| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0172/Э |
| Дугаар | 192 |
| Огноо | 2018-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 192
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ж.Алтангэрэлд холбогдох эрүүгийн 1710009980212 дугаартай, 187/2018/0172/Э индекстэй хэргийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овогт Ж.А
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.А нь Хан-Уул дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ......-н барилгын талбай дээр ажиллаж байгаад иргэн Ц.Б-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ж.А нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .........-н барилгын талбай дээр ажиллаж байхдаа хохирогч Ц.Б-тэй “хэрэглэх гэж байсан 30-тай пун /хэв/ авлаа” гэх зүйлээс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 2-3 цохих, хөлөөрөө 1 удаа өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Ж.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй…Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ........... ХХК-ийн гүйцэтгэж байгаа барилгад Ж.А-н ажилладаг барилгын компанид нэгдэж хамтран ажиллаж байгаа. Уг барилгын компанийн барилга хоёрт Ж.А нь бригадын даргаар, харин би барилга дөрөвт мужаанаар ажилладаг. Тэгээд танилцсан...Би өөрийн ажил болох ............ ХХК-ийн гүйцэтгэж байгаа Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо ......... хотхоны барилга дээр 2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой 17 цагийн орчим шатан дээр ажиллаж байтал надтай хамт ажилладаг...ах 30-тай пун /хэв/ дутчихлаа, аваад ир гэхээр нь 12 давхраас 11 давхар руу буутал пун /хэв/ хананаас хуулж байсан зүс таних Л.М, Б.Ж гэх хоёр залуу байсан. Тэгэхээр нь би 30-тай пун /хэв/ 1 ширхэгийг аваад эргээд харсан чинь Ж.А цаанаас гүйж ирээд чи миний хэрэглэх гэж байсан юмыг авчихлаа гээд гараараа миний нүүрэн тус газар 2-3 удаа цохьсон. Тэгэхээр нь доошоо суугаад эргээд босох гэтэл миний ард байсан төмөрнүүдэд миний хөл тээглээд хойшоогоо унасан. Тэгтэл Ж.А гүйж ирээд миний нүүрэн тус газар хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Л.М, Б.Ж болон Ж.А-тэй хамт ажиллаж байсан зүс таних нэг залуу ирээд салгасан. Тэгээд миний нүүрнээс цус гарсан байсан учир би шууд доош буугаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Ж.А бид хоёр 30-тай пун /хэв/ 1 ширхэгийг би авснаас болж маргалдсан...Ж.А бид хоёр эрүүл байсан...Ж.А миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд хөлөөрөө нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн...Надад гомдол санал байхгүй...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 31-33/
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14765/-ний дүгнэлт:
-Ц.Б-н биед доод уруулд шарх, зүүн дээд 1, 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 9/
4. Шүүгдэгч Ж.А-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би ажил дээрээ барилгын хэв авах гээд пун хуулж байсан юм. Тэгээд надтай хамт ажиллаж байсан залуу миний хуулж байсан пунгаас авах гээд байхаар нь би наадхаа тавилдаа чи гэсэн чинь намайг сүртэй муу пизда вэ гэж хэлээд нүүр рүү цохиод авсан. Тэгэхээр нь миний дургүй хүрээд нүүр рүү нь зөрүүлээд цохьсон юм...Би гараа зангидаж байгаад нүүр рүү нь нэг л цохьсон. Тэгсэн чинь уруул нь сэтэрчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7/
5. Шүүгдэгч Ж.А-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.А нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14765/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Ж.А нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .......-н барилгын талбай дээр ажиллаж байхдаа хохирогч Ц.Б-тэй “хэрэглэх гэж байсан 30-тай пун /хэв/ авлаа” гэх зүйлээс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 2-3 цохих, хөлөөрөө 1 удаа өшиглөх зэргээр зодож биед нь доод уруулд шарх, зүүн дээд 1, 2-р шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.А-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн хохирогч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад гомдол санал байхгүй...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 31-33/, хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл /хх-ийн 54/, шүүгдэгчийн хувийн байдал /......../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч Ж.А-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ж.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овогт Ж.А-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.А-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Ж.А-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.А-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР