Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 302/ШШ2025/00828

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 302/ШШ2025/00828

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “Ж” ХХК (гүйцэтгэх захирал А.Б)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн У сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг (эрхлэгч С.А)-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний төлбөрт 33,100,486 төгрөг, алданги 16,550,243 төгрөг, нийт 49,650,729 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Ж” ХХК  нь хариуцагч Б аймгийн У сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт холбогдуулан “Дулааны эрчим хүчний төлбөрт 33,100,486 төгрөг, алданги 16,550,243 төгрөг, нийт 49,650,729 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч Б аймгийн У сумын 1 дүгээр хүүхдийн цэцэрлэг манай компанитай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 2022-2024 онд дулааны эрчим хүч худалдаж авсан.

1.2.Гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичил хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой.

1.3.Гэтэл хариуцагч худалдан авсан дулааны эрчим хүчний төлбөрөөс 2022.01.01- 1022.12.31-нд үлдэгдэл 18,259,139 төгрөгийг, 2023.01.01-2023.12.31-нд үлдэгдэл 3,330,487 төгрөгийг, 2024.01.01-2024.12.31-нд үлдэгдэл 11,510,860 төгрөгийг нийт 33,100,486 төгрөгийг одоо болтол төлөөгүй. Манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлбөр төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Иймээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ.

1.4.Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан.

1.5. 2022 оны 02-р сарын 30-ны өдрөөс 2025 оны 5-р сарын 02-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 98,124,424 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-аас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн тооцоолоход алдангийн хэмжээ 16,550,243 төгрөг болж байна.

1.6.Иймд хариуцагч байгууллагаас дулааны эрчим хүчний төлбөрт 33,100,486 төгрөг, алданги 16,550,243 төгрөг, нийт 49,650,729 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б аймгийн У сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

2.1.У сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг 2015 оноос эхлэн “Ж” ХХК-тай  жил бүр “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу жил бүр 2015 одоо хүртэл дулааны эрчим хүч худалдаж авч хэрэглэж ирсэн.

2.2.Уг “Ж ХХК”-д он дамжсан халаалтын өртэй байна. 2017 оноос эхлэн өр ч байгаа. Энэ өр яагаад он дамжиж гарч байгаа учир шалтгааныг нь тайлбарлая.

1.Манай цэцэрлэг хоёр газарт болон төв цэцэрлэгийн гал тогоонд хоол хийх энгийн зуухтай учраас хоёр салбар бүлэг болон гал тогооны энгийн зууханд зарцуулсан түлш модны мөнгийг сар бүр хуваарилагдсан халаалтын зардлаас зарцуулдаг.

2.Жил бүр 6-р сард дараагийн жилийн төсвийн төсөлд захиалга өгөхөд хоёр салбар бүлэгт зарцуулдаг түлш модны үнэ болон нэгдсэн халаалтад зарцуулдаг сар бүрийн мөнгийг жилээр бодогдож аймгийн төрийн санд захиалга өгсөн боловч жил бүр зөвхөн төв цэцэрлэгийн нэгдсэн халаалтад зарцуулдаг мөнгө төгрөг нь ирж хоёр салбар бүлэгт зарцуулдаг түлш модны мөнгө хуваарилахгүй дутуу батлагдсанаас болоод жил бүр халаалтын өртэй болж байгаа.

3. Тухайлбал, жил бүр ирсэн халаалтын зардлыг задруулж хэлэхэд 2021 онд аймгийн төрийн сангаас халаалтын зардалд 20.050.600 төгрөг батлагдаж ирсэн. Сар бүр бид тухайн Ж ХХК-д халаалтад төлөх тариф нь 2.481.800 төгрөг. 2021 онд 8 сар халаалт хэрэглэдэг учраас 2021 онд манай цэцэрлэг жилийн турш хэрэглэсэн халаалтын үнэ 19.854.400 төгрөг юм. Тухайн онд түлш халаалтын зардалд батлагдсан нийт төсөв нь 20.050.600 төгрөг. Энэ батлагдсан 20 сая төгрөгөөс хоёр салбар болон гал тогооны энгийн зууханд 9-6 сар хүртэл хэрэглэсэн түлш модны үнэ болох 18.518.400 төгрөгийг энэ мөнгөнөөс өгдөг учраас жил бүр халаалтын өртэй гарах шалтгаан нь энэ юмаа.

4. Аймгийн төрийн сан жил бүр манай хоёр салбар бүлгийн энгийн зууханд болон төв цэцэрлэгийн хоол хийж байгаа гал тогооны энгийн зууханд хэрэглэсэн түлш модны нийт 18.518.400 төгрөгийг халаалтын зардалд нэмж өгөхгүй дутуу баталж өгсөн улмаас өр гарч байгааг анхааруулж байна. Манай цэцэрлэгийн буруу биш аймгийн төрийн сангийн дутуу төсөв хуваарлагдсанаас болоод жил бүр “Ж ХХК-д өртэй болж байгаа. Мөн хоёр салбар болон гал тогооны энгийн зууханд хэрэглэдэг түлш модыг хувь хүнээс авдаг учраас тухайн жилд багтаагаад түлш модны мөнгийг сар бүр аажим аажимаар хэсэгчлэн хувааж өгч төлдөг юм.

5.аймгийн төрийн сангаас төсвийг зөв баталж нэмж өгөх юм бол халаалтын зардлыг барагдуулна. Өр ямар нэгэн аргаар өтлөх боломжгүй. 2025 оны 4 сараас эхлэн халаалтын зардлыг гэрээнд тусгасан тарифаар аймгийн төрийн сан баталж өгвөл өр гарахгүй ажиллах болно гэжээ.

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан /2022-2024 он/, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, У хүүхдийн цэцэрлэгтэй Ж ХХК-ийн хийсэн тооцоо, алданги бодсон баримт, 2023 оны 09 дүгээр сарын Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгт, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, Ж ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Ж ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ж/29 дүгээр албан бичгээр А.С-д олгосон итгэмжлэл зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, 2021-20254 оны жил бүрийн төрийн сангаас хуваарилагдсан төсвийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хурлын тогтоолууд, 2021-2024 онд “Ж” ХХК-тай байгуулсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнүүд, хоёр салбар бүлэн болон гал тогооны энгийн зууханд 2024 онд жил бүр хэрэглэсэн түлш модны товчоо, нэг жилд  зарцуулсан нүүрс модны 2024 оны галч нарын хүлээн авсан гарын үсгийн товчоо, “Ж” ХХК болон энгийн зууханд хэрэглэсэн түлш модны үнийг тухайн жил бүр шилжүүлж байсан мөнгөний хуулга, 2021-20254 онд энгийн зууханд хэрэглэсэн түлш модны мөнгөн болон халаалтад шилжүүлсэн мөнгөний нийт товчоо, жил бүрийн аймгийн төрийн сангийн төсвийн төсөлд /2024-2026 он хүртэл/ тогтмол зардлын жилд зарцуулдаг нэгтгэлийг тооцон бодож захиалга өгсөн бичиг зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн  хариуцагч Б аймгийн У сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт холбогдуулан гаргасан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 33,100,486 төгрөг, алданги 16,550,243 төгрөг, нийт 49,650,729 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  Б аймгийн У сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг нь 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 33,100,486 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас шаардсан боловч төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй  үүргийн үнийн дүн дээр алданги нэхэмжилж байна гэжээ.

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Манай байгууллага батлагдсан төсвийн хүрээнд хэрэглэсэн дулааны эрчим хүчний үнийг “Ж”  ХХК-д  шилжүүлж байсан бөгөөд орон нутгийн төсвөөс жил болгон Б аймгийн У сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн халаалтын зардлыг дутуу баталж байгаагаас болж тус асуудал үүсэж байна гэж тайлбарлажээ.

7.Хэрэгт авагдсан  болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

7.1.Нэхэмжлэгч  “Ж” ХХК болон хариуцагч Б аймгийн У сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 2023 оны  09 дүгээр сард, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр  тус тус Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээ байгуулж байсан нь тогтоогдсон байна.

7.2 “Ж” ХХК болон Б аймгийн У сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч нарын тооцооны үлдэгдлийн баталгаагаар хоёр байгууллагын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Б аймгийн У сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг нь 21,589,626 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан болох нь нотлогдсон ба нэхэмжлэгч  “Ж” ХХК-ийн нягтлан бодогчоос Б аймгийн У сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгээс 2022 онд 18,529,139 төгрөг, 2023 онд 3,330,487 төгрөг, 2024 онд 11,510,860 төгрөг, нийт 33,100,486 төгрөгийн авлагатай тухай тооцоог гаргаж өгсөн байна.

7.3.Хариуцагчаас гаргаж өгсөн Б аймгийн У сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн 2021-2024 оны халаалтыг зардлын зарцуулалтын тооцоо болон түүнтэй холбоотой санхүүгийн баримтууд болох төсвийн зардлын төслийн нэгтгэл, тус цэцэрлэгийн дансны хуулгууд, Ж ХХК-ийн нэхэмжлэх, дулааны эрчим хүчний үнийг төлсөн тухай төлбөрийн хүсэлтийн санхүүгийн баримт зэргээр  Б аймгийн У сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг нь Ж ХХК-д дулааны эрчим хүчний үнийг батлагдсан төсвийн хүрээнд төлж байсан нь тогтоогджээ.

8.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан, хариуцагч талаас тооцооны хувьд маргаагүй ба орон нутгаас халаалтын зардлыг дутуу баталснаас өр үүссэн гэж маргажээ.

9.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангаж байсан нь талуудын тайлбараар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа дулааны эрчим хүчний үнээс дутуу төлөгдсөн үнийн хувьд маргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч  Б аймгийн У сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгээс гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна. Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ төсөв дутуу батлагдсаны улмаас өр үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний эрх үүрэг нэхэмжлэгч “Ж” ХХК болон хариуцагч  Б аймгийн У сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг нарын хооронд үүссэн байх тул тухайн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

10.Нэхэмжлэгчээс хугацаа хэтрүүлсний алданги 16,550,243 төгрөг нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна, 31.4-т Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заажээ. Талууд  2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 2023 оны  09 дүгээр сард, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр  тус тус Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээндээ эрчим хүчний үнийг төлөөгүй, зохих ёсоор төлөөгүй тохиолдолд  алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцсон, мөн  Эрчим хүчний тухай хуулиар  хэрэглэгч нь хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулахаар тухайлан зохицуулсан байгаа тул хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

11.Иймд Б аймгийн У сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгээс эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 33,100,486 төгрөг, алданги 16,550,243 төгрөг, нийт 49,650,729 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн У сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгээс 406,204 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б аймгийн У сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгээс эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 33,100,486 төгрөг, алданги 16,550,243 төгрөг, нийт 49,650,729 (дөчин есөн сая зургаан зуун тавин мянган долоон зуун хорин есөн) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,204 (дөрвөн зуун зургаан мянган хоёр зуун дөрвөн) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн У сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгээс 406,204 (дөрвөн зуун зургаан мянган хоёр зуун дөрвөн) төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК