| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 120/2025/0038/з |
| Дугаар | 120/ШШ2026/0026 |
| Огноо | 2026-05-05 |
| Маргааны төрөл | Татвар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 120/ШШ2026/0026
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагч *******, *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь “Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-11250000034 дугаартай нөхөн ногдуулалтын актын төлбөрөөс /Маргаан таслах зөвлөлийн хурлаар хүчингүй болгоогүй, төлүүлэхээр шийдвэрлэсэн/ 260,608,918 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-аар маргасан, харин актын “3”-т тэмдэглэгдсэн зөрчилд холбогдуулан маргаагүй.
2. Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1. Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч *******, ******* нар нь “*******” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 1125501238 дугаар томилолтоор /эрсдэлд суурилсан-бүрэн/ шалгалтыг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 он 07 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд хийж, тус компанид нийт 338,037,291.67 төгрөгийн төлбөр төлүүлэхээр “Нөхөн ногдуулалтын акт” үйлдсэн.
2.2. Нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдлыг Өмнөговь аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд 06 дугаар тогтоолоор “...дээрх актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги болох нийт 338, 037,291.67 төгрөгийн төлбөрөөс актын “3”-т тэмдэглэгдсэн буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2023 онд 472,934,562.66 төгрөгийн суудлын автомашиныг худалдан авалтаас хасч тооцсон зөрчилд ногдуулсан 47,293,456.27 төгрөгийн нөхөн татвар, 18,917,382.51 төгрөгийн торгууль, 11,217,534.89 төгрөгийн алданги, нийт 77,428,373.67 төгрөгийг хасч, нөхөн татварыг 146,687,790.82 төгрөг, торгуулийг 62,601,574.86 төгрөг, алдангийг 51,319,552.32 төгрөг, нийт төлбөрийг 260,608,918 төгрөг болгон бууруулж...” шийдвэрлэсэн, энэ тогтоолыг нэхэмжлэгч мөн оны 10 дугаар сарын 31-ний өдөр авсан.
2.3. Нэхэмжлэгч 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд анх гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 120/ШЗ2025/0246 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу нэхэмжлэлээ 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Актад нийт 6 зөрчил гаргасан гэж үзсэн, үүнээс Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар уг актын 3 дахь зөрчилд ногдуулсан төлбөрийг хүчингүй болгосон тул үүнтэй маргахгүй, харин Маргаан таслах зөвлөлөөр төлүүлэхээр шийдвэрлэсэн буюу актын 1, 2, 4, 5, 6 дахь зөрчлүүдэд хамаарах нөхөн татвар, торгууль, алдангийг төлүүлэхээр тогтоосон нийт 260,6 сая төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Актын 5-д, үнэ шилжилтийн ажил, гүйлгээний тайланд 2021-2023 онд нийт 196.3 сая төгрөгийг тайлагнаагүй зөрчилтэй гэж байгаа. Гэтэл энэ нь ямар компанитай хийсэн ямар ажил гүйлгээг тусгаагүй гээд байгаа нь, 196.3 сая төгрөг гэдэг нь яаж гарсан нь тодорхойгүй, ойлгомжгүй. Хуульд заасны дагуу үнэ шилжилтийн асуудал дээр татварыг нь нөхөн төлүүлээд, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль ногдуулахаар өөрчлөгдсөн, гэтэл нөхөн татвар ногдуулаагүй байдаг. Тухайлбал, аж ахуйн нэгж ч гэдэг юм уу, хувь хүн ч гэдэг юм уу өөр ямар төрлийн татвар байж болох юм. Бид нар үнэ шилжилтийн тайлангаа хуульд заасан хугацаанд, тусгавал зохих бүх компанийнхаа нэрийг тусгаж өгсөн. Татварын алба нь бүрэн цахимжсан учраас хангалттай дата мэдээлэл, өгөгдлийн сан дээр ажилладаг, тиймээс тайлагнагдаагүй гэдэг нь үндэслэлгүй.
Татварын ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д энэ талаар тодорхой заасан байхад хариуцагч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан 6 аргуудаас алийг нь ч ашиглаагүй. Хэрэв үнэ шилжилттэй холбоотой зөрчил гэж үзвэл энэ 6 аргын аль тохиромжтой гэсэн аргыг ашиглаагүй, тухайлбал, бие даасан ажлын тайлан гарч, зөрчил байгаа гэж үзвэл актын бүрдэл хэсэг, хавсралт болж явахаар байна. Гэтэл энэ ажил хийгдээгүй учраас манайхыг үнэ шилжилт хийсэн, хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, эдгээр аргуудын алийг ч манай компанид ашиглаагүй, ашиглах ч шаардлага байхгүй, боломжгүй. Үнэ шилжилт хийсэн гэж ямар нэгэн татвар ногдуулаагүй атлаа торгууль ноогдуулах нь хууль бус бөгөөд ойлгомжгүй, хуулийн санкцыг салгаад хэрэглэчихсэн. Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд хүнсний дэлгүүрүүд үнэ шилжилт хийдэггүй, бүх ажил гүйлгээ нь цахим төлбөрийн и-баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэгдэн татварын албандаа бүртгэгдэн, мэдээлэгдэж байдаг бөгөөд манай компанийн бүх ажил гүйлгээ нууцлагдаагүй, татварын албанд ил тод, нээлттэй байгаа учраас актын зөрчил гэх 5 дахь хэсэг үндэслэлгүй.
Актын зөрчил хэсгийн нэгд, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд нийт 232,000,000.00 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ноогдуулах орлогыг бууруулсан гэж дүгнэсэн нь илтэд хууль бус шударга ёсны зарчимтай нийцэхгүй.
Учир нь “Эрдэнэс цог жавхлан” ХХК, “Хөгжил цог жавхлан” ХХК-иудыг мөн энэ актыг бичсэн татварын байцаагчид шалгаад тухайн компани нь орлогоо бүрэн гүйцэд тайлагнасан, Аж ахуйн нэгж болон нэмэгдсэн өртгийн албан татварын ноогдох орлогоо бүрэн гүйцэд тайлагнасан, хуульдаа нийцсэн байна, бүх олсон орлого нь бодит гээд дүгнэчихсэн.
“Эрдэнэс цог жавхлан” ХХК, “Хөгжил цог жавхлан” ХХК дээр үйлдэгдсэн акт болоод хавсралтууд нь хэргийн материалд байгаа. Тэгэхээр хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах хэсэгт энэ талаар ярих учраас энэ зөрчил няцаагдана.
Хоёрт мөн агуулгын хувьд ижилхэн байна. Сая 2021 он гэсэн бол одоо 2022 он гэж байна. Ингээд “Эрдэнэс цог жавхлан” ХХК, “Хөгжил цог жавхлан” ХХК гээд 2022 онд нийт энэ хоёр компаниас мөн “Элст хошуу” ХХК-аас 44,000,000 төгрөг нийлээд энэ гурван компаниас 508.9 сая төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр гэж байна.
Гэтэл “Эрдэнэс цог жавхлан” ХХК, “Хөгжил цог жавхлан” ХХК-ийн тухайд 1 дэх хэсгийн тайлбар ижил, актыг нь бодитой гэж үзсэн.
Харин “Элст хошуу” ХХК-ийн 44.2 сая төгрөгийн тухайд хий бичилттэй гэдгийг татварын шалгалт хийсэн байцаагч нар нотолж чадаагүй. Эдгээр компаниас бодитоор бараа материал авсан, худалдан авсан бараа материалын жагсаалт, холбогдох баримтууд хэргийн материалд байна. Ийм учраас актын 2 дахь хэсэг үндэслэлгүй. Актын 3 дахь хэсгийг маргаан таслах зөвлөлөөр хүчингүй болгосон. Энэ хүчингүй болгосон хэсэг нь актын 6 дахь хэсэгтэй холбогдох учраас 6 дээрээ нэг мөр ярья. Ингээд 4-д нэмэгдсэн өртгийн албан татварын 2023 оны 12 дугаар сарын тайланд “Цог жавхлан индастри” ХХК-аас нэг ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 116.7 сая төгрөгийн бараа материал худалдан авсныг тайлагнасан гэж байна.
Энэ компани нь хий бичилт байдаггүй. Иргэн Ц.Жавхлангийн эхнэрийнх нь компани шалгагдсан, хий бичилттэй гэж үзээгүй, татвар ноогдох орлогын бодит гэж үзсэн учраас энэ 4 дэх зөрчил үндэслэлгүй. 6 дээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан гэж дуусаж байна. 2021 онд 173.7 сая төгрөг, 2022 онд 48.1 сая төгрөг, 2023 онд 430,000,000 төгрөг гээд нийт 652.6 сая төгрөгийн төлбөрийн и-баримтаар нотлогдохгүй өртгийг татвар ноогдох орлогоос хасах зардалд оруулан тооцсон байна. Тэгэхээр 652 сая төгрөг цахим төлбөрийн и-баримттай.
Тухайлбал энэ маргаан таслах зөвлөлөөр хүчингүй болсон 3 дахь хэсэг дээр 472.9 сая төгрөгийн цахим төлбөрийн и-баримттай худалдан авалт байна гэж дүгнээд актын энэ хэсгийг хүчингүй болгосон байдаг. Ингээд 652.5-аас 472.9-ийг хасахад 135.3 сая төгрөг байна. Үүнээс “Элст хошуу” ХХК-ийн 44.2 сая төгрөгийг хасахад 90 орчим сая төгрөг болж байна. Тэгэхээр 6 дахь хэсэг нь үндэслэлгүй гэдэг нь үүгээр нотлогдож байна. Дутаад байгаа нь тооцооллын алдааг байцаагч нар гаргачихжээ. Ийм учраас 6 дугаар зүйлд заасан зөрчил хүчингүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
4. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...нөхөн ногдуулалтын актын 1, 2, 4-т заасан 2021 онд 232,02 сая, 2022 онд 464.7 сая төгрөг, 2023 онд 116.7 сая төгрөг, нийт дүнгээрээ 813.4 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар харилцан хамаарал бүхий “Эрдэнэс цог жавхлан” ХХК, “Хөгжил цог жавхлан” ХХК, “Цог жавхлан индастри” ХХК-аас бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ноогдох орлогыг бууруулсан зөрчилд хариу тайлбар гаргаж байна.
1. Тус компанид харилцан хамаарал бүхий “Эрдэнэс цог жавхлан” ХХК-иас 2021 онд 150.6 сая төгрөг, “Хөгжил цог жавхлан” ХХК-аас 81.3 сая төгрөг, 2022 онд “Эрдэнэс цог жавхлан” ХХК-аас 130.2 сая төгрөг, “Хөгжил цог жавхлан” ХХК-аас 334.5 сая төгрөг, 2023 онд “Цог жавхлан индастри” ХХК-аас 116.7 сая төгрөг, нийт 813.4 сая төгрөгийн үнийн дүнтэй бараа материал худалдан авсан, энэ ажил, гүйлгээ нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, цахим төлбөрийн и-баримт, нягтлан бодох бүртгэлийн бараа материал, худалдан авалтын журнал зэргээр нотлогдоно гэсэн хэдий ч тус компани дэлгүүрийн бараагаа салбар 2 буюу “Эрдэнэс цог жавхлан” ХХК-аас, аймгийн худалдааны төвүүдээс татдаг. Барааны борлуулалтын орлогууд нь ихэвчлэн захирал Ц.Жавхлан болон төрсөн дүү Ц.Намууны данс болон худалдагч нарын дансаар ордог. Орлого, зарлага хийдэг гэж ярилцлагад дурдагдсан байдаг ч барааны худалдан авалтын төлбөрийг төлөхдөө ихэвчлэн компанийн данснаас төлдөггүй, хувийн данснаасаа төлөлтийг хийдэг болох нь харилцах дансны хуулгаар нотлогддог. Захирал Ц.Жавхлангийн ирүүлсэн болон арилжааны банкнуудаас ирсэн дансны хуулгуудаар гарсан барааны төлбөр төлөлтийг тулгаж үзэхэд зөвхөн тус компанийнх ч биш, харилцан хамааралтай этгээдүүдийн барааны үнийг шилжүүлсэн, ямар салбарт хамааралтай барааны төлбөр болох нь тодорхойгүй.
Харилцан хамааралтай этгээд хоорондоо бараа шилжүүлж, өгч, авдаг гэх хэдий ч тухайн шилжүүлсэн болон хүлээн авсан бараанд ямар ч төлбөр төлдөггүй болох нь харагддаг боловч нөат-ын падаан шивсэн байдаг. Мөн татварын системийн www.etax.mta.mn хаягийн мэдээлэлд тус компанийн тооцоолол болон татварын орлогын бүртгэл мэдээлэл, тайлангуудаас харахад тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн ногдуулалт нь ихэвчлэн бусдад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар, худалдан авалтаар илүү үүссэн байх ба шалгагдах хугацаанд буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд нийт 1.1 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байгаа зэргээс харахад ямар ч төлбөр хийгдээгүй байхад нэмэгдсэн өртгийн албан татварын падаан шивсэн нь нотлогдох тул тус илрүүлсэн зөрчлийг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн хуурамч хий бичилттэй падаан тараагч гэх “Элстэй хошуу” ХХК-аас 2022 онд 44.2 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн падаанаар бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ноогдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан, “Элстэй хошуу” ХХК-аас 2022 онд 44.2 сая төгрөгийн үнийн дүнтэй бараа материал худалдан авсан гэх энэ ажил, гүйлгээ, нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, цахим төлбөрийн ибаримт, нягтлан бодох бүртгэлийн бараа материалын худалдан авалтын журнал зэргээр нотлогдоно гэсэн хэдий ч эдгээр ажил гүйлгээний төлбөрийг харилцах данснаас төлөөгүй буюу “*******” ХХК-аас “Элстэй хошуу” ХХК-ийн хооронд төлөлт хийгдээгүй, төлснөөр журналд бүртгэсэн, хий бичилттэй нөат-ын падаан шивэгдсэн боловч энэ падаанаар хэдэн тоо ширхэг, ямар бараа материал татан авсан нь тодорхойгүй, бараа материалын орлого, зарлагын гүйлгээний тамга тэмдэгтэй анхан шатны баримт байхгүй, мөн “Элстэй хошуу” ХХК-ийн нөат-ын падаанаар худалдан авалтаа импортын архи авсан гэж тайлбарладаг хэдий ч тус компанийн хувьд гаалийн ямар ч мэдээлэл байхгүй.
Тухайн компани “Ворлд Эруна” ХХК-тай хоорондоо падаан бичилцсэн байдаг нь татварын систем дээрх и-баримтын мэдээлэл, тухайн борлуулагч хоёр компани нь шалгагдаж, танилцуулга бичигдсэн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн зэрэг баримт материалаар нотлогдох тул тус илрүүлсэн зөрчлийг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.
2. Үнэ шилжилтийн ажил, гүйлгээний тайлан 2021 онд 57.5 сая төгрөг, 2022 онд 70.5 сая төгрөг, 2023 онд 68.2 сая төгрөг, нийт 196.3 сая төгрөгийг тайлагнаагүй зөрчил гаргасан. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд харилцан хамааралтай этгээд гэдгийг, 27.1.1-д татвар төлөгчтэй ямар холбоотой байх хүмүүсийг тодорхой нэрлэн, 27.2-т хувь нийлүүлэгчид шууд болон шууд бусаар аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны шийдвэр гаргахад нэгдмэл байр суурьтай оролцохоор хэлцэл байгуулж, уг хэлцлийн үндсэн дээр шийдвэр гаргадаг бол тухайн хувь нийлүүлэгч этгээдийг энэ зүйлийн 27.1.3, 27.1.4, 27.1.5, 27.1.6-д заасан хувь оролцооны хувьд нэг этгээд гэж үзэхээр, 27.3-т шууд бус оролцоог тодорхойлохдоо шууд оролцооны хувиудын үржвэрээр тодорхойлно. Шууд оролцоо нь 50%-аас дээш байвал 100%-ийн оролцоотой гэж үзнэ гэж тус тус заасан байдаг.
Татварын албаны www.etax.mta.mn хаяг дээрх мэдээлэлд “*******” ХХК-ийн захирал Ц.Жавхлан нь өөр бусад компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлтэй, харин иргэн н.Цогбат болон Ш.Дүгэрмаа нарын төрсөн хүү, иргэн Ц.Намууны төрсөн ах болох нь татварын систем дээрх хаягийн мэдээллээр тогтоогддог, Ц.Жавхлан нь “Шимт цэлтэр миш” ХХК-ийн 100 хувь, “Говь даймонд” ХХК-ийн 100 хувь, “Өгөөж цэлтэр миш” ХХК-ийн 100 хувь, “Эрдэнэс цог жавхлан” ХХК-ийн 50 хувь, “Цог жавхлан индастри” ХХК-ийн 50хувь, “Эрдэнэ говь сайхан” ХХК-ийн 50 хувь, харин түүний эхнэр Д.Сарнай нь “Даймонд Девелопмент” ХХК-ийн 100 хувь, “Эрдэнэ говь сайхан” ХХК-ийн 50 хувь, “Цог жавхлан индастри” ХХК-ийн 50 хувь, “Эрдэнэс цог жавхлан” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн ийм бүртгэлтэй болох нь нотлогдоно.
Шалгалтаар харилцан хамааралтай этгээд хооронд бараа хүлээн авах, барааг шилжүүлэх ажил, гүйлгээ хийгдсэн байсан бөгөөд бараа шилжүүлэх, хүлээн авах үед үнэ шилжилт хийгдээгүй гэж үзсэн учир ямар нэгэн татварын төрлөөр үнэ, шилжилт хийгдсэн гэж үзэж нөхөн татвар ноогдуулаагүй, үнэ шилжилтийн үндсэн тохируулга хийж, үнэ шилжилтийн тохируулга хийх аргыг ашиглаагүй. Шалгалтын хугацаанд 2021 онд 57.5 сая, 2022 онд 70.5 сая, 2023 онд 68.3 сая төгрөг, нийт 196.3 сая төгрөгийн барааг бусдад харилцан хамааралтай этгээд хооронд шилжүүлсэн болон хүлээн авсан гэж татвар төлөгчийн өөрсдийн программаас гаргуулан авсан баримт материал, мэдээллийн хоорондоо хийгдсэн ажил, гүйлгээний дүнг авсан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлд үнэ шилжилтийн тайлан, 38.3-т “татвар төлөгч татварын хяналт, шалгалт хийхээс өмнө болон хийгдэх үед үнэ шилжилтийн тайлантай холбоотой татварын албаны шаардсан нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгнө” гэж заасны дагуу мэдээллийг түүвэрлэн авсан.
Мөн Татварын ерөнхий хуулийн 38.4-т заасны дагуу тус ажил, гүйлгээгээ үнэ шилжилтийн тайланд тусгаж тайлагнах үүрэгтэй боловч харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн ажил, гүйлгээ, өөрөөр хэлбэл шалгалтаар харилцан хамааралтай этгээд хооронд барааг шилжүүлэн, хүлээн авсан болох нь тогтоогддог боловч энэхүү ажил, гүйлгээг “Эрдэнэс цог жавхлан” ХХК-тай хийсэн ажил, гүйлгээ шилжүүлсэн болон хүлээн авсан бараагаа үнэ шилжилтийн тайланд тусгаагүй, тайлагнаагүй бөгөөд зөрчилд шилжүүлсэн болон хүлээн авсан бараа, ажил гүйлгээний дүнд хуульд заасны дагуу торгууль тооцсон. Иймд илэрсэн зөрчлийг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.
3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2021 онд 173.7 сая, 2022 онд 48.1 сая, 2023 онд 430.6 сая, нийт 652.5 сая төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдоогүй өртгийн тооцоолол үндэслэлгүйгээр илүү тооцож татвар ноогдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан. Тус компаниас “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу бодитой гарсан, холбогдох бүртгэлээр баталгаажсан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн нийтлэг зарчмыг хангасан, цахим төлбөрийн и-баримтаар нотлогдсон зардлыг татвар ноогдох орлогоос хасагдах зардалд оруулан тооцсон” гэсэн хэдий ч шалгалтын явцад и-баримтаар худалдан авалттай холбогдуулан үзэхэд зөрүүтэй байсан. Бидэнд борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тооцох шаардлага гарсан тул санхүүгийн тайлангийн бараа материалын эхний болон эцсийн үлдэгдэл, бараа татан авалт, өөрсдийн ирүүлсэн шилжүүлсэн болон хүлээн авсан барааны жагсаалтаас өртгийг тооцоход илүү тооцсон, энэ нь нотлогдох тул тус илрүүлсэн зөрчлүүдийг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.
Бид энэ борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тооцохдоо бараа материалын эхний үлдэгдэл болон бараа материалын эцсийн үлдэгдэл, өөрсдийн гаргасан санхүүгийн тайлангаас, цэвэр худалдан авалтыг и-баримтын системд байгаа нийт худалдан авалтын дүнгээс ашиглалтын зардал болон зардлын дүнг хасаж өөрсдийн программаас нь гаргуулан ирүүлж, шилжүүлсэн барааны дүнг нэмж хүлээн авсан барааны дүнг хасаж тооцсон.
4. Анх “Эрдэнэс цог жавхлан” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 1124522282 тоот томилолтоор эрсдэлд суурилсан бүрэн шалгалтыг хийх төлөвлөгөө орж ирсний дагуу татварын хяналт шалгалтыг эхлүүлсэн, шалгалтын явцад “Эрдэнэс цог жавхлан” ХХК-ийн орлого, зарлагыг шалгахад компанийн орлого, зарлага нь зөвхөн энэ компанийн дансаар бүрэн орж, гараагүй, холбогдох иргэдийн дансаар болон харилцан хамааралтай 4 этгээдийн дансаар орсон, гарсан зарлагын гүйлгээ хамааралтай байсан бөгөөд дээрх иргэдийн орлого, зарлагын гүйлгээнээс “Эрдэнэс цог жавхлан” ХХК-тай холбоотой ажил үүргийг тооцож гаргах шаардлагатай байсан тул тухайн нөхцөл байдлыг дээд шатны байгууллагадаа танилцуулахад тус шалгалтын хугацааг хойшлуулж, холбогдох бусад компани болон иргэдийг хамт хамруулан шалгах шаардлагатай хэмээн эрсдэлд тооцогдож 2025 оны 04 дүгээр сард холбогдох иргэдийг, 2025 оны 05 дугаар сард холбогдох компаниудыг шалгах томилолтууд үүссэний дагуу “*******” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд татварын албаны ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/226 дугаар тушаалаар татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж 1125501238 тоот томилолтоор эрсдэлд суурилсан бүрэн шалгалтыг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хийсэн.
5. Татварын хяналт шалгалтыг Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-т заасны дагуу мэдэгдэж, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, томилолт, баримт бичгийн хүсэлт зэргийг тус компанийн захирал Ц.Жавхлангийн [email protected], төрсөн дүү Ц.Намууны [email protected] гэсэн хаягуудаар хүргүүлж 99111576 гэсэн утсаар холбогдон шаардлагатай баримт материал болон тодруулгуудыг авч, татвар төлөгчийн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж хяналт шалгалтын ажиллагааг явуулж байсан, шалгалтын хугацаанд захирал Ц.Жавхлантай 99111576 утсаар холбогдон шалгалттай холбоотой бүх шаардлагатай баримтуудыг дүү Ц.Намуун өөрөө гаргаж өгнө гэж хэлж мэдэгдсэний дагуу цахим хаягаар болон холбогдох утсаар холбогдон шаардлагатай нэмэлт мэдээллийг авч, мөн захирал Ц.Жавхлан, түүний ээж Ш.Дүгэрмаа нар ирж тайлбар, тодруулга, ярилцлага хийж байсан, тайлан мэдээ хийдэг нягтлан бодогчоо Австрали улсруу явсан тэндээсээ хийдэг гэсэн тайлбарыг нэхэмжлэгчээс хэлж байсан тэр хүнтэй манайхаас холбогдож ярилцаагүй, шалгалт дуусах шатанд Ц.Жавхлангаас шалгалт дуусаж байгаа талаар 99111576 дугаарын утсанд мэдэгдэхэд өөрийн биеэр ирэх боломжгүй гэсэн тул оршин суух үндсэн хаягийг нягтлахад Ц.Цогбат, Ш.Дүгэрмаа, Ц.Намуун бид дөрөв дөрвүүлээ Даланзадгад сумын 3 дугаар баг, 4 дүгээр сууц 1-1 тоот хаягтай /энэ байр дахин төлөвлөлтөд хамрагдан одоо байхгүй/ гэж хэлж байсан, иргэн Ш.Дүгэрмаа буюу захирал Ц.Жавхлангийн ээжийг байлцуулан Ц.Жавхлангийн 99111576 утсаар холбогдон тайлбар, тодруулга хийснээр шалгалтын ажиллагаа дууссан, Ц.Жавхлан би очиж чадахгүй, Улаанбаатар хотод шалгалтад орж байна гэсэн тул Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.6, 42.7, 42.8-д тус тус заасны дагуу хуулийн хугацаанд Ц.Жавхлангаас ирүүлсэн цахим хаяг болон шуудангийн хаягаар нөхөн ногдуулалтын актыг хүргүүлсэн.
Иймд дээд газрын даргын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж олгосон томилолтын дагуу тус компанийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд шалгалтыг хийсэн тул холбогдох хууль тогтоомж, журмын дагуу албан үүргээ гүйцэтгэсэн, “*******” ХХК-д холбогдох нөхөн ногдуулалтын акт хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь “Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-11250000034 дугаартай нөхөн ногдуулалтын актын нийт төлбөрөөс 260,608,918.00 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий актын “Тэмдэглэх нь” хэсгийн 1, 2, 4, 5, 6-д заасан зөрчлүүдэд холбогдох хэсэг /нийт 260,608,918.00 төгрөгийн төлбөр төлүүлэх/-ийг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч талаас “...татвар ногдох орлогоо бүрэн гүйцэд тайлагнан тусган тайлагнасан, татварын байцаагч нар тооцооллын алдаа гаргасан, өөрийн, хамаарал бүхий компаниудаасаа худалдан авсан барааны төлбөрийг баримт үйлдэн бэлэн мөнгөөр төлсөн байхад манайхаас хүргүүлсэн баримтуудыг бүрэн үзээгүй, зөрчил гэх асуудал нь ойлгомжгүй, тодорхойгүй, үнэ шилжилтийн ажил, гүйлгээний тайланд ямар компанитай хийсэн ямар ажил гүйлгээг тусгаагүй, ногдуулан төлөөгүй гээд байгаа нь тодорхойгүй, энэ талаар дүгнээгүй, хуульд заасны дагуу үнэ шилжилтийн асуудал дээр нэхэмжлэгчид нөхөн татвар ногдуулаагүй атлаа торгууль ноогдуулсан нь шалгалт хийсэн байцаагч нар хууль зөрчсөн, акт хуульд нийцээгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн...”,
4. Хариуцагч талаас “...дээд газрын даргын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, олгосон томилолт, холбогдох хууль, журмын дагуу албан үүргээ гүйцэтгэн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий актыг гаргаж, хүргүүлсэн, хууль зөрчөөгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан.
5. Татварын улсын байцаагч *******, ******* /Цаашид хариуцагчид гэх/ нар нь Татварын Ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу 1125501238 дугаар томилолтоор “*******” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /эрсдэлд суурилсан-бүрэн/ шалгалтыг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд хийж, 6 төрлийн 2,179,443,799.06 төгрөгийн зөрчил илрүүлж, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-11250000034 дугаартай нөхөн ногдуулалтын актаар[1] тус компанийг
“Тэмдэглэх нь” хэсгийн 1-д: Нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх/-ын 2021 оны 01 дүгээр сарын тайланд “Хөгжил цог жавхлан” ХХК-иас 1 ширхэг НӨАТ-ын падаанаар 14,072,727.27 төгрөг, 07 дугаар сарын тайланд “Эрдэнэс цог жавхлан” ХХК-иас 1 ширхэг НӨАТ-ын падаанаар 88,864,090.91 төгрөг, 11 дүгээр сарын тайланд “Эрдэнэс цог жавхлан” ХХК-иас 1 ширхэг НӨАТ-ын падаанаар 47,727,272.73 төгрөг, 12 дугаар сарын тайланд “Эрдэнэс цог жавхлан” ХХК-иас 1 ширхэг НӨАТ-ын падаанаар 81,363,636.36 төгрөг, нийт 4 ширхэг НӨАТ-ын падаанаар 232,027,727.27 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил,
“Тэмдэглэх нь” хэсгийн 2-т: НӨАТ-ын 2022 оны 01 дүгээр сарын тайланд “Хөгжил цог жавхлан” ХХК-иас 1 ширхэг НӨАТ-ын падаанаар 7,681,818.18 төгрөг, 02 дугаар сарын тайланд “Эрдэнэс цог жавхлан” ХХК-иас 1 ширхэг НӨАТ-ын падаанаар 77,863,636.36 төгрөг, 03 дугаар сарын тайланд “Элст хошуу” ХХК-иас 3 ширхэг НӨАТ-ын падаанаар 44,190,272.73 төгрөг, 06 дугаар сарын тайланд “Эрдэнэс цог жавхлан” ХХК-иас 1 ширхэг НӨАТ-ын падаанаар 52,345,454.55 төгрөг, 11 дүгээр сарын тайланд “Хөгжил цог жавхлан” ХХК-иас 1 ширхэг НӨАТ-ын падаанаар 326,818,181.82 төгрөг, нийт 7 ширхэг НӨАТ-ын падаанаар 508,889,363.64 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил,
“Тэмдэглэх нь” хэсгийн 3-т: НӨАТ-ын тайланд 2023 онд 472,934,562.66 төгрөгийн суудлын автомашиныг худалдан авалтаас хасаж тооцсон зөрчил,
“Тэмдэглэх нь” хэсгийн 4-т: НӨАТ-ын 2023 оны 12 дугаар сарын тайланд “Цог жавхлан индастри” ХХК-иас 1 ширхэг НӨАТ-ын падаанаар 116,709,090.91 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил,
“Тэмдэглэх нь” хэсгийн 5-д: Үнэ шилжилтийн ажил, гүйлгээний тайланд 2021 онд 57,526,229.00 төгрөг, 2022 онд 70,524,607.00 төгрөг, 2023 онд 68,272,090.00 төгрөг, нийт 196,322,926.00 төгрөгийг тайлагнаагүй зөрчил,
“Тэмдэглэх нь” хэсгийн 6-д: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2021 онд 173,771,036.71 төгрөг, 2022 онд 48,120,446.91 төгрөг, 2023 онд 430,658,644.96 төгрөг, нийт 652,550,125.58 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдохгүй өртгийг тооцоолол, үндэслэлгүйгээр илүү тооцож, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил тус тус гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хууль 11.19 дүгээр зүйлийн 11.19.11.3, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2, 84.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн 193,981,247.09 төгрөгийн нөхөн татвар, 81,518,957.37 төгрөгийн торгууль, 62,537,087.21 төгрөгийн алданги, нийт 338,037,291.67 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
6. Өмнөговь аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор[2] “...маргаан бүхий актын “3”-т тэмдэглэгдсэн зөрчилд ногдуулсан 47,293,456.27 төгрөгийн нөхөн татвар, 18,917,382.51 төгрөгийн торгууль, 11,217,534.89 төгрөгийн алданги, нийт 77,428,373.67 төгрөгийг хасч, нөхөн татварыг 146,687,790.82 төгрөг, торгуулийг 62,601,574.86 төгрөг, алдангийг 51,319,552.32 төгрөг, нийт төлбөрийг 260,608,918 төгрөг болгон бууруулж...” шийдвэрлэсэн байх бөгөөд үүнтэй холбогдуулан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нараас маргаагүй.
7. Маргаан бүхий захиргааны акт нь Зөрчлийн тухай хууль 11.19 дүгээр зүйлийн 11.19.11.3, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2, 84.1.5 дахь заалтыг үндэслэн нөхөн татвар, торгууль, алданги тооцжээ.
8. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10 дахь хэсэгт “Татварын алба нь татварын хяналт шалгалт хийх зорилгоор дараах эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй”, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ”, 79 дүгээр зүйлийн 79.4.3 дахь хэсэгт “татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах” гэж тус тус заасан.
9. Татварын улсын байцаагч нарын төлбөр төлүүлэхээр гаргасан нөхөн ногдуулалтын акт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т “эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулахдаа тухайн үйлдэл, эс үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг тогтоосон байна”, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно”, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтоох” гэж тус тус заасан энэ зохицуулалтыг хариуцагч хэрэгжүүлж, ногдуулсан хариуцлага нь нөхөн ногдуулалтын актад баримталсан хуулийн заалтад нийцсэн, зөрчилд холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байх ёстой.
Өөрөөр хэлбэл, маргааны бүхий актыг гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг үйл ажиллагаандаа чанд баримталж хэрэгжүүлсэн байх нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн хэр хэмжээнд тохирсон байна”, 2 дахь хэсгийн “зөрчилд шийтгэл ногдуулах” шударга ёсны зарчимд хэрэгжсэн гэж үзэх үндэслэл болно.
10. Дээрх актаар нийт 196,322,926.00 төгрөгийн харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээг үнэ шилжилтийн тайланд тайлагнаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан татварын хууль зөрчил гэж үзсэн байдаг.
Зөрчлийг хуулийн зүйл, хэсгээр зөв тогтоосноор тухайн зөрчлийн дагуу хүлээх хариуцлагын хэмжээг тогтоох, хөөн хэлэлцэх хугацааг Зөрчлийн болон Татварын хуульд заасан хугацаагаар тооцоход ач холбогдолтой, үүнээс шалтгаалж эрх бүхий албан тушаалтны хэрэгжүүлэх ажиллагаа, эрх хэмжээ нь аль хуульд хамаарах тодорхой болох юм.
Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх заасан зөрчилд шийтгэлийн хуудсаар, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд зааснаар нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан.
Гэтэл маргаан бүхий актад Зөрчлийн болон Татварын хуулийн хамтад нь баримталсан байх тул хуулийг зөв хэрэглээгүй гэх үндэслэл болж байна.
11. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас “...татвар ногдох орлогоо бүрэн тайлагнасан, татварын байцаагчид өөрсдөө тооцооллын алдаа гаргасан, хамаарал бүхий компаниудаасаа худалдан авсан барааны төлбөрийг бэлэн мөнгөөр төлсөн, хүргүүлсэн баримтуудыг бүрэн шалгаагүй...”, хариуцагч талаас “...тортой материал авчирч өгсөн, бид тооцохдоо цахим системд авагдсан баримт, өөрсдийнх нь ирүүлсэн шилжүүлсэн болон хүлээн авсан барааны жагсаалтаас өртгийг тооцсон...” гэж тус тус тайлбарлан маргасан, мөн маргаан бүхий актын “ТОГТООХ нь” хэсэгтээ төлүүлэхээр шийдвэрлэсэн нөхөн татвар, торгууль, алдангийн дүнг /зөрчил тус бүрт/ хэдэн төгрөг нь ямар хуулийн аль заалтад заасан зөрчилд хамаарч хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байгааг хуулийн зүйл, хэсгээр салган бичээгүй нь Татварын шалгалтаар тогтоосон зөрчил хуульд заасан зөрчилтэйгээ тохироогүй, тооцоолол тодорхойгүй гэж үзэх нөхцөлийг бүрдүүлж байхын зэрэгцээ үүнийг шүүхээс тогтоох боломжгүй байна.
Актад харилцан хамааралтай аль этгээдтэй хийгдсэн ажил, гүйлгээг үнэ шилжилтийн тайланд тайлагнаагүй гэх зөрчил аль хуульд хамаарч, аль заалт хариуцлага хүлээлгэх үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар хариуцлага тооцсон гэж байгаа боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа хэрхэн хийгдсэн эсэх нь тодорхойгүй, энэ нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ”, 18.3-т “Аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна” гэж тус тус заасан ба нягтлан бодогч нь нэхэмжлэгч компанийн санхүүгийн тайлан гаргах, татвар, төлбөр, хураамж, шимтгэлийн тооцооллыг шалгах, тэдгээрт хяналт тавих, санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх зэрэг үүрэгтэй байхаар мөн хуульд зохицуулжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд[3] нэхэмжлэгч компаниас гаргасан НӨАТ-ын болон ААНОАТ-ын, санхүүгийн тайлангуудад “тайлан гаргасан Ц.Намуун, нягтлан бодогч Ц.Намуун, Ерөнхий нягтлан бодогч Ц.Намуун” гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд түүнийг “Эрдэнэ цэлтэр миш” ХХК-ийн нягтлан бодогчоор томилсон шийдвэргүй Гүйцэтгэх захирал Ц.Жавхлангаас томилсон/, харин Ц.Намуун нь “Хөгжил цог жавхлан” ХХК-ийн гүйцэтгэх захирал болох нь тогтоогдож[4] байх тул хариуцагчийг татварын хяналт шалгалтын хугацаанд татвар төлөгч байгууллагын нягтлан бодогчийг оролцуулаагүй /тус компани нягтлан бодогчтой эсэхийг тодруулаагүй/ гэж үзэхээр байна.
12. Иймд захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хэрэгжүүлээгүйгээс татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзнэ.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд хариуцагч нар нь актаа зөвтгөх, тооцооллоо нягтлах, хууль хэрэглээний алдааг залруулах зэргээр холбогдох ажиллагааг хуульд заасны дагуу зөв явуулж, дахин шинэ акт гаргах бөгөөд ийнхүү гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартайг тэмдэглэх нь зүйтэй.
14. Түүнчлэн, нэхэмжлэлд “...татвар төлөгч бидэнд татварын хууль тогтоомжоор олгогдсон гомдол гаргах, эрхээ эдлэх боломжоор хангаагүй, Маргаан таслах зөвлөл нь хуулийн хугацаанд хуралдаагүй, гомдлын талаар тодруулж холбогдоогүй, нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулаагүй зөвхөн 5 татварын байцаагчийн бүрэлдэхүүнтэй хийж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн...” гэсэн байх боловч уг асуудлаар болон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа, Маргаан таслах зөвлөлийн тогтоолтой холбогдуулан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тухайлан тайлбар гарган мэтгэлцээгүй тул нэхэмжлэлд дурьдсан дээрх үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 79 дүгээр зүйлийн 79.4.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч /*******, ******* нар/-ийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-11250000034 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий 2025 оны НА-11250000034 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүйд тооцсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ