Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 302/ШШ2025/00827

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 302/ШШ2025/00827

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Т овогт Н.Е-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух,  У овогт Б.А-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний дагуу үлдсэн мөнгө болох 23,600,000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч  Н.Е,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З,

Хариуцагч Б.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Я.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Е нь хариуцагч Б.Ат холбогдуулан Зээлийн гэрээний дагуу үлдсэн мөнгө болох 23,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний найз болох Б.А нь надаас 28,000,000 төгрөг зээлсэн ба дараа нь зээлийн гэрээг бичгээр баталгаажуулсан.

1.2.Зээлдэгч Б.А нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 4,400,000 төгрөгийг өгсөн.

1.3.Гэтэл үлдсэн мөнгөө хугацаандаа өгөхгүй өнөө маргааш өгнө гээд, сүүдээ утсаа ч авахгүй яваад байхаар нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч зээлдэгч болох Б.А нь эвлэрэн зуучлах ажиллагаанд оролцохоос татгалзсан учир шүүхэд хандаж байна.

1.4.Иймд зээлийн гэрээний дагуу үлдсэн мөнгө болох 23,600,000 төгрөгийг зээлдэгч Б.А-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б.А-ийн хариу тайлбар, татгалзал:  

2.1.Би 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэн Н.Е бид хоёр Телеграмм аппликейшин дахь цахим тоглоом тоглож, олсон ашгийг хувааж авахаар амаар тохиролцон улмаар оруулсан мөнгийг хэд дахин өсгөж өгнө гэсэн хуурамч мэдээлэлд хэт итгэж, бид хоёр их хэмжээний мөнгө төгрөг алдаж санхүүгийн хохирол амссан.

2.2.Уг цахим тоглоомыг тоглох үед Б.А надад мөнгө төгрөг байгаагүй учраас иргэн Н.Е надад дөрвөн удаагийн үйлдлээр  /эхлээд 200,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 1,300,000 төгрөг/ нийт 8,000,000 төгрөг зээлдүүлж цахим тоглоомын залиланг санхүүжүүлсэн болно.

2.3.Уг цахим тоглоомыг үргэлжлүүлэн тоглож, би өөрийн нэр дээр бүртгэлтэй, унаж байгаа Камри 50 автомашинаа Бтөвд байрлалтай EAGLE барьцаалан зээлдүүлэх төвд барьцаанд тавьж 11 сая төгрөг зээлээр авч байсан.

2.4.Иргэн Н.Еийн гаргасан өргөдөлд дурдсан надад цахим тоглоомыг үргэлжлүүлэн тоглоход олгосон 8 сая төгрөгийн 4.4 сая төгрөгийг амар заяа үзүүлэхгүй шахаж шаардсанаар аргүй эрхэнд аймаг дахь Нэт Капитал банк бус санхүүгийн байгууллагаас 18 сарын хугацаанд өндөр хүүтэй зээл авч төлбөр хийсэн болно.

2.5.Иймд одоогийн байдлаар Б.А би иргэн Н.Ед 3,600,000 төгрөгийн өглөгтэй тул түүнийг төлж өгнө. Харин түүний илүү нэхэмжилж буй 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ, Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 50 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэл, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.А-ийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Нэхэмжлэгч Н.Е-ийн  хариуцагч Б.А-ээс 23,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: Миний найз болох Б.А нь надаас нийтдээ 28,000,000 төгрөгийг зээлээр авч 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 4,400,000 төгрөгийг төлсөн ба үлдсэн 23,600,000 төгрөгийг төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Н.Е бид хоёр цахим тоглоом тоглож олсон ашгийг хувааж авахаар харилцан тохиролцсон боловч их хэмжээний мөнгө алдаж хохирол амссан. Н.Е-ийн  надад цахим тоглоомыг үргэлжлүүлэн тогтоход олгосон 8,000,000 төгрөгийн 4.4 сая төгрөгийг төлж өгсөн. Одоогийн байдлаар 3,600,000 төгрөгийн өглөгтэй болно. Иймд илүү нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1.Нэхэмжлэгч Н.Е, хариуцагч Б.А нарын хооронд байгуулагдсан 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Н.Е нь  зээлдэгч Б.Ат 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 28,,000000 төгрөг зээлдүүлсэн, үүнээс 4,400,000 төгрөг төлөгдөж, үлдэгдэл 23,600,000 төгрөгийг 15 хоногийн дотор төлж өгөхөөр харилцан тохиролцон болох нь тогтоогджээ. 

7.2.ХААН банкны харилцагч Н.Е-ийн  Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд харилцагчийн данснаас 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Аманбек гэсэн агуулгаар 1,500,000 төгрөгийн зарлага, 4,000,000 төгрөгийн зарлага, 2,441,600 төгрөгийн зарлага, 4,950,000 төгрөгийн зарлага дөрвөн удаа гүйлгээ хийгдсэн болох нь тогтоогджээ.

8.Нэхэмжлэгч Н.Е нь хариуцагч зээлээр авсан мөнгөний үлдэгдэл 23,600,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан байх ба хариуцагч 3,600,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 20,000,000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

9.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн  гэрээний харилцаа үүссэн байна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

10.Зохигчид зээлийн гэрээ байгуулж зээлдүүлэгч Н.Е-ээс зээлдэгч Б.Ат нийт 28,000,000 төгрөгийн зээл олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч тухайн татгалзлын үндэслэлээ нотлох баримтаа гаргаж өгөөгүй болно.

11.Хариуцагчаас 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээг нэхэмжлэгч Н.Е нь тулган шахаж бичүүлж авсан гэж тайлбарласан боловч тухайн үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй тул тухайн баримтыг эргэлзээтэй нотлох баримт гэж үзэх боломжгүй болно.

12. Иймд нэхэмжлэгч Н.Е-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.А-ээс 23,600,000 төгрөгийг гаргуулан Н.Е-д олгох нь зүйтэй байна.

13.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 275,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А-ээс 23,600,000 (хорин гурван сая зургаан зуун мянган) төгрөгийг гаргуулан Н.Е-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,950 (хоёр зуун далан таван мянган есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.А-ээс  275,950 (хоёр зуун далан таван мянган есөн зуун тавин) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Е-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК