Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2016/0811

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “М*******” ХХК 

“М*******” ХХК 

“Ш*******” ХХК /

“Д*******” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: 

“...“М*******” ХХК, “М*******” ХХК, “Ш*******” ХХК, “Д*******” ХХК-иудын эзэмшиж байгаа 91 га газраас батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд барилгын норм, нормативын дагуу төлөвлөгдсөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сувилал зэрэг нийтийн зориулалттай барилга байгууламж барихад шаардагдах газрыг Нийслэлийн Засаг даргын мэдэлд шилжүүлж, үлдэх газрын эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгах үүргийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч “Ш*******” ХХК, “Д*******” ХХК-иудын захирал, “М*******” ХХК, “М*******” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч “Ш*******” ХХК, “М*******” ХХК-иудын захирал, “М*******” ХХК, “Д*******” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Тус компаниуд өнгөрсөн хугацаанд газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдлыг гаргаж байгаагүй. Тухайлбал: Газар эзэмших гэрээний 2.2, 2.3, 2.4, 2.5, 2.6-д заасан газрын төлбөр төлөхтэй холбоотой бүх нөхцлийг биелүүлж ирсэн, мөн гэрээний 3.1, 3.2-т заасан нөхцөлүүдийг бүрэн биелүүлж ирсэн. 

...Бид өөрийн эзэмшлийн 91 га газрын газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтээ Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-ийг үндэслэн, анх 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргад хаяглан хүргүүлсэн боловч Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн ажилтнуудаас “Энэхүү хүсэлтээ газрын асуудлыг шууд шийдэх Нийслэлийн Өмчийн харилцааны газарт өгнө” гэсний дагуу бид хүсэлтээ хуулиар тогтоосон хугацаанаас 1 сар 4 хоногийн өмнө Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандаж гаргасан билээ.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас бидний албан хүсэлтэд ямарч хариу өгөлгүйгээр бүтэн 8 сар 15 хоног өнгөрсөний дараа буюу 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр хариу өгсөн.

...Өнгөрсөн хугацаанд бид газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолыг гаргаж байгаагүй. 

... Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын тухай хуулийн заримт заалтын тайлбар”-ын 1.9-д “хуулийн 40.1.1-д заасан “...удаа дараа ...” гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзолыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно гэжээ. 

Монгол Улсын Хот байгуулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-д “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ инженерийн бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр ус, цахилгаан, дулаан хангамжийн найдвартай эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, гол зам, холбоожуулалтын сүлжээнээс эхлэн барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж, зохицуулах”. 21.1.3-д “Орон сууцны хороолол, үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг зам, талбай, бүх төрлийн инженерийн шугам, сүлжээ, тохижилтын хамт иж бүрэн гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлэх үе шатыг зааж өгсөн. 

...Бидний эзэмшиж буй 91 га газар нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Баянголын ам”-нд оршдог бөгөөд Монгол Улсын Засгийн газрын “100 мянган айл” орон сууцны хөтөлбөр болон Нийслэл хотыг 2020 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд Баянголын аманд 18000 айлын орон сууц, үүнээс манай газар дээр 8500-10000 айлын орон сууцны шинэ хотхон байгуулахаар төлөвлөгдөн батлагдсан юм. 

Гэтэл өнгөрсөн хугацаанд Нийслэлийн удирдлагуудаас дээрхи Баянголын амны газар нутгийг нийслэлийн инженерийн дэд бүтцийн хангамжийн шугам, сүлжээнд холбох чиглэлээр ямар ч ажлын санаачлан хийгээгүй бөгөөд харин бидний санаачлан боловсруулсан “Баянголын амны дэд бүтэц байгуулах” иж бүрэн зураг, төслийн дагуу ЗТ, БХБЯ болон БХБЯ-аас 2005-2014 оны хооронд Улсын төсвийн болон Чингэс бондын санхүүжилтээр Баянголын амны дэд бүтэц байгуулах ажлыг гүйцэтгэсэн. 

Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг ажлыг Улсын комисст хүлээлгэн өгөөгүй байгаа бөгөөд харин Нийслэлийн дулаан, цахилгаан, усны асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагууд нь уг ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтанд хүлээн авах ажлыг зохион  байгуулах талаар санаачлага гаргалгүй, уг ажлыг Улсын комисст авсаны дараа уг шугам, сүлжээг ямар байгууллага хүлээн авч ашиглах асуудлыг шийдвэрлэлгүй маргалдсаар байгаа.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын тухай хуулийн зарим заалтын тайлбар”-ын 1.10-д “Мөн зүйл, хэсэгт заасан “...2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан  нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй гэдгийг /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно” гэжээ. 

Гэтэл бид өнгөрсөн хугацаанд тухайн үеийн ЗТ, БХБЯ болон БХБЯ-ны сайдуудын захиалгаар 1000, 1500, 5500, 10000, 8000 айлын орон сууцны хорооллын Ерөнхий төлөвлөгөөний зураг, төслийг иж бүрнээр нь 5 удаа боловсруулан батлуулж, улмаар БНХАУ, БНСУ, ХБНГУ, Чек, Турк, Сингапур, Тайвань зэрэг улс орнуудын банк, санхүү, хөрөнгө оруулалтын сан болон сан болон компаниудын удирдлагуудтай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чиглэлээр олон удаагын яриа хэлцэлүүд хийж, санамж бичиг байгуулах, судалгаа хийх, төслийн зураг, төсөл, ТЭЗҮ боловсруулах зэрэг хэлбэрүүдээр ихээхэн цаг хугацаа, хөрөнгө, хүч зарцуулан ажиллаж ирсэн билээ. 

Иймд ... “М*******” ХХК-ийн нэр дээр байгаа 56 га болон тус компанийн охин компаниуд болох “М*******” ХХК-ийн 15 га, “Ш*******” ХХК-ийн 10 га, “Д*******” ХХК-ийн 10 га газрын газар эзэмшлийн гэрээг 15 жилийн хугацаагаар сунгуулах тухай бидний хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад даалган шийдвэрлэж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан ойлголцсоноор дараах нөхцөлөөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна. 

Уг газарт баригдахаар төлөвлөгдөн батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд барилгын норм, нормативын дагуу төлөвлөгдсөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сувилал зэрэг нийгмийн зориулалттай барилга байгууламж барихад шаардагдах газрыг Нийслэлийн Засаг даргын мэдэлд шижлүүлэхэд татгалзах зүйлгүй болно. 

Үүнийг шүүхийн шийдвэрт тусгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. 

Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд үндсэндээ 15 жил маш их хөрөнгө хүч хөдөлмөр, хугацаа шаардсан ажлуудыг олон удаа хийсэн. 

 Энэ том хэмжээний орон сууцны хорооллыг байгуулахад 700 саяас 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай тооцоо гарсан. Уг хөрөнгө оруулалтыг олохын тулд олон жил хөөцөлдсөн. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Турк улсын компанитай  Барилга хот байгуулалтын яаман дээр хамтран ажиллах гэрээ байгуулж Туркын шинэ технологийг Монгол улсад оруулж  нутагшуулах ажлыг эхлүүлж уг ажлын хүрээнд 2013 оны 04 сард Туркын Анкара хотод болсон Монгол улс, Турк улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хуралдаанд миний бие өөрөө уригдаж орсон. Уг төслөө Туркын талтай хамтарч танилцуулж манай төслийг 100 хувь дэмжсэн. Энэ хугацаанд бид Турк улсын банкнаас 500 сая долларын зээл авах гэрээ хийж Засгийн газрын хуралдаанаар дэмжигдээд, Турк улсын Их хурлын дэд дарга Монгол улсад айлчилж Монгол улсын барилгын салбарт 300 сая долларын зээл өгөхөөр боллоо гэдэг албан ёсны бичиг зөвшөөрөлтэй ирж манай Засгийн газрын нөхдүүд болон хотын дарга байсан Э.Бат-үүл тухайн мөнгийг барилгад өгөхгүй өөр зүйлд зарцуулах нь зүйтэй гэж санал тавьж гацааснаас болж уг мөнгө орж ирээгүй. 

Мөн 2004 оны 06 сард бид Хятад улсын хөрөнгө оруулагч нартай ярьж төслийн ажлыг эхлүүлэхээр гэрээ хэлцэл хийгдсэн байсан боловч шугам сүлжээний асуудал шийдэгдээгүйн улмаас ажил хийгдээгүй. 

...Бид уг асуудлуудыг шинээр томилогдсон Нийслэлийн Засаг дарга, Газрын харилцааны албаны дарга нарт албан ёсны хүсэлтээ тавьж байгаа байдлаа танилцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв. 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Уг маргаж байгаа асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Э.Болорчулуун нар надад тодорхой чиглэл өгч явуулсан. Газрын тухай хуульд заасны дагуу гэрээний дагуу газар эзэмших эрхийнхээ хүсэлтийг гаргаад байхад биелүүлээгүй нь төрийн захиргааны байгууллагын өмнөх субъектийн буруутай үйл ажиллагаанаас болсон байна. 

Газар эзэмших эрхтэй холбогдуулаад 91 га газар талбай дээр Засгийн газар болон Улаанбаатар хотыг 2220 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тухайн газар нь тусгагдсан байна.

Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар байдаг бөгөөд Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д ямар үндэслэлээр 2 жил буюу түүнээс дээш хугацаагаар газраа зориулалтын дагуу ашиглаагүйг нотлон шаарддаг тухай тайлбарласан байдаг. Газар эзэмшигчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас хамаарахгүйгээр төрийн захиргааны байгууллагын хамааралтай асуудлыг хүндэтгэн үзэх шалтгаанд оруулж өгнө гэсэн хуулийн зохицуулалт тайлбар байдаг. Үүний дагуу төрийн захиргааны байгууллагын тодорхой нэгж байгууллагууд нь өөрсдөөсөө шалтгаалах зүйлүүдийг гаргаж өгөөгүй нь газар эзэмшиж байгаа иргэн аж  ахуйн нэгжийн эрхийг хязгаарлаж байгаа нь буруу байна гэдэг байдлаар хандсан” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2001 оны 488 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 91,0 га газрыг “амины орон сууцны хорооллын барилга”-ын зориулалтаар “М*******” ХХК-д анх эзэмшүүлж,  2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 тоот шийдвэрээр тус газрыг 15 жилийн хугацаагаар мөн компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэж “...газар эзэмшүүлэх гэрээ”-г 5 жилийн хугацаагаар байгуулсан байна . 

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаар шийдвэрээр “М*******” ХХК-ийн эзэмшиж байсан 910 000 мкв газрыг “М*******” ХХК-д 560 000 мкв, “Д*******” ХХК-д 100 000 мкв, “Ш*******” ХХК-д 150 000 мкв, “М*******” ХХК-д 100 000 мкв хэмжээтэйгээр тус тус хуваан 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж , 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “...газар эзэмшүүлэх гэрээ”-г тус бүр байгуулжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байхад хугацаа сунгуулах хүсэлтээ удаа дараа гаргасан бөгөөд газраа зохих журмын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулсан барьсан байхад газраа 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэж гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа нь хууль бус юм” гэж маргажээ.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах...”-аар, 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана…” гэж заасан байна. 

Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч нэр бүхий компаниуд нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн эсэхтэй холбоотой баримт материалыг шүүхэд ирүүлээгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг шалгаж тодруулаагүй атлаа “... тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаагүй нь хууль бус болжээ.

Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаас үзвэл уг зохицуулалтыг “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тохиолдолд хэрэглэхээр байхад “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах” харилцаанд хэрэглэсэн нь буруу байна.

Тодруулбал, нэхэмжлэгч “М*******” ХХК-д анх 2001 онд газар эзэмших эрх олгосон, мөн нэхэмжлэгч нэр бүхий 4 компанид 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий газруудыг эзэмших эрхийг олгосон атлаа өнөөг хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон аливаа шийдвэрийг гаргаагүй байна.

Мөн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласанаас үзвэл нэхэмжлэгч нэр бүхий 4 компанийн тухайд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч компаниудаас газраа зориулалтын дагуу ашиглаагүй байдалд Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн 4.4.2.5-д тусгагдсан “Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-аас Баянголын амын чиглэлийн дулааны шугам сүлжээг ашиглалтад оруулах” үйл ажиллагаа нь тухайн жилүүдэд хэрэгжээгүй байх бөгөөд 2014 онд хэрэгжсэн боловч өнөөг хүртэл улсын комисс хүлээж аваагүй байгаа нь  нөлөөлсөн байна. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт барих “Мянганы хотхон” төслийн хүрээнд “Баянголын амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж эрх бүхий албан тушаалтнаар удаа дараа батлуулж  ажилласан байх бөгөөд газар дээрээ барилга байгууламж барих явдал нь тэдний хүсэл зоригоос үл хамаарсан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байхад дээрх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан нь хууль бус болжээ гэж шүүх дүгнэлээ. 

Нэхэмжлэгч “М*******”  ХХК-аас 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус бүр Нийслэлийн Өмч, газрын харилцааны албанд тус бүр хандаж “... нийт 91 га газрын газар эзэмшлийн гэрээг 15 жилээр сунгах” хүсэлтийг  Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын  3.2-т “Энэ журмын 3.1.1-3.1.7-д заасан тохиолдолд өргөдлийг дараах харъяалалын дагуу /аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамалд/ гаргана” гэж заасны дагуу гаргажээ.

Гэтэл хариуцагчаас дээрх хүсэлтүүдийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэж хариу өгөөгүй атлаа 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 5/1055 албан бичгээр “М*******” ХХК-д, 5/1056 албан бичгээр “М*******” ХХК-д, 5/1057 албан бичгээр “Ш*******” ХХК-д, 5/1058 албан бичгээр “Д*******” ХХК-д тус бүр “...Газрын тухай хуулин 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах боломжгүй тул гэрээг цуцлах...” гэж хариу өгсөн боловч 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 81 тоот албан бичигт хариу өгөөгүй эс үйлдэхүй тогтоогдож байна.

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах маргаан бүхий газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11  дүгээр сарын 30-ны өдрийн 32/32 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд “Орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалт”-аар дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээр тусгагдсан байх хэдий ч “дуудлага худалдаа” нь газрыг эхний удаа эзэмших, ашиглах хүсэлтийг шийдвэрлэхэд хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3,   106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “...нэхэмжлэгч “М*******” ХХК, “М*******” ХХК, “Ш*******” ХХК, “Д*******” ХХК-иудын эзэмшиж байгаа 91 га газраас батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд барилгын норм, нормативын дагуу төлөвлөгдсөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сувилал зэрэг нийтийн зориулалттай барилга байгууламж барихад шаардагдах газрыг Нийслэлийн Засаг даргын мэдэлд шилжүүлж, үлдэх газрын эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгах үүргийг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М*******” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.МӨНХЗУЛ