Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 280

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч М.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д овогт М-ын П-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014260002089 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .......оны .... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ..................дүүргийн ..............цэцэрлэгт нягтлан бодогч ажилтай, .............аймгийн ..........сумын ...... дүгээр баг ............оршин суух бүртгэлтэй, ам бүл 1, ..........дүүргийн ........ дугаар хороо .......... дугаар байрны .......... тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Довогт М-ын П

 

Шүүгдэгч М.П нь 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Дутуу тээлт судлалын тасагт 2 килограмм 350 грамм жинтэй хүүхэд төрүүлсэн боловч 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрүүлсэн хүүхдээ хаяж явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М.П мэдүүлэхдээ: “2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дутуу тээлтийн тасагт охин төрүүлж 4 дүгээр сарын 29-ний өдөр эмнэлэгт үлдээж явсан. Би ийм хэрэг хийсэндээ харамсаж байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.П 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч М.П нь 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Дутуу тээлт судлалын тасагт 2 килограмм 350 грамм жинтэй хүүхэд төрүүлсэн боловч 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрүүлсэн хүүхдээ хаяж явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөлтийн болон нярайн түүх. /хэргийн 27-40 дугаар хуудас/

Гэрч М.Оюунтөгсийн “Тухайн үед 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр намайг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх баригч бага эмчээр ажиллаж байхад 13 цаг 14 минутад М овогтой П гэх бичиг баримтгүй төрөх хугацаа нь болчихсон хүүхдийн толгой цухуйчихсан байдалтай эмнэлгийн төрөх өрөөнд ганцаараа орж ирсэн. Энэ үед нь уг эмэгтэй  эх барих их эмч Ариунцэцэг бид хоёр хүлээн авч төрөлтийг явуулсан. Төрөлт амжилттай явагдаж 13 цаг 59 минутад 2.350 грамм, 42 см өндөр, 3-5 балл, эмэгтэй хүүхэд хүндрэлгүй төрөх замаар төрсөн. Иймээс би Пыг 2 цагийн турш эмнэлгийн орон дээр хянаж биеийн байдал нь гайгүй учраас төрсний дараах тасагт эх баригч Жаргал, Цэрэнсүрэн нарт шилжүүлж 215 дугаарын платанд хэвтүүлсэн. Харин хүүхдийг төрмөгц нь жиндээ хүрэхгүй байсан учраас дутуу нярайн тасагт шилжүүлсэн. Тэгээд л би төрсөн эх Пыг төрсний дараах тасагт шилжүүлчихээд дараагийн ажлаа хийсэн л дээ. Гэтэл маргааш өглөө нь жижүүр хүлээлцээд явах гэж байхад төрсний дараах тасгаас төрсөн эх П нь хүүхдээ орхиод явчихсан байна гэж ярилцаад байсан. ... Би одоо хараад танихгүй байхаа. Тухайн үед надад хэлэхдээ П нь МҮИС-д сурдаг оюутан, нөхөр маань Солонгос улсад байдаг, эргэлт орох хүн байхгүй, Булган аймгийн Тэшиг суманд амьдардаг талаараа хэлж байсан. Түүнээс өөр ямар хувийн байдлынх нь талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41 дүгээр хуудас/

Гэрч Д.Оюуны “... Иймээс төрүүлсэн эх нь хаяж явсан гэх нярайг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2014 оны 05 дугаар сарын 08-ны  өдөр Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгснийг миний бие ажил үүргийн дагуу хариуцан хүлээж аваад тус нярайг Хүүхдийн төв сувилалд албан ёсоор хүлээлгэн өгсөн тул хүүхдэд асран хамгаалагч тогтоогдсон эсэх, хүүхдийн өсөлт бойжилт болон одоо хаана байгаа талаар сайн мэдэхгүй байна. Энэ талаар Хүүхдийн төв сувилалаас тодруулах нь зүйтэй болов уу” гэсэн мэдүүлэг. /хэргийн 80 дугаар хуудас/

Гэрч З.Оюунгэрэлийн “ ... Сургууль төгсөх жилээ буюу 4 дүгээр курст  байхдаа М.П нь жирэмсэн гээд гэдэс нь бондойж томорчихсон, жирэмсэн гэдэг нь илт мэдэгдэхээр байсан боловч бид нар мэргэшүүлэх дадлагад гарчихаад ирэхэд М.П зулбачихсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 81 дүгээр хуудас/

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 18/16 дугаартай Хариу хүргүүлэх тухай “... 2014 оны 05 дугаар сарын 08-нд 17 цагт Нярай судлалын тасгийн эмч Л.Ролзодмаа Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэв журмын цагдаа ахлах дэслэгч Д.Оюунд хүлээлгэн өгсөн байна”  албан бичиг /хэргийн 86 дугаар хуудас/

Шүүгдэгч М.Пын яллагдагчаар өгсөн “Миний бие 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Эх нялхасын төвд 13-14 цагийн орчим төрөхөөр очоод дутуу тээлтийн тасагт хэвтсэн. Намайг эмч үзээд төрөх болчихсон. Ус нь гарсан байна гээд төрөхийн орон дээр хэвтүүлээд төрүүлсэн. Би хүндрэлгүй нярайлж 2.350 грамм жинтэй охин төрүүлсэн. Төрөөд 2 цаг орчим болоод намайг төрсний дараахь тасагт  шилжүүлсэн. Манай платанд надаас гадна 2 ихэр хүүхэд гаргасан нас тогтсон нэг эгч байсан. Би хэвтэж байсан платныхаа дугаарыг одоо санахгүй байна. Намайг хүүхдээ төрүүлсэний дараа эх баригч нь миний хүүхдийг надад харуулчихаад цааш нь нярайн өрөө рүү авч явсан. Хэсэг хугацааны дараа хүүхдээ амлуулаарай гэхээр нь би манай хүүхдээс гадна олон хүүхэд хамт байсан. Нярайн өрөө рүү орж хүүхдээ амлуулчихаад буцаж платандаа очсон. Түүнээс хойш цагийн баримжааг сайн санахгүй байна. Ямарч гэсэн харанхуй болохоос өмнө төрүүлсэн хүүхдээ эмнэлэгт нь орхиод би эмнэлгээс зугтааж яваад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурдын 21 дүгээр байрны 15 тоот түр амьдарч байсан хамаатны ах М.Баяраагийнд очсон. Тэгээд сургуулиа төгстөл тэнд байсан. Тухайн үед миний аав М миний хоёр дүү М.Баяржаргал, М.Билэгжаргал нарын хамт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ гэдэг газарт хөдөө амьдарч байсан ба амьдралын боломж дундаж ээж маань нас барчихсан болохоор би аавыгаа болон дүү нарыгаа өрөвдсөн. Мөн би “Сэрүүлэг” дээд сургуулийн 4 дүгээр курсын нягтлан бодох бүртгэлийн ангид суралцаж байсан болохоор хүүхдээ өөрөө өсгөх боломж тааруугаас төрүүлсэн хүүхдээ эмнэлэгт орхисон. Гэхдээ амьдралын боломж сайжрахаар хүүхдээ авна гэж дотроо бодож байсан. ... Гэнэт төрөх болчихсон өвдөөд байхаар нь манай “Сэрүүлэг” дээд сургуулийн хойхон талд байдаг Эх нялхасын төв рүү очиход намайг шууд хэвтүүлсэн. Би тухайн үед бичиг баримтгүй тус эмнэлэг дээр очсон. ... Би хүүхдээ төрүүлээд орхиж явснаас хойш 2014 оны 07 дугаар сарын орчим хүүхдийнхээ сургийг гаргах гээд 1 удаа очсон боловч айгаад орж чадаагүй буцаад явчихсан, дахиж хүүхдийнхээ талаар сураг сонсоогүй тул хаана хэний асрамжинд байгааг мэдэхгүй. Миний хүүхдийн эцэг манай сумын харьяат Гантулга гэдэг залуу байдаг. Овгийг нь мэдэхгүй, нэг сумынх болохоор харилцаатай байж байгаад жирэмсэн болсноосоо хойш харилцаагаа тасалсан. Гантулга архи уугаад байдаг болохоор би хүүхэд төрүүлсэн талаараа хэлээгүй. Гантулга намайг хүүхэд төрүүлсэнийг мэдэхгүй. ... Би ажил орон байртай болчихоод хүүхдээ буцааж авъя гэж бодож байгаа. Одоогоор тогтсон ажилтай болохоор хүүхдээ өсгөн тэжээнэ” гэсэн мэдүүлэг /хэргийн 77-78 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч М.П нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Дутуу тээлт судлалын тасагт 2 килограмм 350 грамм жинтэй хүүхэд төрүүлсэн боловч 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрүүлсэн хүүхдээ хаяж явсан гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг  хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон тул түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэхдээ 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад заасан “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний ... шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Түүний үйлдсэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Дутуу тээлт судлалын тасагт 2 килограмм 350 грамм жинтэй төрүүлсэн хүүхдээ 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хаяж явсан гэмт хэрэг нь дээрх өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.П баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Д овогт М-ын Пыг  төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар  М.Пын үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, М.П баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.П-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                     

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   А.АЛТАНХУЯГ