцагчийн нотлох үүргийн зохицуулалтууд нь нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотолсон тохиолдолд хэрэгжинэ.

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.*******ын өргөдөлд дурьдагдсан  ажлын байрны дарамт, шахалт үзүүлдэг, бэлгийн дарамт үзүүлдэг, авилга хээл хахууль нэхдэг, урамшуулал нөхөн олговор олгодоггүй, архи ууж зөрчил гаргасан ажилтнууддаа арга хэмжээ авдаггүй, ялгаварлан гадуурхаж алгачилж үздэг, үндэслэлгүйгээр сургалтад хамруулсан гэх мэдээллүүд нь худал болохыг, бодит байдалд нийцэхгүй болохыг, уг мэдээ, мэдүүллүүд нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд ямар хор хохирол учируулсныг  нотлох үүрэг хүлээнэ.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Б.******* нь Г.*******гийн нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болох, үүнээс үүдэн Б.*******гийн  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд гэм хор учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хариуцагч Б.******* нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-т зааснаар төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэ эрхийн хүрээнд төрийн байгууллагад өргөдөл, гомдол бичгээр гаргасан нь Г.*******гийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, мэдээ тараасан байна гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч Э.******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 501 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч Э.******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Ж.БАТТОГТОХ  

ШҮҮГЧИД   Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР