Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/71

 

 

 

 

 

 

 

 

 

2024           10            10                                                   2024/ДШМ/71

 

 

Н.Л, П.Г, Н.С,

Т.Г, Ц.Б, Г.С, Г.Б,

Э.М, Ц.Н, Б.М, Т.М

   нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

                        Прокурор Г.Цогтгэрэл, Б.Лувсанцэрэн

               Хохирогч Х.А, П.О

               Яллагдагч П.Г, Ц.Н нарын өмгөөлөгч С.Болорчулуун

               Яллагдагч Т.Г, Ц.Б, Г.С нарын өмгөөлөгч Ц.ХүрэлБ

               Яллагдагч Г.Б өмгөөлөгч Д.Г

               Яллагдагч Э.М өмгөөлөгч Т.Ганзориг, С.Чинзориг/цахимаар/

               Яллагдагч Н.Л, П.Г, Ц.Б

               Нарийн бичгийн дарга М.Гантуяа нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 584 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэнгийн бичсэн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 19 тоот эсэргүүцлээр П.Г, Н.Л, Н.С, Т.Г, Ц.Б, Г.С, Г.Б, Э.М, Ц.Н, Б.М, Т.М нарт холбогдох эрүүгийн 2234000000525 дугаар бүхий 16 хавтас хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 14-нд Төв аймгийн Цээл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суудаг,

Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 555 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.152.000 төгрөгөөр торгох,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 442 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сар 10 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Ш овогт Н Л,

2. Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 01-нд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт ... багт оршин суух хаягтай,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, Ж овогт П Г,

3. Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 24-нд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ... багт оршин суудаг,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Д овогт Ц Н,

4. Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 23-нд Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт ...тоотод оршин суудаг,

Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж байсан, Ц овогт Э М,

5. Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 25-нд Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ... газар оршин суудаг,

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 139 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б овогт Т М,

6. Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 28-нд Төв аймгийн Цээл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Н С,

7. Монгол Улсын иргэн, 1973 оны 9 дүгээр сарын 24-нд Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 1, ... гэх газар оршин суух,

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120.000 төгрөгөөр торгох,

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 131 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих,

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Т Г,

8. Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 15-нд Увс аймгийн Давст суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 1, ... газар байрлаж ажилладаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ц Б,

9. Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 14-нд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, Алтан цээл үйлдвэрт ачигч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух,

Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, Х овогт Г С,

10. Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 27-нд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт ... гэх газар оршин суух,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Т овогт Б М,

11. Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 08-нд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ... газар оршин суух,

Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 2 сар хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулж байсан,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жил, 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, Б овогт Г Б,

2. Н.Л, Н.С, П.Г нар бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 14-16-ны өдрийн хооронд Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бунхтын сайр” гэх газраас иргэн Х.Д 12 тооны буюу олон тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад 12.400.000 төгрөгийн,

Э.М, Н.С, Т.Г, Г.С нар бүлэглэн 2019 оны 9 дүгээр сард Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутаг дэвсгэр “Цагаан хөтлийн ар бүрд” гэх газраас бэлчээрээс нь иргэн Х.О 8 тооны буюу олон тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 5.750.000 төгрөгийн,

Э.М, Н.С, Т.Г, Б, С нар бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын орчим Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.О эзэмшлийн 11 тооны буюу олон тооны адууг “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 9.300.000 төгрөгийн,

Н.Л, Ц.Н, П.Г нар бүлэглэн Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг “Баруун мэргэн” гэх газраас 2021 оны 8 дугаар сарын 19-21-ний өдрүүдийн хооронд иргэн Ц.Б эзэмшлийн 4 тооны буюу олон тооны үхрийг бэлчээрээс нь машин механизм ашиглан хулгайлж бусдад 6.300.000 төгрөгийн,

Н.Л, П.Г, Б.М, Г.С, Ц.Н нар бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 19-22-ны өдрүүдийн хооронд Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүүн урт” гэх газраас иргэн А.А 13 тооны, иргэн Т.Э 9 тооны нийт 22 тооны буюу олон тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад нийт 79.796.270 төгрөгийн,

Н.Л, П.Г, Б.М нар бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 22-26-ны өдрийн хооронд Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүүн урт” гэх газраас иргэн Ц.А 22 тооны буюу олон тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад 21.500.000 төгрөгийн,

Н.Л, Н.С, Б.М, П.Г, Ц.Н, Г.С нар бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дамирангийн худаг” гэх газраас иргэн Ц.Б 14 тооны буюу олон тооны адууг машин механизм ашиглан хулгайлж 30.500.000 төгрөгийн,

Н.Л, Ц.Н, Б.М, П.Г, Г.Б нар бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан үзүүр” гэх газраас иргэн Г.Б олон тооны буюу 8 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад 9.600.000 төгрөгийн,

Н.Л, П.Г, Ц.Н, Б.М, Э.М, Г.С, Н.С нар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 11-12-ны өдрийн хооронд Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Асгат Улаан” гэх газраас иргэн Т.Э олон тооны буюу 18 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад 24.600.000 төгрөгийн,

Ц.Н, Э.М, Б.М нар бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 03-05-ны хооронд Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мөнгөн Уул” гэх газраас иргэн С.О 3 буюу олон тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад 3.000.000 төгрөгийн,

Н.Л, Ц.Н, Э.М, П.Г нар бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Б 2 тооны буюу олон тооны адууг машин механизм ашиглаж хулгайлж бусдад 3.000.000 төгрөгийн,

Н.Л, Э.М, П.Г Н.С нар бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн П.О-ийн 5 тооны буюу олон тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад 7.200.000 төгрөгийн,

Н.Л, П.Г нар бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бага элсний ар” гэх газраас иргэн Д.У эзэмшлийн 4 тооны буюу олон тооны үхрийг “Портер” маркийн 61-95 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 6.500.000 төгрөгийн, 

Э.М, Б.М нар бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр  багийн нутаг дэвсгэрээс хохирогч Х.Б өмчлөлийн 3 тооны адуу буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж 3.200.000 төгрөгийн,

Ц.Н, Э.М, Г.Б нар бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тогтоогийн Хөндий” гэх газраас иргэн М.М 4 тооны буюу олон тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 9.000.000 төгрөгийн,

Э.М нь 2022 оны 7 дугаар сарын эхээр буюу 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн үед Булган аймгийн Дашинчилэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хараат” гэх газраас иргэн Д.Г өмчлөлийн 1 тооны соёолон эр үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 900.000 төгрөгийн,

Э.М, Б.М нар бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын сүүл 8 дугаар сарын дундуур Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шархын адаг” гэх газраас иргэн Б.Э нэг тооны бухыг, иргэн Ж.О нэг тооны шүдлэн үхрийг машин механизм ашиглан хулгайлж 2.500.000 төгрөгийн,

Э.М, Т.М нар бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Цохын давааны ар” гэх газар нутаглах иргэн Б.С олон тооны буюу 3 тооны үхрийг “Портер” маркийн 60-19 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 4.400.000 төгрөгийн,

Т.М нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан-Чулуу багийн нутаг дэвсгэрээс иргэн А.Б эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж 5 тооны буюу олон тооны үхрийн тугалыг машин механизм ашиглан хулгайлж бусдад 3.800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн прокурорын газраас Н.Л-г нийт 10 удаагийн үйлдлээр, 11 иргэний олон тооны малыг машин механизм ашиглан үйлдэж, 45.606.871 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

П.Г-ыг 9 удаагийн үйлдлээр 10 иргэний олон тооны малыг машин механизм ашиглан нийт 44.606.870 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

Ц.Н-ыг 8 удаагийн үйлдлээр 9 иргэний олон тооны малыг машин механизм ашиглан нийт 33.256.872 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

Э.М-г 12 удаагийн үйлдлээр 13 иргэний олон тооны малыг машин механизм ашиглан нийт 21.626.785 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

Н.С-ийг 6 удаагийн үйлдлээр 6 иргэний олон тооны малыг машин механизм ашиглан нийт 18.293.451 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

Т.Г-ийг 2 удаагийн үйлдлээр 2 иргэний олон тооны малыг машин механизм ашиглан нийт 3.762.500 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

Г.С-ыг 5 удаагийн үйлдлээр 6 иргэний олон тооны малыг машин механизм ашиглан нийт 27.594.372 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

Т.М 3 удаагийн үйлдлээр 3 иргэний олон тооны малыг машин механизм ашиглан нийт 10.300.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

Ц.Б-ийг бүлэглэн бусдын олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 9.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

Б.М-г 7 удаагийн үйлдлээр 9 иргэний олон тооны малыг машин механизм ашиглан нийт 35.573.538 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

Г.Б 2 удаагийн үйлдлээр 2 иргэний олон тооны малыг машин механизм ашиглан нийт 4.600.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэх үндэслэлээр яллагдагч П.Г, Н.Л, Б.М, Ц.Н, Э.М, Н.С, Т.М, Т.Г, Ц.Б, Г.Б, Г.С нарт холбогдох хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1254 дугаар шүүгчийн захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан боловч зохих ажиллагааг хийж гүйцэтгэлгүй оролцогчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

Тодруулбал: Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх “6879 УНД” улсын дугаартай “Хино” маркийн, “2691 УББ” улсын дугаартай “Бонго-3” маркийн портер, “6019” улсын дугаартай “Портер” маркийн, “6195 УБО” улсын дугаартай “Хьюндай” маркийн тээврийн хэрэгслүүд, П.Г-ын эзэмшлийн “Даюун” маркийн мотоцикл, морь зэргийн үнэлгээг гаргасан боловч Э.М, Н.С, Т.Г, Ц.Б, Г.С нар бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын орчим хохирогч Д.Отгонжаргалын эзэмшлийн 11 тооны буюу олон тооны адууг “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 9.300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд,

Э.М, Т.М нар бүлэглэн иргэн Б.Солон тооны буюу 3 тооны үхрийг “Портер” маркийн 6019 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд тээврийн хэрэгслийг дурдаж, бусад үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд “...машин механизм ашиглаж, хулгайлж...” гэсэн атлаа “6879 УНД” улсын дугаартай “Хино” маркийн, “2691 УББ” улсын дугаартай “Бонго-3” маркийн портер, “6019” улсын дугаартай “Портер” маркийн, “6195 УБО” улсын дугаартай “Хьюндай” маркийн, “5735 УББ” улсын дугаартай “Старекс” маркийн тээврийн хэрэгслүүд, П.Г-ын эзэмшлийн “Даюун” маркийн мотоцикл, морь зэргийг хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр яллагдагч нарын хэн хэн нь ганцаараа мөн бусадтай бүлэглэн хохирогч нарын аль үйлдэлд ашигласан талаар тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан шаардлагыг хангаагүй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасан.

Хэрэгт “6879 УНД” улсын дугаартай “Хино” маркийн, “2691 УББ” улсын дугаартай “Бонго-3” маркийн портер, “6019” улсын дугаартай “Портер” маркийн, “6195 УБО” улсын дугаартай “Хьюндай” маркийн тээврийн хэрэгслүүд, П.Гын эзэмшлийн “Даюун” маркийн мотоцикл, морь зэрэг нь одоо хэний өмчлөл ашиглалтад байгаа эсэх, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон эсэх болон 16 дугаар хавтаст хэргийн 111 дүгээр хуудсанд авагдсан “Дамно үнэлгээ” ХХК-ийн нэхэмжлэх хэрэгт авагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т заасан “...шинжээч... зардал” гэж зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдох тул уг зардлыг төлсөн эсэх, төлөгдөөгүй бол иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох.

2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 153 тоот яллах дүгнэлтэд “Төв аймгийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Лувсанцэрэн би, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1, 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан яллагдагч Н.Л нарт холбогдох эрүүгийн 2234000000525 дугаартай хэрэгт Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Ганзориг мөрдөн байцаалт явуулж, 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган, хяналтад ирүүлснийг 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч...” гэсэн нь яллагдагч П.Г, Н.Л, Б.М, Ц.Н, Э.М, Н.С, Т.М, Т.Г, Ц.Б, Г.Б, Г.С нарын хэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан болон 17.12 дугаар зүйлийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон болох нь тодорхойгүй,

Мөн яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1, 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 гэж хуулийн зүйл заалт тусгайлан хуульчлаагүй заалтыг оруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн аль зүйл заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн аль зүйл заалтаар яллагдагч нарын хэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй, гэмт хэрэг үйлдэхэд гэмт хэргийн хамтран оролцогч болох гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч нь, хамжигч нь хэн болохыг нарийвчлан тогтоогоогүй нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэл болно.

Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас яллагдагч П.Г, Н.Л, Б.М, Ц.Н, Э.М, Н.С, Т.Мөнх- Эрдэнэ, Т.Г, Ц.Б, Г.Б, Г.С нарт холбогдох хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан тул шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгч нарын хүсэлтийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд нь хуулбар хувь байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэж, 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж, 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэж тус тус заасантай нийцэхгүй байх тул хуульд заасан шаардлагыг хангуулах нь зүйтэй гэж үзэн, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

5. Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 19 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Н.Л, П.Г, Б.М, Ц.Н, Э.М, Н.С, Т.М, Т.Г, Ц.Б, Г.Бат- Эрдэнэ, Г.С нарт холбогдох хэрэгт яллагдагч нарын болон гэрч нарын мэдүүлгээр хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ яллагдагч нар нь ямар машин механизмыг ашигласан талаар тодорхой мэдүүлсэн. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж хуульчилсан тул тээврийн хэрэгслүүдийг яллагдагч нарын хэн хэн нь ганцаараа болон бусадтай бүлэглэн ямар үйлдэлд ашигласан талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яллагдагчийн мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулах замаар дүгнэлт хийж, бодит байдлыг тогтоох буюу шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.

 

2. Тус хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээд тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор баталсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 3 дугаар зүйлийн 3.6-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал тооцоогүй, эсхүл хавтаст хэрэгт тусгаагүй тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэхэмжлэх эрх үүсэхгүй талаар тусгасан. Хэргийн 16 дугаар хавтасны 111 дүгээр талд авагдсан “Дамно үнэлгээ” ХХК-ийн нэхэмжлэх нь тус журмын 3 дугаар зүйлийн 3.2-т заасан мөрдөгч, прокурор, шүүгч энэхүү журмын 3.1-т заасан тэмдэглэлийг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын маягтыг бөглөн тухайн байгууллагын санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн дарга, эсхүл дээд шатны даргаар хянуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэсэн шаардлагыг хангаж, мөрдөх байгууллагаас ирүүлээгүй тул нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

Харин гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 6019 УАК, 5732 УББ, 6195 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг болон П.Одонбатын эзэмшлийн Даюун маркийн мотоциклыг тус тус битүүмжилсэн. Мөн 6195 УБО улсын дугаартай портерын эзэмшигч Х.Банзрагчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан.

 

3. 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 153 тоот яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх талаар бүрэн бичсэн буюу яллагдагч Н.Л, П.Г, Б.М, Ц.Н, Э.М, Н.С, Т.М, Т.Г, Ц.Б, Г.Б, Г.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчлэхээр тогтсугай гэж хуульд заасан шаардлагыг хангаж бичсэн.

Гэтэл 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 584 дугаар шүүгчийн захирамжид яллах дүгнэлтийн “тэргүү” хэсэгт бичигдсэн зүйл заалтыг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Хэрэв шүүх прокурорыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа бол энэ талаар шүүхийн шийдвэрт ойлгомжтой байдлаар, хууль зүйн дүгнэлт хийх замаар тайлбарлах байсан. Ийнхүү дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтын шаардлагад нийцээгүй байна.

Мөн гэмт хэрэг үйлдэхэд гэмт хэргийн хамтран оролцогч болох гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч хэн болохыг нарийвчлан тогтоож яллах дүгнэлтэд тусгаж бичих шаардлагагүй.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2-т мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт зэрэг эрх зүйн баримт бичиг үйлдэхдээ тухайн зүйл ангийн шинжийг буюу бүлэглэн гүйцэтгэсэн гэж хүндрүүлэн зүйлчилснийг шүүх анхаарч үзээгүй.

 

4. Шүүгчийн захирамжид шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон өмгөөлөгч нарын хүсэлтэд дурдсан ямар ажиллагааг хэрхэн гүйцэтгэх талаар огт тусгаж бичээгүй атлаа өмгөөлөгч нарын хүсэлтийг нээлттэй үлдээн шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

5. Хэрэгт авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, 27.1 дүгээр зүйлийн 1, 30.7 дугаар зүйлийн 1.6-д тус тус заасны дагуу мөрдөгч шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.

Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д “шинжээчийн дүгнэлт” гэж хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг” гэж хуульчилсан байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь шинжилгээ хийх хууль ёсны зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр гаргуулсан, шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангасан дүгнэлт байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон бөгөөд хавтаст хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шүүх бүрэн шийдвэрлэх боломжтой юм. Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон Төв аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Лувсанцэрэн прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн. Яллах дүгнэлтийн “Тэргүү” хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.3, 3.1 гэж бичигдсэн хэдий ч тэмдэглэх, тогтоох хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу бичигдсэн буюу өөрөөр хэлбэл яллах дүгнэлтийг мөн хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ. Тус хэргийн 11 шүүгдэгч бүгд нэг ижил зүйл ангиар яллагдаж байгаа. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг Цагдаагийн байгууллага гаргасан, үүнийгээ нэхэмжлээгүй талаар эсэргүүцэлд тодорхой дурдсан. Энэ хэрэг анхан шатны шүүхээс хоёр дахь удаагаа нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаж байгаа ба өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг нээлттэй үлдээн шийдвэрлэлээ гэж өмнөх шүүгчийн захирамжтайгаа адил бичсэн нь ойлгомжгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу шинжилгээ хийгдэн ирсэн буюу шинжилгээ хийх эрхтэй эсэхийг тодорхойлсон баримтыг хуулбар хувь гэж үзэх хуулийн боломжгүй. Тухайн хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан “Ашид билгүүн” ХХК нь шинжилгээ хийх эрх бүхий байгууллага ба уг ажиллагааг дахин хийж гүйцэтгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод үл нийцнэ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс хийж гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан үндэслэлүүдийг шүүх нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаанууд байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Өмгөөлөгч С.Болорчулуун тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийн үйлдсэн хэргийг үйлдээгүй гэж, үйлдээгүй хэргийг үйлдсэн мэтээр маш ойлгомжгүй бичигдсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй байгаа ба энэ талаар Монгол Улсын Дээд шүүхээс гаргасан тайлбарыг анхаарч үзнэ үү. Тухайн хэргийг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслүүдийг хэдэн удаагийн үйлдэлд хэн, хэн ашигласан гэдэг нь ч яллах дүгнэлтэд тодорхой бус бичигдсэн. Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй атлаа бүх зүйлийг шүүх рүү нялзааж байгаа нь буруу байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Өмгөөлөгч Д.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч хоёр үйлдэлд оролцсон. Прокурорын зүгээс эсэргүүцлээ таван үндэслэлээр тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бүрдлийг гүйцэд хангаагүй ба яллагдагч нарын үйлдэл холбогдлыг ч ялган, салгаж чадаагүй. Мөн өмгөөлөгч бидний зүгээс шат, шатны байгууллагуудад олон удаа хүсэлт гаргасан боловч огт хангаагүй тул шүүхээс уг асуудлыг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн нь зөв болсон. Өөрөөр хэлбэл прокурорууд хийх ёстой ажлаа хийхгүй байгаагаас үүдэн хэргийн оролцогч нар маш их чирэгдэж байгаа тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг хөдөлбөргүй баримтаар нотолж чадаагүй байхад шүүхээс уг хэрэгт дурдагдаад байгаа олон машиныг хэн, хэн ашигласан бэ гэдгийг тогтоох боломжгүй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа /цахимаар/: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан асуудлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Шүүх хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа хийдэг байгууллага биш. Миний үйлчлүүлэгч Э.М өөрийн үйлдсэн гэмт хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсээр байхад анх 2022 онд үйлдэгдэж байсан хуучин яллах дүгнэлтээр яваад байгааг ойлгохгүй байна. Яллах дүгнэлт маш их алдаатай учир шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

Өмгөөлөгч Т.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа /цахимаар/: Өмнө нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийн биелэлт хангаагүй, хамтран оролцсон хэлбэрийг тогтоогоогүй ба миний үйлчлүүлэгч оролцоогүй үйлдэлдээ яллагдаад явж байгааг анхаарч өгнө үү. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогч Ц.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлоо барагдуулж авмаар байна. Хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хохирогч П.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг шийдвэрлэж учирсан хохирлыг минь барагдуулж өгнө үү гэв.

 

Яллагдагч Н.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зарим нэг үйлдэлд оролцоогүй хүмүүсийн талаар мэдүүлсээр байхад прокуророос оролцсон гэж үздэг гэв.

 

Яллагдагч П.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 10 үйлдэлтэй яваад байгаа. Би 4 үйлдэлд оролцсон талаар байцаагчдаа хэлсэн. Мөн нэг үйлдэлд гурвуулаа явсан байхад зөвхөн Н.Л бид хоёрыг хийсэн болгоод байгаа гэв.

 

Яллагдагч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Яллагдагч П.Г, Н.Л, Н.С, Т.Г, Ц.Б, Г.С, Г.Б, Э.М, Ц.Н, Б.М, Т.М нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэлээ. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” хэмээн хуульчилсан.

Мөн энэ хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэх, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” хэмээн заасан.

Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болно.

Үүний нэгэн адил прокурорын яллах дүгнэлт ч хүчин чадлын хувьд шүүхийн шийдвэрийн нэгэн адил тодорхой, ойлгомжтой бичигдсэн байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх учиртай.

3. Дээрхийг удирдлага болгон яллагдагч П.Г, Н.Л, Т.Г, Н.С, Ц.Б, Г.С, Г.Б, Э.М, Ц.Н, Б.М, Т.М нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан үндэслэл тус бүрийг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж үзвэл мөрдөн байцаалт, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй байна.

3.1. Тодруулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” хэмээн заасан бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгохоор хуульчилжээ.

Гэтэл яллах дүгнэлтийн “Тэмдэглэх болон Тогтоох” хэсэгт яллагдагч нарын хэн нь ганцаараа, эсхүл бусадтай бүлэглэн хэдийд хохирогч хэн, хэний бод малыг хулгайлахдаа анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан морь болон тээврийн хэрэгслүүдийн алийг нь ашиглан үйлдсэн талаар тодорхой бичилгүй орхигдуулсан нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, шүүхээс яллагдагч нарын хэн алиныг үйлдсэн гэх үйлдэл холбогдолд нь гэм буруутай гэж үзсэн тохиолдолд цаашид гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хөрөнгө орлогыг дээр дурдсанчлан хураан авах, эсхүл үнийг нь хэн хэнээс гаргуулах буюу Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэг заалтыг зөв хэрэглэх боломжгүй нөхцөл байдалд хүргэжээ.

3.2. Шүүхээс дээрх тээврийн хэрэгслүүд болон яллагдагч П.Г-ын эзэмшлийн гэх морь, мотоцикл зэргийг яллагдагч нарын хэн аль нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэн улсын орлого болгох, эсхүл хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хураан авч шийдвэрлэсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслүүдийн хууль ёсны өмчлөгч хүн, хуулийн этгээд болон тэдгээрийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжилгээний байгууллагыг мөрдөн шалгах ажиллагааны явцад “Иргэний нэхэмжлэгч”-ээр тогтоолгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5, 11.4 дүгээр зүйлд заасантай нийцээгүй байна.

3.3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл тухайн хэргийн яллагдагч П.Г, Н.Л, Т.Г, Н.С, Ц.Б, Г.С, Г.Б, Э.М, Ц.Н, Б.М, Т.М нарын хэнийг нь ч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.3, мөн зүйлийн 3.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаагүй атлаа яллах дүгнэлтэд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 2 дахь хэсгийн ...2.3...” гэж бичсэн нь ойлгомжгүй болжээ.

3.4. Гэмт хэрэгт хамтран оролцогчид нь хоорондоо бодит ямар тохироо хийсэн, уг тохиролцооныхоо хүрээнд өөр өөрсдийн үүргээ хуваарилан ямар зорилгод хүрэх байсан, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг болон гэмт этгээдүүд тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдэн гэмт хэргийн шинжийг хамтран хэрэгжүүлснийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үздэг учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

Мөрдөн шалгах болон прокурорын шатанд уг нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “Гуравдугаар бүлэг”-т заасны дагуу эргэлзээгүй тогтоосноор шүүхээс тухайн шүүгдэж буй этгээдүүдийн үйлдсэн гэмт хэрэгт нь хуулийг зөв хэрэглэн оногдуулж болох эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний хүрээнд ялыг ялгамжтай оногдуулах нөхцөл бололцоо бүрддэг.

3.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Арван зургаадугаар бүлэг”-т нотлох баримтыг хэрхэн цуглуулж бэхжүүлэх талаар хуульчилсан бол мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ...” хэмээн заасан.

Энэ утгаараа ч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх журамтай.

3.6. Түүнчлэн хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулдаг.

Өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхүүдийг эдлэн үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах эрхтэй тул шүүгчийн захирамжид дурдагдсан, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд гаргасан өмгөөлөгчдийн саналыг нээлттэй үлдээн шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

4. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, мөрдөн шалгах болон прокурорын хяналтын шатанд дор дурдсан зүйлийг бүрэн гүйцэт шалгалгүй орхигдуулжээ. Үүнд:

4.1. Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 тоот “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” тогтоол /хх-ийн 2-р хавтас 214-р тал/-оор яллагдагч Т.Мд холбогдох 2312000000018 дугаар хэргийг 2312000000011 дугаар хэрэгт нэгтгэсэн атлаа 2312000000018 дугаар хэрэгт яллагдагч А.Ананд гэх этгээдэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, уг тогтоолыг яллагдагч А.Анандад танилцуулахыг мөрдөгчид даалгасан байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл дээрх тогтоолыг яллагдагч А.Ананд гэгчид танилцуулсан болон түүнтэй холбоотой өөр ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байх ба энэ нь эргэлзээтэй, ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож байна.

Мөн эрүүгийн 2312000000018 дугаар хэрэгт Т.М2022 оны 8 дугаар сарын сүүлээр машин механизм ашиглан, Архангай аймгийн Батцэнгэл сум, Улаан чулуут баг, “Асгат” гэх газраас иргэн Ж.Баттулгын 4 тооны адууг хулгайлж 4.300.000 төгрөгийн, 

Эрүүгийн 2312000000011 дугаар хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан-Чулуу багийн нутгаас А.Б5 тооны үхрийн тугал хулгайлж 2.800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж үзэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар,

Б.Мд эрүүгийн 2315000000023 дугаар хэрэг үүсгэн 2022 оны 5 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Х.Б3 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллагдагчаар татжээ.

Тухайн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан үйлдлүүдтэй нь холбогдуулан хийсэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл:

Хохирогч Ж.Баттулгын 4 тооны адуу буюу олон тооны малыг яллагдагч Т.М хулгайлсан гэх үйлдэлд Э.М,

Хохирогч Х.Б4 тооны адуу буюу олон тооны малыг яллагдагч Б.М хулгайлсан гэх үйлдэлд Э.М, Н.Хуншагай нар хамтран оролцож уг малуудыг нядалсан талаар тусгагдсан байхад тэдгээрийг уг үйлдлүүдэд хамтран оролцсон эсэх талаар ямар нэгэн ажиллагаа хийлгүй орхигдуулсан. 

Мөн хохирогч Ж.Баттулга, Х.Баттулга нар нь тус тус дөрвөн тооны адуугаа хулгайд алдсан талаар тогтвортой мэдүүлсээр байдаг бол яллагдагч Т.Мөнх-Эрдэнийн хохирогч Ж.Баттулгын 4 тооны адууг хулгайлсан гэх үйлдэлд нь Э.М гэрчээр “...3 тооны адуу нядлалцаж өгсөн...” гэж, гэрч Л.Буянжаргал Т.М“...3 тооны адуу ачиж ирсэн..., ...3 адууны махыг худалдан авсан...” хэмээн эрс зөрүүтэй мэдүүлсээр байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байна.

Түүнчлэн хохирогч А.Батбилэг нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан-Чулуут багийн нутгаас нас нийлсэн сарлагийн үнээ 2 ширхэг, сарлагийн шүдлэн 1 ширхэг, сарлагийн бяруу 2 ширхэг буюу нийт 5 тооны сарлагаа хулгайд алдсан талаар мэдүүлсэн байхад прокурорын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2312000000011 дугаар тогтоолоор Т.М нь А.Б5 тооны үхрийн тугал хулгайлж 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэж эрс зөрүүтэй эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдсэн,

Уг үйлдлийнх нь талаар гэрч Ц.Алтангэрэл 2 тооны үхэр уяж хоносон гэж, гэрч С.Цэндзэсэм 2 үхэр байсан, зураг нь байгаа гэж, гэрч О.Жавзанпагма 2 үхэр худалдан авсан хэмээн хохирогчоос мөн л эрс зөрүүтэй мэдүүлсэн байхад уг мэдүүлгүүдийн зөрүүг гаргах талаар холбогдох ажиллагааг огт хийгээгүй орхигдуулсан,

Хохирогч Ж.Баттулгын 4 тооны адууг хулгайлан авсан гэх Т.Мөнх-Эрдэнийн үйлдлийн талаар яллах дүгнэлтийн “Тэмдэглэх нь” хэсэгт тусгаагүй зэрэг нь ойлгомжгүй болжээ.

4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна гэж”, мөн хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор энэ хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж прокурорын нэгдсэн санд бүртгүүлнэ” гэж тус тус заасан.

Хавтаст хэрэгт авагдсан Төв аймгийн прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолуудаас үзвэл зарим яллагдагч нарыг бусадтай бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэх хэд хэдэн үйлдэлтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар огт татаагүй атлаа хэргийн бусад оролцогч нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоолын тогтоох хэсгийг өөрчлөх замаар яллагдагчаар татсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн зөрчил гэж үзнэ.

Жишээлбэл, яллагдагч Г.Сд огт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй үйлдэл, холбогдлуудын тухайд:

Архангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2312000000020/б дугаар прокурорын тогтоолоор Ц овогт Э Мг Н.С, Т.Г нартай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сард Архангай аймгийн Өлзийт сум, Байшир багийн “Цагаан хөтлийн ар бүрд” гэх газраас Х.О8 тооны буюу олон тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж 5.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг.

Гэтэл дээрх болон мөн Булган аймгийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2315000490055, 2215002160122, 2115001820124, 2315000500121 дугаар прокурорын тогтоолуудын “Тогтоох нь” хэсгийг бүхэлд нь Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 81 дугаар /хх-ийн 14-р хавтас 97-99-р тал/ тогтоолын “Тогтоох нь” хэсгээр,

“...яллагдагч Г.С нь П.Г, Н.С, Н.Л, Б.М, Ц.Н нартай бүлэглэж 2022 оны 4 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дамирангийн худаг” гэх газраас иргэн Ц.Б14 тооны буюу олон тооны адууг машин механизм ашиглан хулгайлж 30.500.000 төгрөгийн,

Т.Г, Э.М, Н.С нартай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сард Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутаг дэвсгэр “Цагаан хөтлийн ар бүрд” гэх газраас бэлчээрээс нь иргэн Х.О8 тооны буюу олон тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 5.750.000 төгрөгийн,

Д.Г, Н.Л, Ц.Н, Б.М нартай бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 19-22-ны өдрүүдийн хооронд Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүүн урт” гэх газраас иргэн А.А13 тооны, иргэн Т.Э9 тооны нийт 22 тооны буюу олон тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад нийт 79.796.270 төгрөгийн,

Н.Л, Э.М, Ц.Н, Г.Б, П.Г нартай бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан үзүүр” гэх газраас иргэн Г.Болон тооны буюу 8 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад 9.600.000 төгрөгийн,

П.Г, Н.С, Н.Л, Ц.Н, Б.М, Э.М нартай бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 11-12-ны өдрийн хооронд Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Асгат Улаан” гэх газраас иргэн Т.Эолон тооны буюу 18 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж бусдад 24.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай...” хэмээн өөрчилсөн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх прокурорын тогтоолуудаар өмнө нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн яллагдагчаар татагдсан этгээдүүдийн үйлдэл холбогдлуудыг үгүйсгэн өөрчлөлт оруулсан гэж үзэхээр байна.

Прокуророос ингэж өөрчлөн шийдвэрлэхдээ тухайн хэргийн холбогдогч болох Э.М, Б.М нарын овгийн үсгийг сольж бичин тэдний үйлдээгүй гэх үйлдэл холбогдлыг үйлдсэн мэт, үйлдсэн гэх үйлдэл холбогдлыг үйлдээгүй мэтээр,

Г.Сыг Н.Л, Э.М, Ц.Н, Г.Б, П.Г нартай бүлэглэн хохирогч Г.Болон тооны буюу 8 тооны адууг хулгайлсан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан атлаа уг үйлдлийг Н.Л, Ц.Н, Э.М, П.Г Г.Б нар бүлэглэн үйлдсэн гэж Г.Сыг орхигдуулан яллах дүгнэлтийнхээ “Тэмдэглэх” хэсэгт тусгаж, “Тогтоох нь” хэсгээс зөрүүтэй ялласан, өөрөөр хэлбэл тухайн хэргийн зарим яллагдагч нарыг үйлдсэн гэх үйлдэл холбогдолтой нь холбогдуулан яллагдагчаар татаагүй атлаа ялласан, эсхүл яллагдагчаар татсан атлаа яллах дүгнэлтдээ тусгалгүй орхигдуулсан зэрэг алдаа, зөрчил гаргажээ.

4.3. Яллагдагч Н.С нь бусдын малыг хулгайлсан гэх зарим үйлдэлдээ цэнхэр өнгийн суудлын, яллагдагч Б.М морь, Делика /Delica/ гэх тээврийн хэрэгсэл ашиглаж байсан талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад тодорхой тусгагдсан байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх уг тээврийн хэрэгслүүд болон морь зэргийг олж тогтоон хөрөнгө хамгаалах ажиллагаа хийлгүй орхигдуулсан байгааг зөрчил гэж үзэх юм.

4.4. Яллах дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзвэл яллагдагч П.Г, Н.Л, Н.С, Т.Г, Ц.Б, Г.С, Г.Б, Э.М, Ц.Н, Б.М, Т.М нар нь нийтдээ 20 удаагийн үйлдлээр 13 иргэний 125 тооны адуу, 9 иргэний 31 тооны үхэр буюу нийт 156 тооны бод малыг хулгайлсан талаар тусгагдсан байхад тэдгээрээс гарал үүслийн бичиггүйгээр мал болон махыг байнга, тогтвортой худалдан авч борлуулж байсан гэх этгээдүүдийг олж тогтоон яллагдагч нарын үйлдэлтэй холбоотой эсэхийг болон энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхийг ч шалган тогтоолгүй орхигдуулсан.

 

4.5. Тухайн хэргийн зарим яллагдагч нар прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцах үедээ өмгөөлөгчийн хамт тухайн үйлдэл холбогдлын талаар мэдүүлэг өгөх хүсэлт гаргасан байхад энэ талаар нь дахин яллагдагчаар мэдүүлэг авч хууль зүйн туслалцаа авах эрхээр нь хангаагүй байна.

4.6. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т энэ гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинжийг хуульчилсан.

Хуулийн тухайн хэсэгт заасан “байнга” гэх шинж нь хэвшмэл, гурав ба түүнээс дээш удаагийн тус бүртээ эхлэл, төгсгөлтэй үйлдэл байхыг ойлгох бөгөөд яллагдагч Г.С, Н.С, Б.М, Ц.Н, П.Г, Н.Л, Э.М нар нь нийт 5-аас 13 удаагийн үйлдлээр, мөн зарим яллагдагч нар нь өөрийн хувийн хэрэгцээг хангахаар худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийг төлөх зорилгоор бусдын олон тооны малыг хулгайлан авч төлбөрийг төлж барагдуулсан үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад тусгагдсан байдаг.

Гэтэл мөрдөн шалгах, прокурорын хяналтын шатанд яллагдагч Г.С, Н.С, Б.М, Ц.Н, П.Г, Н.Л, Э.М нарын үйлдэлд хуульд заасан дээрх гэмт хэргийн шинж агуулагдаж байгаа эсэхийг нарийвчлан шалган тогтоох ажиллагаа бүрэн хийгдээгүйгээс хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож чадаагүй байна.

4.7. Түүнчлэн прокуророос яллагдагч нар нь 2019 оны 9 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 2-оос 12 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан гэж үзсэн атлаа яллагдагч нарын хэн хэний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасан “Хууль үйлчлэх цаг хугацаа”-г нарийвчлан баримтлах талаар тусгаагүй,

Яллах дүгнэлтийн “Тогтоох нь” хэсэгт тэдний бусдад учруулсан хохирлыг буруу бичсэн.

Тухайлбал Э.Мн хувьд: Яллагдагч Э.М нь бусадтай бүлэглэн хохирогч Х.Очирсүхэд 5.750.000 төгрөгийн, Б.Сосорбарамд 4.400.000 төгрөгийн, Д.Отгонжаргалд 9.300.000 төгрөгийн, Ж.Отгонхүүд 2.500.000 төгрөгийн, Х.Баттулгад 3.200.000 төгрөгийн Т.Энхтайванд 24.600.000 төгрөгийн, С.Отгончимэгт 3.000.000 төгрөгийн, Д.Галбадрахад 900.000 төгрөгийн Д.БолдБт 3.000.000 төгрөгийн П.От 7.200.000 төгрөгийн, М.Мөнгөнтулгад 9.000.000 төгрөгийн, Г.Баттөмөрт 9.600.000 төгрөгийн буюу нийт 82.450.000 төгрөгийн хохирол бусдад учруулсан байхад яллах дүгнэлтийн “Тогтоох нь” хэсгийн 1.4-т түүнийг 12 удаагийн үйлдлээр 13 иргэнд нийт 21.626.785 төгрөгийн хохирол учруулсан гэж эрс зөрүүтэй яллах дүгнэлт үйлдэж эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэжээ.

4.8. Прокуророос 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2234000000525 дугаар тогтоол үйлдэн Н.Л-г 2022 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутаг, “Бага элсний ар” гэх газраас иргэн Д.У-ын 4 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлсан гэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллагдагчаар татан эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг.

Уг эрүүгийн 2234000000525 тоот хэрэгтээ тухайн хэргийн бусад яллагдагч нарт холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргүүдийг нэмж нэгтгэсэн атлаа яллагдагч П.Г-ыг Н.Л-тэй бүлэглэн хохирогч Д.У-ын 4 тооны үхрийг хулгайлсан гэж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2234000000252/А дугаар,

Э.Мг Н.С, Т.Г нартай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сард хохирогч Х.О8 тооны үхрийг хулгайлсан гэж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2312000000020/Б дугаар, гэх мэт хэд хэдэн прокурорын тогтоолуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасанчлан нэгтгэлгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн нь буруу болжээ. 

4.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “гэмт хэрэг хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” хэмээн заасан.

Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурорын хяналтын харьяаллыг тогтоон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв хэдий ч Төв аймгийн прокурорын газраас яллагдагч нар нь 2019 оны 9 дүгээр сараас эхлэн 2 удаагийн үйлдлээр Төв аймгийн 2 иргэний, 5 удаагийн үйлдлээр Архангай аймгийн 5 иргэний, 13 удаагийн  үйлдлээр Булган аймгийн 15 иргэний бод малыг хулгайлан авч сүүлийн үйлдэл нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө Архангай аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэн төгссөн гэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн харьяаллыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр өөрчлөн тогтоолгохгүйгээр хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэх Шүүхийн онцгой харьяаллыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. 

5. Дээрхээс дүгнэн үзвэл мөрдөн шалгах, прокурорын хяналтын шатанд хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй байх тул прокурорын 2024 оны 153 дугаар яллах дүгнэлтийг ч бүхэлдээ мөн хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Эдгээрийг анхан болон давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх хууль зүйн боломжгүй тул тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, түүнд хяналт тавих эрх бүхий албан тушаалтан нь хэргийн материалтай нэг бүрчлэн сайтар танилцсаны үндсэн дээр холбогдох ажиллагаануудыг зайлшгүй нөхөн гүйцэтгэх шаардлагатай гэж үзлээ.  

6. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэнгийн бичсэн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 19 тоот эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, яллагдагч П.Г, Н.Л, Т.Г, Н.С, Ц.Б, Г.С, Г.Б, Э.М, Ц.Н, Б.М, Т.М нарт холбогдох хэрэгт шүүгчийн захирамж болон магадлалд дурдсан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэсний эцэст тэдгээрийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 584 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэнгийн бичсэн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 19 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             А.ЦЭРЭНХАНД

 

                              ШҮҮГЧИД                                   З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                                М.МӨНХДАВАА