| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0173/Э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2018-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 191
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,
улсын яллагч Т.Мижиддорж,
хохирогч А.Б,
шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн /ҮД:0-407/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Э.М-д холбогдох эрүүгийн 1810006190211 дугаартай, 187/2018/0173/Э индекстэй хэргийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г овогт Э.М
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.М нь Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэр Богдын музейн урд талын зам дээр А.Б-г машин шүргэлээ гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.М нь Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр Богдын музейн урд талын замын 1 дүгээр эгнээгээр зорчиж явсан хохирогч А.Б-н тээврийн хэрэгслийн урдуур 2 дугаар эгнээнээс шахаж, түүний автомашиныг шүргэн зогсож, хохирогчийг “машинаараа шахаж, машин шүргэлээ” гэх зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь толгойгоороо 2-3 удаа мөргөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Э.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...Би гэмтэл учруулсан...Миний машины баруун талын толийг хохирогч нь өөрийн машины толиороо хоёр удаа мөргөсөн. Толь шүргэх үед би 1 дүгээр эгнээнд явж байсан. Би дахиж машиных нь урдуур машинаараа дараад гарах гэтэл миний машиныг дахин мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч А.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр эхнэр хүүхдийн хамт гэр рүүгээ харихаар баруунаас зүүн тийш чиглэлтэй 120 мянгатын уулзвараар нэвтэрч нэгдүгээр эгнээнд явж байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 7.1-д зааснаар шүүгдэгч залуугийн буруу байсан. Миний машины зүүн хойд хаалганаас дугуй хүртэл шүргэсэн. Би машин шүргэчихлээ гээд эхнэртээ хэлээд байж байтал жолооч талын хаалга буюу миний хаалгыг гаднаас нь Э.М татаж онгойлгосон. Тэгээд машинаас намайг татаж гаргаад миний хоолойг боосон. Энэ үед би ухаан балартсан бөгөөд намайг 3 удаа мөргөсөн. Миний хөмсөг сэтэрч маш их цус гарч байсан. Бид хоёр маргалдаж байхад замын уулзвар зохицуулж байсан цагдаа ирсэн бөгөөд Э.М-г “чи яасан омголон залуу вэ чиний буруу байхад хүн зодоод байна” гэж хэлж байсан. Залуу хүн учраас надтай уулзаад тохирох болов уу гэж би бодсон. Шүүх хурал болохоос 3, 4 хоногийн өмнө ээжтэйгээ ирж надтай уулзсан. Э.М нь хувийн байдлын хувьд харилцаа хандлага муутай залуу шиг харагдсан. Манай эхнэр рүү салаавч гаргаж байсан... Миний хөмсөг сэтэрч, хамар хугарсан...Би 120-н уулзвараар баруунаас зүүн чиглэлд нэгдүгээр эгнээгээр чигээрээ нэвтэрсэн...Би замын нэгдүгээр эгнээгээр явж байсан. Зам маш их түгжрэл, ачаалалтай байсан. Шүүгдэгч залуу нь 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү дарж орж ирээд миний машиныг мөргөсөн...Би хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэх учраас хэдэн төгрөгний зардал гарахыг хэлж мэдэхгүй байна. Иймд цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Хохирол барагдуулаагүй учир гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед Богдын музейн зүүн талын зам дээр би өөрийн автомашинтай 1 дүгээр эгнээнд явж байтал хажуугаар явж байсан машин шүргээд зогссон тухайн машины жолооч бууж ирээд миний машины хаалгыг онгойлгоод нэг залуу яаж яваад байгаа юм бэ гэж хэлээд намайг заамдаад миний машин руу түлхсэн би зөрүүлээд заамдсан би тухайн залууд хөөе одоо боль цагдаа дуудаад шийдүүлье гэж хэлтэл тэр залуу юу яриад байгаа юм бэ чамайг алнаа гэж хэлээд байж байтал тэр залуу цээж хэсгээрээ надруу шахсан тэгэхэд тэр залуугийн боолт ороод ухаан балартаад нүд бүрэлзээд зуурч байсан гараа тавьсан тэгэхэд намайг 2-3 удаа лав мөргөсөн намайг гараараа цохиогүй зүгээр л мөргөсөн тэгээд намайг тавьсан тэр үед миний хөмсөгнөөс цус гарсан би тонгойгоод байж байтал манай эхнэр арын суудал дээр сууж байгаад машины хаалга онгойлгоод тэр залууд хандаад чи ямар сүртэй юм бэ наад төмөр чинь хүний амьнаас үнэтэй байна уу гэж хэлтэл тэр залуу манай эхнэр рүү салаавч гаргаад бүгдийг чинь ална шүү гэж хэлсэн тэгэхээр нь би машины арын хаалгаа хаагаад тэр залууд хандаад чи яахаараа зүгээр байгаа хүнийг ална гэж хэлдэг юм гэж хэлсэн...Миний хөмсөг задарсан хамар мурийсан гэж байсан...Гомдолтой байна ямар шалтгаанаар миний машиныг шүргэсэн ямар шалтгаанаар намайг зодсоныг гайхаж байна энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Би өөрт учирсан гэмтэлд зарцуулсан эмчилгээний зардлаа гаргуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28/
4. Гэрч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр нөхөр хүүхдийн хамт Богдын музей үзэхээр явж байгаад 1 дүгээр эгнээгээр явж байхад цагаан өнгийн Приус 20 маркийн автомашин шахаад байсан тэгээд манай нөхөр цонхоо онгойлгоод та яаж яваад байгаа юм бэ гэж хэлсэн тэр машины залуу яаж явсан юм гэж хэлсэн тэгтэл нөгөө машины ард сууж явж байсан эмэгтэй цонхоо онгойлгоод бацаанууд чинь юун сүртэй юм наадах чинь зүгээр гэж хэлсэн тэгээд цаашаа яваад өгсөн тэгтэл манай нөхөр тухайн машины араас сингалдаад зогсоох гэхэд цаашаа хаазлаад явсан манай нөхөр урдуур нь ороод тухайн машиныг зогсоох гэхэд дарж эргээд өөрийнхөө машины ар хэсгийг мөргүүлээд зогссон тэр үед манай хүүхэд урд хайрцаг мөргөж зогссон тэгээд манай нөхөр машинаас буугаад тухайн машины хаалгыг онгойлгож байсан тэгсэн манай нөхрийг заамдаад тэр ах муу бацаан минь чи ингэхгүй шүү гээд орилоод байсан тэр үед манай хүүхэд уйлаад байхаар нь хүүхдээ харчихаад буцаад нөхөрлүүгээ очтол нөгөө машины жолоочийн хөмсөгнөөс нь цус гарсан байсан. Би тэр үед юу болсон талаар хэлэх гэхэд намайг тэр ах чи дуугай бай новш минь гэж хэлсэн тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн...Тэр ах эхэлсэн. Эхлээд толь мөргөсөн дараа нь шүргэлцээд зогсоход та нар болохгүй хүнээрээ оролдож байна бацаан минь гээд орилоод байсан...Өөрийг нь түрүүлээд цохих гэж байхад нь эхлээд мөргөсөн гэж хэлсэн би хараагүй болохоор мэдэхгүй байна...манай нөхөр нэг удаа мөргөсөн гэж байсан...Намайг болон манай нөхрийг хэл амаар доромжилсон манай хүүхэд гэмтсэн тархи нь хөдөлсөн машины толь хугарсан гупер шүргэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31/
5. Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр 15 цагийн орчим нөхөр хүүхдийн хамт гэрлүүгээ явж байтал зам түгжрэлтэй байсан тэгтэл манай машины толийг тухайн машины жолооч шүргээд явсан..дахин урдуур ирж хааж зогссон тэгээд манай машины хойд хэсгийг зурсан би хүүхэдтэй хойд суудал дээр сууж явсан. Тэгтэл гэнэт манай нөхрийн машины хаалгыг гаднаас нь онгойлгоод манай нөхрийг татаж буулгаад заамдаад боогоод байсан харагдсан тэгээд манай нөхрийг тухайн залуу миний харснаар 2-3 удаа мөргөж харагдсан би машины хаалгаа онгойлгоод чи одоо болиоч ээ наад төмөр чинь хүний амьнаас үнэтэй байна уу жаахан хүүхэд байж гэж хэлтэл тухайн машины жолооч түүний эхнэр нь дуугүй сууж бай авгай минь гэж хэлээд нөхөр нь гэх залуу надруу салаавч гаргасан тэгтэл...манай хүүхэд уйлаад байсан. Тэгээд тэр газраас цагдаагийн хэлтэс ороод өргөдөл гаргасан...манай машиныг шүргэчихаад гэнэт бууж ирээд ямар нэгэн хэл үггүй мөргөсөн...Миний харснаар 2-3 удаа мөргөх шиг болсон би сайн харж амжаагүй маш хурдан болж өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41/
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3251/-ний дүгнэлт:
-Б-н биед тархи доргилт, зүүн хөмсөгний гадна доод хэсэгт шарх, нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын таславч мурийлт тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шарх соривжиж эдгэрнэ. /хх-ийн 13/
7. Шүүгдэгч Э.М-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.М нь 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 779 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43, 45-47/-аар тогтоогдлоо.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж зааснаар шүүгдэгч Э.М-н ялгүй болох 6 сарын хугацаа өнгөрсөн буюу 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр уг хугацаа дууссан байх тул түүнийг ялгүй болсон гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3251/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Э.М нь Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр Богдын музейн урд талын замын 1 дүгээр эгнээгээр зорчиж явсан хохирогч А.Б-н тээврийн хэрэгслийн урдуур 2 дугаар эгнээнээс шахаж, түүний автомашиныг шүргэн зогсож, хохирогчийг “машинаараа шахаж, машин шүргэлээ” гэх зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь толгойгоороо 2-3 удаа мөргөж биед нь тархи доргилт, зүүн хөмсөгний гадна доод хэсэгт шарх, нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын таславч мурийлт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М “...Миний машины баруун талын толийг хохирогч нь өөрийн машины толиороо хоёр удаа мөргөсөн. Толь шүргэх үед би 1 дүгээр эгнээнд явж байсан. Би дахиж машиных нь урдуур машинаараа дараад гарах гэтэл миний машиныг дахин мөргөсөн...” гэж мэдүүлсэн боловч хэргийн бодит байдал А.Б-н “...баруунаас зүүн тийш чиглэлтэй 120 мянгатын уулзвараар нэвтэрч нэгдүгээр эгнээнд явж байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 7.1-д зааснаар шүүгдэгч залуугийн буруу байсан...Бид хоёр маргалдаж байхад замын уулзвар зохицуулж байсан цагдаа ирсэн бөгөөд Э.М-г “чи яасан омголон залуу вэ чиний буруу байхад хүн зодоод байна” гэж хэлж байсан...Би замын нэгдүгээр эгнээгээр явж байсан. Зам маш их түгжрэл, ачаалалтай байсан. Шүүгдэгч залуу нь 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү дарж орж ирээд миний машиныг мөргөсөн...” гэж мэдүүлснээр тогтоогдсон буюу шүүгдэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас уг гэмт хэрэг гарсан гэж шүүх дүгнээд хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийж гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.М-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч А.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Замын хөдөлгөөний дүрмийн 7.1-д зааснаар шүүгдэгч залуугийн буруу байсан...миний хоолойг боосон...намайг 3 удаа мөргөсөн...Э.М нь хувийн байдлын хувьд харилцаа хандлага муутай залуу шиг харагдсан. Манай эхнэр рүү салаавч гаргаж байсан...Миний хөмсөг сэтэрч, хамар хугарсан...Би хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэх учраас хэдэн төгрөгний зардал гарахыг хэлж мэдэхгүй байна...Хохирол барагдуулаагүй учир гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...20 настай, хадам эцэг, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг...урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг хорих ял шийтгэсэн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Мөнх-Ирээдүйд улсын яллагчийн санал болгосон 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч Э.М-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Хохирогч А.Б-с шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирлын 440.000 төгрөгийн баримтыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж заасны дагуу шүүгдэгч Э.М-с 440.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Б-д олгох нь зүйтэй.
Харин хохирогч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэх учраас хэдэн төгрөгний зардал гарахыг хэлж мэдэхгүй байна. Иймд цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэж мэдүүлсэнтэй холбоотойгоор хохирогчийн хамрын хагалгааны зардлыг шүүх урьдчилан тогтоох боломжгүй байгааг харгалзан хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Э.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г овогт Э.М-г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Э.М-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Э.М-д сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.М-д сануулсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар дагуу шүүгдэгч Э.М-с 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Б-д олгосугай.
8. Хохирогч А.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР