Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 2434001330214 |
Дугаар | 2024/ДШМ/69 |
Огноо | 2024-10-03 |
Зүйл хэсэг | 27.10.2.3., |
Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2024/ДШМ/69
2024 10 03 | 2024/ДШМ/69
|
Д.Д-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Үүрийнтуяа
Нарийн бичгийн дарга Т.Будхүү нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Үүрийнтуяагийн бичсэн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаар эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Д.Д-д холбогдох эрүүгийн 2434001330214 дугаар хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
З овогт Д-ийн Д, Увс аймгийн Улаангом суманд 1966 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эх баригч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
Д.Д нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн А0501 замын 68 дахь километрийн шонгийн орчим 32-29 БРА улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.в, 12.1, 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ж.О-ын жолоодон явсан 01-20 УБГ улсын дугаартай Toyota Land cruiser prado маркийн тээврийн хэрэгслийг мөргөж Д.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Төв аймгийн Прокурорын газраас Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч З овгийн Дийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч З овгийн Д-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч З овгийн Д-ийн Д-д шүүхээс тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З овгийн Д-ийн Д-г тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж,
Эрүүгийн 2434001330214 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч З овгийн Д-ийн Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Д.О-ын цаашид гаргах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Д-гээс 2,496,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З овгийн Д-ийн Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолж,
Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З овгийн Д-ийн Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор М.Үүрийнтуяа бичсэн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаар эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Төв аймгийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Үүрийнтуяа би, эрүүгийн 2434001330214 дугаартай Д.Д-д холбогдох хэрэгт 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 163 тоот прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Яллагдагч Д.Д-г 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн А0501 дугаартай хатуу хучилттай авто замын 68 дахь километрийн шонгийн ойролцоо Тоёота Приус-20 маркийн 32-29 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.в "Жолоочид ... тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно", 12.1 "Жолооч замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна", 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ж.О-ын жолоодон явсан Тоёота Ланд Крузер Прадо маркийн 01-20 УБГ улсын дугаартай тээврийг хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, хохирогч Д. О-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 253 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Д-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Тус шийтгэх тогтоолыг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай" гэж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно" гэж заасныг журамлахгүйгээр шууд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.
Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурор М.Үүрийнтуяагийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Шүүгдэгч Д.Д нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн А0501 замын 68 дахь километрийн шонгийн орчим Toyota prius-20 маркийн 32-29 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.в, 12.1, 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ж.Оын жолоодон явсан Toyota Land cruiser prado маркийн 01-20 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Д.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нь
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.О-ын: “...Тэгээд ...Улаанбаатар хот руу 11 цагийн орчимд хөдлөөд Төв аймгийн Эрдэнэ сум өнгөрөөд Баяндаваа руу өгсөөд явж байтал өөдөөс улаан хүрэн өнгийн тээврийн хэрэгсэл жолоодлого алдаж ...миний зорчих явсан урсгал руу орж ирсэн. Тэгээд би тээврийн хэрэгслээ мөргүүлэхгүйн тулд өөрийн явж байсан эгнээ тал руу замаас цас руу гарч зугтаасан боловч тухайн тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгслийн зүүн талын урд хаалганаас хойшоо арын дугуй хүртэл мөргөсөн...” /хх-н 15-16, 33-34/ гэх,
Хохирогч Д.О-ын: “...Би 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ...“Улаанбаатар-Багануур явна, ирнэ” гэсэн зар дээрээс 99899539 дугаараар холбогдоод явахаар болоод Жуков дээр яваад очтол улаан хүрэн өнгийн Toyota prius-20 маркийн 32-29 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй жолооч нь ганцаараа байсан. Тэгээд ...16 цаг 10 минутын орчимд Улаанбаатар хот Жуковоос хөдлөөд Налайх дүүрэг өнгөрөөд явж байхад жолоочид би хандаж зөөлөн яваарай ах, бид хоёр яараагүй гэж хэлээд бид хоёр замдаа унтчихсан байсан. ...явж байтал би юу ч санахгүй байгаа юм, гэнэт аль хэдийнээ зам тээврийн осол болчихсон би замын тээврийн хэрэгсэлд суух гээд зогсож байхдаа сэрсэн...” /хх-н 19-20/ гэх,
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ган-Эрдэнийн: “...хохирогч Д.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ...байх бөгөөд хохирогч Д.О нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,496,000 төгрөгийн зардал гарсан болох нь 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг ...Д.Д-гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” /хх-н 40-41/ гэх,
Гэрч Б.Баттулгын: “... Би найзууд болох Оргил, Батбилэг, Гантулга нарын хамт ...Бурхан Халдун ууланд 1 хоночхоод 12 цагийн үед тэндээс Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд 17 цагийн үед Эрдэнэ сум өнгөрөөд нэг даваа өгсөөд явж байтал өөдөөс эсрэг урсгалаас өнгийг нь санахгүй байна Toyota prius-20 маркийн автомашин хөндлөнгөөрөө халтираад ороод ирсэн. Оргил тухайн үед жолоодож байсан ба зугтаах зорилгоор баруун гар тийшээ рүлээ дарж зугтсан боловч машины зүүн талаас мөргөсөн. Надад 1 удаа мөргөлт мэдрэгдсэн...” /хх-н 43-44/ гэх,
Гэрч Б.Батбилэгийн: “...17 цагийн үед Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт явж байтад өөдөөс эсрэг урсгалаас улаан өнгийн Toyota prius-20 маркийн машин хөндлөнгөөрөө гулсаж ирсэн. Тэгэхээр нь жолоо барьж байсан Оргил зугтаах зорилгоор баруун гар тал руу рүлээ дарсан боловч амжилгүй мөргөлдсөн. Надад машины зүүн талаас 1 удаа мөргөлт мэдрэгдсэн...” /хх-н 46/ гэх,
Гэрч Б.Гантулгын: “...Тэгээд 17 цагийн үед Эрдэнэ сум өнгөрөөд явж байтал гэнэт зүүн талаас тас хийх дуу гараад замын баруун тал руу гарж зогссон 1 удаа мөргөлт мэдрэгдсэн. Осол болсны дараа бид нар машинаас буутал Toyota prius-20 маркийн машин манай машиныг мөргөж зогссон байсан...” /хх-н 48/ гэх,
Гэрч Э.Ариунжаргалын: “...улаан өнгийн Toyota prius-20 маркийн автомашин байсан... Отгонбаатар бид 2 арын суудалд сууж явсан бөгөөд бид 2 суугаад шууд унтаад өгсөн. Тэгээд би цагийг сайн санахгүй байна, нар жаргаж байсан санагдаж байна. ...Эрдэнэ сумын нутагт явж байсан бөгөөд жолооч 100 гаран км/цагийн хурдтай явж байсан. Тэгж байгаад гэнэт машин нь эргээд эсрэг урсгал руу орсон бөгөөд өөдөөс ирж байсан цагаан өнгийн Toyota Land cruiser prado маркийн автомашиныг мөргөж зогссон...” /хх-н 50/ гэх мэдүүлгүүд,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 9-15/,
Toyota Land cruiser prado маркийн 01-20 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 9,545,000 төгрөгөөр тогтоосон “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №41658 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-н 55-60/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаартай “...Д.О-ын биед зүүн чамархайн ясны шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” /хх-н 65-66/ гэх,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн №118 дугаартай “...Э.Ариунжаргалын биед гэмтэл тогтоогдсонгүй...” /хх-н 71-72/ гэх,
Техникийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №07/91 дугаартай “...Toyota Land cruiser prado маркийн 01-20 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Toyota prius-20 маркийн 32-29 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д-ийн Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-р заалтыг зөрчин замын нөхцөлд автомашины хурдыг тохируулаагүй явснаас автомашины тогтворжилт алдагдан, улмаар эсрэг урсгалд орж 11.3-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна. Ослоос учирсан эвдрэл гэмтлүүдээр 2 автомашины хурдыг тогтоох боломжгүй байна. Осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлсөн байх магадлалтай байна. Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйлс илэрсэнгүй...” /хх-н 83-84/ гэх дүгнэлтүүд зэргээр нотлогдон тогтоогджээ.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байдаг ба энэ гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хүндрүүлж зүйлчилдэг. Шүүгдэгч Д.Д нь Toyota prius-20 маркийн 32-29 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна", 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал серөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ж.Оын жолоодон явсан Toyota Land cruiser prado маркийн 01-20 УБГ улсын дугаартай тээврийг хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, хохирогч Д. Отгонбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн Д.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.
4. Шүүгдэгч Д.Д-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.
5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
6. Шүүгдэгч Д.Д-д анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
7. Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
8. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Д.Д-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт түүнд шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэжээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Шүүх эрүүгийн хариуцлагын дээрх зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэж болдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.О-ын эрүүл мэндэд зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон. /хх-н 65-66/
Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалын хавсралт “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 4.8-д зааснаар хүний эрүүл эрүүл мэндэд учирсан хүнд зэргийн хохиролд амь насанд аюултай гэмтэл, амь тэнссэн байдал, гэмтлээс үүссэн үлдэц, ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр (35-100 хувь) тогтонги алдагдсан шалгуур шинж бүхий гэмтлүүд хамаардаг.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч Д.О-ын цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй талаар дурдсан.
Үүнээс үзэхэд хохирогч Д.О нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгуулахаар нэхэмжлэх эрх нь нээлттэй, түүний гэмтэл нь хэдий хугацаанд бүрэн эдгэрэх эсэх нь тодорхойгүй, эмчилгээтэй холбоотой хохирол төлөгдөөгүй үндэслэлээр прокурорын дүгнэлтийн дагуу шүүх ял оногдуулах боломжтой байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д-д хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүхээс тэнссэн нэг жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхөөргүй байх тул албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Д.Д-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэж буруу бичсэн, 6 дугаар заалтад Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгийг буруу хэрэглэсэн хууль хэрэглээний алдааг засаж өөрчлөхөөр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
9. Д.Д-д холбогдох эрүүгийн 2434001330214 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй Э.Ариунжаргалыг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 8.2 дугаар зүйлийн 1.4, 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй.
10. Иймд давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийн “шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх хэсгийг хангаж, “шийтгэх тогтоолын хүчингүй болгож өгнө үү” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “Шүүгдэгч З овгийн Д-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч З овгийн Д-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
2 дугаар заалтын “Шүүгдэгч З овгийн Д-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З овгийн Д-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.” гэж,
6 дугаар заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Д-гээс 2.496.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Д-гээс 2,496,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор М.Үүрийнтуяагийн эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ