Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 283

 

 

 

 

 

 

    

 

 

 

 

 

     

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч А.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О овогт А-ны П-д яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 1805015730362 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн аваад  хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................сургуулийн ........дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ..............дүүргийн ........дугаар хороо ........ дүгээр байрны .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт А-ны П.  

 

Шүүгдэгч А.П нь 2018 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коко банана” бааранд иргэн Ж.Бийг зодож эрүүл мэндэд нь  зүүн хөмсөгт шарх, зүүн хөмсөг, зовхи, хацар, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугуйнд зулгалт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А.П мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч А.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч А.П нь иргэн Ж.Бийг зодож түүний биед зүүн хөмсөгт шарх, зүүн хөмсөг, зовхи, хацар, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугуйд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Ж.Бийн “2018 оны 03 сарын 14-ний өдөр 23 цагийн үед гэртээ  байхад мастер Ренчиндорж над руу залгаад манай ажлынхан Гурвалжингийн гүүрний зам дагуу  байдаг “Тэнүүн Өлзий” нэртэй караокед байна гэхээр нь би 23 цаг 40 минутын үед очтол Даваасүрэн, Гандолгор, Даваадорж, Баттүшиг, Намхайбаяр, Ренчиндорж, Энхмаа  нар байсан.

... Би архи уудаггүй учир уугаагүй. Бүжгийн талбай дээр Даваадорж, Даваасүрэн бид гурав бүжиглэж байтал араас нэг хүн нуруу руу нудрах шиг болохоор нь олон хүмүүс бүжиглэж байгаа юм чинь гэж бодоод чимээгүй бүжиглэж байтал дахиад нударсан. Би эргээд хартал 20 гаран насны согтуу залуу над руу муухай хараад зогсож байхаар нь би инээгээд “уучлаарай” гээд гар барьтал миний баруун гарыг хойшоо нугалаад базахаар нь би цээж рүү нь гараараа түлхээд гараа салгаад автал зүүн гараа хүзүү рүү хальт тулгаад баруун гараараа миний зүүн нүдний дээд хэсэгт нэг удаа цохитол би хойшоогоо савж унахдаа зүүн гарын эрхий хуруугаараа тулж унаад хуруу тулсан. Би хэсэг газар хэвтэж байгаад босоод иртэл миний зүүн нүднээс цус гарч байсан. Би доошоо хараад зогсож байтал хамгаалагч нар нь чамайг цохисон залуу зугтчихлаа гэхээр нь хамгаалагч болон Гандолгор болон Энхмаа хоёртой үүдэнд очтол хамгаалагч нар нь бариад авсан байсан. Тухайн үед нүдний шилний рам хугараад шил нь алга болчихсон.

... Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. ... Хөмсөгөн дээрээ сорвитой болсонд гомдолтой байна. Хэрвээ миний хохирлыг барагдуулчихвал гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

Гэрч Б.Даваасүрэнгийн “... Бүжгийн талбай дээр Б, Ренчиндорж бид гурав бүжиглэж байтал гэнэт нэг залуу Бийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Б нүүрээ дараад доошоо тонгойсон. Нүднийх нь шил газар унасан. Би шууд хамгаалагч руу гүйж очоод бүжгийн талбай дээр хүн зодчихлоо гээд хоёр хамгаалагч дагуулж иртэл цохисон залууг хамт явж байсан залуутай нь бариад авсан. Би Бээс зүгээр үү гээд асуутал зүүн талынх нь нүднээс нь цус гараад тогтохгүй байсан учир цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

Гэрч М.Мөнхтөгсийн “... Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Коко банана бааранд орж 10 шил пиво аваад хоёр хоёрыг уугаад бүжгийн талбай дээр бүжиглэж байтал нэг нүдний шилтэй намхан залуу намайг түлхээд байхаар нь би эргэж хараад жаахан цаашаа болчих гэтэл урдаас нэг юм хэлээд Птой маргалдаад байсан. Тэгтэл гэнэт нүдний шилтэй залуу Птой зодолдоод бужигнатал хамгаалагч маш хурдан ирээд салгачихсан. Хамгаалагч нар П бид хоёрыг цаашаа бай гээд гаргасан. Өлгүүр дээр хувцсаа авах гээд зогсож байтал нэг хүүхэн ирээд цагдаа дуудсан байгаа та хоёр байж бай гэсэн. Араас нь Птой зодолдсон залуугийн хөмсөг нь сэтрээд цус гарчихсан гарч ирсэн. ... П уг залууг гараараа цохисон. Хаана нь хэдэн удаа цохисоныг нь бол мэдэхгүй. Араас гарч ирэхэд зодуулсан гэх залуугийн хөмсөг нь сэтэрчихсэн цус гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3690 дугаартай:

“1. Ж.Б-н биед зүүн хөмсөгт шарх, зүүн хөмсөг, зовхи, хацар, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 21 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч А.Пийн яллагдагчаар өгсөн “... Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Би Бийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тухайн үед хөмсөг нь сэтрээд зовхи нь хөхөрсөн. Унахдаа гараа дарж унаад хуруугаа гэмтээсэн байсан. Бүжгийн талбай дээр найз Мөнхтөгсийг түлхээд байсан юм. Жаахан цаашаа бүжиглэчих гэж хэлсэн боловч улам түлхээд байхаар нь би нэг удаа цохисон юм. Тэгтэл нүдний шил нь таараад хөмсөг нь язарчихсан.

... Би хэрэг болсоны маргааш нь Бэд 46.000 төгрөгний эм авч өгөн 25.000 төгрөгөөр Болор нүдний эмнэлэгт нүдийг нь үзүүлж өгсөн. Эмчилгээнийх нь зардал болон бусад зардалд нийт 1.800.000 төгрөгийг Бэд бэлнээр өгсөн байгаа. Би Бээс уучлалт гуйж хохирлыг нь бүрэн төлж барагдуулан бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо ямар нэг маргаангүй болсон. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй. Надад холбогдох энэ хэргийг нааштайгаар шийдэж өгөхийг хүсч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч А.Пийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хохирогч Ж.Бэд “... 1.800.000 төгрөг” хүлээлгэн өгсөн тухай баримт /хэргийн 44 дүгээр хуудас/, Ж.Бийн “... миний хохирлын 1.800.000 төгрөгийг гаргаж өгөн бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо ямар нэгэн маргаангүй болсон тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт зэргийг үндэслэн шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

                                                                                                                                

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт А-ы Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Пийг 470 /дөрвөн зуун дал/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 /дөрвөн зуун далан мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  А.П торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  А.П торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.П баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.