Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 437

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч С.Я түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж,

хохирогч Д.А,

иргэний нэхэмжлэгч У.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт С-н Я яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803001030148 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын өрлөгчин, шаварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот ................дүүрэг ........дугаар хороо .............дүгээр гудамж  ....... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, М овогт С-н Я

 

Шүүгдэгч С.Я нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 04 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зурагтын  шинэ эцсийн замд Хьюндай Соната-5 маркийн ...........УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а, 8.4 дэх заалтуудыг зөрчсөний  улмаас Д.Аийн жолоодож явсан У.Цын эзэмшлийн Тоёота Приус маркийн ...........УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж жолооч Д.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу  Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Я мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.А мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө гэрээсээ гарч такси үйлчилгээнд явж байтал эсрэг урсгалаас машин гарч ирээд мөргөсний улмаас би эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Би шүүгдэгчээс нийт 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би осолд орсны улмаас хэдэн сарын хугацаанд ажил хийгээгүй. Мөн цаашид нарийн шинжилгээ хийлгэж эмчилгээнд орно” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч У.Ц мэдүүлэхдээ: “Би шүүгдэгчээс машины мөнгийг бүрэн авах хүсэлтэй байна. Хэрэгт хавсаргасан үнэлгээний 3.855.000 төгрөгийн төлбөр дээр 406.000 төгрөг нэмэгдсэн. Я миний мөнгийг бага багаар өгч байгаа учраас машинаа янзлуулж авахад хүндрэлтэй байна. Би машинаа 8.000.000 төгрөгийн зээлээр авсан ба шүүгдэгчийн өгч байгаа мөнгөөр зээлээ төлөөд машинаа янзлуулж чадаагүй. Би машингүй болж байна. Намайг их хохироож байна. Манай нөхөр такси үйлчилгээнд явж гэр бүлээ авч явж байсан. Надад нийт үнэлгээгээр 3.855.000 төгрөгийн хохирол учирсан. Үүн дээр нэмж 406.000 төгрөгийн хохирол учирсан. Надад үнэлгээгээр гарсан машины хохирлоос 2.100.000 төгрөг төлсөн. Одоо үлдсэн мөнгийг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч С.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч С.Я нь Хьюндай Соната-5 маркийн ...........УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт” болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а, 8.4 дэх заалтуудыг зөрчсөний улмаас Д.Аийн жолоодож явсан У.Цын эзэмшлийн Тоёота Приус маркийн ...........УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж жолооч Д.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 12 дугаар хуудас/

Хэмжилт хийсэн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 10-11, 13-15 дугаар хуудас/

Жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн тухай “Сундуй овогтой Яыг драйгер багаж ашиглан шалгахад 0.81 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн баримт. /хэргийн 17 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Аийн “... Би 2018 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 04 цагийн орчим эхнэр Цын эзэмшлийн Тоёота Приус 10 маркийн ...........УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодон кабиндаа ганцаараа гэрээсээ буюу Баянхошууны Хөтөлөөс такси үйлчилгээнд явахаар гарсан юм. Тэгээд би ертөнцийн зүгээр баруун хойноосоо зүүн урагш чиглэлтэй ойролцоогоор 30 орчим км/ цагийн хурдтай Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зурагтын шинэ эцсийн замд явж байтал ертөнцийн зүгээр зүүн урдаасаа баруун хойш чиглэлтэй явж байсан автомашин гэнэт зүүн гар тал руугаа дараад урсгал сөрөөд хөндлөн маш хурдтай ирсэн. Тэр үед би тоормос гишгэсэн боловч нөгөө автомашин зогсолгүй шууд ирээд миний автомашины чанх урд талаас мөргөсөн. Тэр үед миний  автомашин бүтэн эргээд зам дээр зогссон. Тэгээд би автомашинаасаа буугаад иртэл мөргөлдсөн автомашин хөндлөн харсан байрлалтай жолооч нь автомашин дотроо сууж байсан. Би өөрийнхөө 98191282 дугаартай гар утсаар цагдаа болон түргэн тусламжинд дуудлага өгсөн. Би эхнэр хүүхдээ ослын газар дуудсан. Удалгүй түргэн тусламж ирсэн. Түргэн тусламж ирж намайг болон нөгөө автомашины жолоочийн хамт ГССҮТ-рүү авч явсан. Би эмнэлэгт очоод шууд хэвтсэн. Харин мөргөсөн автомашины жолооч үзүүлчихээд явсан байсан. Ослын газар манай ах ирсэн. Ах цагдаагийн албан хаагч нартай хамт хэргийн газрын үзлэг хэмжилт хийлгэсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч У.Цын “...Тоёота Приус 10 маркийн ...........УБЦ улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юмаа. Тоёота Приус 10 маркийн ...........УБЦ улсын дугаартай автомашинд эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр нийт 3.855.000 төгрөг болсон. Би автомашины хохирлоо бүрэн барагдуулж аваагүй байгаа. Надад гомдол санал байхгүй. Харин автомашинд учирсан хохирлоо бүрэн барагдуулж авах юм бол нэхэмжлэх зүйл байхгүй. ..” гэсэн мэдүүлэг. /хэргийн 35 дугаар хуудас/

 

Гэрч Л.Нармандахын “...Би Чингэлтэй дүүргийн Замын Цагдаагийн тасагт офицер зохицуулагчаар ажилладаг юм. Би 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 18 цагт шөнийн эргүүлд офицероор үүрэг гүйцэтгэхээр  хэлтсийн даргаас хуваарийн дагуу а/а Цэрэнбаатарын хамт үүрэг авч өглөөний 08 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр хөдөлгөөнтөөр явж үүрэг гүйцэтгэсэн. Би 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 18 цагаас өглөөний 08 цаг хүртэл үүрэг гүйцэтгэхдээ  Баянбүрдийн постон дээр шөнийн 04 цагийн орчимд шалгалт явуулсан. Тухайн үед Баянбүрдийн постон дээр Цэрэнбаатар автомашин шалгаж би автомашин дотор согтуу жолоочийг материалжуулаад байж байтал Цэрэнбаатар над дээр гүйгээд ирсэн. Би түүнээс юу болов гээд асуутал шалгалт хийгээд зогсож байтал автомашинууд дундаас Соната 5 маркийн тээврийн хэрэгсэл шалгуулахгүй хажуугаар дайраад гараад явчихлаа гэж хэлсэн. Би түүнд аль машин бэ гээд хэлтэл тэр явж байна гээд би заасан чигт нь хартал Тасганы овооны өөд хэд хэдэн автомашин яваа харагдсан. Харин явж байсан суудлын автомашинуудын дундаас маш их хурдтай нэг автомашин явж байгаа харагдсан. Тэр үед би Цэрэнбаатарт наадахаа орхи гэж хэлсэн. Удаагүй 5 минут орчмын дараа эсрэг урсгалд явж байсан автомашины жолооч ирээд Зурагтын шинэ эцэс рүү өгсөж явах замд хоёр автомашин мөргөлдсөн байна гэж хэлсэн. Би Цэрэнбаатарыг ослын газар оч гэж хэлээд явуулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36-37 дугаар хуудас/

 

Гэрч Д.Цэрэнбаатарын “Би 2018 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө Баянбүрдийн постон дээр шөнийн 04 цагийн орчим шалгалт хийсэн.Шалгалт хийж байх үед Соната 5 маркийн автомашин хажуугаар гарч шууд зугтаасан. ...Тэгээд  би автомашин зогсоогоод шалгаж байтал замын эсрэг талд автомашинтай жолооч ирээд Зурагтын дээш өгсөөд аваар гарсан байна гэж хэлсэн. Тэр үед ахлах дэслэгч Нармандах намайг ослын газар очиж юу болсон талаар шалгаж үзээдэх гэж хэлсэн. Тэгээд би ослын газар яваад очтол шалгалт хийж байх үед хажуугаар гараад зугтаасан Соната 5 маркийн автомашин нь Приус маркийн автомашинтай мөргөлдсөн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38-39 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Бямбадоржийн “...Би 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 04 цаг өнгөрч байх үед Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын урд “Сод” Монгол шатахуун түгээх станцын доод тал ертөнцийн зүгээр  урдаасаа хойш чиглэлтэй саарал өнгийн Соната 5 маркийн автомашины жолооч нь их хурдтай давхиж явж байхдаа ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй явж байсан Тоёота Приус маркийн автомашины урсгал руу орж жолооч талын хаалга хэсгээрээ мөргөсөн. ... Яваад очтол надаас анх 2 автомашин хаана мөргөлдсөн юм бэ гэж асуусан. Би анх 2 автомашин мөргөлдсөн газрыг цагдаагийн албан хаагч нарт зааж өгсөн. Тэр үед цагдаагийн албан хаагч нар миний хэлснээр “А” цэгийг тэмдэглэж хэргийн газрын үзлэг хэмжилт хийсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 46 дугаар хуудас/

 

Гэрч В.Бат-Эрдэнийн “...Манай найз С.Я нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн орчим манай гэрт өөрийн эзэмшлийн Соната 5 маркийн автомашинтайгаа ирсэн. Бид хоёр уулзсаных гээд шил Ерөөл нэртэй 0,33 литрийн архи дэлгүүрээс авсан юм. Би ажилтай байсан болохоор нэг татчихаад явсан. Үлдсэнийг Я уучихаад гэр рүүгээ явсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41-42 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1295 дугаартай актын

“1. Д.А-н биед нарийн гэдэсний бүрэн тасрал, хэвлийн хөндийн цус алдалт /150 мл/, зүүн шуунд цус хуралт, баруун сарвуу 2-р хуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 48 дугаар хуудас/

 

            Гэмтэл согог судлалын үндэсний төвийн  өвчний түүхийн хуулбар. /хэргийн 51-59 дүгээр хуудас/

 

            Кости Эстимэйт ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, “ Үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.855.000” гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 80-86 дугаар хуудас/

 

            Замын Цагдаагийн албаны 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн №159 дугаартай:

“1. Hyundai Sonata 5 маркийн ...........УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Я нь МУ-ын ЗХД-ийн ямар 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/ “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            2. Хэргийн газрын үзлэг болон фото, схем зураг дээр Hyundai Sonata 5 маркийн ...........УБР улсын дугаартай автомашины тоормосны мөртэй гэж тогтоогдоогүй байх тул хурдыг тодорхойлох боломжгүй болно.

            3. Toyota Prius 10 маркийн ...........УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан. Д.А нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

            4. Хэргийн газрын үзлэг болон фото, схем зураг дээр Toyota Prius 10 маркийн ...........УБЦ улсын дугаартай автомашин тоормосны мөртэй гэж тогтоогдоогүй байх тул хурдын тодорхойлох боломжгүй болно” гэсэн дүгнэлт. /хэргийн 91-92 дугаар хуудас/

 

            Шүүгдэгч C.Яын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Би 2018 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 23 цагийн орчим өөрийн эзэмшлийн Х.Соната 5 маркийн ...........УБР улсын дугаартай автомашиныг жолоодон найз Бат-Эрдэнэ буюу /Баагий/ гэрт ганцаараа очсон юм. Бид хоёр ойрд уулзалдаагүй гээд нэг шил 0,33-ийн архи авч уусан. Тэр үед Бат-Эрдэнэ би ажилтай гэж хэлээд нэг хундага татчихаад яваад өгсөн. Харин би үлдсэн архийг ганцаараа ууж дуусгаад шөнийн 04 цаг өнгөрч байхад машинаа жолооодон ... Баянбүрдийн постон дээр ирэх үед цагдаа нар шалгалт хийж байсан. Тэр үед цагдаа зогс гэж дохисон. Би автомашинаа зогсоох гэснээ болиод шууд цагдаагийн хажуугаар гараад зугтаасан. Тэгээд би Зурагтын шинэ эцсийн замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй явж байгаад хойноосоо урагш чиглэлтэй явж байсан автомашины эгнээ рүү урсгал сөрж ороод мөргөлдсөн. Би осол болох үед ухаан алдсан байсан. Би эмнэлэгт очоод эмнэлгийн анхны тусламж авч ухаан орсон. ... Хохирогчид учирсан эмнэлгийн төлбөр болон автомашины хохирлыг бүрэн төлж барагдуулах болно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 103-104 дүгээр хуудас/

 

Дуудлага мэдээллийн лавлагаа. /хэргийн 135-138 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч С.Я нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгсэл жолоодож улмаар автозамын зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрж явсаны улмаас бусдын автомашиныг мөргөж уг автомашиныг жолоодож явсан Д.Аийн биед хүнд гэмтэл учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн ...” гэмт хэргийг 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан “согтуурсан”, 2.3 дах заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Аид учирсан хохиролд нийт 350.000 төгрөг төлсөн бөгөөд бусад хохирол, хор уршигийн талаарх нотлох баримт байхгүй тул хохирлыг тооцох боломжгүй тул хохирогч нь нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Харин иргэний нэхэмжлэгч У.Цад шүүгдэгчээс нийт 2,100,000 төгрөг төлөгдсөн бөгөөд У.Цад учирсан баримтаар тогтоогдож байгаа нийт 4.241.000 төгрөгөөс уг төлбөрийг хасч үлдэх 2.141.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч С.Я баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болно.

 

Шүүгдэгч С.Яын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Монгол овогт Сундуйн Яыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар С.Яыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Яад оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. С.Ямараанзад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнийг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

          5. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, С.Я баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Хохирогч Д.А нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол С.Яад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. С.Яаас 2.141.000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунднарангийн 19 дүгээр гудамжны 597а тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Хөх овогт Ууганбаярын Цад /РД:ГД79120864/ олгосугай.

 

9. С.Яын жолоочийн 695103 дугаартай үнэмлэхийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол С.Яад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ