Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/1085

 

 

 

 

 

      2024           09          24                                           2024/ДШМ/1085

 

Ж.Б, З.Н, Б.Э нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А,

шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч З.Н-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ө.Учрал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/877 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2308018351949 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ........... овогт Ж............ Б.............., 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, э.эгтэй .. настай, ............. боловсрол..., мэргэжил...., “..............” ХХК-д жолооч ажилтай, ............................................................ оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ................./,

2. ............... овогт З................ Н................., 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, э.эгтэй, .. настай, .......... боловсрол..., .................... мэргэжил..., ......................................... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:................/,

3. ............. овогт Б............. Э............, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, э.эгтэй, .. настай, .................. боловсрол..., ......................... ажил..., ................................... оршин суух хаягийн бүртгэлтэй, ................................. түр оршин суух, /РД: .............../, урьд:

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон.

-Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан, 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон.

 

Ж.Б, З.Н, Б.Э нар нь үгсэн тохиролцож, бүлэглэн ...... оны .. дугаар сарын ..-ны өдрөөс .... оны .. дугаар сарын ..-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 87 харилцагчид хуурамч захиалга үүсгэн санхүүгийн программд шивж тус компанийн агуулахаас 31.441.600 төгрөгийн хүнсний барааг падаанаар гаргуулан авч мэдээллийг санхүүгийн Dmanager программаас устгуулан, барааг зарж борлуулан завшсан,

Ж.Б,  Б.Э нар ...... оны .. дүгээр сарын ..-ны өдрөөс .... оны .. дүгээр сарын ..-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр ........... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...........” ХХК-ийн агуулахаас авсан барааны орлогын мөнгийг компанийн дансанд тушаалгүйгээр хувьдаа завшиж 4.396.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Э нь ..... оны .. дугаар сарын ..-ны өдрөөс .... оны .. дугаар сарын ..-ны өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн агуулахаас 9.017.050 төгрөгийн хүнсний бараа авч, орлогын мөнгийг компанийн дансанд тушаалгүйгээр хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Б, З.Н, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр   зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ..............  овогт Ж........... Б............., .............. овогт З................... Н............ нарыг үргэлжилсэн үйлдлээр болон бүлэглэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ................... овогт Б.............. Э........... үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.Б-д 5.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч З.Н-д 4.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Э-т 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 1 жил, 6 сарын хугацаагаар тэнссэн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Э-т энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар З.Н, Ж.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеээс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж,

иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э-аас 22.395.583 төгрөгийг гаргуулан хохирогч “...................” ХХК-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, “шүүгдэгч Ж.Б, З.Н нар хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, “...................” ХХК-иас 3.621.467 /илүү төлсөн/ төгрөгийг гаргуулан шүүгдэгч Ж.Б-д буцаан олгож, Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь үйлдсэн хэргийнхээ гэм буруу нийгэмд учруулсан хор хөнөөлийг бүрэн ухаарч хүлээн зөвшөөрч байгаа мөн бусдад учруулсан хор хөнөөлөө төлж барагдуулж байгаа. Мөн ар гэрийн байдал эхнэр бага насны хүүхэдтэйгээ ам бүл гурвуулаа амьдардаг, эрхэлдэг тодорхой ажилтай буюу “Хөх өвсний нуур” гэх ХХК-д мужаан мэргэжлээр ажилдаг болно. Дээрх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Б.Э-ын хувьд хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэх хугацаанд хохирол төлбөр огт төлөөгүй. Ийм учраас хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээгдээгүй нөхцөл байдалтай байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Б-ийн хувьд мөрдөн байцаалтын шатанд хохирлыг нөхөн төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч З.Н-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...З.Н-ын хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Бидний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Б.Э надад тайлбарлахдаа энэ хэрэгт өөр хүмүүс оролцсон, компани үүнийг мэдэж байсан бөгөөд “Чи үүнийг өөрөө дуусгачих” гэж хэлээд нөгөө хүмүүс нь хохирлыг барагдуулах гэсэн байдлаар хоорондоо ярилцсан гэдэг. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч шийтгэх тогтоолд уг заалтуудыг бичээгүй нь бүлэглэсэн гэсэн шинжийг орхигдуулсан гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Нөгөө талаар, энэ хэргийн зохион байгуулагч нь Ж.Б бөгөөд тэрээр торгох ял шийтгүүлсэн байхад Б.Э хорих ял шийтгүүлсэн. Б.Э-ын хувьд өмнө шүүхээр орж тэнсэн харгалзсан бөгөөд энэ нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дуусах байсан. Гэмт хэрэг гарсан хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэж тогтоосон. Тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэнэ. 1 жилийн хорих ял шийтгэж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн 1 жилийг нэмж нэгтгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Иймд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, торгох ял оногдуулж өгнө үү. Одоогоор бодитой төлөгдсөн хохирол байхгүй ч Б.Э-ын ар гэрээс хохирол төлбөрийг төлж барагдуулах арга хэмжээ авч, хохирогч байгууллагатай уулзаж, учир байдлаа тайлбарлаж байгаа. Б.Э нь 4 настай хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг, шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх үед эрхэлсэн тодорхой ажилтай байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү.” гэв.

          Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Э-ын хувьд хэрэгт авагдсан баримтуудаар үйлдсэн хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Гэм бурууд нь анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон, үндэслэлтэй. Тэрээр тэнсэнгийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлөөгүй. Тийм учраас анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Э-ын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

   Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-ын “...тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан З.Н, худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Ж.Б, түгээгчээр ажиллаж байсан Б.Э нар байгууллагын бараа бүтээгдэхүүний мөнгийг дутагдуулсан болох нь 2023 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2023 оны 05-р сарын 13-ны өдрийг хүртэл хяналт шалгалтаар илэрсэн. Нийт 42.699.900 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хувьдаа авч хэрэглэснээ Бат-Эрдэнэ, Нямжаргал, Энхбаяр нар хүлээн зөвшөөрч, Бат-Эрдэнийн Хаан банкны данснаас “...................” ХХК-н 5026931514 тоот данс руу 17.000.000 төгрөг шилжиж орсон. Үлдсэн төлбөрийг одоогоор барагдуулаагүй байна. Уг бараа бүтээгдэхүүнтэй холбоотой бүртгэлийг санхүүгийн программ дээр тооцооны нягтлан Нямжаргал бүртгэнэ. Гэвч Нямжаргал нь гэмт үйлдлээ нуух зорилгоор программ дээр шивсэн баримтыг устгасан. Энэ нь аудитын дүгнэлтээр гарсан...” гэх мэдүүлэг 1хх 16,

               гэрч А.Жаргалмаагийн “...Барааг Энхбаяр захиалгын дагуу хүргэж өгч, байгууллага, харилцагч нар аваагүй үлдсэн барааг нягтлан Нямжаргалтай тулгаж, агуулахад хүлээлгэж өгнө. Нягтлан Нямжаргал, түгээгч Энхбаяртай тулгадаг байсан. Худалдааны төлөөлөгч Бат-Эрдэнэ нь Сонгинохайрхан дүүргийн байгууллага, иргэдээс хуурамч захиалга авч, программд шивээд Нямжаргал үүнийг нь хянаад падааныг агуулах руу явуулахад түгээгч Энхбаяр барааг агуулахын нярав Хишигбаяраас хүлээн авч гаргадаг. Хуурамч падаан бичсэн бараагаа Нямжаргалд хэлж байгууллагын программ дээрээс устгуулдаг байсан. Манай байгууллага 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс 2023 оны 5-р сарын 10-ны өдрийн хооронд аудит хийлгэсэн. Үүгээр 42.699.900 төгрөгийн барааны мөнгө дутсан...” мэдүүлэг 1хх 18-19,

             гэрч Б.Хишигбаярын “...Түгээгч Энхбаяр авсан бараагаа түгээж дуусгачхаад бараагүй ирдэг байсан. Агуулахаас ганцхан худалдааны төлөөлөгчийн захиалгын дагуу түгээгч нар л бараа авна, өөр хүнд өгөхгүй. Агуулахаас бараа гарах процесс нь гар падаанаар бичиж, би нэг хувийг нь авч, үлдсэн нэг хувийг нь түгээгчид өгөөд оффис руу хүргүүлдэг байсан. Уг падааныг худалдааны төлөөлөгч Бат-Эрдэнэ оффист хүргэж өгдөг байсан...” мэдүүлэг, 1хх 21,

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн “...Ж.Б, З.Н, Б.Э нар 771.347.615 төгрөгийн борлуулалтыг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хооронд хийснээс “...................” ХХК-ийн харилцах Хаан банкны 5026931514 тоот дансаар 334.688.087 төгрөг, кассын орлого бэлнээр 168.852.100 төгрөг, барааны буцаалт 862.950 төгрөг тушааж, 257.927.428 төгрөгийн авлагын үлдэгдэлтэй нь шинжилгээгээр гарч байгаа боловч харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн акт баримтад байхгүй байна. ...Шинжилгээнд ирүүлсэн баримтаар “...................” ХХК- ийн борлуулалтын орлого болох 771.347.615 төгрөгийн анхан шатны баримттай тулгахад 9.017.050 төгрөгийн захиалгын хуудас дээр түгээгч Б.Э нь бэлнээр авч тооцоо нийлсэн байна. Мөн 31.441.600 төгрөгийн анхан шатны баримт болох захиалгын хуудас дутуу зөрүүтэй байгааг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. ...Шинжилгээнд ирүүлсэн баримтаар 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн хооронд “...................” ХХК-ийн агуулахаас түгээгч Б.Э нь 52 хайрцаг бүхий 4.396.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан байна. Тухайн бараа бүтээгдэхүүний мөнгийг харилцагч байгууллагуудаас “...................” ХХК-ийн данс болон кассад тушаасан баримт байхгүй...” гэх дүгнэлт 1хх 31-42,

               “Төгсгүүд консалтинг аудит” ХХК-ийн “...................... ХХК-ийн барааны агуулахаас 84 харилцагчид /давхардсан тоогоор/ хуурамч захиалга үүсгэн 618 хайрцаг 31.441.600 төгрөгийн үнэ бүхий бараа, агуулахаас гэр хүргэлт гэсэн хуурамч захиалгаар агуулахын нярваар гар падаан бичүүлэн 10 удаагийн үйлдлээр 53 хайрцаг 4.396.000 төгрөгийн үнэ бүхий бараа, түгээлт хийх үедээ 18 харилцагчийн барааны төлбөрийг авсан боловч компанийн касст тушаагаагүй санхүүгийн анхан шатны мэдээлэлд төлбөр төлсөн хэлбэрийг данс гэж өөрчлөн 5.416.350 төгрөг хувьдаа авсан, барааны буцаалт нэрээр 13 удаагийн үйлдлээр 1.415.950 төгрөгийг харилцагчийн авлагын тооцооноос буцаалтын анхан шатны баримтыг хуурамчаар бичиж хасаж тооцсон байна. Уг бараа бүтээгдэхүүнтэй холбоотой санхүүгийн DManager программ дээр [email protected] хэрэглэгчийн эрхтэй тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан З.Н нь 2023 оны 2 дугаар сарын 1-ээс 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 84 ширхэг баримтыг устгасан нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдож байна...” гэх дүгнэлт 1хх 50-57 зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

 

Ж.Б, З.Н, Б.Э нар нь үгсэн тохиролцож, бүлэглэн ...... оны .. дугаар сарын ..-ны өдрөөс .... оны .. дугаар сарын ..-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 87 харилцагчид хуурамч захиалга үүсгэн санхүүгийн программд шивж “...................” ХХК-ийн агуулахаас 31.441.600 төгрөгийн хүнсний барааг падаанаар гаргуулан авч мэдээллийг санхүүгийн Dmanager программаас устгуулан, барааг зарж борлуулан завшсан,

Ж.Б,  Б.Э нар ...... оны .. дүгээр сарын ..-ны өдрөөс .... оны .. дүгээр сарын ..-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр ........... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...........” ХХК-ийн агуулахаас авсан барааны орлогын мөнгийг компанийн дансанд тушаалгүйгээр хувьдаа завшиж 4.396.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Э нь ..... оны .. дугаар сарын ..-ны өдрөөс .... оны .. дугаар сарын ..-ны өдрийг хүртэлх хугацаанд “...................” ХХК-ийн агуулахаас 9.017.050 төгрөгийн хүнсний бараа авч, орлогын мөнгийг компанийн дансанд тушаалгүйгээр хувьдаа завшсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Ж.Б, З.Н, Б.Э нар дутаасан өр төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрч, Б.Э нь цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн тул нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Б, З.Н, Б.Э нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Э-аас “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

             Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

          Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

          Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б, З.Н, Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-д 5.000.000 төгрөгөөр торгох ял, З.Н-д 4.000.000 төгрөгөөр торгох ял, Б.Э-т 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

 

Ингэхдээ шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор түүнийг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ. 

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” 5-т “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.”, 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Шүүгдэгч Б.Э нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 56 хоног цагдан хоригдсон байгааг дурдаж байна.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/877 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 56 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                М.АЛДАР

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН