Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 302/ШШ2025/00829

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 302/ШШ2025/00829

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, Т овогт Ж.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Засаг дарга (Е.З)-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С”-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг тооцон гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.З,

Хариуцагчийн өмгөөлөгч С.А (цахим сүлжээгээр),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-д шүүхээс 2025 оны  09 дүгээр сарын 18-ны өдөр /баримт №9/ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн талын хүсэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Б аймгийн Засаг даргад холбогдуулан Б аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С”-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг тооцон гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч Ж.А нь Б аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/472 дугаар захирамжаар Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд ажлаас чөлөөлөгдөх хүртэл алдаа дутагдал гаргаж, хариуцлага хүлээлгэж  байгаагүй.

1.2.Компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан хугацаанд хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт бүхий олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг. Холбогдох хуульд зааснаар ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл  дуусгавар болгож байгаа үндэслэлийг заавал тайлбарлаж танилцуулах үүрэгтэй байхаас гадна ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулахаас өмнө ажилтанд энэ тухай мэдэгдэж тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх учиртай. Гэтэл орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2024 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдсон зарим төлөөлөгч болон аймгийн Засаг дарга нарын зүгээс хууль бусаар нөлөөлж, хууль бусаар дарамт шахалт үзүүлсэн. Тухайлбал, сонгуулийн үр дүнгээр Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид олонх болсон тул “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Ат чамтай хамтран ажиллаж чадахгүй.  Ажлаа сайн дураараа өөрийн хүсэлтээр хүлээлгээд өгчих гэх мэтээр удаа дараа элдэв янзын шахалт дарамт үзүүлсэн. Нэхэмжлэгч Ж.А-ийн зүгээс ажлаа хүлээлгэж өгөхөөс татгалзсан хариуг тухай бүрд нь өгөөд байсан тул хариуцагч аймгийн Засаг даргаас “С” ХХК-ийн санхүүд хяналт шалгалт оруулаад улмаар санхүүгийн хяналт шалгалт хийх эрх бүхий этгээдээс бичсэн танилцуулга болон актыг үндэслээд нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн байдаг.

1.3.Ажил олгогчийн энэхүү шийдвэр нь хуульд нийцээгүй, үндэслэл муутай шийдвэр болсон байдаг. Ингээд Ж.А-ийн зүгээс санхүүгийн хяналт шалгалт явуулах эрх бүхий этгээдээс гарсан актуудыг эс зөвшөөрч санхүүгийн хяналт шалгалтын ерөнхий байцаагч буюу Монгол Улсын Сангийн сайдад хандаж гомдол гаргасан.  Монгол Улсын Сангийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/3841 дугаартай хариуг бичгээр эдгээр актуудыг Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10, 11, 12, 13, 14, 15 дугаартай төлбөр тогтоосон актуудыг бүхэлдээ хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр маргаан бүхий актад дурдагдсан зөрчлүүдийн аль алиныг нэхэмжлэгч гаргаагүй байдаг. Санхүүгийн хяналт шалгалт хийх эрх бүхий этгээдээс бичсэн танилцуулгад дурдагдсан зарим зүйлийн хувьд хөдөлмөрийн сахилгын шийтгэл тооцох үндэслэлд огт хамаарахгүй бөгөөд зарим зөрчлийн хувьд хөдөлмөрийн сахилгын шийтгэл тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсныг ажил олгогч маргаан бүхий актыг гаргахдаа анхаараагүй байсан. Нөгөө талаас сахилгын шийтгэл оногдуулахдаа түрүүн хэлсэнчлэн ажил олгогчоос ажилтанд сахилгын зөрчил гаргасантай холбогдуулан шийдвэр гаргахдаа санал, тайлбар гаргах боломж буюу сонсох ажиллагаа явуулах ёстой байсан. Сонсох ажиллагааг явуулаагүй, Ж.А-ийн саналыг нь сонсоогүй, тайлбарыг нь аваагүй, хууль зөрчиж акт гаргасан. Иймээс маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлгүй, хууль бус шийдвэр гэж үзэж байгаа.

1.4.Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч Ж.А нь “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа сард дунджаар  5,400,713 төгрөгийн цалин авч байсан нь нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үүнд 2024 оны 12 дугаар сар, 2025 оны 1, 2-р сарын бичилтээр нотлогдож байгаа. Ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг тооцож  хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь  хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.  Иймд Б аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн “С”  ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Ж.А-ийн ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг тооцон хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн Засаг дарга Е.З-ын хариу тайлбар, татгалзал:

2.1.Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 40 дүгээр тогтоолоор баталсан “С” ХХК-ийн дүрмийн дагуу “С” ХХК-ийн төлөөлөн удирах зөвлөл 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2025 оны төлөвлөгөө болон аймгийн Засаг даргын 2025 оны СХШ/04, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын баталсан 2024 оны СХШ/45 тоот удирдамжийн хүрээнд аймгийн “С” ХХК-ийн 2022-2024/ оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг хэлэлцсэн байх бөгөөд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас “С” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон зөрчлүүд нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор “С” ХХК-ийн шинэчлэн батлагдсан дүрмийн 9.4 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2, 9.4.5, 9.4.7-д заасан заалтуудыг зөрчсөн тухай 2025 оны 02 дугаар салбан бичгээр, “С” ХХК-ийн захирал Ж.Аийг чөлөөлөх саналыг хүргүүлэх тухай 2025 оны 03 дугаар салбан бичгийн дагуу 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар хууль, журмын д агуу Ж.Аийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

2.2.Иймд нэхэмжлэгч Ж.Аийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгчээс А.С-д олгосон итгэмжлэл, Б аймгийн Ө сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Б аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаар захирамж, 2025 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн эрх зүйн туслалцаа авах тухай хүсэлт, Монгол Улсын Сангийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/3841 дугаартай албан бичиг, өмгөөлөгч А.С-аас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 67 дугаар албан бичгээр Монголын Улсын Сангийн сайд, санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гаргасан гомдол зэргийг,

Хариуцагчаас  хариу тайлбар, Б аймгийн “С” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай албан бичиг, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1-01/845 дугаар албан бичгээр М.Айсаулед олгосон итгэмжлэл, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаартай иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б аймгийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1-01/1151 дугаартай албан бичиг, Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 92 дугаартай хүсэлт, Б аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай шалгалтын удирдамж, Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 86 дугаартай албан бичиг, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 54 дугаартай албан бичиг, 2021.01.01-2021.12.31 өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, 2022.01.01-2022.12.31 өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, 2023.01.01-2023.12.31 өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, 2024.01.01-2024.12.31 өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Б аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 21 дугаартай албан бичиг, тус газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18-06/10,  18-06/11, 18-06/12, 18-06/13, 18-06/14, 18-06/15 дугаартай төлбөрийн акт тогтоох тухай улсын ахлах байцаагчийн актууд, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 00487 дугаартай тусгай зөвшөөрөл, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан ажилчдын нэрсийн жагсаалт, нэхэмжлэгч Ж.Аийн 2023, 2024 оны, 2025 оны 1, 2, 3 дугаар сарын цалингийн карт зэргийг тус тус гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Нэхэмжлэгч Ж.Аийн Б аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай “Аймгийн “С” ХХК-ийн захирал Ж.Аийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/473 дугаартай захирамжаар Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн захирлаар томилогдсоноос хойш ажилдаа хариуцлагатай хандаж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Аймгийн Засаг дарга нь “С” ХХК-ийн санхүүд хяналт шалгалт оруулж, улмаар санхүүгийн хяналт шалгалт хийх эрх бүхий этгээдээс бичсэн танилцуулга болон актыг үндэслэж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байна. Бодит байдал дээр маргаан бүхий актад дурдагдсан зөрчлүүдийн аль алиныг гаргаагүй, санхүүгийн хяналт шалгалт хийх эрх бүхий этгээдээс бичсэн танилцуулгад дурдагдсан зарим зүйлийн хувьд сахилгын шийтгэлд тооцох үндэслэлд огт хамаарахгүй бөгөөд зарим зөрчлийн хувьд хөдөлмөрийн сахилгын шийтгэлд тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсныг ажил олгогч маргаан бүхий эрхийн актыг гарахдаа анхаараагүй байна гэжээ.

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 40 дүгээр тогтоолоор баталсан “С”ХХК-ийн дүрмийн дагуу С ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2025 оны төлөвлөгөө болон Аймгийн Засаг даргын 2025 оны СХШ/04, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын баталсан 2024 оны СХШ/45 тоот удирдамжийн хүрээнд аймгийн С ХХК-ийн 2022-2024 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг хэлэлцсэн байх бөгөөд Аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон зөрчлүүд нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор батлагдсан дүрмийн 9.4 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2, 9.4.5, 9.4.7-д заасан заалтуудыг зөрчсөн тухай 2025 оны 02 дугаар албан бичгээр, С ХХК-ийн захирал Ж.А-ийг  чөлөөлөх саналыг хүргүүлэх тухай албан бичгийн дагуу зохих хууль, журмын дагуу Ж.А-ийг ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1.Б аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай “Аймгийн “С” ХХК-ийн захирал Ж.А-ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.2, 84.4.4 дэх заалт, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 40 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "С" ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2, 9.4.4, 9.4.5, 9.4.7 дахь заалт, "С" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар албан бичгийг тус тус баримтлан  Аймгийн "С" ХХК-ийн захирал Ж.Аийг Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн хяналт шалгалтаар  хууль зөрчсөн үйлдэл тогтоогдсон үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна.

7.2. Хариуцагч талаас нотлох баримтаар Б аймгийн Санхүүгийн Хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн акт тогтоох тухай 18-06/10, 18-06/11, 18-06/12, 18-06/13, 18-06/14, 18-06/15 дугаартай актуудыг гаргаж өгсөн боловч Монгол Улсын Сангийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/3841 дугаартай Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч А.С-д хаягласан “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээс үзэхэд Улсын ахлах байцаагч төлбөрийн акт тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасныг бүрэн хэрэгжүүлээгүй байх тул дээрх актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалтад заасны дагуу хүчингүй болгон шийдвэрлэв гэсэн байна.

7.3.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмаар Нийтлэг үндэслэл, Компанийн бүтэц зохион байгуулалт, иргэнийг ажилд авах, ажил олгогчийн эрх үүрэг, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах, ажил хүлээлцүүлэх, ажлын байрыг хадгалах, ажил амралтын цаг, чөлөө олгох зэрэг нийт арван гурван зүйлийг зохицуулжээ.

7.4. “С” ХХК-ийн нягтлан бодогчийн тооцоолж гаргаж өгсөн цалингийн картын санхүүгийн баримтад  Ж.Аийн 2023 оны 1 дүгээр сараас 2025 оны 3 дугаар сар хүртэл авсан цалин тусгагдсан байна.

7.5.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор даатгуулагч 0000000000 регистрийн дугаартай Ж.А-ийн 2024 оны 1 дүгээр сараас 2025 оны 2 дугаар сар хүртэлх цалин, даатгуулагч болон ажил олгогчоос төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ зэрэг нь тогтоогджээ.

8.Нэхэмжлэгчээс хариуцагч нь хууль зөрчиж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж маргасан байх ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

9. Ажилтны ажлаас халсан шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан шийдвэрт баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирсон байх нь  хуульд нийцэх юм. Хариуцагч Б аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай “Аймгийн “С” ХХК-ийн захирал Ж.А-ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамж, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ж.А-ийг хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, "С" ХХК-ийн дүрмийг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулах үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд хуулийн тухайн зүйл хэсэгт заасан  хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар тус тус заажээ.

11. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ санхүүгийн хяналт шалгалт хийх эрх бүхий этгээдээс бичсэн танилцуулга болон актад дурдсан зөрчлийг гаргаагүй байхад ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнд гомдолтой байна гэжээ. Хариуцагчаас нэхэмжлэгч Ж.А нь хууль тогтоомжоор тогтоосон дүрэм, журмыг зөрчиж, хуулиар олгосон эрхээ хэтрүүлсэн  гэж  тайлбарлаж байгаа боловч ажилтныг ажлаас халсан шийдвэрийн үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн зүгээс ажилтны гаргасан  зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлийг нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

12.Хариуцагчаас Ж.А-ийн хууль зөрчсөн үйлдэл Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн хяналт шалгалтаар  тогтоогдсон гэж тайлбарлаж түүнтэй холбоотой Б аймгийн Санхүүгийн Хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн акт тогтоох тухай 18-06/10, 18-06/11, 18-06/12, 18-06/13, 18-06/14, 18-06/15 дугаартай актуудыг гаргаж өгсөн боловч энэхүү актууд нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр хүчингүй болсон байна. Мөн Ж.А нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 40 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "С" ХХК-ийн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн дүрмийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул дүгнэлт хийх боломжгүй болно.

13.Хариуцагч Б аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай захирамжаар аймгийн “С” ХХК-ийн захирал Ж.А-ийг ажлаас чөлөөлөхдөө ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулсан хуульд заасан журмыг зөрчсөн байна гэж үзэхээр байна.

14.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байх ба Баймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай “Аймгийн “С” ХХК-ийн захирал Ж.Аийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжид дурдсан нийт 19 төрлийн зөрчлийн зарим зөрчлийн хувьд сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

15. Иймд  Баймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай “Аймгийн “С” ХХК-ийн захирал Ж.Аийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Аийг урьд эрхэлж байсан Баймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

16.Нэхэмжлэгч Ж.А-ээс ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар хариуцагч Б аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Ж.А-ийн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацааны олговрыг олгох үүрэгтэй байна.

17.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Ж.Аийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний хэмжээг 3,973,200 төгрөгөөр тооцож, түүний 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 6 сар, ажлын 13 хоног ажилгүй байсан хугацааны олговор нийт 26,241,600 /6 сар х 3,973,200 төгрөг = 23,839,200 төгрөг, ажлын 13 хоног х 184,800 төгрөг  = 2,402,400 төгрөг, нийт 26,241,600/ төгрөгийг хариуцагч Б аймгийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

18.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай “Аймгийн “С” ХХК-ийн захирал Ж.А-ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Ж.А-ийг урьд эрхэлж байсан Б аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт  заасныг баримтлан Б аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 26,241,600 (хорин зургаан сая хоёр зуун дөчин нэгэн мянган зургаан зуун) төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч Ж.Ат олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Засаг даргаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК