Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/44

 

А.Ж- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолтой, 

 

шүүгдэгч  А.Ж-, Б.А- нарт холбогдох эрүүгийн 2413000000190 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч А.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 8 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, шүүгдэгч А.Ж-, Б.А-, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай, С.Нургайып, С.Тилеуберди, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу, орчуулагч М.Нурасыл нар оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, ****оны **дүгээр сарын **-ны өдөр **********төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, ******* ажилладаг, ам бүл-**, ******** хамт ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Б-ны А- /РД:**********/,

 

2. Монгол Улсын иргэн,  яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр *********** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, ***** ажилладаг, ам бүл-**, *********** хамт **-******** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Е овогт А.Ж- /РД:**********/,

 

3. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

- Шүүгдэгч А.Ж-, Б.А- нар нь бүлэглэж, 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор А.Ж-ын эзэмшлийн ****БӨҮ улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багийн 8 дугаар гудамжны 22 тоотод байрлах хохирогч М.Б-ы эзэмшлийн хашаанаас хайлшин обудтай 4 ширхэг тээврийн хэрэгслийн дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч М.Б-д 400,000 төгрөгийн хохирол,

- 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор А.Ж-ын эзэмшлийн ****БӨҮ улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багийн 13 дугаар гудамжны 2а тоотод байрлах хохирогч М.Х-ын эзэмшлийн ****БӨН улсын дугаартай, цагаан өнгийн "Shevrolet Cruze" маркийн тээврийн хэрэгслийн 195/65/15 хэмжээтэй, хайлш обудтай 4 ширхэг дугуйг обудын хамт тайлж, мөн хашаанд байсан 195/90/14 хэмжээтэй, хөнгөн цагаан обудтай 1 ширхэг дугуй, нийт 5 ширхэг тээврийн хэрэгслийн дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч М.Х-д 500,000 төгрөгийн хохирол,

- 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн ****БӨҮ улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ж-ын хашаанд байсан хохирогч Б.Ам-ын эзэмшлийн Чейсир загварын тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Ам-д 300,000 төгрөгийн хохирол,

- 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар /Бөхөн уул/ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Ж-ийн хашааны гадна байсан “Тоёота Вилл” загварын тээврийн хэрэгслийн хайлшин обудтай 2 ширхэг дугуй, дугуй боох гайка 10 ширхэг, 15-тай толгой 2 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.Ж-т 370,000 төгрөгийн хохирол, бусдад нийт 1,570,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

4. Прокурорын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 158 дугаар яллах дүгнэлтээр А.Ж-, Б.А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн  2024/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолоор: 

5.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.А-, А.Ж- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,

5.2. Шүүгдэгч М овогт Б.А-, Е овогт А.Ж- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

5.3. Шүүгдэгч Б.А-, А.Ж- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

 

5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-, А.Ж- нарт оногдуулсан 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

5.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Ж-ын эзэмшлийн “Toyota ist” загварын ****БӨҮ улсын дугаартай, 2.500.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-, А.Ж- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч А.Ж-ын эзэмшлийн “Toyota ist” загварын ****БӨҮ улсын дугаартай, 2.500.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

            6. Шүүгдэгч А.Ж-ын давж заалдах гомдлын агуулга:

            6.1. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол арилгасан бөгөөд хохирогчоос уучлалт хүсэж ойлголцсон байгаа. 

            6.2. Хорих ялын хугацааг багасгаж өгөхийг хүсэж шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. Миний ар гэр ахуй амьдрал минь хүнд байна. Тухайлбал: Би ээжтэйгээ хамт хоёулхнаа амьдардаг бөгөөд ээж маань хүнд өвчтэй. Миний ээж О.К нь өөрөө нэн ядуу амьдралтай, өрхөд гаднаас орох орлогогүйгээс гадна олон жилийн өмнөөс ээж дотор эрхтний архаг өвчнөөр өвчилж байгаа бөгөөд байнгын эмчийн хяналтад байдаг. Би гадна болон гэр зуурын ажил хийж ээжийг байнга асарч байсан бөгөөд амьдрал маань маш хүнд болохоор ээжид санаа зовоод байна.

            6.3. Анхан шатны шүүхээс ч гэсэн хорих ялыг багасгаж шийтгэсэн бөгөөд нэг жил болгон бууруулж өгнө үү.

 

7. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дараах нөхцөлийг харгалзаж үзнэ гэсэн. Үүнд  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзана гэж заасан. Шүүгдэгч нарын зүгээс нийт 4 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч А.Ж- давж заалдах гомдлын үндэслэл болгосон “ээжийн биеийн байдлыг харгалзаж үзнэ үү” гэсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч энэ асуудлыг хөндсөн. Үүний талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр дурдсан. Энэ асуудлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээнд анхан шатны шүүгч харгалзан үзсэн байх гэж бодож байна.

7.2. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхтэй холбоотой шинээр гаргаж ирсэн нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн ялын хэмжээ нь эрүүгийн хариуцлагын зорилго, зорилт болон харгалзан үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай санал, дүгнэлтийг гаргаж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Ж-ын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

9. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

Харин шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа хулгайлах гэмт хэргийг “үргэлжилсэн үйлдлээр” үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан, шүүгдэгч нарын холбогдсон мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн үндсэн шинжид “бүлэглэсэн” гэж хуульчлагдаагүй байхад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг тухайн гэмт хэргийн үндсэн шинжид хамаатуулан шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, гэмт хэргийг Эрүүгийн хуулиар тодорхойлох хууль ёсны зарчимд нийцээгүй байх тул шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

10. Шүүгдэгч А.Ж-, Б.А- нар нь 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор А.Ж-ын эзэмшлийн ****БӨҮ улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн 8 дугаар гудамжны 22 тоотод байрлах хохирогч М.Б-ы эзэмшлийн хашаанаас хайлшин обудтай 4 ширхэг тээврийн хэрэгслийн дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч М.Б-д 400,000 төгрөгийн,

2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор А.Ж-ын эзэмшлийн ****БӨҮ улсын дугаартай “Тоёота Ист” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн 13 дугаар гудамжны 2а тоотод байрлах хохирогч М.Х-ын эзэмшлийн ****БӨН улсын дугаартай, цагаан өнгийн "Shevrolet Cruze" маркийн тээврийн хэрэгслийн 195/65/15 хэмжээтэй, хайлш обудтай 4 ширхэг дугуйг обудын хамт тайлж, мөн хашаанд байсан 195/90/14 хэмжээтэй, хөнгөн цагаан обудтай 1 ширхэг дугуй, нийт 5 ширхэг тээврийн хэрэгслийн дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч М.Х-д 500,000 төгрөгийн,

2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор мөн тээврийн хэрэгслийг ашиглаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ж-ын хашаанд байсан хохирогч Б.Ам-ын эзэмшлийн Чейсир загварын тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Ам-д 300,000 төгрөгийн,

2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар /Бөхөн уул/ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Ж-ийн хашааны гадна байсан “Тоёота Вилл” загварын тээврийн хэрэгслийн хайлшин обудтай 2 ширхэг дугуй, дугуй боох гайка 10 ширхэг, 15-тай толгой 2 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.Ж-т 370,000 төгрөгийн, бусдад нийт 1,570,000 төгрөгийн хохирол учруулсан нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 03-05, 82-84, 162-164 дэх тал), хохирогч М.Б-ы мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал), иргэн Т.А-аас эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 13-17, 91 дэх тал), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 23-26 дахь тал),  “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-24-0140 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 30-35 дахь тал), эд зүйлийг хохирогч М.Б-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 81 дэх тал), хохирогч М.Х-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 88 дахь тал), иргэний нэхэмжлэгч Т.А-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 98-99 дэх тал), хаан банкны 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 5180/275 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 101 дэх тал), иргэн Т.Б-аас эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 104-107 дахь тал), иргэний нэхэмжлэгч Т.Б-ны мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 110 дахь тал), иргэн Т.Б-ны ажиллуулдаг дугуй засварын газраас хураан авсан 195/65/14 хэмжээтэй, гол хэсэгтээ хөнгөн цагаан обудтай, хийтэй, бүрэн бүтэн 1 ширхэг дугуйг хохирогч М.Х-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 125 дахь тал), хохирогч Б.Ам-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 167 дахь тал), иргэн Т.Е-оос эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 180-182 дахь тал), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 02-17 дахь тал), хохирогч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 39 дэх тал), гэрчүүд, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан бусад нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нь хэргийн нотлох баримтуудыг бүрэн бодитойгоор шалгаж хянасан, анхан шатны шүүх яллах ба цагаатгах талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг бүрэн сэргээн тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.  

           

11. А.Ж-, Б.А- нарын дээрх хууль бус үйлдлийг прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зүйлчлэлийг зөвтгөж, шүүгдэгч нарын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь гэм буруугийн зарчимд нийцсэн боловч прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын үйлдлийг “үргэлжилсэн нэг гэмт хэрэг” гэж үзэхдээ хуулийг буруу хэрэглэсэн байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэх боловч хуульд заагаагүй мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж “бүлэглэж” гэх шинжээр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон алдааг залруулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

12. Гэмт этгээд нийлбэрээрээ нэг гэмт хэрэг болох нэг төрлийн эсхүл төсөөтэй үйлдэл, эс үйлдэхүйг нэг зорилгыг хангах үүднээс үйлдсэн бол үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хуульчилсан. Өөрөөр хэлбэл, үргэлжилсэн гэмт хэргийг үйлдэх явцад гэмт этгээдийн үйлдлүүд нь хоорондоо нягт холбоотой байж улмаар нэг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг нь тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг бүрдүүлдэг.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт.  Эрүүгийн хуулиар тогтоосон хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл тус бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй, нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэдэг.

Энэ тохиолдолд шүүгдэгчийн үйлдсэн нэг төрлийн хэд хэдэн үйлдлийг тус бүрд нь зүйлчлэх шаардлагагүй, эсхүл түүний үйлдлүүд нь нийлээд нэг гэмт хэргийн шинжийг бүрдүүлээгүй тохиолдолд үргэлжилсэн шинжтэй гэж тодорхойлох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн гэмт үйлдэл төгссөн, эсхүл завдалтаас үл хамаарч аль хүнд ялтай зүйл, хэсэг, заалтад багтаан зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцэхээс гадна хулгайлах гэмт хэргийн хууль зүйн ойлголт, түүний эрүүгийн хуулиар тодорхойлсон үндсэн шинжүүдийг хангасан гэж үзнэ.

 

13. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжид хууль тогтоогч “үргэлжилсэн үйлдэл”, эсхүл “бүлэглэж” гэх үндсэн шинжийг хуульчлан тогтоогоогүйн дээр  шүүгдэгч А.Ж-, Б.А- нарын тус тусад нь бие дааж төгссөн гэмт үйлдлүүдийг нь нэгтгэж хулгайлах  гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн буюу тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэх нөхцөл байдал тогтоогдсон учраас мөн зүйлийн 2.4 дэх хэсгээр буюу хулгайлах  гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэнийг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас энэ талаарх анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулж, шийтгэх тогтоолоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан хэсгийг хасаж өөрчлөх нь зүйтэй байна.

 

14. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг гагцхүү мөн хуулиар тодорхойлох хууль ёсны зарчмын агуулгыг тогтоожээ. Хэрэгт цугларсан нотлох баримтаас судалж үзвэл, А.Ж-, Б.А- нар нь хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бүлэглэж үйлдсэн буюу мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч бүлэглэж үйлдсэн гэх энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжид хамааруулж хуульчлагдаагүй байна. Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцохдоо түүний үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжээр нь /эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлаар нь бус/ гэм буруутайд тооцох нь эрүүгийн эрх зүй дэх хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцэх учраас шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс “бүлэглэж” гэснийг хасаж өөрчлөх нь зүйтэй.

 

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилжээ. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь, гагцхүү хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ. Иймээс анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ талаарх хуульд заасан нийтлэг журам, үндэслэлүүдийг баримталсан, шүүгдэгч тус бүрд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь тэдгээрийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг, тус хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн нөхцөл байдал, бүлэглэж үйлдсэн буюу эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хохирол, төлбөрийг арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч А.Ж-, Б.А- нарын тус бүрд оногдуулсан нэг жил, хоёр сарын хугацаагаар хорих ял нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон буюу шударга ёсны зарчмыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймээс шүүгдэгч Х.Ж-ын “надад оногдуулсан ялыг нэг жил болгож буруулж өгнө үү ” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо тухайн гэмт хэргийн үндсэн шинжид заагаагүй үндэслэлийг дурдсан зэрэг алдааг залруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “бүлэглэж” гэснийг, 1, 2, 3 дахь заалтаас “2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг” гэснийг тус тус хасаж өөрчлөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “бүлэглэж” гэснийг,  1, 2, 3 дахь заалтаас “2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг” гэснийг тус тус хасаж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр нь үлдээж, шүүгдэгч А.Ж-ын давж заалдах гомдлын хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

ШҮҮГЧ                                               Д.КӨБЕШ