Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 214/МА2021/00011

 

 

                                                                                      Б.Н******* нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Б*******д холбогдох иргэний хэргийн тухай

  Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  Б.Н*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б*******д холбогдох,

Палк буюу 22.713.753 /хорин хоёр сая долоон зуун арван гурван мянга долоон зуун тавин гурав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.Н*******, хариуцагч Б.Б******* нарын аргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н*******, түүний өмгөөлөгч Ч.Отгонжаргал хариуцагч Б.Б*******, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н*******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Булган аймгийн Тэшиг суманд хөрөө рам ажиллуулдаг Б******* гэх хүнээс банз, палк худалдаж авахаар тохиролцож 22.710.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Дараа нь Б******* нь палк болон банзаа  өгөхгүй маш их удсан. Би удаа дараа нэхсэний үр дүнд түүнээс 132 ширхэг палкыг 4.356.000 төгрөгөөр, 175 ширхэг банзыг 1.802.500 төгрөгөөр нийт 6.158.500 төгрөгийн үнээр бодож 2021 оны 06 сарын 09-ний өдөр авсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ямар ч банз, палк, мөнгө авч чадаагүй. Би Б*******той банз болон палк худалдан авахаар дараах байдлаар харилцан тохиролцож мөнгө шилүүлсэн.

 

 

Нэр төрөл

 

Хэмжээ

 

Нэгжийн үнэ

Худалдан авах тоо ширхэг

 

Нийт үнэ

 1

Банз

5 см зузаантай, 4 метрийн урттай 20см өргөнтэй банз

6000 төг

5000 ш

30.000.000

 2

Банз

3.2 см-ийн хэмжээтэй 4 метрийн урттай 20см өргөнтэй банз

4000 төг

8800 ш

35.200.000

 

Би Б*******гоос 5 см зузаантай, 4 метрийн урттай 20 см өргөнтэй банзыг 1 ширхэгийг 6000 төгрөгөөр 5000 ширхэгийг, 3.2 см-ийн хэмжээтэй 4 метрийн урттай 20 см өргөнтэй банзыг 1 ширхэгийг нь 4000 төгрөгөөр 8800 ширхэгийг авахаар харилцан тохиролцож эхний 3000 ширхэг банзыг 2021 оны 04 сард, үлдэгдэл банзыг 6-р сард багтааж авахаар тохиролцож, мөнгөө шилжүүлсэн. Ингээд банзаа авахыг шаардсан боловч надад банзыг өгөөгүй. Өнөөдрийг хүртэл банз өгөөгүйн улмаас би Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай банз нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. Үүний улмаас би олох байсан ашгаараа хохирсон. Б*******д модны мөнгө төлөхийн тулд би найз О.Наранбаатараас /утас:99009009/ 3 /гурав/ сарын хугацаатай, 1 /нэг/ сар бүрийн 5 хувийн хүүтэй мөнгө зээлж авсан. Уг мөнгөөрөө банз худалдан авахаар Б*******д өгөөд одоог хүртэл банзаа авч чадаагүй. Иймээс О.Наранбаатараас зээлж авсан 18,713,000 төгрөгийн хүү 9,983,270 төгрөг, алданги 1,048,241 төгрөг төлөх давхар хохирол учраад байна.

Би Б*******д хандаж хэрвээ банз өгч чадахгүй бол палк болгоод төрлийг нь сольж болно. Хамгийн гол нь би захиалсан бараагаа авмаар байна гэж хэлсэн. Б******* зөвшөөрч банз өгөх боломжгүй байгаа тул палк өгье гэж тохиролцоод бид 1 ширхэг палкыг 33.000 төгрөгөөр тооцож авахаар харилцан тохиролцсон.

Б******* палкны үнээ нэмнэ гэх шалтгаанаар бид 2 дахин уулзаж палкыг дараах үнэлгээтэй худалдан авахаар харилцан тохиролцсон.

 

 

 

 

Нэр төрөл

 

Хэмжээ

 

Нэгжийн үнэ

Худалдан авах тоо ширхэг

 

Нийт үнэ

 

  1

 

     Палк

15 см зузаантай 15 см өргөнтэй 4 метрийн урттай палк

 

36.000 төгрөг

 

520ш

 

18.713.000

 

2021 оны 4, 5 дугаар сард 1 ширхэг палкны үнэ 36,000 төгрөгийн ханштай байсан тул бид харилцан тохиролцож палкны үнийг Б*******гийн 5091180046 дугаар Хаан банкны данс руу шилжүүлсэн.

Гэтэл одоо Б******* нь палк, банзны аль алийг нь өгөхгүй, мөнгийг минь ч буцааж өгөхгүй намайг маш их хохироож байна. Учир нь би бизнес хийж өөрийн амьдралаа авч явдаг. Зах зээлийн ханш, үнийн өсөлтөөс болж миний бие маш их хохирч байна. Б******* намайг запилан мэхэлсэн гэж Цагдаагийн байгууллагад хандсан боловч Булган аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 сарын 27-ны өдрийн 4/46 дугаартай тогтоолоор иргэний хэргийн маргаан гэж үзэн хэргийг хаасан. Иймд  иргэний хэргийн шүүхэд өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Миний бие палкаа тухайн үеийн ханшаар /1 ширхэг палк 36,000 төгрөг/ бодож /520 ширхэг/ Б*******гоос гаргуулан авахыг хүсэж байна.

Би Б*******д өөрийн эхнэр Алтантуяагийн данснаас нийт 7 удаагийн үйлдлээр 15.710,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Тэшиг суманд өөрт нь бэлнээр 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 22,710,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн.

Мөнгө шилжүүлсэн гүйлгээг хүснэгтээр харуулбал:

Банкны нэр

Шилжүүлэгч

Хүлээн авагч

Хугацаа

Мөнгөн дүн

1

Хаан банк

Д.Алтантуяа

Б*******

2020.08.27

210.000

2

Хаан банк

Д.Алтантуяа

Б*******

2020.09.03

1.000.000

3

Хаан банк

Д.Алтантуяа

Б*******

2021.03.15

10.000.000

4

Хаан банк

Д.Алтантуяа

Б*******

2021.04.17

1.200.000

5

Хаан банк

Д.Алтантуяа

Б*******

2021.04.23

1.000.000

6

Капитрон банк

Монголтуйвар транс ХХК

Б*******

2020.08.25

1.600.000

7

Хаан банк

Б.Н*******

Б*******

2020.09.09

700.000         

                       Дансаар шилжүүлсэн

15.710.000

Б.Н*******

Б.Б*******д

2021 оны 05 сард бэлнээр өгсөн

5,400,000

1,600,000

Нийт төлбөр

22.710.000

 

Дээрх байдлыг харгалзан үзэж Б.Б*******гоос худалдан авахаар харилцан тохирсон палкыг 1 ширхэгийг нь 36,000 төгрөгөөр тооцож нийт 22,713,753 төгрөгийн үнэ бүхий палкыг гаргуулж өгнө үү. Хэрвээ палк өгөх боломжгүй тохиолдолд миний өгсөн мөнгөний үлдэгдэл 16.551.500 төгрөгийг хүү, алдангийн хамт нийт 22,713,753 төгрөгийг гаргуулж өгнө үү. Миний бие Б*******той худалдах худалдан авах гэрээг амаар байгуулсан бөгөөд түүнтэй банз, палкыг хугацаанд нь шилжүүлэхээр тохирсон тул итгээд мөнгөө шилжүүлсэн байтал өнөөдрийг хүртэл маш их хэмжээгээр намайг хохироож байгаад гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 заасны дагуу хариуцагч Б*******гийн эд хөрөнгө болон дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 22.713,753 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

2021 оны хавар Б.Н******* нь надаас палк, банз авахаар амаар ярилцан тохиролцсон. Тухайн үед тоо ширхэгийн талаар яриагүй мөн бичгээр гэрээ байгуулаагүй. 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр би 300 ширхэг, 27 м3, 4 метрийн урттай палкыг Улаанбаатар хот руу 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн аж ахуйн нэгжийн тамга тэмдэгтэй баримтаар хүргүүлсэн байдаг. Б.Н*******гээс Булган аймгийн Тэшиг суманд 2,000,000 төгрөгийг түлшний үнэ гэж бэлнээр авсан. 5,400,000 төгрөгийг огт аваагүй. Дансаар 15,710,000 төгрөгийг авч нийт 17,500,000 төгрөгийг авсан. Харин би өөрөө энэ хүнд 19,500,000 төгрөгийн палкыг өгсөн байгаа.  Орон нутгийн ханшаар нэг бүрийн үнийг 65,000 төгрөгөөр тооцож палкаа зарсан. 300 ширхэг палкыг 19,500,000 төгрөгөөр бодож өгсөн. Б.Н*******гээс авсан бүх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нийт 19,500,000 төгрөгийн үнэ бүхий палкыг орон нутгийн ханшаар 1 ширхэгийг 65,000 төгрөгөөр бодож  өгсөн. 3 ширхэг банз нь 1 палк болох учраас хангалттай банз, палкыг өгсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг Булган аймгийн Тэшиг суманд энэ хүн  50.000.000 төгрөгийн өртэй гэж нэр хүндэд халдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 57 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Б*******гоос 6,910,000 /зургаан сая есөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н*******д  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,803,753 /арван таван сая найман зуун гурван мянга долоон зуун тавин гурав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,520 /хоёр зуун далан нэгэн мянга таван зуун хорь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,  хариуцагч Б.Б*******гоос 125,510 /нэг зуун хорин таван мянга таван зуун арав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н*******д олгож,

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 132/ШЗ2022/00146 дугаартай захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгч Б.Н******* давж заалдах гомдолдоо:

   Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б*******гоос 520 ширхэг палкыг 36.000 төгрөгөөр харилцан тохиролцож үүнээс 132 ширхэг палк, 175 банзыг авсан бөгөөд үлдэгдэл палкыг аваагүй. Мөн 520 ширхэг палкын үнэнд дансаар 15.710.000 төгрөг, бэлнээр 7.000.000 төгрөгийг өгсөн гэж тайлбарласан боловч хариуцагч 300 палкыг 65.000 төгрөгөөр бодож нэхэмжпэгч Б.Н*******д өгсөн, түүнээс дансаар 15.710.000 төгрөг, бэлнээр 2.000.000 төгрөг авсан одоо төлөх төлбөргүй гэж тайлбарладаг,

  Шүүх зохигчдын маргааны зүйл болох хариуцагч нь нэхэмжпэгчид яг хэчнээн тооны палкыг хүлээлгэн өгснийг тодорхойлоогүй байна. Өөрөөр хэлбэл 300 палкыг нэхэмжлэгч хүлээн аваагүй байхад хүлээн авсан гэж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ нь ямар нотлох баримтаар тодорхойлогдож байгааг илэрхийлээгүй. Нэг талаас няцааж байгаа үндэслэлээ нотлох баримтаар тодорхойлоогүй ба уг хэрэгт ач холбогдол бүхий гэрч Г.Бямбасүрэн, Ч.Эрдэнэбилэг нарын тодорхойлолтыг үнэлээгүй орхисноор хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

        Мөн нэхэмжлэгч Б.Н******* нь Б.Б*******д бэлнээр өгсөн 7.000.000 төгрөгийн гарал үүслийг Б.Н*******гийн хэрэгт гаргаж өгсөн дансны хуулгаар баталгаажуулан мөнгөний гарал үүслийг тодорхойлж, нэхэмжлэгч үүнийг хангалттай эх сурвалжтайгаар тайлбарласаар байхад уг тайлбар нотлох баримтыг үнэлсэн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хариуцагчийн илэрхийлж байгаа 2.000.000 төгрөгийг л Б.Н******* нь Б.Б*******д өгсөн гэж шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

   Өөрөөр хэлбэл бэлнээр өгсөн мөнгийг хэрхэн нотолж, ямар баримтаар илэрхийлэгдэж байгааг тогтоогоогүй атлаа хариуцагчид нэхэмжлэгч нь мөнгө өгөөгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

   Зохигчдын хооронд зөрчилдөөнтэй байгаа маргааны гол зүйл бол яг хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгчид өгөх ёстой палкыг бүрэн шилжүүлсэн үү эсэх асуудлыг тодорхойлох байсан. Хэрэгт энэ талаар тухайн үеийн бодит байдлыг илэрхийлсэн буюу палк ачсан, тээвэрлэсэн гол гэрч Г.Бямбасүрэн, Ч.Эрдэнэбилэг нар шүүхэд хандаж тодорхойлолт ирүүлсэн байдаг. Гэвч шүүх хэргийн маргаантай зүйлийн эргэлзээг арилгах зорилгоор тухайн гэрчүүдээс мэдүүлэг авах эсвэл шүүх хуралд мэдүүлэг өгүүлэх болон талуудын болон өөрийн санаачлагаар эргэлзээтэй зүйлийг эцэслэн тогтоох боломжтой байсан. Гэвч шүүхэд хандаж тодорхойлолт гаргасан иргэний тодорхойлолтын үнэлсэн эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч Б.Н******* нь уг гэрчүүдийн тодорхойлолтыг ямар зорилгоор хэрэгт хавсаргаж байгаа болон юуг нотлох зорилготой байсан эсэхийг харгалзан үзэлгүйгээр тухайн үйл баримтыг үгүйсгэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотолбол зохих зүйлийг нотлоогүй, хэргийн үйл баримтыг илэрхийлсэн маргааны зүйл болсон палкыг хэрхэн хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан эсэхийг тогтоогоогүй, өрөөсгөл шийдвэрлэсэн, няцаан тайлбарлаж байгаа үндэслэлээ нотлох баримтанд үндэслэж шийдвэрлээгүй нь хууль бус байна.

 Харин нэхэмжлэгч нь хариуцагчид дансаар шилжүүлсэн төлбөр болон тухайн үеийн орон нутгийн хэмжээнд мөрдөгдөж байсан палкны үнэ ханшийг тодорхойлж тайлбарсан нь үндэслэлтэй байх тул уг хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

 Мөн нэхэмжлэгч Б.Н******* нь хариуцагч Б.Б*******д палк худалдан авах мөнгийг хугацаанд нь төлөхийн тулд О.Наранбаатараас өндөр хүүтэй мөнгө зээлсэн явдал нь хариуцагч Б.Б*******д хамаарах үүрэг биш хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Б.Б*******д мөнгө шилжүүлэхийн тулд Б.Н******* нь гуравдагч этгээдээс мөнгө зээлдэх эрсдэл үүссэн ба энэ нь Б.Б*******д өгөх мөнгөтэй шууд харилцан хамааралтай, түүнээс үүсч буй үр дагавар юм.

Гэтэл Б.Н******* нь гуравдагч этгээдээс хүүтэй мөнгө зээлсэн нь уг маргааны зүйлтэй хамааралгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Иймд Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 132/ШШ2022/151 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 15.803.753 төгрөгийг хариуцагч Б.Б*******гоос гаргуулж нэхэмжлэгч Б.Н*******д олгож миний хууль ёсны эрх ашгийг сэргээн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... хэрэг хянан шийдвэрлэх явцад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн асуудал байна. ...бусад үр дагаврыг шийдвэрлээгүй нь хэргийг бодитой шийдвэрлэж чадаагүй байна гэж үзээд давж заалдах гомдол гаргасан гэв.

Хариуцагч Б.Б******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайхаас 300 ширхэг палк буюу 27м3 мод. Нэг ширхэг палкыг тухайн үеийн ханш болох 65.000 төгрөгөөр тооцсон. Бэлэн 2.000.000 сая төгрөг надад өгсөн. Өөр хашаанаас авсан гэж байна. Өөр хашаанаас авсан бол тухайн аж ахуй нэгж тамга тэмдэг дараад гарал үүсэл өгөөд явуулах ёстой байдаг. 6,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, надад Б.Н*******д өгөх өр байхгүй, би бүгдийг нь өгсөн гэв.

                                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Н******* нь хариуцагч Б.Б*******гоос палк буюу 22.713.753 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгч Б.Н*******гээс 2021 оны 3 дугаар сард банз, палк худалдаж авахаар тохиролцож Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгч Б.Н******* нь банз, палк худалдан авахаар Б.Б*******гийн дансруу 15.710.000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч Б.Б******* нь 27м3 хэмжээтэй 300 ширхэг палк Б.Н*******д худалдсан болох нь зохигчид гэрч нарын тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй, мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр нотлогдсон байна.

Харин зохигчид банз, палкны үнэ дээр маргаж байгаа боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэснийг хэрэгжүүлээгүй байна.

 Нэхэмжлэгч Б.Н******* нь хүү, алданги гаргуулахаар мэтгэлзсэн боловч зохигчид худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү, алданги тооцох боломжгүй, нэхэмжлэгч Б.Н******* нь банз, палк авах зорилгоор  хүнээс өндөр хүүтэй  зээлсэн мөнгөө хариуцагч Б.Б*******гоос гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шүүх тухайн үед орон нутагт худалдаалагдаж байсан ханш буюу 36.000 төгрөгөөр /х.х-ийн 34/ тооцож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 151 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Н*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 237,000 /хоёр зуун гучин долоон мянга/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

     

  ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

                                         ШҮҮГЧИД                                   С.УРАНЧИМЭГ

                                                                                                                             М.ХҮРЭЛБААТАР