Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 278

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч М.Мөнхзул,

шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Эрдэнэцэцэгийн А-д яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 1705012250140  дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн аваад  хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  1988 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ..............бизнесийн зээлийн эдийн засагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт ..........дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байр ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..............дүүрэг ..... дугаар хороо ..........дугаар байр ........тоотод оршин суух, Боржигон овогт Эрдэнэцэцэгийн А

 

Шүүгдэгч А нь 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн  6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Күүлмон” паб бааранд иргэн Э.У-тай маргалдан зодож түүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч А  Э.У-тай  “хагалсан гүц, цэцгийн савны тооцоог хийсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан зодож түүний зүүн нүдний зовхинд цус хуралт, 2 шүдний сулрал, уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Э.У-ын “Би 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө шөнийн 00 цагийн үед өөрийн ажилладаг газар болох 13 дугаар хорооллын “Street” гэх нэртэй пабдаа ажлаа тараад ажлын газрын Алтанбаганатай хамт сууж байгаад хүний 1 шил Сэнгүр пиво уусан юм.

...Ингээд хүмүүс гарсан нэг ширээн дээр хоёр хүн үлдсэн байж байгаад гарахдаа юм унагаах шиг чимээ гарсан. Тэгээд очоод хартал тавиур дээр байсан шилэн гүц, цэцгийн сав унаад хагарчихсан байсан. Тэгэхээр нь би нээх тоолгүй эргээд текэн дээр очиж суугаад Жагаатай танай энэ хүн саяын хагардаг гүц хэдэн төгрөгний үнэтэй байдаг талаар яриад байж байтал юм унагаж хагалсан хүмүүс текний хажуу талд ирээд Жагаатай хагалсан эд зүйлсээ төлж чадахгүй гээд, энэ эд зүйлсээ хол тавихгүй яасан юм гэх зэргээр яриа өрнүүлээд байсан. Тэгээд би хажууханд нь сууж байсан тул ахаа та хагалсан эд зүйлсээ төлчихөд яадаг юм гэтэл цаана нь зогсож байсан найз нь уурласан маягтай над руу дайраад байсан. Тэгээд тэрнээс болж маргаан үүссэн ба энэ хагалсан эд зүйлсээ төлчихөд яадаг юм гэтэл цаана нь зогсож байсан арай намхан нуруутай, саарал өнгийн куртиктэй залуу нь ирээд нүүр лүү гараараа нэг удаа цохиод авахаар нь би зөрүүлээд цохиж авах үед найз Алтанбагана дундуур орж ирээд салгасан. Би цохих гэсэн боловч цохиж чадаагүй. Тэгээд найз Алтанбагана дундуур намайг түрүүлж цохисон залууг салгаад байж байхад надтай анх хэрүүл хийсэн, төлбөр төлөхгүй гээд байсан залуу хажуу талаар орж ирээд нүүр лүү 2-3 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-8 дугаар хуудас/

“...Гэхдээ би сүүлд хяналтын камерын бичлэг үзсэнээр бол эхлээд хэрүүл маргаан үүсээд одоо нэрийг мэддэг болсон Атай хамт явж байсан Есүхэй нь намайг цохих гэж оролдох үед хажуу талаас А нь орж ирээд зүүн талын шанаа буюу нүд орчимд угсарсан цохилт хийх үедээ цохиж гэмтэл учруулсан гэж бодож байна. Бусад гэмтлийг зодоон дунд болсон гэж үзэж байгаа. Зодоон маш богино хугацаанд бужигнасан тул хэн яг цохиж гэмтэл учруулсаныг мэдээгүй ба бичлэг үзсэнээр бол надад учирсан гэмтлийг А нь учруулсан гэж үзэж байна. ... Өөрт учирсан гэмтлүүддээ ямар нэгэн эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгээгүй. Эм тариа авч уусан баримт байхгүй. Хоёр шүдний нэг нь зүгээр болсон. Нөгөөдөх нь бол зүгээр болоогүй. Хөдөлгөөнтэй байгаа. Одоо өвдөж зовиурлаж байгаа газар байхгүй. Шүд нээх өвдөхгүй, хөдөлгөөнтэй байгаа. Толгой хааяа өвдөөд байгаа. ... Одоо нээх гомдол гээд байх зүйлгүй. Гэхдээ надад учирсан гэмтлүүд эдгэж зүгээр болсон боловч нэг шүдний хөдөлгөөн арилахгүй байгаа учраас түүнийг эмнэлгийн байгууллагаар яваад зохих эмчилгээг нь хийлгээд өгчих юм бол миний бие гомдол саналгүй. Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 48-49 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч А.Жаргалмаагийн “Би Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кулмон гэх нэртэй пабад зохион байгуулагч, нягтлан бодогчоор 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажиллаж байгаа.

...Тухайн хэрүүл маргааныг У-ыг цохиж зодсон залуу хагалсан. Гүцнийхээ тооцоо хийхгүй гээд маргалдаад түүнээс болж У- нь та нар тооцоогоо хий гэсэн шаардлага тавихад шаардлагыг эсэргүүцэж зодолдох болсон. Хэрүүл маргаан хагалсан гүцний 25.000 төгрөгийг төлөхгүй гэдгээс болж маргаан үүссэн. Яг хэн  хэнийгээ хаан нь хэдэн удаа цохиж зодсон талаар харж чадаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

Гэрч Ж.Есүхэйгийн “... Ингээд А бид хоёр үлдээд үлдсэн пивоо ууж байгаад шөнийн  02 цаг 30 минутын орчимд пабаас гарах гээд босох үедээ сандал ширээ хоёр ойрхон зайтай байсан тул найз А босох үедээ сандлаараа хойно байсан эд зүйлсийг цохиж унагаасан. Энэ үед тэргэн дээр байсан цайны шилэн гүц унаж хагарсан ба зөөгч, бармен нар ирээд хагалсан эд зүйлсээ төлөх талаар шаардлага тавьсан. Тэгтэл төлбөр тооцоог хийх гэтэл боломжгүй байсан ба уусан пивоныхоо мөнгийг төлөөд таарсан. ...Тэгэхээр нь би зөрүүлж цохиж аваагүй ба найз А намайг өмөөрөөд намайг цохисон залууг цохиж авсан. Хаана нь цохисонг хараагүй ба эргээд хартал хоёр тийшээ болчихсон байсан.

... Намайг харахад биед нээх ил харагдах гэмтэл учраагүй байсан. Өөрөө л шүд хөдөлчихлөө гээд байсан. Уруулнаас нь бага зэргийн цус гарсан байдал ажиглагдсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг №13586 дугаартай

“1. Э.У--н биед зүүн нүдний зовхинд цус хуралт, 2 шүдний сулрал, уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 20 дугаар хуудас/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 40-45 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай “... Эрүүгийн 170501225 дугаартай хэрэгт хохирогч Э.У-аас хураан авсан “PHILIPS” гэсэн хаягтай “PROGRAMM” гэсэн бичлэглэлтэй  “NI04VC17D8184364A1” гэсэн кодтой камерын бичлэг хуулсан хатуу дискийг эд мөрийн баримтаар ...” гэсэн мөрдөгчийн тогтоол. /хэргийн 46 дугаар хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ “Шилэн цайны шүүлтүүртэй гүц, таримал цэцэг  нийт 100.000 төгрөг” /хэргийн 76 дугаар хуудас/

 

Шүүгдэгч А яллагдагчаар өгсөн “... тухайн үед хохирогч залуу ер нь бол ална шүү гээд хэл амаар доромжлоод байсан ба Есүхэйгээс салгахаар би дөхөөд очих үед хохирогч цохих гэж байгаа бололтой дайраад ирэхээр нь баруун, зүүн гараараа нүүрэн тус газар нь нэг нэг удаа цохисон. Тэгээд хохирогч залуу нүүрээ дараад бид нар салсан. ... Би нүүр лүү нь зүүн гараараа эрүүний орчимд алгадаад баруун гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 81-82 дугаар хуудас/ зэрэг  баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч А хохирогч Э.У-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Шүүгдэгч А хохирогч Э.У-ын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж  үзэж, тэрээр хохирлыг цаашид төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдвал зохино. 

 

Хохирогч Э.У-т учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримт байхгүй тул хохирлыг тооцох боломжгүй бөгөөд хохирогч нь холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

 

Шүүгдэгч Агийн ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 27 дугаар хуудас/ урьд ял шийтгэл эдэлж байгаагүй тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч А баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч А гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг цаашид төлж барагдуулахаа илэрхийлсэн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэцэцэгийн Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Аг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, А баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч  Э.У- өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    

       

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ